| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2022 |
| Огноо | 2025-08-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2022
2025 08 25 2025/ШЦТ/2022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********эд холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *********нь 2024 оны 05 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан иргэн ********* нарыг төөрөгдөлд оруулан, тавилга хийж өгөхөөр тохиролцон, урьдчилгаа төлбөр гэж *********гаас 10.129.000 төгрөг, *********ээс 5,829,000 төгрөгийг тус тус хуурч шилжүүлэн авч, нийт 15.958.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч *********гийн:
“...Би 2021 онд Батсүх гэх залуугаар дэлгүүрийн тавилгын зураг хийлгэж байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сард холбогдоод би Батсүхээр дэлгүүрийн тавилга хийлгэсэн. 2024 оны 05 дугаар сард Батсүхтэй гар утас болон мессенжер чатаар нь холбогдоод өөрийн төрсөн дүү Ариунбилэгийн хамт Хан-Уул дүүргийн ********* хүүхдийн гутлын дэлгүүрийн тавилга хийлгүүлэхээр болсон. Батсүх бид хороондоо дэлгүүрийн тавилгын зураг дизайнер, үнэ хөлснийхөө талаар ярилцаад тухайн тавилгыг 16.200.000 төгрөгөөр хийлгэхээр болсон. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр надаас тавилгын зургийн мөнгө гээд урьдчилгаа 200.000 төгрөгийг Батсүх өөрийнхөө Хаан банкны 5006919125 дугаарын дансаар авсан. 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зураг бэлэн болсон та үлдэгдэл 200.000 төгрөгөө явуулчих гэсэн. Тэгээд Чулуунбаатар Эгшиглэн гэх хүний Хаан банкны 5950041212 дугаарын данс руу 200.000 төгрөг хийсэн. Тэгээд манай дүү Ариунбилэг нь ажил гүйцэтгэх гэрээг Батсүхтэй 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд тухайн ажлын урьдчилгаа гэж 10.000.000 төгрөг авна гэхээр нь 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр бид нар тус тусдаа 5.000.000 төгрөгийг Батсүхийн Хаан банкны 5006919125 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Мөн дахин 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тусдаа 829.000 төгрөгийг Батсүхийн Хаан банкны 5006919125 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Тухайн үед дэлгүүрийн ашиглалтад орох хугацаа нь хойшлогдоод байсан энэ хугацаанд Батсүх надад хэлэхдээ тавилга бүх зүйл бэлэн болсон гэж хэлж байсан бөгөөд зураг нь байгаа юу гэж асуухад агуулахын түлхүүр цоожтой байна би очихоороо зургийг нь дараад явуулна гэдэг байсан. Тавилгыг нь очиж харъя үзье гээд манай ажлын хүмүүс өөр газарт ажиллаад агуулах цоожтой байгаа та тэрэнд санаа зовоод хэрэггүй гэж хэлсэн. Энэ үед манай ажил дээр ирээд өдөр болгон шахуу ирж уулздаг байсан. Тухайн үед байнга холбоотой байсан. Тэгээд байж байгаад би дахин өөр дэлгүүр дээр тавилга хийлгэхээр болоод танайх амжиж байна уу энд 1 тавилгын ажил байна гээд санал болгоход болж байна амжина гэж хэлсэн амралтын 2 өдрийн дотор хийж дуусгах юм байна гэж тохиролцоод 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн ажлын нийт зардал нь 4.980.000 төгрөг болно та надад урьдчилгаа 4.100.000 төгрөг өгчих би материалаа эртхэн авна орой манайхан хийнэ гэж хэлээд тухайн мөнгийг Чулуунбаатар Эгшиглэн гэх хүний Хаан банкны 5950041212 дугаарын данс руу шилжүүлж авсан. Тэгээд би энэ чиний данс биш байна гэхэд зүгээрээ эгчээ манай эхнэрийн данс гэж хэлж байсан. Тухайн тавилгыг хийх хугацаа өнгөрөөд хаана байгаа юм гээд асууж сураглаад явахад ажлаасаа гарчихсан сураг байсан. Тэгээд олдохгүй байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн. Эхний тавилгыг Хан-Уул дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* төвд хүүхдийн гутлын тавилга хийлгэхээр болсон. Манай дүү Ариунбилэг бид хоёр нийлээд 11.658.000 төгрөгийг өгсөн. Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн молл” худалдааны төвд хүүхдийн гутлын тасагт тавилга хийж өгнө гэж хэлээд 4.100.000 төгрөг авсан. 2021 онд анх танилцаж тавилга хийлгэж байсан тухайн “Атина ЛЛС” компани тавилгын газарт дизайнер хийдэг гэж хэлж байсан би урьд өмнө тавилга хийлгэдэг байсан учраас дахин тавилга хийлгэхээр болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-23 дахь тал/,
Хохирогч *********ийн:
“...Манай эгч ******** нь урьд өмнө нь *********гэх хүнээр тавилга хийлгэж байсан гэсэн. Тэгээд тухайн хүнээр Хан-Уул дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* худалдааны төвд гутлын дэлгүүрийн тавилга хийлгэхээр болоод тухайн хүнтэй хамт эгч бид нар фейсбүүк групп нээгээд тухайн группт тавилгын дизайн зургийг байршуулаад тухайн зургаар тавилга хийлгэхээр болоод бид хоорондоо ажил гүйцэтгэх гэрээг байгуулаад 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай гэрийн гадна ирээд гэрээгээ хийсэн. Тэгээд тухайн үеэс хойш урьдчилгаа 11.658.000 төгрөгийг шилжүүлнэ гэж тохирсон. Тэгээд ямар өндөр урьдчилгаатай юм бэ гэхэд тавилгын материалын өртөг ийм байна гэж хэлсэн. Эгч бид хоёр 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр тус тусдаа эхлээд 5.000.000 төгрөг нийлээд 10.000.000 төгрөгийг Батсүхийн Хаан банкны ****** дугаарын данс руу шилжүүлж өгсөн. 2024 оны 08 дугаар сард манай дэлгүүрийн талбай өөрчлөгдөөд тухайн хүнд хэлэхэд би тавилгаа хийж байгаа одоо тухайн тавилга маань 80 орчим хувьтай явж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар ярилцаад тухайн хийсэн тавилгын хуучин хэмжээгээрээ хийгээд аваад болно гэж хэлсэн. Батсүх урьдчилгаа өгч дуусгаарай тавилга бараг бэлэн болсон гээд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөн тус тусдаа Батсүхийн Хаан банкны ******** дугаарын данс руу 829.000 төгрөгийг бас шилжүүлж өгөөд урьдчилгаа 11.658.000 төгрөг бүрэн төлсөн. Тухайн үед 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай тавилга бэлэн болно угсраад өгнө гэсэн боловч хийгээгүй байсан юу болсон бэ гээд асуухад манай хүмүүс Ханбогдод ажилтай явж байгаа удахгүй ирнэ гээд хүлээлгээд ирэхгүй 10 cap гараад асуухад манай хүмүүс ургах наран хороололд айлын тавилга хийгээд байна тэрийг дуусгаад бэлэн болсон байгаа тавилга учраас тухайн тавилгыг очоод угсраад болоо амархан Ургах нарангаас ирээд шууд хийгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд дараа нь юу болсон талаар асуухаар очиж байна яг эргээд орлоо гэх зэргээр худал яриад биднийг төөрөгдүүлээд байсан. Би тухайн хүнд тавилга хийлгэхээр 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гэртээ байхдаа өөрийн интернэт банкаар Худалдаа хөгжлийн банкны 4***** дугаарын данснаас ******** гэсэн Хаан банкны ******** дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны ******** дугаарын данснаас “Их наяд” худалдааны төвд байхдаа мөн ********** Хаан банкны ******** дугаарын данс руу 829.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн гэрээг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Батсүх гэх хүн гэрээг өөрөө бэлдэж авч ирээд манай гэрийн гадаа буюу Хан-Уул дүүргийн 17-р хороо, “Кинг таур” хотхоны гадна байгуулсан. Би тухайн гэрээг байгуулахдаа ******************гэх хүн надтай гэрээг байгуулсан. Тухайн гэрээний дагуу 2024 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хийж дуусгахаар байсан. Манай эгч Ариунаа өмнө нь 2 удаа тухайн хүнээр тавилга хийлгэсэн. Тэгээд тухайн хүнээр дахиад тавилга хийлгэхээр болсон. Тухайн хүнийг манай эгч олж ирсэн бид нар тухайн хүн тавилга хийж өгөөгүй учраас ********* тавилга хийлгэж нээлт эхлэх байсан учраас өөр хүмүүсээр тавилга хийлгэж авсан. Манай эгч бид хоёрын хамтарсан бизнес байсан учраас бид хоёр нийлээд мөнгө гаргаад тавилга тохижилтоо хийлгэхээр болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-34 дэх тал/,
Хохирогч *********гийн Хаан банкин дахь ******* дугаартай дансны хуулга, хохирогч *********ийн Хаан банкин дахь ******* дугаартай дансны хуулга, хохирогч *********ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 96-97, 99, 103-109 дахь талууд/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *********нь нэр бүхий хохирогч нарыг үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 15.958.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нар олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *********нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *********нь:
2024 оны 05 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, гэрээгээр халхавчлан хохирогч ********* нарыг төөрөгдөлд оруулан, тавилга хийж өгөхөөр тохиролцон, урьдчилгаа төлбөр гэж *********гаас 10.129.000 төгрөг, *********ээс 5.829.000 төгрөгийг тус тус хуурч шилжүүлэн авч, нийт 15.958.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь хохирогч ********* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч *********гийн Хаан банкин дахь 5007521872 дугаартай дансны хуулга, хохирогч *********ийн Хаан банкин дахь 5112071173 дугаартай дансны хуулга, хохирогч *********ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 436000018 дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Батсүхийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ********* нарт нийт 15.958.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ч.Батсүхээ нийт 15.958.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *********д 10.129.000 төгрөг, хохирогч *********т 5.829.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Ч.Батсүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч Ч.Батсүхийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ***************** шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********ийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 520 /таван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нийт 15.958.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *********д 10.129.000 төгрөг, хохирогч *********т 5.829.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ