| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/02785/И |
| Дугаар | 102/ШШ2022/03707 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2022/03707
| 2022 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2022/03707 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ... гудамж, .... ХХК-ийн байр, ....тоот хаягт оршин байрлах Ж. ХХК /РД:ххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... хороолол .... гудамж, 82 байр, ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогтой Х-ийн /РД:ххх/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,450,011 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Х.Х-д холбогдуулан 9,450,011 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.Х нь “Ж” ХХК-иас барьцаалан зээлдүүлэх газраас 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай сар сараар хэсэгчлэн төлөхөөр тохирч ... дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Х.Х нь зээл авахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүү, алданги, зээлийн гэрээтэй холбогдсон бусад зардал, төлбөрийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангахаар манай компанийн өмчлөлд тоёота приүс маркийн ... УНЭ улсын дугаартай автомашинуудыг шилжүүлэхээр фидуцийн гэрээ байгуулсан.
Зээлдэгч Х.Х зээл авснаасаа хойш өдий хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, хүү, алдангиа төлөхгүй хуваарьт хугацаагаа 1290 хоногоор хэтрүүлж зээлдүүлэгчийг хохироож байна. Х.Х нь зээл, хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр удахгүй төлнө, дараа төлнө гэж хойшлуулсаар өдий хүрч хаяг дээрээ байхгүй мөн барьцаа машиныг дамжуулж үрэгдүүлж барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй болгосон. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, мөн хуулийн 222.4-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол -нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан байна. Х.Х-аас өөрт учирсан хохирол болох үндсэн зээлийн төлбөр 4,500,000 төгрөг, үндсэн хүү 2,700,011 төгрөг, Иргэний хуулийн 232 зүйлийн 232.4-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувийн хэтрүүлэхгүйгээр тооцоход 2,250,000 төгрөгийн алданги, нийт 9,450,011 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс “Ж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эргэн төлөлтийн тооцоолол, анкет, зарлагын баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/03486 дугаартай шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .... тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Х.Х-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч Х.Х үндсэн зээлийн төлбөр 4,500,000 төгрөг, үндсэн хүү 2,700,011 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, нийт 9,450,001 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй.
3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Х.Х-д 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай зээлийн гэрээгээр 4,500,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх, тоёота приүс маркийн .... УНЭ улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулжээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн байна гэж үзлээ.
5. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан тул зээлдүүлэгч тал болох “Ж” ХХК нь зээлдэгч тал болох Х.Х-д зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.
6.Хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол баримтаас үзэхэд, хариуцагч Х.Х нь үндсэн зээл 4,500,000 төгрөг, зээлийн хүү 2,700,011 төгрөгийг тус тус төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. Хариуцагчаас зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг няцаагаагүй.
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч Х.Х-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,500,000 төгрөг шаардах эрхтэй байна.
8. Зээлийн гэрээний 2.1, 2.2-т зааснаар 4,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч зээлийн хүү шардах эрхтэй байна.
9. Зээлдэгч Х.Х-аас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 24 сарын зээлийн хүү 2,700,011 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-нд олгох үндэслэлтэй байна.
10. Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ... дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 2.1, 3.5-т зааснаар автомашины өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусах хүртэл “Ж” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, харин гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг зээлдэгч Х.Х-д ашиглуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
11. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тодорхойлжээ. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн хэдий ч барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эрсдлийг багасгах зорилгоор үүргийн гүйцэтгэлийг хангах арга, уг аргыг хэрэгжүүлэх дуудлага худалдааны хамгийн хялбар нөхцөл, журмыг хуулиар тухайлан тогтоосон атал нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулснаас гадна уг гэрээний зүйлээр зээлийн үүргийг хангуулах үйлдэл хийж, шаардлага гаргаагүй, алданги шаардаж буй нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг байна. Иймд алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
12. Дээрх үндэслэлээр хариуцагч Х.Х-аас үндсэн зээл 4,500,000 төгрөг, зээлийн хүү 2,700,011 төгрөг нийт 7,200,001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 7,200,011 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 130,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ