Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00741

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00470 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бөд холбогдох,

 

Эд хөрөнгийн хохиролд 1 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018.12.06-ны өдрөөс эхлэн М ХХК-ийн МД-112 салбар дэлгүүрт хяналтын ахлах ажилтны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Тэрээр 2018.12.09-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа камерын өрөөний хяналтын дэлгэцийг тохойгоороо цохиж хагалсан. Хариуцагч нь 2018.12.12-ны өдөр тус компанийн захиргаанд гаргаж өгсөн өргөдөлдөө ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ санамсар болгоомжгүйгээс болж хяналтын камерын дэлгэцийг хагалсан нь үнэн бөгөөд учирсан хохирлоо цаашид ажиллаж төлж барагдуулна гэж дурдсан. Гэвч хариуцагч ажлаасаа гарч байгаа талаараа мэдэгдсэн. Уг хяналтын дэлгэцний нэг бүрийн үнэ нь 1 050 000 төгрөгийн үнэлгээтэй. Иймд  Б.Бөөс тус компанид учруулсан хохирол болох 1 050 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МД-112 салбарт хяналтын ахлах ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2018.12.09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хяналтын өрөөний ил задгай байсан цахилгааны утсанд хөл орооцолдож унахдаа тохойгоороо хяналтын дэлгэцийг цохиж, санамсаргүйгээр хагалсан. 2018.12.12-ны өдөр компанийн захиргаанд бичиж өгсөн хүсэлтдээ үйлдвэрлэлийн осол боллоо, ажлын байрны нөхцөл орчин муу байснаас би гэмтэж бэртэх шахлаа, ажилтан надад нааштай шийдвэрлэж өгөөч гэсэн. Гэтэл нэхэмжлэлд учирсан хохирлыг бүрэн төлнө гэсэн гэж илт гуйвуулж бичжээ. Миний бие хохирлын 50%-ийг л төлөх боломжтой гэж бодож байна. Зурагтны үнэ гээд байгаа 1 050 000 төгрөгийн баримт, данс тооцоо, элэгдэл хорогдол тооцсон байдлыг шүүх хянан шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч Б.Бөөс 525 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 525 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 16 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Зоригт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Ай Си Ти Сервис” ХХК-аас телевизорыг худалдаж авсан төлбөрийн даалгаврын баримтыг  нотлох баримт болохгүй гэж үзсэн буруу.  Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Б.Бөд холбогдуулан эд хөрөнгөд учруулсан хохиролд 1 050 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хохирлын 50 хувийг төлөх боломжтой, үйлдвэрлэлийн осол болсон” гэж маргажээ. /хх-1-2, 26-27/

 

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, хяналтын ахлах ажилтнаар ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр тогтоогдож байна. Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Хариуцагч нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажлын байран дээр, ажлын цагаар хяналтын өрөөний ил задгай  цахилгаан утсанд орооцолдож унаж, тохойгоороо хяналтын дэлгэц цохиж хагалсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-1-2, 26-27, 43-46/ Харин учирсан хохирлын хэмжээний талаар маргаж байна. /хх-1-2, 26-27, 39-42/

 

Хэрэгт авагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд зааснаар ажилтан нь ажил олгогчийн хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг хариуцахаар тохиролцжээ. Гэтэл хариуцагч нь хяналтын камерийн дэлгэцийг бүрэн хариуцлагадаа хүлээж авсан, хохирол учирвал бүрэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэх нөхцөл байдал хэргийн баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Хариуцагчийн үйлдэл, хор уршгийн хооронд санаатайгаар хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдоогүй. Хариуцагчийн хариуцлагын хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар түүний нэг сарын хөдөлмөрийн дундаж цалин, хөлсний хэмжээгээр хязгаарлахаар байгаа хэдий ч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1 050 000 төгрөгөөс 525 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд харшлахгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 525 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын хэмжээгээ нотлохоор шүүхэд ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх, бусад дэлгүүрт зарагдаж буй дэлгэцийн үнийн танилцуулга гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, эргэлзээтэй, нэг талын баримт байх тул дээрх баримтуудыг үнэлж хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй. /хх-6, 17/

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг эргэлзээгүй нотолж чадаагүй гэж үзнэ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй болжээ.  /хх-43-46/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД