2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/522

 

 

 

 

 

 

 

 

2025       02          18                                    2025/ШЦТ/522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж, шүүгч Б.Батсайхан, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ц.Сайнхүү,

иргэдийн төлөөлөгч Г.Цэрэндорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч О.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч М.Чинзориг, Ц.Цэрмаа,  

шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Г.Цолмон,

шүүдэгч Г.Б түүний өмгөөлөгч Л.Баасанжав,

шүүгдэгч Ө., А.Бу, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г.Д, Г.Б, Б.Я, Ө., А.Бу нарт холбогдох эрүүгийн 2306 00000 1184 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн**************** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

******* овгийн Г-ийн Д /регистрийн дугаар: *******/;

 

 2. Монгол Улсын иргэн, *********** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

****** овгийн Г-ийн Б /регистрийн дугаар: ***********/;

 

3. Монгол Улсын иргэн, ************* тоотод оршин суух хаягтай,

Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/1088 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэх эдлэх ялыг 590 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 138 дугаар тогтоолоор ялын хугацаа дууссан,

****** овгийн Б-ийн Я /регистрийн дугаар: *******/;

 

4. Монгол Улсын иргэн, ************ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

*********** овгийн А-гийн Бу /регистрийн дугаар: ************/;

 

5. Монгол Улсын иргэн, *********** тоотод оршин суудаг гэх,

Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

*********** овгийн Ө-ны  /регистрийн дугаар: *************/;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ятай “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнтэй хамт явж байсан амь хохирогч Б.Тгийн нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөж хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт бүхий гэмтэл үүсгэн амь насыг хохироосон,

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Я, Ө., А.Бу нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр Б.Я нь иргэн Г.Дтэй “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Г.Дий биед хүч хэрэглэн, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Б.Я нь “Ү” сайтад “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс апартмент хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр холбогдсон хохирогч Э.Цд түрүүлж урьдчилгаа мөнгөө өгсөн хүнийг оруулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны ********* тоотод байхдаа Хаан банкны *********тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 950,000 төгрөгийг Голомт банкны *********** тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт -ийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт Г-гын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** овогт Б-ийн Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Ө-ны , ***** овогт А-ийн Бу нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 1184 дугаартай хэргийг шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 17-21-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 22-25-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн зарлагын баримтууд /1-р хх-ийн 50-79-р хуудас/,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 82-р хуудас/,

Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 86-р хуудас/,

Баянзүрх эмнэлэг ХХК-ийн нэгдсэн лабораторийн хуудас, хавсралт /1-р хх- ийн 94-100-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 959 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 103-113-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын **-ны өдрийн 488 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 122-128-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн **70 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн **3-170-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын лабораторийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн **20 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 176-182-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1740 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 186-188-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 308 дугаартай дүгнэлт/1-p хх-ийн 226-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 314 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 233-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 886 дугаартай дүгнэлт /4хх-136-137-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 813 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 144-145-р хуудас/,

Яллагдагч Г.Дий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 249-р хуудас/,

Яллагдагч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/2-р хх-ийн 92-р хуудас/,

“О” хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 120-122-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 6-10-р хуудас/,

Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 23-р хуудас/,

Яллагдагч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-p хх-ийн 39- р хуудас/,

Яллагдагч А.Буын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-p хх-ийн 56-р хуудас/,

Яллагдагч Б.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 74-р хуудас/,

Хохирогч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,

****** корпорац ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/1280 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 34- 35 дугаар хуудас/,

Голомт банкны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14/ХХ/03-1492 дугаартай албан бичиг /4-p хх-ийн 53 дугаар хуудас/,

Голомт банкны *********** тоот үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 53-66 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Ц.Сайнхүү шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Г.Д нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ятай “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнтэй хамт явж байсан амь хохирогч Б.Тгийн нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөж хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт бүхий гэмтэл үүсгэн амь насыг хохироосон,

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Я, Ө., А.Бу нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр Б.Я нь иргэн Г.Дтэй “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Г.Дий биед хүч хэрэглэн, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан

Шүүгдэгч Б.Я нь “Ү” сайтад “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс апартмент хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр холбогдсон хохирогч Э.Цд түрүүлж урьдчилгаа мөнгөө өгсөн хүнийг оруулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны ******** тоотод байхдаа Хаан банкны *********тоот данснаас2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 950,000 төгрөгийг Голомт банкны *********** тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Манай ах нас барах үед би оюутан байсан. Тухайн үед манай ах манай гэрийнхэнийг тэжээн тэтгэдэг байсан ба тухайн үеэс хойш би сургуульд сурах боломжгүй болсон. Миний нуруу дээр гэр бүлийн бүх ачаа ирсэн. Би маш их гомдолтой байгаа. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох хүсэлттэй байна. Манай гэр бүлийн гишүүн, ээжийнхээ сэтгэцэд учирсан хохиро, тэтгэмжийг бодуулах хүсэлттэй байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, тусгай ангийн 10.1, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар хохирогчийн биеэ хамгаалах боломжгүйг мэдсээр байж амь насанд нь халдсан гэх прокурорын дүгнэлттэй санал нэг байна. Амь хохирогчийн ар гэрт нь маш хүнд нөхцөл байдалтай хүмүүс үлдэж байгаа юм. Төрсөн эгч нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, саажилт гэх өвчинтэй. Төрсөн эмэгтэй дүү нь төрлөхийн сэтгэцийн өвчтэй бөгөөд хосолсон сэтгэцийн өвчтэй хүн байна. Ээж нь сэтгэцийн хувьд маш хүнд байдалтай байгаа. Шүүх бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж байгаа ч амь хохирогчийн ар гэрийнхэнтэй хүн ёсны үүднээс ирж уулзсан зүйл байхгүй бөгөөд оршуулгын зардал төлснөө гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор, уршиг төлсөн гэж бодоод байгаа нь өрөөсгөл юм. Амь хохирогч өнөөдөр амьд байсан бол 29 настай, эрүүл, саруул ар гэрээ аваад явах чадвартай залуу байх байсан. Мөн гэм буруугийн байдлаа зөвшөөрч байгаа мэт боловч шүүн таслах ажиллагаанд хүсэлт өгөх байдлаар маш их удаашруулж байсан. Шүүгдэгч нар таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад, 1 жилийн хугацаанд хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан зүйл нэг ч байхгүй. Бүхэл бүтэн нэг айл үнэхээр хүнд байдалд байхад ийм байдал гаргаад байгаа нь хувийн байдлыг нь гаргаж байна. Хохирогчийн ар гэрт үлдсэн төрсөн эгч, дүү, эх нарт сэтгэцэд учирсан хохирол, төлбөрийг шүүх гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ямар журмаар хэрхэн гаргах нь хуулинд тодорхой заасан байгаа. Өнгөрсөн хугацаанд хохирогчийн зүгээс маш хүлээцтэй хандаж ирлээ. Энд бол төрсөн ах н.Амарбаясгалан нь гэр бүлийн гишүүнээс тустаа гараад явчихсан байгаа. Бусад гэр бүлийн гишүүдэд сэтгэцэд учирсан хохирол, төлбөрийг гаргуулж өгнө үү. Бидний зүгээс сэтгэцэд учирсан хохирол, төлбөрийг тооцож үзээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 50.000.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр хохирогчийн ар гэрийн сэтгэцэд учирсан хохирол, төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Дий өмгөөлөгч Ц.Цэрмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Манай үйлчлүүлэгч яллагч, сэжигтнээр мэдүүлэг өгөхөөсөө эхлээд үнэн, зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Манай үйлчлүүлэгчийн мэдүүлэг байдаг. Тухайн өдөр би толгой руугаа нэлээн олон удаа өшиглүүлсэн учраас толгой манараад байсан учраас машинаа тойроод харахад манай дүүг цохичих шиг харагдсан учраас нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг. Гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл бол манай үйлчлүүлэгчийг газарт унагааж нүүр нүдгүй өшиглөж, зодсон. Тухайн үед Б.Ягийн хөл дээр санаандгүй гишгэсэн учраас энэ асуудал болсон. Хэрвээ тэр согтуу залуучууд анх маргаагүй, дэвэргэж зодоон болгоогүй бол өнөөдөр ингэж эрүүгийн гэмт хэрэгт холбогдож суухгүй байсан. Ядаж тэр хүнийг босгож чадахгүй ч гэсэн хор хохирлыг төлж барагдуулмаар байна гэж өөрөө санаачлага гаргаж хичээж байсан. Г.Дий хувьд хүний амьдралын хүнд хувь заяаг үүрч, ар гэрээ тэжээж байгаа. Шүүгдэгч сурч байсан сургууль, ажиллаж байсан ажлын тайлбар тодорхойлолтоор хувийн байдал нь хангалттай нотлогдсон байдаг...” гэв.

Шүүгдэгч Г.Дий өмгөөлөгч М.Чинзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Прокурорын гаргасан Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн талаар маргах зүйлгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн яриад байгаа хор, уршгийн талаар байр сууриа илэрхийлье. Миний зүгээс ч тэр, манай үйлчлүүлэгчийн ар гэрээс ч тэр хүний амь нас хохирсон маш их харамсаж байгаа. Хууль батлах дээд байгууллагаас хүний амь нас хохирсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин олгуулна гэсэн заалт байдаг хэдий ч Шүүх шинжилгээний тухай хуульд мөн тухайн гэм хор буюу хор уршгийн асуудлыг иргэний хуулиар зохицуулсан хэдий ч тус хууль тогтоомжыг буцаан хэрэглэхгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хөдөлмөрийн хөлсний 150 дахин нэмэгдүүлэхээр 99.000.000 төгрөг гарч байна. ЭНэ иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хуулиар хор уршгийн 99.000.000 төгрөгийг гаргах боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хэрэгжиж эхэлсэн цаг хугацааны хувьд хохирол гаргах боломжгүй юм. Энийг иргэний журмаар нээлттэй үлдээхэд татгалзах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйдлыг дээрдүүлэх хуулийг буцааж хэрэглэнэ гэж заасан байна. Хохирогчийн зүгээс 15.000.000 төгрөг нэхэмжилж байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. Ер нь бол бид нар мэргэжлийн шалгалт өгөөд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа бол өөрөө хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг гаргамаар байна. Ер нь тэгээд өөр тусгайлан гаргах саналгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь маш энгийн боловч маш том хор, хохиролтой байна. Хэн ч хэнийхээ хөл дээр гишгэсэн байх гар бариад л өнгөрөх ёстой. Манай үйлчлүүлэгчийн хувьд тус зодооныг салгах зорилгоор зугтааж байгаад чулуу авч тараах гэж байсан. Манай үйлчлүүлэгч тус олон хүний зодоонд татагдан орсон. Амь хохирогчийг нэг удаа цохисон бөгөөд тус улсын яллагчийн зүйлчлэл тохирч байна гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Я шүүх хуралдааныг хэлэлцүүлэгт: “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ягийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргадаггүй...” гэв.

Шүүгдэгч Ө. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч А.Бу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ө., А.Бу нарын өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Манай үйлчлүүлэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үеэс үнэн, зөв тодорхой мэдүүлэг өгсөөр ирсэн. Х.Буманбаяр, Ө. нарын үйлдлийн улмаас хэргийн материалд учирсан хохирлын баримт байдаггүй. Иймд миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцож, харин бусдад төлөх төлбөргүй байдлаар шийдэж өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн: “...2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өглөө Цайз захын хажууд байрлах био нойлын үйлдвэрт хувиараа ажилладаг юм. Тухайн ажлаасаа орой тараад найз М-ын хамт явж байгаад салаад явсан гэсэн. Түүнээс хойш орой 23 цагийн хооронд ээжтэй утсаар яриад гадуур явж байна гэж хэлсэн гэсэн тэрнээс хойш дахин холбоо бариагүй, хаагуур хэнтэй явж байсныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Ч-ийн: “...Дөө хар хувцастай 23-24 орчим насны эрэгтэй хүнтэй дэлгүүрийн гадаа ноцолдоод байх шиг байсан. ...Тэгтэл доороос нь хэсэг залуус дээшээ шатаар гараад Дөөг бөөнөөрөө нийлээд зодоод байж байтал Б,  хоёр гарч ирээд нөгөө залуустай бүгдээрээ дээрээс доошоо буугаад ирэхээр нь Х бид хоёр сандраад машинаасаа гараад юу болоод байгаа юм гээд харсан чинь тэд нар хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь Дөө өмсөж байсан цамцаа тайлаад машиныхаа хажууд тавиад нөгөө залуус нь Д рүү дайраад байхаар нь Дөө тэр залуустай машин зам дээр ноцолдоод, хэрэлдээд байхаар нь би хүмүүсээс санаа зовоод Дий машины жолоочийн хажуу талын суудал дээр суусан ба нэг харсан чинь нөгөө залуус болон Дөө, Б, , Х нар машины баруун талд явган хүний зам дээр гарчихсан байсан ба хараад байж байтал тэд нар хоорондоо цохилцоод байхаар нь машинаас буугаад харсан чинь ногоон өнгийн хувцастай залуу шонгийн модны хажууд хэвтэж байхаар нь ойртоод очсон чинь нөгөө залуусын нэг хар хувцастай, өрвөгөр үстэй залуу нь газар унасан залуугийнхаа цээжин хэсгийг нь өндийлгөхөөр нь харсан чинь тэр залуугийн нүүр нь бүхэлдээ цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хын: “...Би нөхөр Б., Д, Б, Ч нарын хамт зааланд тоглочхоод заалнаас гарч ирээд дэлгүүр орох гэж Улаанхуарангийн эцэс дээр явж байхад дэлгүүрийн урд талд Д нэг үл таних эрэгтэйтэй маргалдсан, тэгээд л бужигнаан болж доороос олон үл таних эрэгтэй хүмүүс гарч ирсэн, тэгээд Д машин руугаа гүйж ирсэн чинь ардаас нь үл таних эрэгтэй хүмүүс ирээд Дийг зодож эхэлсэн, тэгээд хүмүүс дундуур нь орж салгасны дараа Б гүйж ирээд амь хохирогчтой маргалдаж нүүр рүү нь нэг удаа цохиж газар унагаасан, тэгээд яг юу болсон талаар бол хараагүй нэг харахад амь хохирогч газар уначихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.С-ийн: “...Тухайн дуудлага мэдээллийн дагуу ажилласан. Би бүрэлдэхүүний хамт хэлтсээс гарч хэрэг гарсан гэх газар руу шууд очсон. Тухайн газар нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн хойд талын автобусны буудлаас зүүн тийш 100 гаран метр зайд байсан юм. Би хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж ойр орчимд хяналтын камер байгаа эсэхийг шалгахад зам дагуу байх Эмийн сангийн хяналтын камер байсан. Улмаар тухайн эмийн сангийн хяналтын камерыг шүүхэд олон хүмүүс хоорондоо зодолдож байгаа бичлэг байсан, бүр нарийн хэлбэл нэг эрэгтэй хүнийг, жижиг биетэй эрэгтэй хүн нүүр рүү нь өшиглөж байгаа бичлэг бичигдсэн байсан юм. Тухайн үед надад бичлэгийг хуулж авах төхөөрөмж буюу Flash байхгүй байсан болохоор тэр өдөр үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.М-ын Flash-p бичлэгийг хуулж авсан. Яг хэдэн минутын бичлэг байсан талаар санахгүй байна. Мөн замын урд талд байх CU үйлчилгээний газрын хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн хэрэг гарсан гэх газар руу харсан хяналтын камер байсан, тухайн хяналтын камерны бичлэгийг хуулбарлаж авах гэсэн боловч Flash хийх төхөөрөмж нь цоожтой, хуулбарлаж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Би тухайн үедээ бүр байгууллагын шатыг авч дээш авираад төхөөрөмжийг нь онгойлгох гэсэн боловч боломжгүй байсан юм. Би гар утсаараа бичлэг хийж хуулбарлаж авах гэсэн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй учраас бичлэг хийж аваагүй юм...” гэсэн мэдүүлэг,

Б.гийн гэрчээр өгсөн: “...Б, Д хоёрын орсон дэлгүүр лүү гаднаас хар бараан өнгийн намхандуу эрэгтэй хүн тэр хоёрын араас нь орсон. Төд удалгүй байж байгаад Б, Д хоёр дэлгүүрээс зууралдаад гараад ирэх шиг болохоор нь тэр хоёрыг хоорондоо тоглож байгаа юм байх гэж бодоод тоохгүй байж байгаад цаг харсан чинь 00 цаг 10 минут болж байхаар нь машинаас буугаад дэлгүүр хаалаа шүү дээ гээд нөгөө хоёр дээр очсон чинь Д, Б хоёр биш Д сүүлд дэлгүүр лүү орсон хар бараан өнгийн хувцастай, намхан бандитай зууралдаад зогсож байгаад Д тэр залууг татсан чинь газар уначих шиг болохоор нь гүйж очоод Дийг цамцнаас нь татаад болиочээ наадахаа аллаа гэсэн чинь замын урд талд байсан цэнхэр өнгийн Toyota Prius 20 маркийн машинаас зөндөө олон залуучууд гарч ирээд бүгдээрээ Д рүү дайраад зодоод байхаар нь Дийг арай гэж салгаад хажуудаа байлгаж байсан чинь Б хажуугаар орж ирээд тэд нар хоорондоо зодолдож байгаад зодолдохоо болиод салцгаасан. Тэгээд 2 машиныхаа голд зогсож байсан чинь нөгөө залуучуудын шар өнгийн хувцастай залуу нь Б-г цохичих шиг болсон. Тэгсэн чинь Б нөгөө залууг гараараа 1-2 удаа нүүр лүү нь цохисон чинь газар уначихсан. Тэгээд босох гээд яг өндийж байсан чинь Д тэр залуугийн нүүр лүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөтөл тэр залуу хойшоо саваад ухаан алдаад уначихсан...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Г.Дий: “...би дэлгүүрийн гадаа зогсож байгаад эргээд харсан чинь миний ард нэг залуу тулж ирээд зогссон байсныг мэдэхгүй эргэж харахдаа хөл дээр нь санаандгүй гишгэчхээд “өө яана аа уучлаарай” гэж уучлал гуйсан чинь зам мамаа хараач яаж яваад байгаа юм гээд шууд урдаас уурласан. Тэгэхээр нь дахин уучлал гуйгаад дэлгүүр лүү орсон чинь араас татаад хавирахаар нь уналгүй тогтож үлдсэн чинь араас шууд гараа саваад цохих гэж оролдсон. Тэгэхээр нь би барьцалдаж аваад куртикээр нь толгойг нь ороогоод доош нь дарсан чинь нөгөө залуу тавь гээд орилоод байхаар нь хэрүүл маргаан хэрэггүй учир зүйгээ олъё гээд тайвшруулсан чинь нэг хэсэг чимээгүй болчихоор нь за тавилаа шүү, чимээгүй байгаарай гээд цамцыг нь тавих гээд байж байхад замын цаанаас хэсэг залуус орилоод гүйж ирээд нэг залуу нь зүүн шанаа хавьцаа гараараа нэг удаа цохисон, гэтэл нэг нь ард хөл тавиад нэг нь намайг түлхэхээр нь би доошоо эрчээрэй гүйгээд машин луу очсон. ...Тэгээд гэнэт олуулаа шавж ирээд толгой руу өшиглөж байгаад нэг залуу нь миний уруул руу өшиглөсөн. ...Түүний дараа аманд цус хурахаар нь шүлсээ хаячхаад өндийгөөд толгойгоо сэгсрээд харсан чинь Б руу нөгөө залуус дайраад байсан чинь Б нэг залуугийн нүүр хавьцаа нь цохих шиг болсон чинь тэр залуу тонгойчихсон байхаар нь би баруун талаас нь нүүр хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Г.Б-н: “...Дөө ах  хоёр орж ирэхгүй удахаар нь араас нь гайхаад гарсан чинь Дөө ах дэлгүүрийн үүдэнд нэг хүнтэй муудалцсан бололтой толгой дээгүүр нь цамцаар нь доош нь тонгойлгоод дарсан харагдсан. Гэтэл нөгөө хүн нь “тавь пизда минь алнаа гээд” орилоод байгаа бололтой байсан. Тэгэхээр нь гайхаад юу болсон юм болоо гээд дэргэд нь дөхөөд очсон чинь замын тэндээс баахан хүмүүс алнаа гээд орилоод хүрээд ирсэн. ...нөгөө хүмүүс ирээд Дөө ахын цохиод, зарим нь над руу дайраад зодох гээд байхаар нь айсандаа зугтаасан чинь араас 3 хүн хөөж байгаад болихоор эргээд харсан чинь машины хажууд Дөө ахыг бөөнөөрөө нийлсэн зодож байхаар нь сандарсандаа гүйж очоод больцгоо гэж хэлсэн чинь 2-3 залуу нь намайг цохих гээд дайрсан. Тэгж байхад надад цохиулсан залуу над руу дайраад чи муу хэн юм бэ, бацаан минь гээд зодох гээд дайраад салж өгөхгүй байхаар нь сандарсандаа зүүн гараараа зүүн шанаа хавьцаа нь нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуу хойшоо унах шиг болсноо өндийгөөд босоод ирсэн. Тэгж байхад Дөө ах нөгөө залуугийн баруун талаас гарч ирээд нүүрэнд нь нэг удаа маш хүчтэй эвгүй өшиглөсөн. Гэтэл нөгөө хүн нь ар хэсгээрээ уначхаад босож ирэхгүй байсан чинь Дөө ах тэр хүнийг босож ирэхгүй байгааг мэдэхгүй нөгөө хамтдаа явсан залуучуудтай нь хэрэлдээд байхаар нь одоо хэрэлдэхээ болио энэ хүн чинь босож ирэхгүй байна гэж хэлсэн чинь хамт явсан найзууд нь нөгөө залуугаа анзаараад өндийлгөх гэсэн чинь сэрэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Ө.гийн: “...Тухайн өдөр талийгаач Т ахын биед халдаж өшиглөж унагаасан гэх өндөр нуруутай эрэгтэй хүний биед халдаж, өшиглөсөн талаар хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч А.Буын: “...Би тухайн өндөр нуруутай залуугийн биед халдаж цохисон. Тэр өндөр нуруутай залуу нь эхлээд Я ахтай маргалдсан, би явж очсон чинь шууд над руу дайрч миний нүүр рүү цохисон, тэгээд л бид хоёр барьцалдаж аваад би 2-3 удаа нүүр рүү нь цохисон юм...” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Б.Ягийн: “...Тухайн өндөр нуруутай залуугийн хөл дээр гишгэж, улмаар маргаан үүссэн, би уг нь уучлаарай, ингээд больчихъё гэж хэлсэн боловч тухайн залуучууд нь дайраад л байсан юм. Гэхдээ би тэр өндөр нуруутай залуугийн биед халдсан зүйл байхгүй. Харин тухайн залуу нь миний биед халдаж хамранд гэмтэл учруулсан. Би тухайн үедээ гомдол, гаргаж яваагүй юм. Одоо бол надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

“О” хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 959 дугаартай “... Талийгаачийн цогцост хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, цус хуралт, 2 шүдний эмтрэл, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгджээ... талийгаач нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултралын улмаас их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харваж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын **-ны өдрийн 488 дугаартай “...Толгойдоо бараан өнгийн саравчтай малгайг хойш эргүүлэн өмссөн, цээж хэсэгтээ бараан өнгийн 2 ханцуй хэсгээрээ цагаан бомбертой, доогуураа цайвар сараал өнгийн өмд, цагаан алаг пүүзтэй эрэгтэй хүний цохих, өшиглөх зэрэг үйлдэл нь талийгаачийн үхэлд хүргэсэн, хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт гэмтлийг үүсгэх боломжгүй байна.

...дээгүүрээ цээж нүцгэн, цайвар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн зүүн хөлөөр талийгаачийн нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөхөд талийгаачийн толгой, хүзүүний хэсгээр арагш хүчтэй савагдаж улмаар дээш харан газарт унаж байгаагаас харахад нь талийгаачийн үхэлд хүргэсэн хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтлийг үүсгэх боломжтой байна.

Талийгаач нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хөД хийх боломжгүй.

Дээгүүрээ цээж нүцгэн, цайвар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн зүүн хөлөөр талийгаачийн нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөхөд талийгаачийн толгой, хүзүүний хэсгээр арагш хүчтэй савагдаж улмаар дээш харан газарт унаж байгаагаас харахад нь талийгаачийн үхэлд хүргэсэн хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, ихтархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтлийг үүсгэх боломжтой байна.

...Талийгаачийн цогцост учирсан хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 болон 3.1.5-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруулд зулгаралт, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 2 шүдний эмтрэл гэмтэл нь 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 886 дугаартай “Хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4320 дугаартай дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх шинжилгээний 632 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн толгойн компьютер томографын шинжилгээгээр хамар яс, баруун нүдний ухархайн ханын хугарал гэжтогтоогдсон, угхугарал нь хуучин гэмтэл ба хэдийг үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй, хамар яс, баруун нүдний ухархайн ханын хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт,

Хохирогч Э.Цгийн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны “Ү” сайтад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “XA” хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зард ******** дугаарын утас байршуулсан байсан тул айл нь гараагүй байгаа төлбөрийг нь cap сард нь авна, 1 сарын төлбөр нь 850,000 төгрөг, одоо байгаа хүмүүсийнхээ барьцаа мөнгийг буцааж өгөх хэрэгтэй байгаа тул урьдчилгаа 500,000 төгрөг авах шаардлагатай байна өөр зөндөө хүн ярьж байгаа аль түрүүлж урьдчилгаа мөнгө өгсөн хүнийг нь оруулна гэж хэлсэн тул би Баянзүрх дүүргийн *** дугаар хороо ****** тоот өөрийн төрсөн эгч Цогзолдуламын гэрт нь байхдаа өөрийн Хаан банкны *********тоот данснаас Мандухай гэх хүний Голомт банкны *********** тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл орой 17:00 цагийн орчимд миний утас руу залгаад барьцаа мөнгө өгөх гэсэн юм дахиад мөнгө хийгээд өгөөч энэ хүмүүс орой 22:00 цагийн орчимд гарчих байх гэж хэлсэн тул би дахин Голомт банкны *********** тоот дансанд нь 450,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

Мобиком корпорац ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4/1280 дугаартай “******** регистрийн дугаартай, Ба-ийн Я нь ******** дугаарын эзэмшигч болохыг тодорхойлсон” албан бичиг,

Голомт банкны *********** тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээ “******** Э Ц” гэх гүйлгээний утгаар нийт 950,000 төгрөгийн орлого хийгдсэн баримт, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үнэлэв.

 

Дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн дүгнэвэл 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр Г.Д, Б.Я нар хоорондоо “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, энэхүү цаг хугацаанд Г.Б, Ө., А.Бу, Б.Т нар нь маргаанд оролцож, тэд харилцан бие биедээ халдсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Энэ маргааны явцад Б.Тгийн “биед хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, цус хуралт, 2 шүдний эмтрэл, цээжинд зулгаралт” гэмтлүүд учирч, Б.Т нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултралын улмаас их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харваж нас баржээ.

 

Талийгаач Б.Тгийн үхэлд хүргэсэн хүзүүний 1-р нугалмын бүрэн мултралын улмаас их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвах гэмтэл нь шүүгдэгч Г.Дий нэг удаагийн өшиглөх үйлдлийн улмаас учирсан болох нь Б.гийн гэрчээр өгсөн “...тэгээд босох гээд яг өндийж байсан чинь Д тэр залуугийн нүүр лүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөтөл тэр залуу хойшоо саваад ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг, Г.Дий яллагдагчаар өгсөн “... аманд цус хурахаар нь шүлсээ хаячхаад өндийгөөд толгойгоо сэгсрээд харсан чинь Б руу нөгөө залуус дайраад байсан чинь Б нэг залуугийн нүүр хавьцаа нь цохих шиг болсон чинь тэр залуу тонгойчихсон байхаар нь би баруун талаас нь нүүр хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Г.Б-н яллагдагчаар өгсөн “... Гэтэл нөгөө залуу хойшоо унах шиг болсноо өндийгөөд босоод ирсэн. Тэгж байхад Дөө ах нөгөө залуугийн баруун талаас гарч ирээд нүүрэнд нь нэг удаа маш хүчтэй эвгүй өшиглөсөн. Гэтэл нөгөө хүн нь ар хэсгээрээ уначхаад босож ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийж “тээврийн хэрэгслийн цаад талд хар өнгийн цамцтай, цайвар өнгийн өмдтэй, өндөр нуруутай эрэгтэй /Г.Д/... газарт унасан эрэгтэй босч ирж байхад машины цаад талаас цээж нүцгэн /Г.Д/ гарч ирээд нүүр хэсэг рүү нэг удаа баруун хөлөөрөө өшиглөж газарт унагаав” гэх тэмдэглэл, бичлэг болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын **-ны өдрийн 488 дугаартай “...Дээгүүрээ цээж нүцгэн, цайвар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн зүүн хөлөөр талийгаачийн нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөхөд талийгаачийн толгой, хүзүүний хэсгээр арагш хүчтэй савагдаж улмаар дээш харан газарт унаж байгаагаас харахад нь талийгаачийн үхэлд хүргэсэн хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, ихтархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтлийг үүсгэх боломжтой байна...” гэх дүгнэлтээр нотлогдож байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд Хүнийг алах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөл, тэрхүү үйлдлийн улмаас бусдын амь хохирсон шалтгаант холбоо үүссэн байх учиртай.

 

Түүнчлэн гэмт үйлдэл нь хүний бие эрхтний хөД төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг болно. Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.

 

Шүүгдэгч Г.Д нь бусдын амь насанд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн буюу талийгаач Б.Тгийн амь тус газар болох толгой, нүүр хэсэг рүү өшиглөх үйлдэл хийхэд учирч болох хор хөнөөл, сүйтгэл их, өндөр болохыг мэдэх, мэдсээр байж үйлдлээ хэрэгжүүлж, хүний амь насыг хохироосон шалтгаант холбоотой байх бөгөөд тэрээр сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй болох нь Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 813 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтэд: “…Г.Д нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй…” гэжээ. Мөн шүүгдэгч нь насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин талийгаач Б.Тгийн “биед... дээд уруулд зулгаралт, цус хуралт, 2 шүдний эмтрэл...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Б-н 1-ээс 2 удаа цохисон үйлдлийн улмаас учирсан болох нь Б.гийн гэрчээр өгсөн  “...Тэгээд 2 машиныхаа голд зогсож байсан чинь нөгөө залуучуудын шар өнгийн хувцастай залуу нь Б-г цохичих шиг болсон. Тэгсэн чинь Б нөгөө залууг гараараа 1-2 удаа нүүр лүү нь цохисон чинь газар уначихсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Дий “... Б руу нөгөө залуус дайраад байсан чинь Б нэг залуугийн нүүр хавьцаа нь цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийж, “тэр үед машины хажуу талд хар өнгийн саравчтай малгайгаа хойш нь харуулж өмссөн цагаан ханцуйтай, хар өнгийн цамцтай эрэгтэй /Г.Б/, хар өнгийн малгайтай цамцтай, цагаан саравчтай малгайтай эрэгтэй /амь хохирогч/-г нүүр хэсэг рүү нэг удаа зүүн гараараа цохиж унагааж газарт унасан...” гэх тэмдэглэл болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын **-ны өдрийн 488 дугаартай “...Толгойдоо бараан өнгийн саравчтай малгайг хойш эргүүлэн өмссөн, цээж хэсэгтээ бараан өнгийн 2 ханцуй хэсгээрээ цагаан бомбертой, доогуураа цайвар сараал өнгийн өмд, цагаан алаг пүүзтэй эрэгтэй хүний цохих, өшиглөх зэрэг үйлдэл нь талийгаачийн үхэлд хүргэсэн, хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт гэмтлийг үүсгэх боломжгүй байна... хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруулд зулгаралт, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 2 шүдний эмтрэл гэмтэл нь 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон байх бөгөөд шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус тодорхойлсон байна.

 

Нийтийн хэв журам гэж олон нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгоно.

 

Олон нийтийн аюулгүй байдал гэж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгө, хүрээлэн буй орчин болон иргэн аж ахуй нэгж, байгууллагын ашиг сонирхол, дотоод ба гадаад шинж чанартай аюул заналхийллээс хамгаалагдсан байдал юм.

 

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгийг устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан идэвхтэй үйлдэл байна. Дээрх үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.

 

Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих гэж нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж зөрчихийг ойлгоно. Энэхүү хэм хэмжээг хууль тогтоомж, зан заншил, ёс суртахууны шаардлагын алинаар нь ч тогтоосон байж болно.

 

Хүч хэрэглэсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүнийг эсэргүүцэж няцаасан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, өшиглөх, түлхэх, хоолойг боох зэрэг хэлбэрээр илэрнэ.

 

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж гэмт этгээд нийгэмд тогтоосон иргэн бүр заавал дагаж мөрдвөл зохих эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, түүнчлэн, онцгой хүндэтгэл шаардах үндэсний ёс заншил, уламжлалт ёс горимыг хүндэтгэн үзэхгүй байх, хувийн явцуу ашиг сонирхлыг нийгэм, хамт олны ашиг сонирхлын эсрэг сөргүүлэн тавьж, энэ үйлдлээ орчны хүмүүст илт мэдэгдэхүйц байхаар тийм нөхцөлд хийхийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Я, Ө., А.Бу нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KP” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр Б.Я нь иргэн Г.Дтэй “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Г.Дий биед хүч хэрэглэн, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Я нь цахим хэрэгсэл ашиглан хуурамч зар байршуулж, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субъектив санаатай, шунахайн сэдэлттэйгээр “байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар цахим хэрэгсэлд байршуулан хохирогч Э.Цд 950,000 төгрөгийн хохирол учруулсан нь Залилах гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна гэж тус тус дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн 50,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол тус тус нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих зүйтэй гэж үзсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд оршуулгын зардлыг төлсөн, мөн шүүгдэгч Б.Я хохирогч Э.Цд учруулсан 950,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан тайлбар, дүгнэлтээр нотлогдож байна.  

 

Тодруулбал, “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгайлан зааснаас гадна сэтгэцэд учруулсан гэм хорыг хэн, ямар хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг шинээр зохицуулсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5-д тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаар баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлтийг гаргасан учраас дараах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч А.Бу, Б.Я, Ө. нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, улсын яллагчийн зүгээс тус гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, төлбөр нөхөн төлсөн байдал, урьд нь гэмт хэрэгт холбогдсон эсэх байдал зэргийг харгалзаж дараах саналыг гаргасан. Шүүгдэгч А.Бу гэмт хэрэг гарах үед 18 насанд хүрээгүй байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж ба...” гэх дүгнэлтийг,

           

Хохирогийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Дд 15 жилээс дээш жилээр хорих ял оногдуулах саналтай байна. Г.Б нь бас боксоор хичээллэдэг бөгөөд Г.Б-н цохилтоос үйлдэж Г.Д өшиглөсөн байх тул илүү их хэмжээгээр 5-с дээш жилийн хорих ял оногдуулж өгнө үү....” гэх,

 

Шүүгдэгч Г.Д эрүүгийн хариуцлагын талаар: “...Энд ирсэн хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийн минь харгалзаж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэх,

 

Шүүгдэгч Г.Дий өмгөөлөгч М.Чинзориг эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ. Тухайн гэм буруугийн санаатай хэлбэрээр хэдий үйлддэг боловч гэм буруугийн санаатай үйлдэл дотор нь маш олон төрөл, ангилал байдаг. Нийгэмд аюултэй үйлдэл, эс үйлдэхүй, хүний сэтгэл зүйн хүчин зүйлийг гэмт хэргийн сэдэл гэнэ. Тодорхой хэрэг учрал болох үед давуу байдлаа хүчилж миний үйлчлүүлэгчийг зодож хөнгөн зэргийн хохирол тогтоогдсон нь хэргийн материалд авагдсан байгаа. Гэм буруугийн шинжийг тодорхойлдог шинжүүд байдаг. Ер нь бол энэ санаатай гэмт хэрэг үйлдэгдсэн хүсэлт зоригийн элемент, оюун санааны элемент нь өөрөө хүсэл зоригийн элементээрээ ялгагддаг. Тухайн үйлдэл нь энэ хүний амь насыг хохироосон үйлдэлд хүрч байгаа учраас гэм буруутай юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг ямархуу шалтгаан нөхцөлд тодорхойлоод байгаа юм. Манай үйлчлүүлэгч сургуульд суралцаж байх хугацаандаа сайн суралцаж, үлгэр жишээ байсан байна. Ээж хоёр дүүгийн хамт амьдардаг бөгөөд ямар нэгэн захиргааны зөрчил гаргахгүйгээр, гэмт хэрэгт холбогдолгүйгээр ажил хийж амьдралаа авч явдаг байсныг хэлэх нь зөв юм. Тухайн ажиллаж байх 6 жилийн хугацаандаа хамт олондоо нэр хүндтэй, эелдэг даруу гэх тодорхойлолт хийж өгсөн байна. Мөн гэмт хэрэгт холбогдхоос өмнө хашаа байшин авна гэж мөнгөө цуглуулж байтал энэ гэмт хэрэгт холбогдоод хохирол, төлбөр төлсөн байдаг. Бодит хохирол учирсан 15.000.000 төгрөгийг төлж байгаа нь шүүгдэгчйн хувийн байдлыг харуулж байна гэж үзэж байна. Урд нь энэ төрлийн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн 1.2-т заасан хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн байдаг ба ажил хийж 15.000.000 төгрөгийн бодит байдлын хохирлыг төлсөн. Мөн 1.4-т тухайн гэмт хэргийн улмаас үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн хооронд дахь шалтгаан нөхцөл нь 1.4-т хамаарах тул ялын доод хэмжээгээр шийдэж өгнө үү...” гэх,

 

Шүүгдэгч Г.Дий өмгөөлөгч Ц.Цэрмаа эрүүгийн хариуцлагын талаар: “...Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж үзнэ үү. Хохирогч нарын зүй бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Мөн хуулинд заасан хорих ялыг оногдуулахдаа нийгмээс удаан тусгаарлахгүйгээр хөнгөрүүлэн үзэж шийдвэрээ гаргахыг хүсэж байна...” гэх

 

Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлагын талаар: “...Би маш их зүйлийг ойлгосон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх,

 

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь амь хохирогчид ямар гэмтэл учруулсан гэдэг нь шүүх шинжилгээний дүгнэлтээр маш тодорхой гарчихсан байгаа гэдгийг хохирогчид тайлбарлах нь зүйтэй байна. Манай үйлчлүүлэгчийн ээж нь элэг шилжүүлэн суулгах заалттай тул өөрийн ээждээ донор болох гэж байгаа гэдгийг харгалзаж үзнэ үү...” гэх,

 

Шүүгдэгч Б.Я эрүүгийн харицлагын талаар: “...Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах юм бол ажил хөдөлмөр хийж байгаад 20.000.000 төгрөгийн хохирол барагдуулж чадна...” гэх,

 

Шүүгдэгч Б.Ягийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Б.Ягийн гэм буруугаа хүлээж байгаа, маргахгүй байгаа, найз нь нас барсан нөхцөл байдалд чин сэтгэлээсээ гэмшиж байгаа нөхцөл байдалд хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байгаа учраас тус бүр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгүүлж өгнө үү...” гэх,

 

Шүүгдэгч Ө. эрүүгийн хариуцлагын талаар “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх,

 

Шүүгдэгч А.Бу эрүүгийн хариуцлагын талаар: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх,

 

Шүүгдэгч Ө., А.Бу нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө., А.Бут 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал гаргаж байгаа шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Манай үйлчлүүлэгчид хэрэг гарсан цаг хугацаанд 12 дугаар ангийн сурагч байсан бөгөөд ажил хөдөлмөр хийж байгаад буцах явцдаа дараах гэмт хэрэгт холбогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Энэ хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзаж, хөнгөрүүлж болно гэж үзэж байна. Улсын яллагчаас хорих ялны санал гаргаж байгаа нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Энэ нь сонгох санкцтай гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хөнгөрүүлэх, чөлөөлөх талаар хуульчилсан байдаг. Энэ хуулийн тусгай ангийн дээд хэмжээ 5 жилээр заасан бол хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл тэнсэн харгалзах ял оногдуулж болно гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийг ямар нэгэн байдлаар бусдад төлөх төлбөргүй талаар шийдвэрлэсэн байдаг. Хэрэг 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарсан байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 21 нас хүрээгүй нөхцөл байдал байгаа. Өсвөр насны хүүхдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. Иймд шүүх хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэн харгалзаж өгнө үү. Оршин суугаа газраасаа гарсан, сургуулиа өөрчилсөн хугацаанд...” дүгнэлт, тайлбарыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэв.

 

            Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас шүүгдэгч Г.Дийг 9 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон шүүгдэгч Г.Б-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ө., А.Бу нарт тус бүр зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг сонгож тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Д, Б.Я нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Д, Б.Я нарыг тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж, тусгай хорих байгууллагад байлгах, шүүгдэгч Г.Б-г нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, шүүгдэгч Ө., А.Бу нарын зорчих эрхийг хязгаарлах нь тэдний хийсэн үйлдэл, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэрэг явдал, тэдгээрээс үүсэх үр дагаврыг өөрсдийн биеэр хариуцах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох буюу шударга ёсны зарчимд тохирно гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн 1 ширхэг СД, 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 308 хоног, шүүгдэгч Г.Б-н 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдав.

 

Мөн шүүгдэгч А.Бу нь 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болох түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-ийн 46-р тал/-р нотлогдож байх ба тэрээр хэрэг учрал болсон гэх 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 17 настай байсан байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Бд авсан хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Ө., А.Бу нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Д, Б.Я нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт Г-ийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ***** овогт Г-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******** овогт Б-ийн Я, ****** овогт А-ийн Бу, ***** овогт Ө-ны  нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зорчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ****** овогт Б-ийн Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө., А.Бу нарт тус бүр нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаа /6/ сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд ес /9/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бут оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, нийт биечлэн эдлэх ялыг зургаа /6/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялд дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ягийн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Б.Я нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дий цагдан хоригдсон 308 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, шүүгдэгч Г.Б-н биечлэн эдлэх 472 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө., А.Бу нарыг өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тэднийг оршин суух газраас суралцаж буй сургууль, ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө., А.Бу нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

 10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө., А.Бу, Б.Я нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Төгөлдөр, Г.Б, Ө., А.Бу, Б.Я нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө., А.Бу нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Д, Б.Я нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, шүүгдэгч Г.Д, Б.Я нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ОТГОНБААТАР

 

ШҮҮГЧ                                                     Б.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                         М.ТҮМЭННАСТ