| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/163 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/163
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Б.С,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Б-ын С-д холбогдох 2528000000158 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “...” ХХК-ийн байгаль хамгаалах төлөвлөгөөг хянуулах явцдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, нутгийн удирдлагын ордны ... тоотод 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.С-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 06 дугаар сарын 03-нд төлөвлөгөөгөө батлуулах гэж Байгаль орчны дарга О-гийн өрөөнд нь орохдоо төлөвлөгөөтэйгөө 1,000,000 төгрөг өгсөн гэв.
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ажил болох Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт байрлах нутгийн удирдлагын ордны ... тоотод байж байхад 12 цагийн үед “...” ХХК-аас менежер гэх эмэгтэй хүн ирээд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийх гэж байгаа гээд хайгуулын ажлын байгаль хамгаалах төлөвлөгөөг хянуулахаар ирсэн. Тухайн компанийн материалыг хянах явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах, боловсруулах, батлах журамд заасны дагуу боловсруулаагүй, өмнөх онуудад хийгдсэн ажлын тайлан байхгүй, хайгуулын ажлаар юу хийх нь тодорхойгүй байсан. Тэгээд холбогдох журмын дагуу дахин боловсруулж ирэх зөвлөмжийг өгөөд явуулсан. Гэтэл үдээс хойш 15 цагийн үед тухайн компанийн ажилтан нь ирээд миний ажлын ширээн дээр 3 хувь төлөвлөгөөгөө тавьсан. Би тухайн хүнээс журмын дагуу боловсруулаад ирсэн үү гэж асуухад тухайн хүн нь боловсруулсан гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний өгсөн 3 хавтастай материалаас эхний хавтастай материалыг нээж үзэж байх явцад дундаас нь цаасанд боосон мөнгө гарч ирсэн. Тэгэхээр нь тухайн хүнээс энэ ямар учиртай болох талаар асууж тодруулахад “зүгээр танд өгөх гэж байгаа юм” гэж хэлсэн. Би тухайн хүнд “би мөнгөөр ажил хийдэг хүн биш, чи яах гэж мөнгө барьж ирж байгаа юм, материалаа журмын дагуу боловсруулаад ирэхэд болно” гэж хэлсэн. Манай өрөөнд буюу миний сууж байгаа хэсэгт надаас өөр хүн байгаагүй, харин шилэн тасалгааны цаана А, Н нар байсан. Би А, Н нарыг дуудаж тухайн асуудлыг хэлж, баримтжуулах талаар хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн компанийн материал нь дахиж засагдаж ирээгүй байсан бөгөөд хуучнаар нь аваад ирсэн байсан... Цаасанд боосон 1 сая төгрөг байсан. Тухайн мөнгийг цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн байгаа.” (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “...” ХХК-ийн менежер гэх эмэгтэй хүн манай ажил дээр ирсэн. Тухайн хүн нь хайгуулын төлөвлөгөө хянуулна гэж ирсэн бөгөөд эхлээд надтай уулзсан. Тэгээд тухайн компанийн материалыг нь харахад буруу байхаар нь Б.О даргатай уулзаад зөвлөгөө авчих гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн нь Б.О даргатай уулзахад Б.О дарга тухайн хүнд журмын дагуу боловсруулаад ир гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед тухайн эмэгтэй нь буцаад ажил дээр ирсэн. Ажил дээр ирэхдээ төлөвлөгөөгөө урдаа бариад ороод ирсэн бөгөөд би тухайн хүнд хандан “та төлөвлөгөөгөө надад өгчих, би бүртгэж авна” гэж хэлэхэд “эхлээд О даргаас зөв үү, буруу юу асууя” гээд Б.О дарга руу орсон. Нээх удалгүй Б.О дарга нь “А ирээд энийг баримтжуул, төлөвлөгөө завсар мөнгө төгрөг хийсэн байна” гэж хэлсэн. Би очиж утсаараа зураг дарсан бөгөөд боодолтой мөнгө байсан бөгөөд 1.0 сая төгрөг байсан. Б.О дарга нь тухайн үедээ “бид нар авлига авч ажил хийдэггүй, би танд материалаа зөв болгоод ир гэж зөвлөгөө өгөөд явуулсан, юун мөнгө өгөөд байгаа юм” гэж хэлэхэд тухайн эмэгтэй нь “надад энэ аймагт таньдаг хүн байхгүй, төлөвлөгөөгөө батлуулах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд Б.О дарга цагдаагийн байгууллагад хандсан.” (хавтаст хэргийн 36 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал)
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-24 дэх тал)
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 73 дахь тал)
Прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 73 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 100-... дэх тал)
Прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 73 дугаартай санал (хавтаст хэргийн 102-103 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “...” ХХК-ийн байгаль хамгаалах төлөвлөгөөг хянуулах явцдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, нутгийн удирдлагын ордны ... тоотод 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.О-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт гэрч Б.О-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрч Г.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-24 дэх тал), эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заагдсан Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюул ихтэй гэмт хэргүүд байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.С нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, нутгийн удирдлагын ордны ... тоотод Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлага, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.О-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “...” ХХК-ийн байгаль хамгаалах төлөвлөгөөг хянуулах явцдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
“Хахууль өгөх” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэрэгтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна, улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.С-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20,000 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг (AI4453256, AL1090122, AM9349909, AK1822874, AL6188565, AM1453519, AL3675176, AM4246676, AZ1573379, AL6055662, AK4930049, AI9827178, AK6537851, AF4177875, AL2081903, AI3466311, AI5384204, AK7484148, AM6456845, AM5372746, AI5633669, AN8152498, AK2834003, AN4439749, BZ1344313, AM2284521, AP7651525, AI3891179, AK4397392, AK0226159, AP2075754, AI1826490, AI3790409, AQ5415944, AP3245573, AL9344277, AM6236698, BZ0473743, AL4978857) 10,000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг (AK1831854, AN6526397, AM7539002, AP0614845, AX0787567, AN1703612, AN5791040, AN1075755, AN1O37550, AN7239369, AP1467584, AN9417606, AN2027657, AJ5691356, AK1058846), 5,000 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг (AP3768734, AL7099206, AM8957821, AS1234573, AQ2400433, AN2921790, AS2913973, AQ6698395, AQ2202799, AR8437729, AQ6161645, AQ3881174, AN6597140, AR8566670), нийт 1,000,000 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
ийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20,000 төгрөгийн дэвсгэрт 39 ширхэг (AI4453256, AL1090122, AM9349909, AK1822874, AL6188565, AM1453519, AL3675176, AM4246676, AZ1573379, AL6055662, AK4930049, AI9827178, AK6537851, AF4177875, AL2081903, AI3466311, AI5384204, AK7484148, AM6456845, AM5372746, AI5633669, AN8152498, AK2834003, AN4439749, BZ1344313, AM2284521, AP7651525, AI3891179, AK4397392, AK0226159, AP2075754, AI1826490, AI3790409, AQ5415944, AP3245573, AL9344277, AM6236698, BZ0473743, AL4978857) 10,000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг (AK1831854, AN6526397, AM7539002, AP0614845, AX0787567, AN1703612, AN5791040, AN1075755, AN1O37550, AN7239369, AP1467584, AN9417606, AN2027657, AJ5691356, AK1058846), 5,000 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг (AP3768734, AL7099206, AM8957821, AS1234573, AQ2400433, AN2921790, AS2913973, AQ6698395, AQ2202799, AR8437729, AQ6161645, AQ3881174, AN6597140, AR8566670), нийт 1,000,000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ