Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/552

 

 

 

 

 

 

 

 

    2025          07            02                                       2025/ШЦТ/***

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунжаргал,

улсын яллагч М.Батзаяа,

шүүгдэгч Э.Ч, өмгөөлөгч С.Болорчулуун (ҮД:2842) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ч-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***************, 199* оны 03 дугаар сарын 0*-ны өдөр Сүхбаатар аймагт суманд төрсөн, 3* настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ******-д төслийн удирдагч ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ********* тоотод оршин суудаг (*************************** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял (шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 08-р сарын 02-ны өдрийн ***** тоот тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон),

- Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял (шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 07-р сарын 01-ний өдрийн *** тоот тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон)-аар тус тус шийтгүүлж байсан.

 

Хэргийн товч агуулга: Э.Ч нь фейсбүүк цахим хаягаар “ипотекийн зээл гаргаж өгнө” гэж иргэн Г.С-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 8.500.000 төгрөгийг Төрийн банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн *** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 30-31, 40-42, 32-35 дугаар хуудас),

- Шүүгдэгч болон өмгөөлөгчөөс “хавтаст хэргээс шинжлэн судлуулах баримт байхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол болон албан бичиг 2 хуудсыг нотлох баримтаар гаргаж өгч, түүнийг шинжлэн судлуулна“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Ч нь фейсбүүк цахим хаягаар “ипотекийн зээл гаргаж өгнө” гэж хохирогч Г.С-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 8.500.000 төгрөгийг Төрийн банкны ************* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.С-н "...Би байр худалдан авахаар судалж байгаад барилгын компаниуд өөрсдөө ипотекийн зээлийг шийдэж өгөөд орон сууцаа худалдаалдаг гэдгийг мэдээд ийм нөхцөлөөр худалдах орон сууц олон зорилгоор Фейсбүүк "Ипотекийн 6%-ийн зээлд хамрагдах боломжтой байр" гэх нэртэй группт элсэж ороод зар байршуулсан. Удалгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******** гэх дугаараас үл таних 30-35 орчим насны эрэгтэй холбогдоод “намайг ипотекийн байр хайж байна уу? Би Монголын ипотек корпорац, Төрийн банктай холбоотой ажил хийдэг юм. Би чиний сонирхоод байгаа зээлийг чинь богино хугацаанд шийдэж өгье надтай ирээд уулзчих” гэсэн. Тухайн хүний ******* дугаараар холбогдож байгаад 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын тэнд очиж уулзахад Э.Ч гэх залуу надтай уулзаад “би зээлийг чинь бүтээж өгье надад 10.000.000 төгрөг өгнө 5.000.000 саяыг нь эхлээд өг” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд тухайн залуугийн Төрийн банкны ********** тоот данс руу өөрийн хаан банкны ********* гэх тоот данснаас 2.500.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийсэн. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ч нь над руу залгаад зээл чинь бүртгэгдсэн болж байгаа дахиад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь итгээд түүний төрийн банкны данс руу өөрийн Хас банкны данснаас 2.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо ******** тоот түрээсийн байрандаа байхдаа шилжүүлсэн. Би мөнгөө өгөөд 2-3 хоноод л Ч ********* дугаар луу холбогдох гэхээр хэсэг байж бай болж байгаа гээд л байдаг байсан. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ч нь над руу ******** дугаараасаа залгаад зээл чинь бүтчихсэн ахиад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би Ч-ын төрийн банкны данс руу нь Хас банкны данснаас 1.500.000 төгрөгийг Өмнөговь аймгийн ************ өртөө гэх газарт ажил дээрээ байхдаа шилжүүлсэн. Ингээд миний зээл бүтэхгүй өдийг болтол Ч миний мөнгийг  өгөхгүй болохоор цагдаад хандах болсон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас),

- яллагдагч Э.Ч-ын "...2023 оны 06 дугаар сард фейсбүүк үзэж байтал фейсбүүкээр С гэх фейсбүүк хаягаас ипотекийн 6% зээл шийдээд өгөх хүн байна уу? Шан харамж асуудалгүй гэсэн утга бүхий зар байсан. Би тухайн зарын дагуу ********* дугаараас холбогдож би наад асуудлыг чинь шийдээд өгье. Чи надад 8.500.000 төгрөг өгчих гэхэд тухайн залуу зөвшөөрч миний төрийн банкны ********** тоот данс руу 2.500.000 төгрөгөөр хоёр удаа, 2.000.000 төгрөгөөр, нэг удаа 1.500.000 төгрөг, нийт 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 8.500.000 төгрөгийг данс руу хийсэн...надад ямар нэгэн банканд ажилладаг зээл гаргачихаар таньдаг хүн байхгүй би аргалаад болгочих байх гэсэн үүднээс С-аас мөнгө авсан юм. Тухайн мөнгийг хувьдаа ашигласан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас),

- Хохирогч Г.С-ын дансны хуулбар (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Э.Ч, өмгөөлөгч С.Болорчулуун нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Э.Ч нь хохирогч Г.С-ын фейсбүүк цахим хаягаар ипотекийн зээл гаргаж өгнө гэж хуурч 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 8.500.000 төгрөгийг Төрийн банкны ********* тоот дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.С-аас “...Э.Ч-д ямар ч төлбөрийн үлдэгдэл тооцоогүй” гэх өргөдөл(хавтаст хэргийн 103 дугаар тал)-ийг бичгээр гаргасан тул шүүгдэгч Э.Ч-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 3,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай”

- өмгөөлөгчөөс “Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, прокурортой ял тохиролцсон тул эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр баталж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Прокурорын санал болгож, шүүгдэгч болон өмгөөлөгчийн хамт хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд сануулж, шүүгдэгч Э.Ч-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Э.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ч-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                           ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Б.БЯМБААБААТАР