Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/612

 

Г.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-ы өмгөөлөгч П.Адъяасүрэн,

шүүгдэгч Г.Л-гийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/351 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Л-гийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Л-д холбогдох эрүүгийн 2009 00000 1401 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Л-, 1961 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

Г.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ***  тоотод Н.Ло-тай маргалдаж хэвлий рүү нь 2 удаа өшиглөж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Л-г хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд цагдан хоригдсон 30 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А- нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Л-гийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Тэрээр мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Мөн хохирол төлбөр төлөх завсарлагын хугацаанд шүүхээс олговол зохих хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын бас нэг гол ухагдахуун бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Хорих ял нь нийгэмшүүлэх бус харин ч нийгмийн харилцаанаас тусгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс хорих ялыг заавал оногдуулах шаардлагагүй. Шүүгдэгчийн хувьд одоо 60 нас хүрч яваа, эрүүл мэндийн хувьд даралт өндөртэй, түрүү булчирхайн хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Г.Л-гийн хохирол төлбөрийг бүрэн төлсөн болохыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн ноцтой зөрчил болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч П.Адъяасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хохирогчид учирсан гэм хорын хохирлын тал хувийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Л-г болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт нотлох баримтаар батлагдаагүй байна. Мөрдөн байцаалтын үед шинжээч Ц.Бадралын өгсөн мэдүүлгээр хохирогч хэвлийн хөндийн битүү гэмтлээс шалтгаалж амь хохирсныг нотолсон. Шийтгэх тогтоолд “...улсын яллагчаас хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг зөв тогтоосон буюу шүүгдэгчийн хохирогчийн хэвлий хэсэгт өшиглөсөн үйлдлийн шалтгаант холбоотойгоор амь хохирогчид хэвлийн хөндийн битүү гэмтэл болох нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ...” гэж дүгнэсэн нь гаргасан шийдэлтэйгээ нийцээгүй. Шүүгдэгч Г.Л-гийн идэвхтэй үйлдэл буюу хохирогчийн хэвлийд өшиглөсөн үйлдлийн улмаас хүний амь нас үрэгдсэн байхад болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүгдэгч Г.Л-д хохирогчийг алах санаа зорилго байгаагүй байж болох боловч, түүнийг үхэлд хүргэсэн идэвхтэй үйлдэл хийсэн нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Ах дүү хүмүүс биенийхээ амь насанд халдсан бол болгоомжгүй хэрэг болох тухай хуулийн заалт байхгүй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 9.102.256 төгрөгийн 4.701.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хүний оршуулга нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан үйлийн хүрээнд явагддаг байхад зан үйлтэй холбогдож гарсан зардлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хохирогч бидэнд энэ гэмт хэргийн улмаас эд материалын төдийгүй сэтгэл санааны ихээхэн хохирол учирсан байхад тоймтой хэдхэн зүйлийн үнэн нэхэмжилсэн нэхэмжлэлийн талыг хэрэгсэхгүй болгосон нь шүүх шударга ёсыг умартаж, нэг талд үйлчилсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Л-гийн өмгөөлөгч Г.Ганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнийг алах болон хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргүүд нь гэмт этгээд өөрийн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу оюун санаа сэтгэхүйн хувьд хэрхэн хандсан гэх шинжээр ялгагддаг. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж тухайн үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүссэн байдаг. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ганбаяр нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцож байсан. Харин гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ цагаатгах байр суурьтай оролцсон бол өмгөөлөгч Г.Ганбаяр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэдэг. Гэтэл шүүгдэгч Г.Л- нь гэм буруугийн асуудлаар маргадгаас гадна, түүний өмгөөлөгч нар 2 өөр байр суурьтай байдаг. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Г.Л- нь хохирогчийн хэвлийн тус газарт 2 удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон. Өшиглөж байгаа санаатай үйлдэл болон хүний амь нас хохирсон үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж үзсэн. Гэтэл шүүхээс өшиглөж байгаа үйлдэл байгаа боловч хүнийг алах санаа зорилго байгаагүй учир болгоомжгүй алсан гэж зүйлчлэн хорих ял оногдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын тухайд, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг нотлох баримтаар үнэлнэ гэж Эрүүгийн хуульд заасан. Хохирогч талаас гаргасан 9.102.256 төгрөгийн баримтаас хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хэмжээнд хохирлыг тооцсон. Мөн бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.Л-г согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ***  тоотод Н.Ло-тай маргалдаж хэвлий рүү нь 2 удаа өшиглөж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Л-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж шийдвэрлэхдээ “...шүүгдэгч Г.Л-гийн хувьд өөрийн төрсөн ах Н.Ло-ыг өөрийн хашаандаа буулган тусалж дэмждэг байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн тухайн өдөр шүүгдэгч амь хохирогчийг өшиглөсөн шалтгаан нөхцөлийн талаар гэрч Б.Б-“...Л- нь миний гар утас руу залгаад “Нөгөө өвгөнтийн архичныг нь хөөгөөд гаргачихлаа, Лодой ах миний өөдөөс хэрэлдээд байхаар нь өшиглөөд хөөгөөд гаргачихлаа.” гэж надад хэлсэн...” гэж мэдүүлснээс хүнийг алах зорилгоор үйлдэл хийгдээгүй, түүнчлэн амь нас хохирох нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэх шинж байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч нь бусдад зодуулсан талаар эмч нарт хэлээгүй, тэрээр олон хоног дараалан хоол ундгүй архи ууснаас болсон гэсэн ойлголттой байсан талаар түргэн тусламжийн асуулгад бичигдсэн, мөн түүний биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй, гэмтэл авсны дараа амь хохирогч өөрөө хөдөлгөөн хийн явж, орчинтойгоо харьцаж байсан, гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар шинжээч мэдүүлсэн зэргээс шүүгдэгч нь хүнийг алах санаа зорилгогүйгээр өшиглөсөн буюу ийм нөхцөл байдалд орохгүй байх гэсэн найдлагаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироосон...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Гэтэл хэргийн бодит байдал буюу амь хохирогч Н.Ло-ын нас барсан шалтгаан, түүнд шүүгдэгчийн ямар үйлдэл хэрхэн нөлөөлсөн болох, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, Г.Л-гийн амь хохирогчид тусалж амьдарч байсан гэх өмнөх үйл баримтад дүгнэлт хийж бусдыг болгоомжгүй алсан гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

“Хүнийг санаатай алах”, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоо гүйцэлдүүлж буй үйлдлийг тогтоож, түүнд дүгнэлт хийх нь чухал.

Харин “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийн тухайд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.

Өөрөөр хэлбэл, учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлын улмаас хохирогч эмнэлгийн тусламж хангалттай авсан боловч тухайн гэмтлийг даалгүй нас барах нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэхгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжруулсны улмаас хохирогч нас барахаас ялгаатай юм.

Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ хохирогч руу довтолж байх үеийн үйлдэл, уг үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжмал эсхүл шууд, шууд бус хэлбэр, сэдэлт, шалтгаан зэргийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтооно.

Гэмт хэргийн улмаас бий болсон эцсийн үр дагавар шүүгдэгчийн хүсэл зоригийг шууд илэрхийлэхгүй байж болох ч гэмт хэрэг гарахаас өмнөх үеийн харилцаа гэмт үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүйг анхаарвал зохино.

Иймд хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийн гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/351 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Л-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Г.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН