Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/03646

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 24 өдөр

   Дугаар 102/ШШ2022/03646

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ....гудамж, ... дүгээр байр, ....тоотод оршин суух, Б овогт Н-ийн Д /РД: ххх/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Эрчим хүчний гудамжид байрлах “Д”  /РД:ххх/-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,502,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч “Д”-нд холбогдуулан албан татварт суутгасан 2,502,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Д нь 1985 онд Д-д Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн хэмжүүрийн засварчнаар ажилд орж тасралтгүй 32 жил 7 сар ажиллаад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өндөр насны тэтгэвэрт гарсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны ... тушаалын хавсралтад заасан тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох нөхцөлд ажилласан тул Д-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн .. тоот тушаалаар Н.Д-т ажлаас халагдсаны тэтгэмж 5,235,120 төгрөг, эрчим хүчний салбарт тасралтгүй 32,7 жил ажилласны тэтгэмж 25,024,000 төгрөгийн тэтгэмжийг олгохоор болсон. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь .... тоот дансанд 27,756,720 төгрөг шилжүүлж, тэтгэмжийн мөнгөнөөс хувь хүний орлогын албан татварт 2,502,400 төгрөг суутгасан байна. Эрчим хүчний салбарт 32,7 жил ажилласны нэг удаагийн буцалтгүй тэтгэмж нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар татвараас чөлөөлөгддөг орлогод хамаардаг тул хариуцагчаас хууль зөрчиж суутгасан 2,502,400 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч “Д”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Д нь “Д” -д нийт 32,07 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын “Д”-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Н.Д-ын эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25 024 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1.2-т ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлогод татвар ногдуулна гэж заасны дагуу 10 хувиар тооцон суутгаж МТА татварын дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, өөрийн иргэний үнэмлэх, Д” -ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт, Н.Дэ-ын Худалдаа хөгжлийн банк дахь .. тоот дансны хуулга зэрэг баримтуудыг, хариуцагчаас “Д” -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар суутгасан нь үндэслэлгүй гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч Н.Д-т олгосон тэтгэмжээс албан татвар суутгасан талаар маргаагүй бөгөөд харин албан татварт суутгасан мөнгөн хөрөнгийг харьяа татварын байгууллагад шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр “Д” нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. “Д-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехийн хэмжүүрийн засварчин Н.Д-ын ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, Н.Д-ын ... салбарт ажилласан 32 жил 7 сард ногдох 25,024,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч “Д” -аас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Н.Д-т тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасантай нийцжээ.

 

7. Талууд олгосон тэтгэмж, түүний хэмжээний талаар маргаагүй. Харин тогтоосон тэтгэмжээс албан татвар суутгасан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч “Д”-аас нэхэмжлэгч Н.Д-т нэг удаагийн мөнгөн тэтгэмж 25,024,000 төгрөг олгосон байх боловч тэтгэмжээс 10 хувийн шимтгэл 2,502,400 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт тооцож суутган авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулга /хэргийн 7 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            8. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  22  дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан.

 

            9. “Д” -ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан “Хамтын гэрээ”-ний 12.1-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон нэг удаагийн мөнгөн тэтгэмж нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид олгосон тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.

 

10. Мөн хариуцагч “Д”-аас орлогын албан татварт суутгасан 2,502,400 төгрөгийг холбогдох татварын албанд шилжүүлсэн нь уг мөнгөн хөрөнгийг олгохоос татгалзах үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу олгогдсон тэтгэмж, түүний хэмжээний талаар маргаагүй, харин тэтгэмжээс албан татвар суутгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  22  дугаар зүйлийн 22.1.1-заасныг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэхээр байна.

 

11. Иймд “Д” ТӨХК-аас тэтгэмжээс албан татварт суутгасан 2,502,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-т олгох үндэслэлтэй байна.

 

12. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Д”-аас 2,502,400 /хоёр сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Дэлгэржаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,989 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 54,989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.БАТЧИМЭГ