Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 206

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0222/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,  
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000285 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***; 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *** төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн *** тоотод иргэн ***ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн *** тоотод иргэн 

***ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын15-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 16-нд шилжих шөнө найз ***тойгоо архи ууснаас болоод зодоон болсон. Найз маань согтуу байсан учир би найзыгаа “гэрээсээ яв” гэж хэлтэл явахгүй байсан учир маргалдаж зодоон болсон. Эмнэлэгт хэвтсэн зардлыг нь төлсөн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Надаас болсон миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-11/, 

-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын өдрийг нь тодорхой санахгүй байна. Би найз ***тай уулзаад Ширээ нуруу орж нохойгоо салхилуулахаар хамт явсан. Тэнд нохойнуудаа салхилуулж тоглож байгаад *** түрүүлээд явсан. Ингээд 18-19 цагийн орчим Альфа таун хотхоны наад талын 5 давхар байранд байх ***ын гэрт 1 шил 0.75 л Хараа архийг авч очсон. Гэртээ *** ганцаараа байсан, архийг ***тай хувааж ууж дууссан. Тэгээд ***ын хамт гэрээс нь гараад Сатурн баар руу орсон, орсон цагаа санахгүй байна. 
…*** бид 2 хоорондоо барилцаж аваад ноцолдож байхад *** миний зүүн гарын эрхий хурууг нилээд хүчтэй хазсан. Тэгээд больё оо гээд гараа татаж автал *** миний толгой руу цохисон. Юугаар яагаад цохисныг би мэдэхгүй байна. Нэг сэрсэн үүрээр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт сэрсэн.
 …Миний хувьд ***т гэрт нь согтуу ийм байдлаар зодуулж толгой тархиндаа гэмтэл авсан маань үнэн болно. Анх миний хаана хэнд зодуулж цохиулснаа санахгүй байна гэж аав ээждээ мөн цагдаад анх мэдүүлсэн минь худлаа. ***ыг тэнсэнтэй байгаа, намайг зодсон асуудлаасаа болоод шоронд явчих вий дээ гэж бодоод би санахгүй байна гэж мэдүүлсэн. Анх мэдүүлэг өгч байхдаа биеийн эрүүл мэнд муу байсан мөн худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх талаар мэдээгүй байж байхдаа санахгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн болно. Одоо миний зүгээс ***т хандсан гомдол байхгүй, ***аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй ээ. Миний хувьд өөрөө ***т хандаж цагдаад гомдол гаргаагүй, аав уурлаад цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/, 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Түргэн тусламжийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хэргийн 15-19/, 

-Хохирогч ***ын өвчний түүх /хэргийн 20-31/, 

-Гэр***ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***ынд ирэхэд *** яасан нь мэдэгдэхгүй уурлаад намайг “зайл, янхан” энэ тэр гэж орилоод мөн *** руу “зайл” гээд чанга чанга хашхираад байсан. *** ***ыг “чи яагаад байгаа юм бэ?, битгий орилоод байгаач” гэсэн. Миний хувьд ***т хандаж “за за, би явлаа” гээд гарах гэхэд *** миний гэдэсний хэсэг рүү нэг удаа хөлөөрөө жийж өшиглөхөд нь би газар унасан. Тэгэхэд *** нь энэ байдлыг хараад намайг өмөөрч ***ыг “чи яаж байгаа юм бэ? эмэгтэй хүнийг өшиглөөд” гээд араас нь цээжээр нь тэврээд автал *** над руу “муу ал” энэ тэр гээд хамаг муухай үгээр намайг доромжилж дайраад байсан. Тэгж байгаад *** эргэж хараад ***ын хоолойг нь гараараа боосон. Тэгэхэд *** ***ын нүүр рүү болиоч тавиач гээд 2-3 удаа цохисон. Ингээд ***, *** 2 хоорондоо ноцолдож байгаад *** нь ***ыг доороо хийгээд газар унагаасан. Тэгээд *** нь ***ын нүүр толгой руу маш олон удаа цохиж байгаад хамар амнаас нь цус гарахад босч ирээд гуталтай хөлөөрөө толгой руу нилээд олон удаа өшиглөсөн. Тэгсэн ***ын чихнээс цус гараад эхэлсэн. Би ***ыг “болиоч, хүн аллаа” гэж хориглож орилсон боловч миний үгийг огт авахгүй намайг зодох гээд дайраад байхаар нь би айсандаа юу ч хийж чадаагүй. Ингээд *** ухаан алдсан болохоор нь 103 руу залгаад сандарсандаа цагдаа гэж ойлгоод “цагдаа юу?” гэхэд “эмнэлэг байна” гэхээр нь “эгч ээ, энд хурдан ирээрэй, хүн зодоод алах гээд байна” гэж хэлээд байгаа газрынхаа хаягийг хэлж өгөөд “зодуулсан хүн нь ухаан алдсан байна, та цагдаа давхар дуудаад өгөөч, цагдаа руу дуудлага өгөх гэсэн дугаарыг нь мэдэхгүй байна” гэсэн. Ингээд 5-10 минутын дараа ч юм уу маш л хурдан нэг эмч ***ынд орж ирсэн. 
...*** надад “***ыг намайг зодсон гэж битгий хэлээрэй, наадах чинь тэнсэнтэй байгаа, одоо энэ хэрэг нь нэмэгдвэл шоронд явчих байх. Ээжийг асуувал намайг гадаа танихгүй хүнд зодуулсан гэж хэлээд өгөөч” гэж гуйгаад байсан. Ингээд ээж нь ирээд надаас болсон явдлыг асуухаар нь “би сайн мэдэхгүй байна, очиход зодуулсан байсан” гэж хэлээд тэндээс явсан болно.
…***ын намайг өшиглөсөн үйлдлээс болоод надад учирсан гэмтэл хохирол байхгүй ээ. Энэ байдалд надад ямар нэгэн гомдол байхгүй болно.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35/,  

-Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад 102-н ерөнхий жижүүрээс “*** тоотод яваад оч, согтуу хүмүүс маргаж зодолдсон бололтой байна” гэсэн үүрэг өгсөн. Цагдаагийн хошууч ***ын хамтаар тухайн хаягаар очиход тухайн айл нь байрны 3 давхарт байсан ба *** тоот айл байсан. Уг айлд ороход 20-25 насны 2 эрэгтэй хүн, мөн насны 1 эмэгтэй нийт 3 хүн байсан. Уг айлын гадна аймгийн нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламж ирсэн байсан. Дээрх 2 залуугийн нэг нь буюу гэмтсэн байсан залууг нь  *** гэж байсан ба *** нь зодуулсан байдалтай, аль нэг чихнээс нь цус гарсан,  нүүр хэсэг нь нилдээ цус болсон байдалтай шалан дээр буйдангийн хажууханд бие нь дээшээ, толгойн хэсэг нь баруун талаараа гэлжийгээд нэг л эвгүй байрлалтай хэвтэж байсан. Тухайн залуугийн байдал эвгүй байдалтай хэвтэж байхаар нь би эхлээд үхсэн юм болов уу гэж бодоод сандраад эмчээс “наад хүн чинь амьд байна уу” гэхэд эмч “амьсгалтай байна гэж байсан”. Харин нөгөө залуугийн нэрийг нь *** гэж байсан. Энэ залуу нь биедээ ямар нэгэн гэмтэлгүй нилээд согтуу байдалтай “би яасан юм бэ?” гээд гэр дотроо яваад байсан. *** гэх залуу мөн л согтуу байсан. Харин тэр айлд байсан эмэгтэйгээс нэрийг нь асуухад нэрээ *** гэж байсан ба энэ эмэгтэй эрүүл байсан. Хэрэв *** гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол бага хэмжээтэй л хэрэглэсэн байх, гаднаас нь харахад болон харилцан ярихад эрүүл байсан болно. 
…Ер нь тухайн айл их ундуй сундуй айл байсан. Гэрийнх нь эд зүйл эмх замбараагүй ноцолдож буулгасан юм уу гэмээр байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 40-41/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “…2017.04.16-ний өдрийн 09 цагийн алдад миний хүү *** гар утсаар над руу яриад “ээж ээ, эмнэлэг дээр хүрээд ирээч” гэсэн. Ингээд би эмнэлэг дээр яваад очсон чинь Гэмтлийн тасагт хүү *** нүүр нүд нь хавдаж нилээд гэмтсэн хүн танихын аргагүй болтлоо гэмтсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 42/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “…Миний хүү *** нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн. Эхлээд хүүгээсээ “хэнд зодуулсан” гэхэд хүү маань “мэдэхгүй” гээд нуугаад байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад “хүүг маань зодсон хүнийг олж хариуцлага тооцож өгнө үү?” гэсэн өргөдлийг гаргасан. Ингээд цагдаагийнхан хүүг маань зодсон хүнийг найз *** гэдгийг тогтоож өгсөн. Хүүгээсээ би “***т зодуулсан чинь үнэн үү?” гэхэд хүү маань “үнэн” гэсэн. Анх бол миний хүү *** болон *** нарын хэн хэн нь болсон явдлыг нуугаад хэлэхгүй байсан. *** ч гэсэн сүүлдээ цагдаад асуудал шалгагдаад цагдаа шалгаж тогтоогоод ирэхэд ***ыг зодож гэмтээсэн гэж үнэнээ эхнэр бид хоёрт хэлсэн. *** нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гээд ирж эхнэр бид хоёроос уучлалт гуйсан. Хүү маань ч гэсэн найзыгаа шоронд явуулмааргүй байна гэсэн. Ингээд ярилцаж байгаад гомдолгүй гэж цагдаад хэлэхээр шийдсэн болно.” гэх мэдүүлэг /хэргийн 43/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “…ингээд би түргэний эмчийн хувьд тухайн айлд хаягаар очиход тухайн айлд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан ба мөн айлд 2 тэжээвэр нохой байсан. 2 эрэгтэй нь нилээд согтуу, харин эмэгтэй нь бага зэргийн согтолттой боловч эрүүл шахам байсан. Тэр айлын шалан дээр нилээд их цус болсон, шалан дээрээ энд тэнд бөөлжсөн, архи уусан байдалтай байсан. Тэр айлд намайг дуудлагаар очиход тэр айлд байсан эмэгтэй надад “эгч ээ, энэ 2 залуу хамт архи ууж байгаад энэ залуу нь манай найзыг зодчихлоо, гутлаараа толгой руу өшиглөж зодсон” гээд уйлаад байсан. 
…тухайн гэмтсэн хүнийг би чагнаж үзээд чихний омогт нь нөжирч хурсан цусыг цэвэрлээд даралтыг үзэхэд биеийн байдал нь хүнд байсан учраас цагдаа нараар туслалцуулж эмнэлэгийн машинд суулгуулж шууд түргэний машинаар тээвэрлээд Дарханы нэгдсэн эмнэлэгийн хүлээн авахад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45/,  

-“…***ын биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, суурь ясны хугарал, баруун, зүүн нүд, хамрын цус хуралт, дотор салстын улайлт, зөөлөн  эдийн няцрал, баруун хацар, хамар, дээд уруул, баруун чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017.04.15-нд үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 51/, 

-Шинжээч эмч *** гаргасан шүүх эмнэлэгийн үзлэгийн ¹461 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 704 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 56-57/, 

-Шинжээч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***ын биед учирсан дээрх гэмтлүүдээс баруун чамархай ясны суурь руу шилжсэн хугарал болон тархины дунд зэргийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Түүнээс гадна ***ын биед гавал тархины битүү гэмтэл, хамар ясны хугарал, нүүрний цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдсон болно. ***ын биед тус дүгнэлтээр чихэнд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй болно. ***ын биед баруун чамархай ясны суурь руу шилжсэн хугарал гэмтэл тогтоогдсон. Суурь ясны хугарлын үед чихний сувагнаас цус гардаг. Нүүрэн тус газар буюу хамар хэсэгт 2-3 удаа цохиход тухайн цохилтын хүчнээс шалтгаалж баруун чамархай ясны суурь руу шилжсэн хугарал болон тархины дунд зэргийн няцрал гэмтэл үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч *** нь “...миний хувьд өөрөө ***т хандаж цагдаад гомдол гаргаагүй, аав уурлаад цагдаад хандсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.


2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Түргэн тусламжийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хэргийн 15-19/, хохирогч ***ын өвчний түүх /хэргийн 20-31/, гэр***ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** нь ***ын нүүр толгой руу маш олон удаа цохиж байгаад хамар амнаас нь цус гарахад босч ирээд гуталтай хөлөөрөө толгой руу нилээд олон удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35/, гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэмтсэн байсан залууг нь  *** гэж байсан ба *** нь зодуулсан байдалтай, аль нэг чихнээс нь цус гарсан,  нүүр хэсэг нь нилдээ цус болсон байдалтай шалан дээр буйдангийн хажууханд бие нь дээшээ, толгойн хэсэг нь баруун талаараа гэлжийгээд нэг л эвгүй байрлалтай хэвтэж байсан. Тухайн залуугийн байдал эвгүй байдалтай хэвтэж байхаар нь би эхлээд үхсэн юм болов уу гэж бодоод сандраад эмчээс “наад хүн чинь амьд байна уу” гэхэд эмч “амьсгалтай байна гэж байсан”. гэх мэдүүлэг /хэргийн 40-41/, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “…хүүгээсээ би “***т зодуулсан чинь үнэн үү?” гэхэд хүү маань “үнэн” гэсэн. Анх бол миний хүү *** болон *** нарын хэн хэн нь болсон явдлыг нуугаад хэлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “…тухайн гэмтсэн хүнийг би чагнаж үзээд чихний омогт нь нөжирч хурсан цусыг цэвэрлээд даралтыг үзэхэд биеийн байдал нь хүнд байсан учраас цагдаа нараар туслалцуулж эмнэлэгийн машинд суулгуулж шууд түргэний машинаар тээвэрлээд Дарханы нэгдсэн эмнэлэгийн хүлээн авахад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45/,  2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 51/, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 704 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 56-57/, шинжээч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***ын биед учирсан дээрх гэмтлүүдээс баруун чамархай ясны суурь руу шилжсэн хугарал болон тархины дунд зэргийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэх мэдүүлэг /хэргийн 58-59/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 87/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар /хэргийн 118-120/ тус тус нотлогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т “...хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч *** нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял оногдуулахаар хуульчилаагүй байх тул шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдөх үндэстэй тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч *** нь хохирогчид төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтмол ажил эрхэлж орлого олдог, улсын яллагчийн гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *** Баянзүрх дүүргийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай. 
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 10200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10200000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10200000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхийг шүүгдэгч ***т үүрэг болгосугай. 
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч ***т анхааруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ