| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04142/И |
| Дугаар | 183/ШШ2022/02863 |
| Огноо | 2022-10-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2022/02863
2022 оны 10 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2022/02863 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Цэнгэлдэх хотхон 00 тоот хаягт байрлах, К ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч- Хан-Уул дүүрэг, 00-р хороо Скуэр төв, 0 давхарт 00 тоот хаягт байрлах, М ХХК /РД:6012817/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 282 294 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б
Нарийн бичгийн дарга: Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч К ХХК нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 282 294 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: МУ-ын хуулийн этгээд болох нэхэмжлэгч К ХХК болон хариуцагч М ХХК нар нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр М ХХК-г үүсгэн байгуулах тухай хурал хуралдуулж, хувьцаа эзэмшигч нарын хамтарсан компанийг үүсгэн байгуулах тухай тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Шинээр үүсгэн байгуулсан М ХХК-ийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээгээр тохиролцсоны дагуу хамтарсан компаний 51 хувийн хувьцааг хариуцагч М ХХК, 49 хувийн хувьцааг К ХХК эзэмшихээр тохиролцож, гадаад худалдаа, уул уурхайн тоног, төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах хамтарсан компанийг байгуулсан. Тус компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш нэхэмжпэгч К ХХК нь компанийн хөрөнгө оруулалт болон компанийн үйл ажиллагааны зардал зэргийг өөр гуравдагч хамтран ажилдаг хуулийн этгээдээс зээл хэлбэрээр шилжүүлэн авч ажилладаг байсан. Учир нь хариуцагч компани нь өөрсдийн хариуцах хөрөнгө оруулалт болон компанийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх эс үүсвэр тодорхой хугацаагаар хойшилсон гэх шалтгаанаар К ХХК-г санхүүжилтийг хийх санал тавьж, тохиролцсоны дагуу үүсгэн байгуулсан компаний санхүүжилтын асуудлыг К ХХК нь хариуцаж байсан. К ХХК нь хариуцагч М ХХК-ийн өмнөөс хамтарсан компанид нийт 553 517 647 төгрөгийн санхүүжилтийг үүсгэн байгуулснаас хойш хийсэн ба талууд 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 553 517 647 төгрөгийн үнийн дүн дээр тооцоо нийлсэн акт үйлдэж, эзэмшиж буй 51 хувийн хувьцаанд ногдох 282 294 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн. Хариуцагч компани нь өнөөдрийг болтол дээрх хамтарсан компанид оруулах ёстой санхүүжилтийн төлбөрөө К ХХК-д шилжүүлээгүй атлаа, хамтрасан компанийг татан буулгах тухай холбогдох ажиллагааг явуулж эхэлсэн тул Монгол Да Ей Ваншин Майнинг групп ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээний дагуу 282 294 000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч талтай тохиролцон бизнесийн үйл ажиллагаа явуулахаар М ХХК-ийн үүсгэн байгуулж, 51 хувийн хувьцаа эзэмшиж компанийн үйл ажиллагаанд зөвхөн хувьцаа эзэмшигчийнхээ эрхийн хүрээнд оролцож ирсэн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гаргцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хамтарсан компани болох М ХХК-ийн гаргасан өр төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, М ХХК-ийн дүрэм, К ХХК-ийн дүрэм, санхүүгийн тайлан, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 3-41 ху/
4. Хариуцагчаас: Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 54-56 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу 282 204 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2016.03.16-ны өдөр К ХХК болон М ХХК нарын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр М ХХК-г хамтран үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн. Уг хамтарсан компани нь нэг бүр нь 1 төгрөгийн үнэ бүхий 721 800 000 ширхэг хувьцаатай байх ба К ХХК нь хамтарсан компанид 353 682 000 төгрөгийг бэлнээр оруулж, 49 хувийн хувьцааг, М ХХК нь 368 118 000 төгрөгийг хамтарсан компанид бэлнээр оруулж, 51 хувийн хувьцааг эзэмшихээр тус тус тохиролцсон. Уг гэрээний дагуу хариуцагч 368 118 000 төгрөгийг бэлнээр оруулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн зүгээс 553 517 647 төгрөгийг оруулж үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар 2021.01.08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан ба 282 294 000 хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасны дагуу 282 294 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2016.04.18-ны өдөр нэхэмжлэгчтэй М ХХК-ийн үүсгэн байгуулж, 51 хувийн хувьцаа эзэмшиж байсан ба компанийн үйл ажиллагаанд зөвхөн хувьцаа эзэмшигчийнхээ эрхийн хүрээнд оролцож байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гаргцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хамтарсан компани болох М ХХК-ийн гаргасан өр төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Нөгөө талаас хамтарсан компанийн дүрмийн 8.1-д гүйцэтгэх захирлын эрх үүргийг К ХХК хэрэгжүүлэхээр, компанийн үйл ажиллагаанд хяналт тавихаар зохицуулсан. Дүрмээр гүйцэтгэх удирдлага 15 000 000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйлгээг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын зөвшөөрлөөр явуулахаар компанийн дүрэмд заасан тул эрх үүргээ хэтрүүлсэн, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа компанийг ашиггүй алдагдалтай ажиллахад хүргэсэн буруутай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 М ХХК, К ХХК нарын хооронд /огноо тодорхойгүй/ М ХХК-г хамтран байгуулахаар тохиролцсон Хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэх гэрээг байгуулсан,
4.2 Хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр М ХХК-ний - хувь нийлүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ 721 800 000 төгрөг байхаас К ХХК 353 682 000 төгрөгийг бэлэн мөнгөөр, М ХХК 368 118 000 төгрөгийг бэлэн мөнгөөр тус тус оруулах,
- 1 бүр нь 1 төгрөгийн үнэ бүхий 721 800 000 төгрөгийн хувьцаатай байх,
- 49 хувийн хувьцааг К ХХК эзэзмших, 51 хувийн хувьцааг М ХХК эзэмшихээр тус тус тохиролцсон,
4.3 М ХХК-ний дүрмийг баталж, 2016.04.08-ны өдөр М ХХК-ийг улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгүүлснээр 00000 дугаар регистрын дугаартай, 2 гишүүнтэй, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааний чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж тэмдэглэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон,
4.5 2021.02.23ны өдөр 00000 дугаартай Н аудитын М ХХК-ийн 2019.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдөр хүртэл хугацааны санхүүгийн хараат бус аудитын дүгнэлт гарсан,
4.6 2022.01.08-ны зохигч тооцоо нийлсэн акт үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигч, М ХХК-нийг байгуулсан эсэх, тус тусын эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээ, хувь нийлүүлэхээр тохиролцсон хөрөнгийн үнийн дүн, шинээр үүсгэх байгуулсан ХХК үйл ажиллагаа явуулсан зэрэгт маргаангүй, түүнчлэн хариуцагч М ХХК нь М ХХК-д оруулвал зохих хувь нийлүүлсэн хөрөнгийг оруулаагүй үйл баримтыг үгүйсгээгүй, харин М ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдсан зардлыг хэн хариуцах тухайд маргаантай байна.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар зохигч, 721 800 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий М ХХК-г шинээр үүсгэн байгуулахаар тохиролцож, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр буюу хариуцагч М ХХК нь 51 хувийн хувьцааг, К ХХК нь 49 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тохиролцсон ба шинээр үүсгэн байгуулсан хуулийн этгээд үйл ажиллагааг явуулсан болох нь Нью капитал тэнцэл аудит ХХК-ний дүгнэлтээр нотлогдож байна.
Хариуцагч М ХХК нь зохигчдын хооронд байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон М ХХК-ний дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгө болох 368 118 000 төгрөгийн хөрөнгийг оруулаагүй үйл баримтыг үгүйсгээгүй.
Түүнчлэн, талууд 2022.01.08-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад Монгол да ей ваншинг майнинг ХХк нь энэхүү тооцоо нийлсэн актын дагуу К ХХК-д нийт 553 517 647 төгрөгийг өр төлбөр үүссэн бөгөөд энэхүү өр төлбөр тус компанийн өдөр тутмын урсгал зардалд ашиглагдсан. Хувьцаа эзэмшигч М ХХК нь хамтарсан компанийн өр төлбөрийн 51 хувьтай тэнцэх 282 294 000 төгрөгийг К ХХК-тай тооцоо нийлэх болон задаргаа дээр тусгасан аливаа мөнгөн тооцоог талууд энэхүү тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрч байна гэж дурдсан байна.
Иймд шүүх, хариуцагч М ХХК хувь нийлүүлсэн хөрөнгө болох 368 118 000 төгрөгийг М ХХК-д оруулаагүй үйл баримт, талуудын хооронд үйлдсэн 2022.01.08-ны өдрийн тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгчийн ...хариуцагч компани өөрсдийн хариуцах хөрөнгө оруулалт болон компанийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр тодорхой хугацаагаар хойшилсон гэх шалтгаанаар К ХХК-ийг санхүүжилт хийх санал тавьж, тохиролцсоны дагуу үүсгэн байгуулсан компаний санхүүжилтийг К ХХК хариуцаж байсан гэх тайлбар зэргийг харьцуулан дүгнээд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа аман хэлцэл хэлбэрээр байгуулагдсан гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч шинээр үүсгэн байгуулсан М ХХК-д оруулах хувь нийлүүлсэн хөрөнгийг нэхэмжлэгчээс зээл хэлбэрээр гаргуулан компанийн үйл ажиллагааг явуулахад зарцуулсан болох нь тооцоо нийлсэн актаар нотлогдож байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
Хариуцагч, нэхэмжлэгчийг шинээр үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан, удирдлагын ур чадваргүй байдлын улмаас компани алдагдалтай ажилласанд 51 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд хариуцлага хүлээх үндэслэлгүй, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэж маргасан боловч шинээр үүсгэн байгуулсан компаний гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас маргаан бүхий өр төлбөр үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Нөгөө талаас, Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана, 13.4-т Энэ хуулийн 13.3-т заасан гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй гэж тус тус заасан ба талуудын маргаантай харилцаа нь тэдний хооронд байгуулагдсан хувьцаа эзмшигчдийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбогдож бий болсон зээлийн гэрээний маргаан байх тул компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэх татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн.
Мөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээний дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч тооцоо нийлэх гэрээний талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээдэг тул хуулийн зохицуулалтанд хамаарахгүйг тайлбарлах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М ХХК /РД:6012817/-иас 282 294 000 /хоёр зуун наян хоёр сая хоёр зуун ерэн дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК /000000/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдзвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч М ХХК 1 569 420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ