| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/03925/И |
| Дугаар | 102/ШШ2022/03970 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2022/03970
| 2022 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2022/03970 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... хороолол, ... байр, ... тоот хаягт оршин байх, “Т” СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ....хороолол, ... байр, .... тоот хаягт оршин суух, У.А /РД: ххх/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 842,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч У.А-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 842.425 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: У.А нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн амьдарч байгаа нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ус, дулаан, цахилгаан, лифт, цэвэрлэгээ, ажилчдын цалин болон бусад нийтлэг зардалд зарцуулагдах 852,425 төгрөгийг төлөхөөс зайлсхийж хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Тиймд хариуцагчаас 852,425 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байр дээврээс 2010 оноос хойш ус гоожиж обой, эмүльс, замаска, шохой унаж мөөгөнцөр үүссэн. 2018 онд би өөрийн хөрөнгөөр засвар хийсэн. 2019 оноос дахин дусаал гоожиж СӨХ-д янзлуулах талаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл янзалж өгөөгүй бөгөөд 2018, 2019, 2020 онуудад нийт гурван жил би СӨХ-ноос янзалж өгөхийг гуйж байгаа. Манай байр 6 давхар бөгөөд лифт байхгүй доод айлуудын бохирын үнэр манайд орж ирээд дээшээ гардаггүй 10 жил болж байна. Үүнээс болж ая тухтай амьдрах боломжгүй байдаг. СӨХ гэдэг байгууллага нь сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Гэтэл оршин суугч нарын эрх ашгийг хамгаалахгүй байгаа тул би гомдолтой байна. Би өдөр болгон бохир агаараар амьсгалж миний эрх ашиг хөндөгдөж байна. Тиймээс засварын ажил хийж өгөхөөс өмнө СӨХ-ны мөнгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, удирдах зөвлөлийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай тогтоол, удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай хуримтлалын сан бүрдүүлэх үнийн тарифыг шинэчлэн батлах тухай тогтоол, “Т” СӨХ-ны удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээ, төлбөрийн задаргаа, .... байрны дээврийн засварын төсөв, барилгын дээврийн засварын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг төлбөрийн хэмжээ тодорхойлох баримтыг, хариуцагчаас хариу тайлбар, “Х” ХХК-ийн Баянгол дүүрэг,... дүгээр хороо, ...хоролол,.... байр, ....тоот орон сууцанд засварын ажил хийсэн өртөг, ажлын хөлс тогтоосон албан бичиг, засварын ажлын өртгийн тооцоо, фото зураг зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч У.А нь өөрийн өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дээврийн давхраас ус гоожиж байрны обой, хана, тааз халцарч, мөөгөнцөртсөн, засварын ажил хийсний дараа төлбөрийг төлөх боломжтой гэж маргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. “Т” Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 291 тоот гэрчилгээ авч, Г.Н-г сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн удирдах зөвлөлийн 14 дугаартай тогтоолоор томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Хариуцагч талаас Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, .. дугаар хороолол, ...хороолол, ... байр, ....тоот орон сууцны өмчлөгч этгээдийн талаар болон тус орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийн хэмжээ, түүнийг төлөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
7. Иймд хариуцагч У.А-гаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 852,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны буруугаас сууц өмчлөгчид хохирол учруулсан бол сууц өмчлөгч энэ талаар тусдаа шаардлага гаргах боломжтой бөгөөд энэ нь сууц өмчлөгчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
9. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч У.А-аас 852,425 төгрөг /найман зуун тавин хоёр мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 25,009 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ