Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/46

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч Г.Ганзориг

шүүгдэгч З.Ням-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Зоригтбаатарын Ням-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201708000081 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эгч дүүгийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараагийн 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Зоригтбаатарын Ням-Эрдэнэ /РД:ЗГ97031813/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч З.Ням-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэгсэлэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 30-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Барилга орон сууцны хашаан дотор /иргэн Түвшингийн гэрт/ хохирогч Г.Ганзоригтой маргалдан түүний бүсэлхийн 3,4 дүгээр нугалмын түвшинд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудын талаар. Үүнд:

 

1. Шүүгдэгч З.Ням-Эрдэнийн хэрэг бүртгэлтийн шатанд:

...тухайн үед Ганзориг ах согтчихоод намайг зүгээр байлгахгүй өдөөд байсан юм. Тэгээд намайг цохиод авахаар нь миний уур хүрээд гарч хутга авчираад тэвэрч аваад нэг удаа нуруу орчим хэсэгт дүрчихсэн юм. Тухайн үедээ уур хүрээд дээр нь архи уучихсан байсан болохоор ийм асуудал гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

2. Хохирогч Г.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт:

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянтал сумаас Говьсүмбэр аймаг руу ирсэн. Намайг Уламбаярын гэрт очоод байж байтал Түвшин, Баасанхүү хоёр ирсэн. Бид нар Уламбаярын гэрт нэг шил архи уусан. Түвшин Баасанхүү хоёр манайд очьё гэхээр нь манай гэрт ирсэн. Ирж байх замдаа Дугуй дэлгүүрээс нэг шил архи, 1 том пиво авсан. Үүнийг манай гэрт очоод ууж байхад Содоо ирсэн. Архи дуусахаар нь таксинд архи захиж авчирсан. Гэтэл Ням-Эрдэнэ найзтайгаа мотоцикльтэй ирсэн. Би Ням-Эрдэнийг хаанаас явж байгаа юм бэ гэж асуухад Уламбаярын гэрээс ирж байна. Та нарыг хамт байгаа гэж сонсоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд Ням-Эрдэнэ архинд явсан. Ням-Эрдэнийн авчирсан архийг уугаад хоорондоо маргалдсан байсан. Ням-Эрдэнийн малгайны саравч руу нь нэг цохисон. Би муудна гэж бодоогүй. Ням-Эрдэнэ гараад явахаар нь гарч тамхи татчихаад орж ирэхэд намайг хутгалсан байсан. Хутгалуулснаа би мэдээгүй. Содоо баруун орон дээр сууж байгаад цамц чинь цус болсон байна гэж хэлсэн. Тэгээд доошоо харж хэвтээд цамцаа тайлаад харахад хутгалуулсан байсан. Хажуу айлын хүүхэн орж ирээд цагдаа дууд, хүн аллаа гээд орилоод байсан. Миний цус тогтохгүй доошоо хараад хэвтсэн. Нэг мэдсэн эмнэлэгт оёдол хийлгэсэн хэвтэж байсан. Эмнэлэгт дуудлага өгөхөд эмч ирээгүй 40 минут болсон гэсэн. Тэгээд цагдаагийн машинаар эмнэлэг рүү явсан. Одоо Улаанбаатар хотод эмчлүүлсэн 700.000-800.000 төгрөгөө нэхэмжилж байна. Ажил хийж хохирлыг төлж барагдуулна гэж тохиролцсон. Хохирлоо барагдуулвал гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг

 

3. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 207 дугаартай дүгнэлтэд: 

- Г.Ганзоригийн биед бүсэлхийн 3, 4-р нугалмын түвшинд шарх бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28 дугаар хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 5573 дугаартай дүгнэлтэд: 

            - Шинжилгээнд ирүүлсэн “Ганзориг 31 эр” гэсэн хаягтай цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрч байна.

            - Цусанд илэрсэн 2,8 промили спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 29 дугаар хуудас/

 

5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 008/053 дугаартай дүгнэлтэд: 

            - Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн иштэй хутганы гадаргуугаас гарын мөр илэрсэн. /1ширхэг/ Илэрсэн гарын мөр нь харьцулах шинжилгээнд тэнцэхгүй.

            - 2 дугаар болон 3 дугаар, 4 дүгээр асуултанд хариулах боломжгүй. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтэд 

            - З.Ням-Эрдэнийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            - Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 5574 дугаартай дүгнэлтэд 

            - Шинжилгээнд ирүүлсэн ¹1, ¹2 гэж дугаарласан гялгар ууттай марльд шингээсэн хүрэн өнгийн цус мэт зүйл дээр цус илэрсэн.

            - ¹1 гэж дугаарласан цус мэт зүйл дээрх цус АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.

            - ¹2 гэж дугаарласан цус мэт зүйл дээрх цусны бүлгийн харьяалалыг тогтоох болмжгүй байна. /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

            8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

            9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар хуудас/

 

            10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            11. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/

 

            12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд шүүх хуралдаанд шинэчлэн судлагдаж, хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэгсэлэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 30-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Барилга орон сууцны хашаан дотор буюу иргэн Түвшингийн гэрт хохирогч Г.Ганзоригтой маргалдан улмаар түүний бүсэлхийн 3,4 дүгээр нугалмын түвшинд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч З.Ням-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь  зүйтэй байна.

Хохирогч Г.Ганзориг нь шүүгдэгч З.Ням-Эрдэнэд гомдолгүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч З.Ням-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см-ын урттай хүрэн өнгийн хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж устгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Ганзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ням-Эрдэнээс эмчилгээний зардал болох 560 537 /таван зуун жаран мянга таван зуун гучин долоо/ төгрөг гаргуулж хохирогч Г.Ганзоригт олгож, хохирогч Г.Ганзориг нь бусад зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. Харин хохирогч Г.Ганзоригийн гаргаж өгсөн бусад зардлыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Зоригтбаатарын Ням-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.Ням-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см-ын урттай хүрэн өнгийн хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж устгуулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ням-Эрдэнээс 560 537 /таван зуун жаран мянга таван зуун гучин долоо/ төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Сансарын 1-39 тоотод  оршин суух хохирогч Г.Ганзоригт олгосугай.

6. Хохирогч Г.Ганзориг нь бусад зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 7. Шүүгдэгч З.Ням-Эрдэнэ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ням-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ