| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/00150/И |
| Дугаар | 102/ШШ2022/03302 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/03302
| 2022 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2022/03302 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... хороолол, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, И овогтой С-ын А /РД: ..../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ...хотхон ...байр, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б... овогтой З-ийн Б /РД: ххх/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
Хариуцагч З.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч С.А өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч З.Б-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.А нь З.Б-тэй 2010 оноос хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч, 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Э төрсөн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан. С.А нь 2014 оноос хойш тодорхой хөдөлмөр эрхэлж гэр бүлийн хэрэглээний зардал, худалдан авсан эд хөрөнгө болон бусад зардлын ихэнхийг гаргаж байсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул хамтран амьдрах хугацаанд бий болсон Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, .... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц, .... УНД улсын дугаартай Mercedes benz ML350 маркийн тээврийн хэрэгсэл, шувуун фабрикт байрлах газар зэргээс өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулахаар шаардсан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, С.А-ай гэрлэлтээ бүртгүүлээгүй тул гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байхгүй. Мөн З.Б-ийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн газар байхгүй. .... УНД улсын дугаартай Mercedes benz ML350 маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш буюу С.А-тай хамтын амьдрал дуусгавар болсон цаг хугацааны дараа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бий болсон хөрөнгө юм. Мөн Баянгол дүүрэг,...дугаар хороо, .. дугаар хороолол, Э...гудамж, ... тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц нь бэлэглэлийн гэрээгээр 2014 онд олж авсан З.Б-ийн хуваарьт хөрөнгө бөгөөд энэхүү орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр худалдан борлуулсан. Тухайн хөрөнгүүдийг бий болоход хамтран амьдрагчийн оролцоо байгаагүй, бэлэглэлийн гэрээний дагуу бий болсон хуваарьт хөрөнгө тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн .... дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Б-ийн Э-гийн төрсний гэрчилгээний хуулбар, С.А-гийн гадаад паспортын хуулбар, С.А болон “Д” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 05, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ, С.А-гийн нийгмийн даатгалын дэвтэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаартай С.А-г албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал, С.А-гийн Хаан банк дахь .... тоот, Төрийн банк дахь ... тоот дансны хуулга зэрэг баримтуудыг,
хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, ....УНД улсын дугаартай Mercedes benz ML350 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Т.С З.Б нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, З.Б, Т.О нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, З.Б-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч С.А нь хариуцагч З.Б-тэй 2010 оноос 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон орон сууц, газар, тээврийн хэрэгслийг худалдан авахад өөрийн хөдөлмөрийн хөлсөөр хөрөнгө оруулсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Маргаан бүхий хөрөнгийг бий болоход хамтран амьдрагчийн оролцоо байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгө нь бэлэглэлийн гэрээний дагуу бий болсон хуваарьт хөрөнгө юм.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч С.А, хариуцагч З.Б нар нь 2010 оноос 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүртэл гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Э төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
4.2. Хариуцагч З.Б нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Т.С-той байгуулсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн ...дугаар хороо, .... дугаар хороолол, ... байрны ...тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх ба 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг 71,000,000 төгрөгөөр Т.О-т худалдсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.3. Нэхэмжлэгч талаас “З.Б нь Т.С-той бэлэглэлийн гэрээ байгуулсан байх боловч Баянгол дүүргийн... дугаар хороо, .... дугаар хороолол, ... байрны .... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүнээс 45,000,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж тайлбар гаргасныг хариуцагч З.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд “миний данснаас тэр хүний данс руу шилжүүлсэн байх боломжтой, миний өвөөгөөс ирсэн байрыг худалдан борлуулж, сайжруулсан байр юм” гэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан талаар тайлбар гаргасан байна.
4.4. Харин “С.А-гаас мөнгө миний данс руу орж ирээд, уг мөнгийг нь байрны эзэн рүү шилжүүлж байгаагүй” гэж хариуцагч З.Б тайлбар гаргасан /хэргийн 72 тал/ байх боловч тухайн орон сууцыг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр болон орон сууцыг бусдаас бэлэглэлийн журмаар хүлээн авах болсон үндэслэлээ нотлоогүй, нэхэмжлэгч талаас талуудын хамтын амьдралын хэрэглээний зардал, хамтын амьдралын хугацаанд худалдан авсан эд хөрөнгө болон бусад зардлын ихэнх хэсгийг өөрийн хөдөлмөрийн хөлсөө зарцуулж байсан тайлбарлаж, С.А-гийн 2013 оны 07 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтрийн хуулбар, “Д” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээ, банк дахь харилцах дансны хуулга зэрэг баримтаар нотолж байна.
5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.”, 487 дугаар зүйлийн 487.1-т “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч С.А-г хариуцагч З.Б-тэй хамтын амьдралын хугацаанд маргаан бүхий орон сууцыг бий болоход өөрийн хөдөлмөрийн хөлсийг зарцуулсан гэх баримтыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй гэж үзэхээр байна.
6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.А нь орон сууцны ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзлээ. Хариуцагч З.Б нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 71,000,000 төгрөгөөр бусдад худалдсан байх тул нэхэмжлэгч С.А нь тэнцүү хэмжээгээр буюу орон сууцны үнийн 50 хувь болох 35,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
7. Харин 89-87 УНД улсын дугаартай Mercedes benz ML350 маркийн тээврийн хэрэгсэл нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу талуудын хамтын амьдрал дуусгавар болсон хугацаанаас хойш хариуцагч З.Баярхүүгийн өмчлөлд бүртгэгдсэн, мөн шувуун фабрикт байрлалтай гэх газартай холбоотой нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч С.А нь тухайн хөрөнгүүдээс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч З.Б-ээс 35,500,000 /гучин таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан хариуцагч З.Б-ээс 35,500,000 /гучин таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч З.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 335,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ