Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/03161

 

2022 оны 11 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2022/03161 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .......................... тоотод оршин суух, Б овогтч -ийн С /РД:000000000-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 000000000000 тоотод оршин суух, Ховогт Г-ын Ш /РД:00000000/-д холбогдох

 

Нэмэлт зардал 10.691.985 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 183/шш2018/00000 дугаартай шүүхийн шийдвэр гарч гэрлэлт цуцлах,асран хамгаалалтыг нь эхийн нэр дээр тогтоож, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан байдаг. Г.Ш нь өөрийн эцэг байх үүргийг ухамсарлахгүйгээр өнөөдрийг хүрсэн шүүхийн шийдвэр гарч тусдаа амьдарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тэтгэлгээс өөрс хүүхдэд заавал зориулах ёстой бусад төлбөрүүд өнөөдрийг хүртэл тооцоогүй, гаргаагүй, хариуцлагагүй, тоомжиргүй хандсаар өнөөдрийг хүрсэн. 2018 онд гэрлэлтээ цуцлуулаад хүүгээ өөрийн асрамжид үлдээснээс хойш буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 он хүүхдэд зориулсан төлбөрийг бүхэлд нь тооцон үзээд гаргасан зардлынхаа 50 хувийг шүүхийн журмаар гаргуулах энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч 2018 оноос 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааныхаа хүүхдэд гаргасан зарлагыг тооцон үзэхэд нийт 21,383,970 төгрөг зарлагдсан байна.Тиймээс төрсөн эцэг Г.Ш-оос гарсан бүх зарлагын 50 хувь болох төлбөрийг энэ нэхэмжлэлээр шаардаж байна. Хүүхэд өсөн бойжиход байр, хоол хүнс,хувцас,тоглоом, эрүүл мэнд, эмчилгээ, сурч боловсрох соёл амралтад зориулан гаргасан төлбөрүүдээс баримттайгаар шаардаж байгаа юм. Хариуцагч нь халамж байхгүй, хүүхдээ яаж өсөн бойжиж байгааг асуудаггүй, уулзалт хийдэггүй, тэтгэлгээс өөр төлбөрүүд гардаг гэдгийг ухамсарлахгүй, тэр ч бүү хэл шүүхээс гарсан шийдвэрийн биелэлтэд хайнга хандах, тэтгэлэг төлөхөөс зайлсхийх үйлдлүүд нь удаа дараа гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд шүүхээр салгаснаас хойш өөрийнхөө орлогоос зарцуулсан зарцуулалтыг гаргаж тавьж байгаа бөгөөд дараах байдлаар үндэслэлээ нотлох баримтын шаардлага хангаж зарцуулалтын задаргааг гаргаж байна. Хаан банкин дахь 00000000000тоот дансаар хүүхдэдээ зориулсан зарлага, шилжүүлэг зориулалт 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх 7,431,521 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх 2,311,800 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл 7,725,752 төгрөг, 2021,2022 онд 3,914,897 төгрөг нийт 21,383,970 төгрөгийг энэ хугацаанд хүүхдийн үндсэн эрхийн хүрээнд эх хүнийхээ хувьд өөрөө гаргасан байдаг. Тиймээс дээрх гарсан нийт дүнгээс цэцэг болох Г.-оос 50 хувь болох 10,691,985 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Хүүхэд хамгааллын бодлоготойгоос гадна хуулиар болон олон улсын гэрээгээр хүүхдийн эрхийг бүх талаас нь хамгаалан дэмжих эрх хууль ёсны эрхийг нь дээдэлсэн зохицуулалтай орон учраас шүүх дээр гарсан зардлыг шүүхийн журмаар хангаж, зөрчигдсөн эрхийг нь сэргээж хараат бус байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчид 2022.08.09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагчаас шүүхэд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.С-гаас: Итгэмжлэл, 2021.06.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Дотны туслагч өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 2022.02.25-ны өдрийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, 2018.10.19-ний өдрийн 7 дугаар гэрлэлт цуцалсны гэрчилгээ, 2018.06.29-ний өдрийн 110 дугаар овог, эцгийн нэр өөрчилсний гэрчилгээ, Хас банкны 2022.02.25-ны өдрийн 000000/000 дугаар дансны тодорхойлолт, дансны хуулганы хуулбар, 2020, 2021, 2022 оны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд, зураг, 2018, 2019 оны Хаан банкны депозит дансны хуулгууд зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сн Г.Ш-т холбогдуулан бидний дундаас төрсөн С.Б-ийн 2018-2022 он хүртэл хүүхдийн нэмэлт зардал эх миний бие нийт 21.383.970 төгрөгийг зарцуулсан бөгөөд үүний 50 хувь болох 10.691.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хариуцагч Г.Ш-т 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан бөгөөд хариуцагчийн хариу тайлбар өгөх хугацаа 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.

 

Хариуцагч нь хуулийн хугацаанд хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны зарыг Г.Ш-ийн нэхэмжлэлийн хувь гардаж авсан хаягаар хүргүүлэхэд тэрээр хаягтаа байхгүй, нүүсэн гэх бөгөөд түүний000000000 дугаар утсаар холбогдож, мөн мессежээр мэдэгдэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбараа ирүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлэхээр хуульчилсан бөгөөд хариуцагч Г.Ш шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, хаягаа өөрчилсөн талаар мэдэгдээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслана. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх юм.

Хариуцагч Г.Ш С.Б хүмүүжүүлэх, өсгөн бойжуулах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг нь хэвээр байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан хүүхдэд шаардлагатай нэмэлт зардлыг гаргах үүрэгтэй.

 

Иймд хариуцагч Г.Ш-оос 10.691.985 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сарнайд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ш-гоос 10.691.985 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ш-оос 187.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО