Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2022/0035

 

                                 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г,

Хариуцагч: Төв аймгийн Х сумын газрын даамал,

Гуравдагч этгээд: Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийн дагуу авто зам болон хашаа гэр байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгахгүй, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичихээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, авто зам болон хашаа гэр баригдсан давхцалтай зөрчлийг арилгаж, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичиж газар зохион байгуулалт хийхийг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Төв аймгийн Х сумын газрын даамал Б.Ө, гуравдагч этгээд Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Гоос Төв аймгийн Х сумын газрын даамалд холбогдуулан Газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийн дагуу авто зам болон хашаа гэр байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгахгүй, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичихээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, авто зам болон бусдын хашаа, гэр, байшин баригдсан давхцалын зөрчлийг арилгаж, өөрчлөлт орсон газрын хэмжээгээр төлбөл зохих газрын төлбөрийг тооцож, нэхэмжлэх бичиж, газар зохион байгуулалт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргасан.

2.Нэхэмжлэгч нь анх Төв аймгийн Х сумын Засаг даргын 2008 оны 07 сарын 31-ний өдрийн 268 дугаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжаар Төв аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг, Баян давааны ард байрлах 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эрх шилжүүлэн авч эзэмшсэн байна. Тус газар нь Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн А0501 улсын чанартай авто замтай давхцалтай байна гэж маргаан үүсжээ.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 02 сарын 21-ний өдөр Төв аймгийн Х сумын газрын даамалд энэхүү автозамтай давхцаж байгаа нөхцөлийг шалгаж, мэдээллийн санд оруулж, газар зохион байгуулалтыг хийж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас 2022 оны 05 сарын 04-ний өдөр уг газрын төлбөрийг төлж байгаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон гэх үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгсөн байна.

4.Нэхэмжлэгч Б.Г нь 2022 оны 05 сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Х сумын нутаг дэвсгэрт Баян давааны ард Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 268 тоот захирамжаар нэгж талбарын 18691299746738 дугаар бүхий 3 га газрыг 15 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхтэй 0192816 дугаарын гэрчилгээтэй, кадастрын зурагт 4 цэгээр эргэлтийн цэгийг тогтоосон газрыг эзэмшдэг. Өнгөрсөн хугацаанд тус сумын дэд бүтцийн асуудал болон Монгол улсад Ковидын хүнд нөхцөл байдал, замын давхцал болон өөр бусад шалтгааны улмаас газраа эзэмшиж ашиглах боломжгүй байлаа. Газрын эрхээ зориулалтын дагуу ашиглахад саад болоод байгаа нөхцөлийг арилгуулахаар, давхцал бүхий хэсэгт газар зохион байгуулалт хийлгэж, зөрчилгүй хэсэгт шинэчилсэн кадастрын зураг хийлгэн, төлбөрийг тодорхой болгож төлөх боломж хүсэж, гэрээ гэрчилгээгээ шинэчлүүлэх, мэдээллийн санд газрын эрхээ тусгуулахыг хүсэж, Х сумын газрын даамалд хандан хүсэлтээ гаргасан. Иргэдэд газрын асуудлаа шийдвэрлэхэд туслах, дэмжих үйл ажиллагаа, нээлттэй хаалганы өдөр гэж ажиллагаа явуулж байхдаа ч газар зохион байгуулалтын асуудлыг зохистой байдлаар шийдвэрлэх алхам хийлгэх боломж гарсангүй. Хүсэлтэд хариу өгөхгүй байсан учир сумын Засаг даргад хандаж гомдлоо гаргаж, утсаар болон биечлэн уулзсан боловч 2022 оны 05 дугаар сарын 04- ний өдөр татгалзсан хариуг амаар өглөө. Ийнхүү газрын алдаа зөрчилгүй, давхцалгүй болгож, эзэмшиж болох хэмжээгээр төлбөр төлөх, мэдээллийн санд оруулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хүсэж арга буюу захиргааны хэргийн шүүхэд хандахад хүрлээ. Миний эзэмших эрх бүхий газрын 2 цэг нь Х сумаар дайран өнгөрөх төв засмал замтай давхцаад байгаа зөрчлийг арилгах асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа нь шүүхэд хандах гол шалтгаан болж байгаа учир мэргэжлийн байгууллагаар холбогдох баримтаар үүнийг шалган тогтоож, газар эзэмшигч миний эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоно уу. Өөр ч давхцал үүссэн байх магадлалтай болоод байна. Миний бие энэхүү газрыг мэдээллийн сангийн бүртгэл болон бодит байдал дээр газар зохион байгуулалтыг хийж дахин шалган улсын бүртгэлд бүртгүүлж Э дугаартай гэрчилгээг олгохыг, газрын төлбөрийн өөрчлөлтөөс шалтгаалан гэрээнд тусгагдсан газрын төлбөрийн хэмжээг дахин тодруулж өгөхийг, тооцоолол болон газрын төлбөрийг тодорхой болгож нэхэмжлэлийг гарган төлбөр төлөх боломжийг олгохыг хүссэн боловч ...тооны машинаар тооцсон гээд 35 сая төгрөг шууд төлөхийг шаардаж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Газрын давхцал, ашиглах боломжгүй байгаа байдал, бодит байдлын зөрчлийг зохицуулахаас өмнө 35 сая төгрөгөө төлчихвөл зохион байгуулалт хийнэ гэх нөхцөл нь хууль ёсны шаардлага гэж үзэхээргүй байна. Иймд газрын даамлын татгалзаж байгаа үндэслэлд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учир нь газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар зохион байгуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г Төв аймгийн Х сумын нутаг дэвсгэрт Баян давааны ард Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 268 тоот захирамжаар нэгж талбарын 18691299746738 дугаар бүхий 3 га газрыг 15 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхтэй 0192816 дугаарын гэрчилгээ, гэрээ байгуулж, кадастрын зурагт 4 цэгээр эргэлтийн цэгийг тогтоосон газрыг Х сумын Засаг даргын болон газрын даамлын төрийн үйлчилгээг авч эзэмших эрхтэй болсон байдаг. Нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд тус сумын дэд бүтцийн асуудал болон авто замын давхцал, ковидын нөхцөл, бусад нөхцөл байдлаас шалтгаалан газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Гэхдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын гэрчилгээ, гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байдаг. Газрын эрхээ зориулалтын дагуу ашиглахад саад болж байгаа нөхцөл байдлыг арилгуулахаар өмнөх газрын даамлуудтай амаар харилцаж явах үедээ энэ газар нь ашиглахад эзэмшихэд А0501 гэсэн орон нутгийн авто замтай давхцуулан олгосон асуудал байсан тул давхцалын асуудлыг шийдвэрлүүлж, газрын хэмжээ, газрын байршил, газрын эргэлтийн цэгийг өөрчлүүлж, түүнд тохирсон төлбөрийг төлнө гэсэн нөхцөл байдалтай газраа бодитоор эзэмшиж, ашиглахгүй өнөөдрийг хүрсэн. Энэ асуудлаар 2022 оны 02 сарын 21-ний өдөр хүсэлтээ бичгээр өгдөг. Хүсэлтээ бичгээр өгөхөөс өмнө удаа дараа амаар биечлэн уулзаж зөрчлийг арилгуулахаар уулзаж байсан. Энэ зөрчилтэй байдлыг арилгуулахаар газар зохион байгуулалтыг хийлгүүлж, давхцалыг арилгаж, мэдээллийн санд оруулж, төлбөрийг газрын тохирсон хэмжээнд нь нэхэмжлэх бичин ногдуулж өгөөч гэж хүсдэг. Гэтэл газрын даамлаас татгалзсан хариу өгсөн тул 2022 оны 03 сарын 25-ны өдөр сумын Засаг даргад гомдлоо гаргасан. Гомдол гаргахдаа мөн агуулгаа дурдаад газрын даамал төлбөрийн нэхэмжлэх бичихгүй, газар зохион байгуулалт хийхгүй байна гэхэд бичгээр хариу өгдөггүй, амаар татгалзсан хариуг өгдөг. Хариу өгөхдөө танайх төлбөрөө төлөөгүй тул газар зохион байгуулалт хийхгүй, 35 сая төгрөгийн төлбөрийг төлсөн тохиолдолд газар зохион байгуулалт хийнэ гэдэг. Тиймээс нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хариуцагч 06 сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардаж аваад хариу өгөхдөө газрын төлбөрөө төлөөгүй байна, газраа авто замтай давхацсан байдлаар ашигла, төлбөрөө төлөхгүй бол газар зохион байгуулалт хийхгүй. Энэ нь хууль ёсны шаардлага гэсэн хариу өгч байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймээс шүүхэд хандаж байна. Газрын тухай хуулийн 7-д газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх юм бол тухайлан газар зохион байгуулалтаа хийж төлбөрийн нөхцөл байдал дээр өөрчлөлт зохион байгуулалтаа тооцож хийх ёстой гэсэн журам байгаа хуулийн заалт байгаа. Давхцалгүй газрыг олгож болохгүй. Давхцалгүй газар газар эзэмших боломжийг олгох ёстой. Энэ нь захиргааны үүрэг, мөн давхцалтай байвал зөрчлийг арилгах нь газар зохион байгуулагчийн үүрэг байгаа. Хэрэв давхцалтай нөхцөл байдал үүсэх юм бол түүнийг арилгах боломжгүй байвал эргэлтийн цэгийг өөрчлөх арга хэмжээ авах үүрэг нь хуулиар байгаа. Мэдээж авто замын албадан чөлөөлөх боломж байхгүй. Харин уг газар дээр нь барилга барьчихсан байгаа Отгонжаргалаас өмнөх Ганбаатар гэх хүн эзэмшиж байх үед газрын эзэмших нөхцөл байдлыг нь шийдвэрлээд хянаад явах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 10.1-д зааснаар нэхэмжлэгч харилцан туслалцаагаа хүсээд одоо би мөнгөө төлье гэтэл төлөх гэтэл болохгүй байна, тооцож нэхэмжлэл бичиж өгөхгүй бол төлбөрийг төлөх боломжгүй байна, хаана яаж төлөх талаар асуусан. Гэтэл хуульд зааснаар ажлын байрны тодорхойлолтод үйл ажиллагааны зааврыг зааж өгөхдөө иргэн хуулийн этгээдэд заавар зөвлөмжийг өгч ажиллана, холбогдох мэдээлэл бүхий газрын төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар аргачлалаа зааврыг зөвлөнө гээд ажлын байрны тодорхойлолтод тусгасан байна. Ийнхүү харилцаж төлөх боломжийг олгон төрийн үйлчилгээг заагаад өгчихжээ. Засгийн газрын 2020 оны 110 дугаартай тогтоол дээр мөн 185 дугаартай журмын 4, 5, 6-д заасныг дагуу газар зохион байгуулагч яг энэ маргаантай байгаа газар дээр хэрхэн яаж ажиллах ёстой талаар заавар журам байгаа. Эдгээр ажиллагаа хийгдээгүй. Газар дээр нь давхцуулан барьсан Ганбаатарын хашаа, байшин, гэр, байгууламжуудыг тэр газрын эрхийг шилжүүлэхдээ гуравдагч этгээдээр оролцож байгаа Отгонжаргалд газрын эрхийг шилжүүлэхдээ тэр хүн бол төрийн үйл ажиллагаанд итгээд энэ газар нь зөв юм байна гээд итгээд худалдан авсан. Гэтэл газар зохион байгуулагч юу хийх ёстой байсан бэ гэвэл 2021 оны 5 сарын 17-ны өдөр буюу бүтэн сайнд Отгонжаргалд газар зохион байгуулалтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд шийдвэр гаргаад өгөхдөө тогтоолоор батлагдаад байгаа журамд заасны дагуу Ганбаатарын газар эзэмшиж байгаа нь зориулалтынхаа дагуу эргэлтийн цэг дээрээ байна уу гэдэгт суурин судалгаа, хяналт тавих үүрэг, ашиглалтын зохион байгуулалтын нөхцөл байдал дээр нь хяналт тавих үүргийнхээ дагуу шалгаж үзсэний дараа Д.Од шилжүүлж өгөх байсан гэжээ.

6.Хариуцагч Төв аймгийн Х сумын газрын даамал Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Гын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.Г нь 2008 оноос газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй болсон. Иргэн Б.Г нь 2008 оноос одоог хүртэл Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг огт төлөөгүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй байдаг. 14 жилийн хугацаанд газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нэг ч үүргээ биелүүлээгүй. Газрын эргэлтийн цэгийг тогтоолгож тус газрыг эзэмшсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Нэхэмжлэгчийн газар авто замтай давхацсан гэдгийг өнөөдөр биш, шүүхийн ажиллагаанаас өмнө мэдэх боломжтой байсан. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л энэ нөхцөл байдлаа мэдсэн байдаг. Эргэлтийн цэгийг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдлаа. Энэ байдалтай холбоотойгоор төрийн байгууллагад шийдвэрлүүлэх талаар газар эзэмшигч гомдлоо өмнө нь ирүүлээгүй байдаг. Эргэлтийн цэгээ авто замтай давхцаж байгааг өөрөө мэдэж байсан ч гомдол гаргаагүй тул үүнийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлана. Хариуцагчийн талаас авто замтай давхцалтай тул газраа ашиглаагүй гэсэн тайлбарыг амаар болон бичгээр гаргасныг хараагүй. Газрын төлбөр огт төлөөгүй. Энэ нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичигт дурдсан байдаг. Газраа ашиглаагүй гэдгийг шүүхийн үзлэгээр тогтоосон байдаг. Газрын төлбөрийг төрийн сангийн гэрээнд заасан дансанд газрын даамлын оролцоогүйгээр төлөх боломж нь 2020 оныг хүртэл нээлттэй байсан. 2020 оноос хойш газрын кадастрын мэдээллийн сангийн Ланд менежер системээс нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлөх болсон. Газар эзэмшигчийн газрын мэдээлэл өмнө нь ашиглаж байсан CCLIS программд бүртгэлтэй байдаг. 2017 оноос хойш Ланд менежер систем улсын хэмжээнд хэрэгжиж эхэлснээр хоёр программын хөрвүүлэлт хийгдсэн. Энэ үед нэхэмжлэгч Б.Г Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул мэдээллийн санд бүртгээгүй. Энэ нь нэгж талбарын хувийн хэрэгт газрын төлбөр төлөгдөөгүй байгаа нь баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа газрын даамал Б.Ө гэдэг хүн хувиараа 35 сая төгрөгийг төл гэж шаардаж байна гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм шиг юм ярьдаг. Б.Г нь З га,

4 га, Б.Ганзоригийн хэрэг дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байгаа. Эдгээр газар нь 10 га болж байна. Одоогоор 1га тутамд газрын төлбөрт 200,000 төгрөг төлөхөөр мөрдөгдөж байна. 35 сая төгрөг гэдэг нь 14 жилийн хугацааны 3 нэгж талбарын 10 га газрын төлбөр юм. Гэтэл энэ мөнгийг газрын даамал хувьдаа нэхчихсэн юм шиг ярьдаг. Үүнтэй холбоотойгоор шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байдаг. Газар эзэмшигчийг газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох байр суурийг Х сумын Тамгын газар илэрхийлдэг. Үүний дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт зааснаар нийт 34 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа хийлгэхээр Өглөөний сонины 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаарт нийтэлж сонсох ажиллагааг явуулсан. Сонсох ажиллагааг явуулах асуудал гарч ирэх үед нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрчилгээг цуцлах ажиллагаа явуулах боломжгүй болж ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Х сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс тухайн суманд гэрээгээ шинэчлэн байгуулах, гэрээгээ дүгнүүлэх талаар нийтэд байнга мэдээлдэг байсан. Ugluu.mn сайтад 2013 оны 06 сарын 06-ны өдрөөс 06 сарын 15-ны хооронд гэрээгээ дүгнүүлж, төлбөрөө төлөх талаар, Dorgio.mn сайтад 2014 оны 03 сард, соmmеnt.mn сайтад 2015 оны гэрээгээ дүгнүүлэх талаар нийт газар эзэмшигчдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн байдаг. Нэг ч ирж үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийг зөрчсөн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болсон тул эдгээр хариу тайлбарыг гаргаж байна. Газрын төлбөрийг нэгж талбар бүрээр нь төлөх талаар Ганболдод ойлгомжтой байдлаар тайлбарлахад төлөхгүй гэж хэлсэн. 35.000.000 төгрөгийн тооцооллыг бодож өгсөн. Ганболдод маш тодорхой тайлбарласан. 14 жилийн хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй, газраа ашиглаагүй учраас газар эзэмших эрх дуусгавар болоод хууль зөрчсөн учраас эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах нөхцөл бүрдээд байна гэжээ.

7. Гуравдагч этгээд Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 05 сард иргэн Э.Ганбаатараас Төв аймгийн Х сум, Баян давааны ард Аялал жуулчлалын бааз зориулалттай газрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан юм. Тухайн үеийн байдлаар уг газар дээр 10ш бүрэн тохижилттой гэр, З ш барилгын суурь, 1 ш гүний худаг, 380в-ийн цахилгаан шугамтай, эргэн тойрон модон хашаатай, үүдэндээ том Цагаан шонхор шувууны барималтай модон хаалгатай байсан бөгөөд тухайн үед миний тооцсоноор 50 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын бааз байсан юм. Улмаар тохиролцсон даруйдаа хамгийн түрүүнд эргэн тойрон 500м урт хашаа дагасан 3 төрлийн 1200 гаруй мод, 70 гаруй бутлаг төгөл, усжуулалтын систем тавьсан юм. 2021 оны 05 сарын 17-нд Х сумын Засаг даргын А/102 захирамж гарч улмаар 000144001 дугаартай газар эзэмших гэрчилгээ Д.О миний нэр дээр гарч, уг захирамжид зааснаар Х сумын газрын албаны мэргэжилтэн Б.Өтай газар эзэмших 04176-2021/00181 дугаартай гэрээг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Ингээд өөрийн бизнесийн ашиг, худалдаа хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн тохижуулаад байна. Газрын эрх шилжих үед манай ойр орчмын газарт ямар нэгэн хил тогтоосон тэмдэг тэмдэглэгээ огт байгаагүй, нэг ч хүн ирж уулзаж байгаагүй бөгөөд бид хашааны гадна орчмыг байнга цэвэрлэдэг, зэргэлдээ хашаа газартай нэг эгнээнд тэгш байсан, энэ тодорхой бөгөөд мөн газрын эрх шилжихдээ банкны болон, хууль эрх зүйн зөрчилгүй байсан билээ. Мөн газрын төлбөр тооцооны үлдэгдэлгүй ба хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ чандлан биелүүлж байгаа болно. Шүүх хуралдаанд анх удаа орж байна. Миний хувьд олон жил бизнес хийж байсан. Би Германчуудтай хамтран ажилладаг байсан болохоор хууль журмын дагуу ажиллах ёстой гэж үздэг. Манай барилга бусдын газар дээр давхцалтай болсон гэх талаар сая л шүүхээс газар дээр үзлэг хийж ирэхэд нь анх мэдсэн. Газрын даамал нэхэмжлэгчийг 2008 оноос газраа ашиглах, хамгаалах, 2017 оныг хүртэл газрын төлбөрөө шууд төлөх боломжтой байсан гэж хэлж байна. Тиймээс газрын төлбөрөө өөрсдөө төлөөгүй, газар дээрээ ирээгүйг нь гайхаж байна. Миний хувьд газраа эзэмшээд хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Анх кадастрын зураг хийлгэж байхад ямар ч давхцал байгаагүй. Чингис хааны хөшөөнөөс жуулчны баазууд шугам татсан юм шиг байдаг. 2021 онд Газраа шилжүүлээд явахад ямар ч асуудал үүсээгүй байсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч иргэн Б.Гын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын газрын даамалд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд дараах үндэслэлээр Төв аймгийн Х сумын газрын даамлын үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус байна гэж маргаж байна. Үүнд:

- Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь авто замын давхцалтай тул эргэлтийн цэгийг өөрчлөн газар зохион байгуулалт хийхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж,

- Автозамын давхцалыг арилган, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж газар зохион байгуулалт хийсний үндсэн дээр уг өөрчлөлт орсон газрын хэмжээгээр газрын төлбөрийг тооцож, төлбөр төлөх нэхэмжлэлийг үүсгэхээс татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж,

- Газар дээр нь давхцан орж баригдсан бусдын барилга байгууламжийг зохион байгуулалт хийж газрыг чөлөөлж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж,

3. Хариуцагч тал нь нэхэмжлэгч иргэнийг хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж байгаагүй, сумаас газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, төлбөрөө төлөхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа шаардсан атал 2008 оноос хойш газрын төлбөрөө нэг ч төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газраа хамгаалаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох үндэслэлээр мэдэгдэх сонсгох ажиллагаа хийж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

 

Нэг. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь авто замын давхцалтай тул эргэлтийн цэгийг өөрчлөн газар зохион байгуулалт хийхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Г нь Төв аймгийн Х сумын Засаг даргын 2008 оны 07 сарын 31-ний өдрийн 268 дугаар Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай" захирамжаар иргэн С.Энхбатаас Төв аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг, Баян давааны ард байрлах аялал жуулчлалын зориулалтай, нэгж талбарын 18691299746738 дугаартай, 3 га газрыг 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авчээ.

Энэхүү эзэмших эрх шилжүүлж авсан нэгж талбар бүхий газар нь улсын чанартай хот хоорондын дугаар бүхий авто зам дээр давхцалтай байсан байх ба нэхэмжлэгч нь 2008 оноос 2022 оныг хүртэл энэ талаар хариуцагч захиргааны байгууллагад ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй байх ба 2022 онд сумын газрын даамалд автозамын давхцалыг арилган зохион байгуулж, давхцаагүй хэмжээгээр кадастрын зураг гарган газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, өөрчлөлт оруулсан хэмжээгээр төлбөрийг тооцон тогтоолгох гэсэн хүсэлт гаргасан болохоо шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Сумын газрын даамал нь газар зохион байгуулалтын хүрээнд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.1 дэх хэсэгт заасны дагуу сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, 23.4.3 дах хэсэгт заасны дагуу эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх зэрэг эрх хэмжээтэй байна. Мөн газрын даамлын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтын 2 дах хэсэгт зааснаар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, газар зохион байгуулалтыг эрхлэх ажлын хүрээнд Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, гэрээ дүгнэх ажлыг хариуцан гүйцэтгэх чиг үүрэгтэй байна .

Нэхэмжлэгч нь авто замын давхцалтай тул газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй байна гэх үндэслэл гарган маргаж байх ба нэхэмжлэгч нь эзэмшиж буй газрын талбайн хэмжээг өөрчлөх, зохион байгуулах тохиолдолд хүсэлт болон холбогдох баримтыг бүрдүүлэн тухайн шатны Засаг даргад хандан хүсэлтийг шийдвэрлүүлж, тухайн шатны Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дах хэсэгт заасны дагуу "... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах үүрэгтэй байна.

Тодруулбал газар эзэмшүүлэх, газрын хэмжээг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй албан тушаалтан нь тухайн сумын Засаг дарга байна. Иймд сумын газрын даамлын хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудлаас хэтэрч, олгогдсон газарт зохион байгуулалтыг хийж, газрын хэмжээг өөрчлөн олгох асуудлыг газрын даамалд хариуцуулан даалгах шийдвэрийг шүүхээс гаргах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байхгүй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Автозамын давхцалыг арилган, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж газар зохион байгуулалт хийсний үндсэн дээр уг өөрчлөлт орсон газрын хэмжээгээр газрын төлбөрийг тооцож, төлбөр төлөх нэхэмжлэлийг үүсгэхээс татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагын хувьд:

 

Нэхэмжлэгч талаас газрын даамалд дээрх нөхцөлөөр газрын хэмжээнд болон байршилд өөрчлөлт оруулж, өөрчлөлт орж олгогдсон газрын хэмжээгээр газрын төлбөрийг тооцон тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэн бичихийг шаардсан байх ба дээрх үндэслэлээр газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах эрх бүхий албан тушаалтан биш болох нь өмнөх дүгнэлтээр тодорхойлогдсон байхаас гадна иргэн Б.Г нь тус газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг 14 жилийн хугацаанд төлөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ... газраа 2008 онд шилжүүлж аваад, 2014 оныг хүртэл яаж ашиглахаа шийдээгүй учир ашиглаагүй, ...2022 онд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгүүлэх гэж хандсан, тухайн 2008 оны үед хашааны шон буулгасан боловч алга болсон байсан гэх зэрэг тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч газрын даамлын гаргасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байх тул төлбөрийн нэхэмжлэх бичих, газар эзэмших эрхийг үргэлжлүүлэхээс татгалзсан гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч газрын даамал нь газрын хэмжээ байршил өөрчлөх, улмаар бие даан хэмжээ байршил өөрчилсөн байдлаар газрын төлбөр тогтоох эрхгүй этгээд байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн ... гэрээ байгуулж, гэрчилгээ олгох гэж газрын даамлын эрх хэмжээг зааснаас үзвэл газрын хэмжээ байршлыг Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, тус шийдвэрийн үндсэн дээр газрын даамал гэрээ байгуулах, олгосон хэмжээнд хамаарах төлбөрийг тогтоох үүрэгтэй буюу мөн зүйлийн 23.4.5-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах гэж заасан эрх хэмжээтэй байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцох ба газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дах хэсэгт заасны дагуу газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй атал энэ үүргээ 2008 оноос хойш биелүүлээгүй гэж Х сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр асуудлыг шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч талаас шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Гурав. Газар дээр нь давхцан орж баригдсан бусдын барилга байгууламжийг зохион байгуулалт хийж газрыг чөлөөлж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгчээс эзэмшлийн газар дээр бусдын барилга байгууламж, хашаа давхцаж байгаа учир газраа ашиглах боломжгүй байдал бий болсон, хариуцагч газрын даамал нь хяналт тавьж, бусдын хууль бус давхцалыг арилгах үүрэгтэй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь 2008 оноос хойш эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй байсан гэж, гуравдагч этгээдээс ... миний байшин бусдын газар дээр орж баригдсан гэдгийг сая л шүүхээс үзлэг хийж очиход мэдлээ. Өмнө нь хэн ч ирж уулзаж, хэлж байгаагүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлж өгсөн байх ба уг зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, 35.3.2-т газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, ... гэж заасан үүргийн дагуу нэхэмжлэгч иргэн нь 2008 онд эзэмших эрхийг шилжүүлж авсан газраа 2014 оныг хүртэл зохих ёсоор ашиглаагүй болохоо шүүх хуралдаанд өөрөө тайлбарласан, мөн гуравдагч этгээдийн тайлбарласнаар 2022 оны 10 дугаар сард шүүхээс газрын үзлэг хийх хүртэл хэн нэгэн ирж уулзаж байгаагүй гэх тайлбар, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газрын агаарын зургийг татан авснаар нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлд дурдаагүй байсан буюу мэдээгүй байсан давхцалын асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэмэгдүүлсэн зэргээс үзвэл, нэхэмжлэгч нь өөрөө 2008 онд эзэмших эрхтэй болсон газраа 2022 оныг хүртэл зохих ёсоор ашиглаагүй, үүргийн дагуу хамгаалаагүй болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Гын Газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийн дагуу авто зам болон хашаа гэр байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгахгүй, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичихээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, авто зам болон хашаа гэр баригдсан давхцалтай зөрчлийг арилгаж, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичиж газар зохион байгуулалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4.1, 23.4.2, 23.4.3, 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч иргэн Б.Г-оос Төв аймгийн Х сумын газрын даамалд холбогдуулан гаргасан Газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийн дагуу авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгахгүй, төлбөл зохих газрын төлбөрийг тооцож нэхэмжлэх бичихээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, авто зам болон хашаа, гэр, байшин баригдсан давхцалтай зөрчлийг арилгаж, төлбөл зохих газрын төлбөрийг тогтоон нэхэмжлэх бичиж, газар зохион байгуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР