| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1340 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1340
2025 5 20 2025/ШЦТ/1340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Инчинхорлоо, түүний өмгөөлөгч Л.Батаа,
иргэний нэхэмжлэгч Т.А,
шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Шт холбогдох эрүүгийн “2503 00049 0239” дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Г.Ш.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... замд Тоёота Приус 30 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Упсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оыг мөргөж амь насыг нь хохироосон, мөн Тоёота Кровн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.И: “...0-15 насны 6 хүүхэдтэй. Сөх-д ажиллаад хүүхдээ В1 давхарт өсгөж байгаа. Хоёр хүүхдээ ээждээ хөдөө явуулсан байгаа. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирол, банк болон банк бус байгууллагад өртэй байсан үүнийг мөн нэхэмжилнэ. Түүнчлэн хүүхдүүдийн тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилнэ” гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т.А: “...Тухайн үед эмнэлгээр явсан. Гэхдээ машины хохирлыг барагдуулах саналтай байна. Өнөөдөр 1.500.000 төгрөг шилжүүлж авсан. Үлдэгдэл 1.800.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-11 дэх тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн “...явган зорчигч зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр зам хөндлөн гаргах үед нь Тоёота Пруис маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ анивчуулж байгаад явган зорчигчийг 04 цаг 22 минут 31 секундэд мөргөж байгааг 3 гэж дугаарлан харуулав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
- Жолооч Г.Шын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 1.211 хувь согтолттой гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Игийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Манай нөхөр Б.О нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн ... тоот гэрээсээ найз Э-н хамт гарсан. Э-ын утасны дугаар нь ... дугаартай бөгөөд найз Б гэдэг хүнтэй уулзахаар анх гарсан. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчим гар утас руу залгаж ярихад хань нь очино, очино гэж утсаар ярьсан тухайн үед нээх уусан шинжгүй байсан. Тэрнээс хойш гар утас руу дахиж залгаагүй. 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 32 минутад хань нь очино гэж мессеж бичсэн байсан. Тэгээд өглөө нь 09 цаг өнгөрч байхад дүү Тэмүүжин надруу утсаар залгаад “та юу хийж байна эгчээ” гэсэн. Тэгэхээр нь “эгч нь хүүхдээ хараад байж байна, ах нь гар утас нь холбогдохгүй байна, чамтай утсаар холбогдсон уу” гэж асуусан чинь “би очиж байна” гэж хэлээд утсаа тасалсан. Өглөө нь Оюунгэрэл 2 удаа надруу залгасан байсан. Би эргүүлээд утсаар залгасан чинь аав, ээж бид хэд танайх руу очиж байна гэсэн. Ах чинь зүгээр та нар яагаад бүгдээрээ цуглаад байгаа юм ах чинь зүгээр үү гэж асуусан чинь, ах харин зам тээврийн осолд ороод нас барсан байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар хүрээд ир гэж байна гэж хэлсэн тэгээд болсон явдлын талаар анх мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 18- ны үүрийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн ... замд өөрийн эзэмшлийн Тоёота Кровн маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа зорчин явсан. Гурван замын уулзварын гэрэл дохио орох гээд явж байхад араас нэг тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Мөргүүлсний дараа машиндаа сууж байхад миний толгой бага зэрэг эргээд байхаар машин дотроо жоохон сууж байгаад суудлын бүсээ тайлаад буусан чинь ард талд ямар нэгэн машин байгаагүй. Харин миний машиныг мөргөсөн тээврийн хэрэгсэл нь замын хойно зогсож байсан. Миний машины ард хэдэн залуучууд газар хэвтэж байсан хүн дээр овоорчихсон босооч ээ, зүгээр үү гээд түргэн дуудаач гээд дөрвөн залуу зогсож байсан. Тэгээд би цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн дуудлага мэдээлэл өгсөн. ...Цагдаа ирэхээс өмнө жолооч залуугаа жоохон эрүүл болооч гээд хамт явсан залуучууд нь тэгж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/,
- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Б.Отай 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчим утсаар холбогдож гэрт нь очиж авсан. Тэгээд бид хоёр Дарь-Эх орж миний унаж явсан Тоёота Ист маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн ... байрны гадаа байрлуулсан. Тэндээс такси бариад Цааз 16 орж Наран нэртэй буудалд орсон. Буудалд байх үедээ 2 шил Чингис нэртэй архи авч хувааж уусан. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай эхнэр Ныг гэрээс дуудаж байрлаж байсан буудалд дуудаж ирүүлсэн. Тэгээд би буудал дотроо унтаад өгсөн. Харин эхнэр талийгаач хоёр бааранд орж бүжиглэж байгаад буудлын өрөө рүү орж гараад байсан гэж эхнэр надад хэлсэн. Шөнийн 04 цагийн орчим баар хаасан ба тэр хоёр орж ирж сууж байгаад найзад нь 100,000 төгрөг байна, найз нь гэртээ харьж хонолоо гараад такси барчихна гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь манай эхнэр эхнэрийнхээ дугаарыг өгчих гэж хэлэхэд 40 хүрч байгаа хүн би гэртээ очиж чадна гэж хэлээд эхнэрийнхээ дугаарыг өгөөгүй юм байна лээ гэж эхнэр хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/,
- Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Баянбүрдээс ... Баян-Алтан өлгий рүү хоёр машинтайгаа явсан. Тэгээд Т-ын өвөөгийн машиныг М...д өвөөгийнх гэрт авч очоод хашаанд тавчихаад тэндээс буцаад Г.Ш тээврийн хэрэгслийг жолоодон уг тээврийн хэрэгсэл дотор А, Т, сайн танихгүй найз болон миний бие уг тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Тэгээд Натур худалдааны төвийн орчим 12 цаг хүртэл ажилладаг хоолны газар очиж бид нар хоол идсэн. Тэнд хоол идэж байх үед тэр танихгүй Тын найз гэрлүүгээ явсан. Натур худалдааны төвөөс Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Хангал нэртэй Лоунж руу орсон. Тэнд Т-ын найз нэрийг нь сайн мэдэхгүй эмэгтэйтэй тараад бид 5 эхлээд хүний хоёр, хоёр задгай Нийслэл нэртэй 0,5 литрийн пиво хувааж уусан. Дараа нь тэк дээр байсан Хятад архи уух талаар О гэдэг охин санал болгосон. Хоорондоо ярилцаж байгаад Хятад архи авч уухаар болсон. Хятад архийг бүгд хувааж уусан, нөгөө архийг ууж дуусаад тухайн газар нь 02 цаг өнгөрч байхад хаасан. Тэр газраас бүгд гэртээ харих болоод тэндээс О гэртээ харихаар алхаад явсан. Харин Төгсжаргал, Г.Ш, Ананд бид дөрөв Г.Шын машинд суугаад уг тээврийн хэрэгслийг Г.Ш жолоодон тухайн тээврийн хэрэгсэлтэй бид нар хөдлөөд явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн ... чиглэлд явж байгаад ... арай ороогүй явж байхад Г.Ш зорчих хэсгийн гарцгүй хэсгээр эрэгтэй хүн замын хойд талаас гүйж гарч ирсэн явган зорчигчийг Г.Ш машинаараа мөргөсөн. Мөргөх үед миний бие жолоочийн эсрэг хойд талд сууж явж байсан би урд талын суудлаа мөргөсөн. Миний нүд рүү урд талын салхины шилний хагархай орсон тэр хооронд нүдээ нухаад сууж байтал Г.Ш хүн мөргөчихлөө гээд бид нарт хэлсэн. А машинаас түрүүлээд буусан. Араас нь Г.Ш буугаад Т бид хоёр хойд талын суудал дээр суугаад үлдсэн. Нээх удалгүй араас бид хоёр буугаад явган зорчигч дээр очсон. Явган зорчигч нь доошоо харсан байдалтай ухаангүй газар хэвтэж байсан. Г.Ш эмнэлэг болон цагдаа дуудах ёстой гэдгээ мэдээд эхлээд түргэн рүү нэлээн хэдэн удаа залгасан харин дараа нь цагдаа руу залгасан. Түрүүлж эмнэлэг ирээд хохирогчийг үзсэн, араас нь Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газрын хэмжилт хийгээд намайг драйгер багаж үлээлгэж шалгахад 1.921 хувийн согтолттой байсан ба осол гаргасан тээврийн хэрэгсэл болон ослын улмаас мөргөгдсөн тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь тал/,
- Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тын эмэгтэй найзтай нь уулзахаар болоод Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо байрлах ... нэртэй пабад орж 5-лаа суусан. Хүний хоёр, хоёр Нийслэл нэртэй 0,5 литрийн пиво уусан. Нэг шил Сөжү архи авч уугаад араас 0,5 литрийн Боргио пиво уусан. Би тэк дээр нь очоод таньдаг хүн байсан болохоор 100 граммаар 2 удаа татсан. Тэр газраас Т эмэгтэй найз нь түрүүлээд гараад явсан. Бид нар араас нь 30 минутын дараа гараад явсан. Тэр газраас гараад гадаа юм яриад зогсож байгаад Г.Шын машинд суугаад хайчих уу гэж хоорондоо ярилцаж байгаад эхлээд Чг гэрт нь хүргэж цаашаа Г.Шыг хүргэж өгөөд явъя гэж ярьсан. Тэндээс Г.Ш Тоёота Приус 30 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Цайз чиглэлд миний бие жолоочийн эсрэг урд талд суугаад ар талд Ч, Т хоёр суугаад явсан. Тухайн өдөр миний бие Их засаг сургуулийн уулзвар дээр ухаан ороод сэргэсэн. Хойшоо хараад Ч-оос одоо яг хаашаа явж байгаа гэж асуусан. Тэгээд эргэж хараад Ч-той юм ярчихаад буцаад эргээд харахад Г.Ш нь урд талын машиныг гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ орох гэж байхдаа тэр хүнийг мөргөсөн байх. Түс тас хийх чимээ гараад шон, хашлага мөргөчих үү гэж бодсон. Г.Ш хүн мөргөчихлөө андаа гэж хэлсэн тэгэхээр нь би цонхоо онгойлгоод харсан чинь хүн хэвтэж байсан. Машинаас буугаад нөгөө хүн дээр очсон, очиход нөгөө хүн доошоо хараад газар хэвтэж байсан ба газар ямар нэгэн цус болсон зүйлгүй хэвтэж байсан. Араас Г.Ш гарч ирсэн одоо яах уу андаа гэхээр шууд түргэн дууд гэж хэлсэн. Түргэн дуудаад араас цагдаа дуудсан. Эхлээд түргэн ирээд нөгөө хүнийг үзсэн надад болохоор тэр сувилагч нь амьсгаатай байна гэж хэлсэн аваад явсан. Дараа нь Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газрын хэмжилт хийгээд намайг драйгер багаж үлээлгэж шалгахад 2,238 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал/,
- Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Г.Ш, Ч, А нарын хамт 4 дүгээр дэлгүүрийн гаднаас Г.Шын эзэмшлийн Тоёота Пруис 30 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгсэлд миний бие жолоочийн арын суудалд миний нөгөө талд Ч, жолоочийн эсрэг талд А суугаад бид нар ... чиглэлд явсан. Баянзүрх дүүргийн ... урд замаар зорчин явах үед Ч бид хоёр Г.Шт хандаж хурдаа хасаа ч гэж 1, 2 удаа хэлсэн төд удалгүй замын хойд талаас гарч ирсэн явган зорчигчийг мөргөхийг нь хальт харсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар хараагүй. Тэгээд машинаас А, Г.Ш тэр хоёр буугаад явган зорчигч дээр очсон дараа нь бид хоёр явган зорчигч дээр очсон. Явган зорчигч дээр очих үед эхлээд амьд байсан амьсгаатай байсан. Ч түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газар хэмжилт хийгээд намайг драйгер багаж үлээлгэж шалгахад 0,382 хувийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №295 дугаартай: "...Амь хохирогч Б.Оын цогцост гол судасны тасрал, урагдал, /цээжний харвалт, хуйханд цус хуралт, баруун 2, 3, 4, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хугарал, хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус хөндийд 1300 мл цус хуралдалт/, элэгний язрал, урагдал, тархины хатуу шилбэний далд хугарал, эрүү, баруун мөр, цээж, хэвлий, зүүн шилбэнд хүзүүний 6-р нугалам их, баруун сэртэнгийн хугарал, баруун дунд чөмөг, зүүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр /авто осол/ үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогчийн цусанд 2.4% промилли, ходоодны шингэнд 3.9% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бадралын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1028 дугаартай: “...Т.Агийн биед баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал/,
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 199-202 дахь тал/,
- “Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний Тоёота Кровн маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролыг 3,300,00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 531 дугаарай “Хууль ёсны төлөөлөгч Тогоогийн Т.Игийн сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 18-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас DS: F43.0 Стресст үзүүлэх цочмог хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Бадрахын “Тоёота Кровн маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Явган зорчигч Б.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Тоёота Приус 30 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна гэсэн магадлагаа /2 дугаар хавтаст хэргийн 3-6 дахь тал/,
- Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... явах замд Тоёота Приус 30 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Упсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оыг мөргөж амь насыг нь хохироосон, мөн Тоёота Кровн маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, жолооч Г.Шын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэн шалгахад 1.211 хувь согтолттой гэсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Игийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Э гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №295 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бадралын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №1028 дугаартай дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт, “Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний Тоёота Кровн маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролыг 3,300,00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Бадрахын магадлагаа /2 дугаар хавтаст хэргийн 3-6 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ /тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах үйлчилгээ бүхий зүйл хэрэглэсэн/ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байхыг шаарддаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой.
Хэргийн тухайд шүүгдэгч Г.Шын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Оыг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагч: “...шүүгдэгч Г.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.” саналыг,
хохирогчийн өмгөөлөгч Л.Батаа: “...Өнөөдрийн байдлаар хор уршиг арилаагүй тул прокурорын гаргасан саналыг дэмжиж байна.” гэх саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэргийн үйлдсэн. Мөн тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа өөрөө цагдаа, эмнэлгийг байгууллагад хандаж тусалцаа үзүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт гэж хуульчилсан.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж, уг хуультай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн дөрөвдүгээр зэрэглэлд “хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхийгэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 15-30 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.
Гэмт хэрэг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Игийн сэтгэцэд учирсан хор уршиг шинжээчийн дүгнэлтээр дөрөвдүгээр зэрэглэлд хамааруулсан байх ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсныг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийн хүрээнд буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 30,353,400 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг завсарлуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ид 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн тул шүүгдэгчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд төлөх төлбөрийн хэмжээг 29,353,400 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч Г.Ш нь амь хохирогчийн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 14,175,826 төгрөгт тооцон өөрийн эзэмшлийн ....улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, 3,910,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргаж, аль аль тал үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Т.Агаас 3,300,000 төгрөг нэхэмжилснээс 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсныг тус тус дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Игоос нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг” тоолно гэж заасан тул хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн эрх хасах ялыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ш-ыг заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Шт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Шт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Шаас нийт 31,153,400 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.И-д 29,353,400 /хорин есөн сая гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.А-д 1,800,000 /нэг сая найман зуу/ төгрөгийг тус тус олгуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуулгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01 /нэг/ ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Игоос нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ