Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0225/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 17180000010008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***; 1986 оны 7 дугаар сарын 15-ны ***д төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Үйлчилгээий төвийн орчимд хамтран амьдрагч ***той маргалдаж, толгойгоор нь хана мөргүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
    
Шүүгдэгч ***нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрлах Үйлчилгээий төвийн орчимд хамтран амьдрагч ***той маргалдаж, толгойгоор нь хана мөргүүлж, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
           
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би эхнэртэйгээ Үйлчилгээний төвийн орчимд маргалдаж байгаад түлхсэн. Гэтэл эхнэр “чи намайг түлхчихлээ’ гэж хэлсэн. Дараа нь би ажлынхантайгаа голын эрэг гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*** 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр намайг дуудахаар нь Үйлчилгээний төвийн тэнд хоолонд оръё гэхэд *** өөр газар хоолонд оръё гэж хэлсэн. Тухайн үед би “анх орсон хоолны газартаа хоол идье, гарахгүй” гэж хэлэхэд тэр үед хоолны газар байсан залуу ***т хандан “эмэгтэй хүн айлгаад байх юм, болиоч” гэж хэлсэн. Гэтэл *** тэр залуутай маргалдах гээд байхаар нь би ***ыг дагуулаад хоолны газраас гарсан чинь *** миний хоолойг боож, хана руу түлхсэн. Миний толгойноос цус гарахаар нь “эмнэлэг оръё” гэхэд *** намайг эмнэлэг явуулахгүй эмээгийндээ дагуулж очсон. *** намайг “битгий гаргаарай” гэж эмээдээ хэлчихээд гараад явахаар нь дүүгийнх нь утаснаас Цагдаагийн газарт дуудлага өгсөн.
...бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, 

-“…***гийн биед тархи доргилт, духны шарх, баруун бугуйн дахь зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 756 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 10/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч У.***, хохирогч *** нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч харилцан тохиролцсоны  үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа тул шүүгдэгч У.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. 

Иймд шүүгдэгч У.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** нь ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, эм тариа авч хэрэглэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.*** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 756 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 10/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байгаа тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 24/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгч ***нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил эрхэлж орлого олдог зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй,  хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлж барагдуулахыг шүүгдэгч ***т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь 450000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч У.***т анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ