2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 2025          08           25                                    2025/ШЦТ/2021

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,    

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч С.Батгэрэл /томилолтоор/,

хохирогч *********ь,  

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********д холбогдох эрүүгийн ******** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар газарт түлхэж унагаан, хөлөөрөө өшиглөх, толгой хэсэгт чулуугаар цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины зүүн дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Тухайн үед согтуу явж байгаад 1 пиво аваад энд уугаад гаръя гэж хэлэхэд хохирогч намайг заамдаж авсан. Би өөрөө согтуу байсан учраас ийм үйлдэл хийсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********* мэдүүлэхдээ: “...Би эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж авмаар байна. Надад эмчилгээтэй холбоотой 4 сая төгрөгийн баримт байсан боловч баримтаа олохгүй байгаа. Мөн сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Би бохир усны засварчнаар ажилладаг байсан. Одоо энэ гэмт хэргээс болж толгойндоо металлаар хийгдсэн нөхөөстэй болсон учраас эрсдэлтэй гэж хэлээд намайг ажиллуулахгүй байгаа. Энэ хүнээс болоод ажлаа хийж чадахгүй болсон. Хохирлоо барагдуулах юм бол аав шигээ хүнд одоо гомдолтой гэж хэлээд яахав дээ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч ********* ийн:

“...2025 оны 03 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед эхнэрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын Тойрог дээр байрлах “Эрдэнэ-Өлзий” нэртэй караокед очоод эхнэрийн ажилд тусалсан, тэгээд шөнийн 3 цагийн үед хүнгүй болоод хаах гэсэн чинь зааланд ганцаараа сууж байсан 50 орчим насны эрэгтэй 160 орчим см өндөртэй шаргал өнгийн хүрэмтэй ахыг “манайх хаалаа” гээд караокеноос гаргаад манайх хаалаа та ингээд яваа гэсэн, тэгээд шатны ирмэг дээр зогсож байсан чинь намайг татаад унагасан, гэхдээ би өөдөөс нь маргаагүй, би ямар нэгэн гэмтэл аваагүй тул та ингээд явчихаа гээд дахин хэлээд нөгөө ах хүү машины зам гараад явсан, тэгээд би тамхи татах гээд машины голоор ороод алхаж байсан чинь ард чимээ гарахаар нь эргээд харсан чинь нөгөө ах гүйгээд ирж байсан, тэгэхээр нь та яах гээд байгаа юм бэ гээд цээж рүү нь түлхсэн чинь миний толгойн орой хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохиод би хэсэг манарсан, тэгсэн чинь нөгөө ах хүү зугтаагаад баар руу гүйгээд орохоор нь би араас нь очоод эхнэрээ дуудаад, бас цагдаа дуудаад би эмнэлэг рүү явсан. ...Тэр танихгүй ах намайг түлхэж унагасан, мөн миний толгой орой хэсэг рүү хатуу зүйлээр цохисон ..би яг юугаар цохисныг хараагүй, хатуу зүйл байсан, сүүлд эхнэр ярихдаа халааснаас нь чулуу гарсан гэж байсан. ...Миний толгой орой хэсэг цөмөрсөн тэгээд хагалгаанд ороод металл зүйл орлуулж хийсэн гэсэн би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Гэрч *********гийн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ-Өлзий” нэртэй караоке ажиллуулдаг ба 2025 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хаах гэж байж байтал хөх өнгийн ажлын хувцастай, ажлын өмдтэй, бор өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн саравчтай малгайтай нэг хүн орж ирээд нэг пиво өгчих гэж хэлэхээр нь би манайх хаах гэж байна, зарахгүй гээд гаргасан, тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд гуйж байгаад 1 лааз пиво авахаар нь энд уухгүй шүү манайх хааж байна гэж хэлтэл, за гэж хэлээд үүдний хэсэгт байдаг ширээн дээр очоод суучихсан, тэгээд тэр хооронд би гэрлээ унтраагаад гарах гэсэн, уг ах гарах гэж байтал манай нөхөр цамцнаас нь зуураад гаргасан, үүдэнд гараад манай нөхрийг үүдний шатан дээрээс түлхэж унагаагаад дээрээс нь нэг удаа хөлөөрөө дэвссэн, манай нөхөр боссон чинь зугтаад яваад өгсөн ба манай нөхөр хөөж байгаад болиод буцаад яваад 2 машины гол хэсэгт ороход уг ах замын цаад хэсэгт байсан, тэр хүн хашааны хажуугаас чулуу аваад буцаж ирээд манай нөхрийг эхлээд нэг чулуу далайж байснаа дараа нь шууд толгойны зүүн зулай хэсэгт 1 чулуугаараа цохиод зугтаасан. ...тэр үед манай нөхөр ардаас нь хөөхөөр нь би караокегоо хаачхаад ардаас нь гүйж орсон гудамж руу ортол манай нөхөр толгой нүүр нь цус болоод нүүрээр нь цус урсчихсан гараад ирсэн, тэгээд би уг гудамжны үзүүрт байх караоке руу ортол уг үл таних ах нэг пиво барьчихсан зогсож байхаар нь би өөрийн машиндаа уг ахыг суулгаж байгаад цагдаад дуудаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтохын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 4751 дугаартай:

“...*********ийн биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины зүүн дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-22 дэх тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-44 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ********* нь хохирогч *********ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” шүүгдэгчээс “сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгийг гаргуулах, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас баримтын хүрээнд 3.347.000 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд 2.700.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгч *********гөөс үлдэх 647.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр “Миний үйлчлүүлэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлоос төлөөгүй үлдсэн 647.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл 20-30 хувь нөлөөлсөн гэж үзэж байгаа. Иймд Иргэний хуулийн 230.3-т зааснаар хохирогчийн буруутай үйлдэл энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нь тогтоогдож байвал шүүх тодорхой хэмжээгээр бууруулах эрхтэй гэж заасан байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 514.1-т заасан байгаа. Хохирогчийн буруутай үйлдэл байгаа зэргийг харгалзан сэтгэл санааны хохирлыг 20-30 хувиар бууруулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *********н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ********* нь:

2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч *********ьтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар газарт түлхэж унагаан, хөлөөрөө өшиглөх, толгой хэсэгт чулуугаар цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины зүүн дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамарт зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *********, гэрч ********* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Баяртогтохын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 4751 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд ******************* цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх хохирогч *********ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 3.347.000 төгрөгийн баримт байх ба шүүгдэгчээс шүүхийн шатанд 2.700.000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэгдэл 647.000 төгрөгийг шүүгдэгч *********гөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр “Миний үйлчлүүлэгч 58 настай, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *********г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ****** дугаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********гөөс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 4.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********т олгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *********ь нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *********гөөс 647.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ