| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2016/0091/Э |
| Дугаар | 2021/ДШМ/20 |
| Огноо | 2021-05-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/20
Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Прокурор Ч.Мөнхзул
Өмгөөлөгч А.Мөнхбат
М.Энхтуяа
Шүүгдэгч Г.Төрболд
Х.Мөнхбилэг нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарт холбогдох эрүүгийн 2121000000014 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Хатгин овогт Ганчулууны Төрболд.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, Янгаад овогт Хүрэлбатын Мөнхбилэг.
Шүүдэгч Г.Төрболд нь Х.Мөнхбилэгтэй 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох Худаг усны хашааны гаднаас 38-84 ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 56 ширхэг труба төмөр хулгайлж бусдад 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Х.Мөнхбилэг нь Г.Төрболдтой 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох Худаг усын хашааны гаднаас 38-84 ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 56 ширхэг труба төмөр хулгайлж бусдад 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Х.Мөнхбилэг, Г.Төрболд нарыг бүлэглэн, машин механикм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Хатгин овогт Ганчулууны Төрболд, Янгаад овогт Хүрэлбатын Мөнхбилэг нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ганчулууны Төрболд, Хүрэлбатын Мөнхбилэг нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “HYUNDAI Porter” маркийн 48-83 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 1500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Төрболдын ЖА92091850 тоот, шүүгдэгч Х.Мөнхбилэгийн ЖЗ93060938 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Төрболд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Г.Төрболд миний бие хулгай хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрсөн. Гэмт үйлдлийн хувьд байгууллагын хашаанд олон жил байсан эвдэрсэн трубаг байгууллага болон эрх бүхий албан тушаалтнаас асуулгүй хууль бусаар авч явсан. Энэ үйлдэл маань хулгайн шинжтэй болж гэмт хэрэг үйлдсэн. Би гэм буруугаа хүлээж байна. Тухайн төмрөө байгууллагад бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Шүүхээс хаягдал, хэрэглэхгүй труба байсныг авч болно гэж ойлгосноо хэлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх заалтыг хэрэглээгүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн буруу ойлгосноос болж төмөр авсан, хулгай хийснээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба гэм буруугийн тал дээр ямар ч маргаангүй зөвшөөрч ирсэн.
Иймд шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэж үндэслэн 2 жилийн хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Х.Мөнхбилэг 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг тайлбарлан бодит сэтгэгдлээ ярьсныг хэргээ шударгаар хүлээгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Үүнээс үндэслэн ялыг хөнгөрүүлэх, ялын доод хэмжээнээс доош татан хөнгөрүүлэх боломж байсаар байтал түүнийг хэрэглээгүйд гомдолтой байна.
Шүүгдэгч Мөнхбилэг би хулгайн хэрэг хийснээ зөвшөөрсөн. Анх баригдсан цагаасаа л буруугаа хүлээсэн. Хүмүүс тэндээс хаягдал төмөр олж ирээд хашаа хороо бариад байдаг болохоор тийм төмөр олддог гэсэн ойлголттой байсан. Тэгээд ч Төрболд хаягдал төмөр олдоно, машин аваад ир гэсэн болохоор нь л хүнийг гуйж авч явсан.
Хулгайлсан гэх төмрийг хаягдал гэж ойлгосноо л хэлсэн. Гэтэл хэрэгцээний зүйл байсан болон зохих зөвшөөрөл авах ёстой байтал аваагүй болохоор хаягдал биш байсан учир хулгайлсан гэж үзэж байгааг зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээж байсан. Энэ л үнэн байдлыг ярьсан учир шүүхээс буруу ойлгоход хүргэсэн байна.
Надад 1 жилийн ял байтугай 1 сарын ял ч байсан амьдралд хохиролтой хүнд гэдэг нь ойлгомжтой.
Тиймээс 2 жилийн хорих ялаа 1 жил болгуулсан бол мэдээж хэрэгтэй. Иймд гэм буруугаа хүлээгээгүй гэж оногдуулсан ялыг хүндэдлээ, гэм буруугаа хүлээсэн байхад буруу дүгнэж үзсэн гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Төрболд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Мөнхбилэг гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Мөнхбилэгийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: ...Шийтгэх тогтоол дээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт өгсөн. Хулгай хийж байна гэдгээ ойлгоогүй гэж хэлээгүй “хаягдал төмөр авч байна гэж ойлгосон” гэж хэлсэн. Өөрсдийгөө хулгай хийсэн гэж үзэхгүй байна гэж тайлбарлаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна. ...Цагдаагийн газрын хүмүүс хулгай хийж байхыг нь харж байгаад ачаад явсных нь дараа араас нь очиж барьж авсан үйлдэл гаргасан нь буруу. Хэрэв харсан даруйдаа тухайн үйлдлийг таслан зогсоосон бол завдалтын шинжтэй гэмт хэрэг байх боломжтой байсан гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Төрболдын өмгөөлөгч А.Мөнхбат гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.Төрболдын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Тиймээс аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Өөрсдөө үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ял хариуцлагыг хөнгөрүүлэх талаар дурдсан байдаг. Тиймээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний туслан гүйцэтгэгч болох Ус шахалтын ангийн /Худаг усны/ хашааны гаднаас ****** ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 56 ширхэг труба төмөр хулгайлж бусдад 8,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Отгончимэг, гэрч JINGUI SHANG /Жи Гүе Шанг/, Ц.Золбаяр, Б.Отгонбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээнүүд зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ энэ хэрэгт завдсан үйлдэл байгааг анхаарч зөв зүйлчлэлгүй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж дүгнэв.
Гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нар нь “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний туслан гүйцэтгэгч Ус шахалтын ангийн хашааны гаднаас ****** ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 56 ширхэг трубаг хулгайлах зорилгоор машиндаа ачих үед нь шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Матад сумын цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Ц.Золбаяр мэдсэн улмаар 30 гаруй км газарт зогсоож трубаг тухайн байгууллагад хүлээлгэж өгсөн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Отгончимэг шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг, гэрч Б.Отгонбаяр, Ц.Золбаяр нарын мэдүүлгээр нотлогджээ. Өөрөөр хэлбэл трубаг ачиж эхлэх үед гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй хууль сахиулагч мэдсэнээр уг гэмт хэргийн гол шинж болох нууц далд байх шинж үгүйсгэгдсэн байна.
Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухай хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэсэн хуулийн заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэсний дагуу тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирлын шинжид нь тохируулан давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн нь зөв байна. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр тэдэнд оногдуулсан ялыг хөнгөрүүлээгүй бөгөөд хэргийн зүйлчлэлтэй холбоотойгоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг дурдвал зохино.
Шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 48-83 ДОР улсын дугаартай “Портер” маркийн машин ашигласан байхад прокурор яллах дүгнэлтдээ “38-84” гэж буруу бичиж ирүүлсэн, шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “48-88” гэж өөрөөр бичсэн зэрэг алдаа гаргасныг цаашид анхаарах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтад “Шүүгдэгч Хатгин овогт Ганчулууны Төрболд, Янгаад овогт Хүрэлбатын Мөнхбилэг нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Хатгин овогт Ганчулууны Төрболд, Янгаад овогт Хүрэлбатын Мөнхбилэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ганчулууны Төрболд, Хүрэлбатын Мөнхбилэг нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ганчулууны Төрболд, Хүрэлбатын Мөнхбилэг нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн; шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Төрболд, Х.Мөнхбилэг нарын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шашатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Ж.ДОЛГОРМАА