Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2019/00683

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00268 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Худалдааны талбайн захиалгын гэрээг цуцалж, 90 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2017.07.19-ний өдөр хариуцагчтай худалдааны талбайн захиалгын гэрээ байгуулсан. Тус компаниас 90 000 000 төгрөгийн авлагаа 2016 оноос хойш авч чадаагүй, 2017 оны 07 дугаар сард худалдааны талбай авах санал тавьсан. Худалдааны төвийн 5 давхарт 6,12 м.кв талбайг м.кв-ийн үнийг 7 000 ам.доллараар тооцож нийт 42 840 ам.доллар байхаар тохиролцож урьдчилгаа төлбөр болох 90 000 000 төгрөг буюу 37 114 ам.долларыг авах ёстой 90 000 000 төгрөгтөө шилжүүлж тооцсон. Барилга ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа тул 2018.08.26-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Иймд гэрээг цуцалж, 90 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч компаний захирал Ж.Алтанбилэг нь дээрх гэрээг хүчингүй бөгөөд 90 000 000 төгрөг өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн нөхөр болох Б.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн автомашинаа 100 000 000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг 2016.09.06-ны өдрөөс 2017.02.06-ны өдрийн хооронд таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус компанид ажилдаг гэх Б.Алтангэрэлтэй тохиролцсон. Б.Болорчулуун нь дээрх автомашинаа барьцаалан 12 000 000 төгрөгийг зээлсэн байсан бөгөөд 2016.10.21-ний өдөр худалдан авагч Б.Алтангэрэл нь дээрх зээлсэн 12 000 000 төгрөг болон зээлийн хүү 720 000 төгрөг, нийт 12 720 000 төгрөгийг төлж, 2016.10.24-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Б.Алтангэрэл, түүний хадам ээж Ж.Алтанбилэг нар машиныг барилгынхаа дээврийг хийхэд барилгын материалаар солих буюу бартердсан гэсэн. 2017.07.19-ний өдөр арга буюу 6,12 м2 талбайг 37 114 ам доллараар худалдан авах гэрээг М ХХК-ны захирал Ж.Алтанбилэгтэй байгуулсан Дээрх гэрээгээр бидэнд өгөх ёстой байсан 90 000 000 төгрөгийн оронд 6,12 м.кв  талбай өгсөн ба 90 000 000 төгрөгийг бэлнээр авсанд тооцож бидэнд бэлэн мөнгөний баримт гаргаж өгсөн. Мөн гэрээний 3.3-т 90 000 000 төгрөгтэй тэнцэх Монгол төгрөгийг өмнө нь авсан Бенз G500 маркын автомашинаа төлбөрт тооцон төлсөн болно гэж зааснаас шууд ойлгогдоно гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Ж.Алтанбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 90 000 000 төгрөг өгөх ёстой гэх тайлбар нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2017.07.19-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт эх хувийг хавсаргасан нь хэлбэрийн хувьд үйлдэгдсэн баримт бөгөөд бодит байдалд  90 000 000 төгрөг аваагүй. Худалдааны талбай захиалгаар бариулах гэрээгээр бол Б.Болорчулуун тус талбайг худалдан авч байгаа гэж ойлгож байна. Гэрээтэй холбоотой асуудлаар Б.Болорчулуун нэхэмжлэх эрхтэй. Б.Болорчулууныг төлөөлөөд итгэмжлэл авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдал нотлох баримтаар харагдаагүй. Авто машин дундын өмч биш. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан авто машиныг шилжүүлэхдээ хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн. Хуулийн шаардлага хангаагүй зээлийн гэрээгээр халхавчилж хийсэн хэлцлээр машин шилжсэн. Нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 90 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас 607 950 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2017 оны 07 дугаар сард Б.Алтангэрэлийн хүсэлтээр хариуцагч түүний худалдан авсан авто машины төлбөрийг бартераар төлөхийг зөвшөөрч, Б.Болорчулууны зөвшөөрлөөр түүний эхнэр буюу нэхэмжлэгч Б.Дтэй 2017 оны 17 тоот гэрээг байгуулжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь авто машин нь хариуцагчийн өмчлөлд шилжээгүй нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тодорхой харагдана.

 

Шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс нэхэмжлэгч гэх Б.Дгийн хуульд заасан ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа талаар дүгнээгүй. Б.Д нь Б.Болорчулуунаас зөвшөөрөл авч түүний нэрийн өмнөөс гэрээг байгуулсан, бартераар авч өгөлцөхөөр тохиролцсон авто машины өмчлөгч нь биш, түүнийг нэхэмжлэгч гэж үзэх үндэслэлгүй. Төлөөлөгч өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичиг, энэ талаар баримт авагдсан эсэхийг шүүхээс дүгнэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

 

           Автомашин хариуцагчийн эзэмшилд байхгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 болон 205.2.2-д заасан нөхцөл байдал бий болоогүй, тийм үйл баримтыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 

           Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д заасан “үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэх ойлголт нь уг гэрээний талууд буюу иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд яригдах боломжтой болохоос Б.Алтангэрэлийн тухайд хэрэглэгдэж, тайлбарлагдах боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн худалдааны талбай худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 90 000 000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчээс 90 000 000 төгрөг бодитоор хүлээж аваагүй, мөн 90 000 000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг ч өмчлөлдөө шилжүүлэн аваагүй” гэж маргажээ. /хх-1-3, 38/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, зохигчдын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжгүй болжээ.

 

Зохигчид 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр худалдааны талбайн захиалгын гэрээ байгуулж, нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр болох 90 000 000 төгрөгт өмнө нь өгсөн Бенз G500 маркын автомашиныг тооцохоор тохиролцсон, дээрх худалдааны талбайн барилга ашиглалтад ороогүй талаарх үйл баримтад талууд маргаагүй. Түүнчлэн, гэрээг цуцлах тухайд ч талууд маргахгүй байна. /хх-6-13/

 

Харин хариуцагч дээрх худалдааны талбай захиалгын гэрээний урьдчилгаанд 90 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн аваагүй, төлбөрт тооцохоор тохиролцсон Бенз G500 маркын авто машиныг Б.Алтангэрэлээс  шилжүүлэн аваагүй гэж татгалзаж, авто машин өмчлөх эзэмших эрхийн лавлагааг нотлох баримтаар гарган маргажээ. /хх-56/ Хэрэгт Б.Болорчулуун, Б.Алтангэрэл нарын байгуулсан зээлийн гэрээ авагдсан. /хх-40/

 

Нэхэмжлэгчийн “талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, цуцалсантай холбоотой үр дагаврыг арилгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. /хх-93-98/ Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалт нь гэрээ биелэгдээгүй байгаа нөхцөлд шилжүүлсэн зүйлүүдийг биет байдлаар нь буцаах, биелсэн тохиолдолд харилцан ашгийг буцаахтай холбоотой зохицуулалт юм. Хэрэгт авагдсан талуудын тайлбараар дээрх худалдааны талбай захиалгын гэрээний гол зүйл болох талбай шилжүүлэх тухай нөхцөл биелэгдээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “гэрээний дагуу 90 000 000 төгрөгт шилжүүлэн тооцсон авто машиныг буцаан авах биш, мөнгөн хөрөнгөөр буцаан гаргуулах тухай” гэж тодорхойлсон байна. /хх-1-3, 84-92/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүрэгт шилжүүлсэн зүйлийг биет байдлаар бус мөнгөн хөрөнгөөр тооцож буцаан гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн эд зүйлийг буюу авто машиныг биет байдлаар буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх, хариуцагч автомашиныг ашиглаж байгаа эсхүл бусдын өмчлөлд шилжүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах, тогтоох шаардлагатай юм.  

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй болох юм. Иргэний хуульд заасан  дээрх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул хэрэгт ач холбогдолтой, эрх зүйн дүгнэлт хийхэд зайлшгүй шаардлагатай үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхой болсноор тухайн асуудлаар зохигчид мэтгэлцэх, нотлох баримт гаргах боломжтой болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байгаа нөхцөлд хууль хэрэглээ, үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД