| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/03155/И |
| Дугаар | 183/ШШ2022/03270 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2022/03270
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2022/03270
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоотод оршин суух, А овогт Б-ын А/РД:..........5/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,............. тоотод оршин суух, Б овогт Ч-ын О /РД:........../-д холбогдох
2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Индажин ХХК-ийн 49 хувийн хувьцааг Б.А миний эзэмшилд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Ч.О-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн И ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болсон. Миний бие иргэн Ч.О-ай хамтран ажиллахаар, өөрийн эзэмшлийн ИХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн үнэ бүхий нэрлэсэн үнэтэй, 49 хувийн 4900 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Ч.О-гийн эзэмшилд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр болж 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бэлэглэлийн гэрээ болон бэлэглэлийн гэрээг дагалдуулан компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн болно. Миний бие Ч.О-аг компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаа, орлого, зарлага зэрэг холбогдох тайлан мэдээллийг боломжит бүх нөхцөлөөр танилцуулан тайлбарлаж байсан. Гэтэл Ч.О нь компанийн хувьцааг шилжүүлэн авснаас хойш зан харилцааны асуудал, доголдол гаргаж, байнга үндэслэлгүй мөнгө идсэн гэж харддаг, сэрддэг. надад мэдэгдэхгүй, зөвшөөрөлгүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, компанийн тамга тэмдэггүй атал 2022.05.20-ны өдөр Татварын албанаас компанийн санхүү, татварын нэвтрэх нэр, нууц үг, тоон гарын үсгийг авч, өөрийн дураар өөрчилж, өөрчилсний дараа нэхэмжлэгчид мессежээр мэдэгдсэн байдаг. Би энэ тухай холбогдох газар нь гомдол гаргасан шалгаж байгаа. Мөн Б.Анамайг үндэслэлгүйгээр хууль хяналтын байгууллагуудад гомдол гаргаж, шалгуулах үйлдлийг удаа дараа гаргасан. Өнгөрсөн хугацаанд миний бие аль болох Ч.О-тай эв зүйгээр ойлголцон хамтран ажиллахыг хичээсэн боловч Ч.О нь ийнхүү хууль хяналтын байгууллагуудад намайг үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт гүтгэж хуурамч гомдлыг гаргаж, улмаар шалгалтын ажиллагаа явж байсан нь миний хувь хүний нэр хүндэд маш том сэв суулгасан, сэтгэл зүйн хүнд нөхцөл байдалд оруулсан. Мөн хууль хяналтын байгууллагуудад удаа дараа дуудагдан тайлбар мэдүүлэг өгч миний хүүхдүүддээ зарцуулах цаг хугацааг хорогдуулж байсан би маш их гомдолтой байна. Иймд иргэн Ч.О-д итгэж өөрийн компанийг хувьцааг бэлэглэж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг олгож байхад хүн чанаргүй үйлдэл гаргаж зөвшөөрөлгүйгээр компанийн нууц мэдээллийг өөрчилсөн, удаа дараа хууль хяналтын байгууллагуудад үндэслэлгүйгээр шалгуулсанд бэлэглэгч намайг гомдоосон ноцтой үйлдэл тул Ч.О-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээг шүүхийн журмаар хүчингүй болгож, бэлэглэлийг гэрээг хүчингүй болгосноор компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжсэн И ХХК-ийн 4900 төгрөгийн үнэ бүхий 49 хувийн хувьцааг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Ч.Оргилмаад даалгаж, Б.А миний эрхийг шүүхийн журмаар сэргээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.Оргилмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2021.08 дуг-ын 100 хувь эзэмшдэг цэвэр усны үйлдвэрлэл эрхэлдэг ИХХК-ийн 49 хувийн хувьцааг 2021.08.10-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч эзэмшихээр болсон. Харин нэхэмжлэгч Б.Ань миний 100 хувь эзэмшдэг Д ХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмшихээр харилцан тохиролцож 2021.08.04-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний дагуу компанийн хувьцааг шилжүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн. Бид ийнхүү И ХХК болон ДХХК-ийн 49 хувийн хувьцааг харилцан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхийн зэрэгцээ 2021.08.12-ны өдөр 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг. И ХХК-ийн хувьд миний бие Pasion нэртэй усны борлуулалтыг нэмэгдүүлэх шинэ бүтээгдэхүүн гаргах, зарим нэг түүхий эдийн нөөцийг бэлтгэх зорилгоор хөрөнгө оруулалт хийхээр болсон. Хамтран ажиллах гэрээний хавсралтад заасан нэн шаардлагатай зүйлсийг авахын тулд 2021.08.20-ний өдрөөс 2022.01.18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээгээр 27,494,535 төгрөгийн хөрөнгө оруулалтыг миний бие И ХХК-д оруулсан. Хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгчийн шаардсаны дагуу оруулсан. Хамтран ажиллах гэрээний А тал гэдэг нь нэхэмжлэгч Б.А, харин Б тал нь миний бие байхаар гэрээнд тусгасан. Уг гэрээний 1 хамтын ажиллагааны удирдлага, хяналт зүйлийн 1.3-т Б тал нь И ХХК-ийн дэргэдэх Pasion усны үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүүгийн зохицуулалтад хяналт тавина, 1.4-т хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй А тал хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сар бүрийн 5-ны өдөр тогтмол Б талд тайлагнах үүрэгтэй. Сар бүрийн 5-нд өмнөх сарын орлого, зарлага болон үйл ажиллагааг тайлагнана гэж заасан байдаг. Хамтран ажиллах гэрээний дагуу миний бие нэхэмжлэгчээс тайлангаа тавих, компанийн орлого, зарлагын талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг шаарддаг байсан. Гэвч энэ нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гэдэгт итгэхгүй байна. Компанийн тухай хуулиар ч хувьцаа эзэмшигч нь компанийн санхүүгийн бичиг баримттай танилцах холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхтэй. Харин нэхэмжлэгч нь ДХХК-ийн талаар хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ зөрчиж, өөрийн өмчлөлийн амины орон сууцандаа иж бүрэн засвар хийлгэсний дараа хууль бус арга хэрэгслээр хүч хэрэглэн дарамталж,орон сууцыг чөлөөлж авсан. Миний эмнэлгийн зориулалтаар 5 жилийн хугацаанд ашиглахаар хамтран ажиллах гэрээнд тусгасан нэхэмжлэгчийн өмчлөлийн амины орон сууцанд ихээхэн хэмжээний хөрөнгө гарган засвар хийсэн. Засвар хийхэд хөрөнгө дутсан тул зээл авсан байдаг. Гэвч нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчин амины орон сууцыг хууль бус арга хэрэгслээр албадан чөлөөлж намайг гаргасан. Ийнхүү өөрийн өмчлөлийн амины орон сууцандаа иж бүрэн засвар хийлгэж, И ХХК-д 27 494 535 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж, миний өмчлөлийн Д ХХК-ийн 49 хувийг эзэмшиж байгаа мөртлөө ноцтой гомдсон хэмээн нэхэмжлэл гаргасанд харамсаж байна. Гомдох ёстой хүн нь би л байх учиртай. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж өгнө үү. Миний бие И ХХК-ийн талаар хамтран ажиллах гэрээ, бэлэглэлийн гэрээний дагуу өөрт учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэх болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс талаас: иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, комапнийн дүрэм, 2021.08.10-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, итгэмжлэл, 2022.05.30-ны өдрийн И ХХК-иас Баянзүрх дүүрэг дэх татварын хэлтэст гаргасан гомдол, 2022.07.01-ний өдрийн 000дугаартай Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022.06.24-ны өдрийн0000 дугаартай Авлигатай тэмцэх газрын хариуцлага тооцуулах тухай албан бичиг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2022.07.22-ны өдрийн000 дугаар тушаал, 2022.08.04-ны өдрийн 00000 дүгээр дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: 2021.08.12-ны өдрийн 000 дугаар хамтран ажиллах гэрээ, 2021.08.04-ны өдрийн 000 дугаартай ИХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл, 2021.08.12-ны өдрийн И ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2021.08.10-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, ХХХК-ийн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ахариуцагч Ч.О-д холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, И ХХК-ийн 49 хувийн хувьцааг Б.А миний эзэмшилд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Ч.О-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.Окомпанийн 49 хувийн хувьцааг буцаан өгөхөд татгалзахгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигч 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, Индажин ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.А нь Ч.О- хувь нийлүүлсэн хөрөнгийн 49 хувь буюу 49 ширхэг хувьцааг бэлэглэжээ.
Бэлэглэлийн гэрээний дагуу хамтран ажиллах хугацаандаа талуудын хооронд үл ойлголцол үүссэн тул Б.А И ХХК-ийн 49 хувийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 49 хувийн хувьцааг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ бэлэг хүлээн авагч Ч.О И ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж 2022.05.20-ны өдөр татварын албанаас компанийн санхүү, татварын тайланд нэвтрэх эрх, нууц үг, тоон гарын үсгийг сольж авсан, бэлэглэгчийг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэн гомдол, мэдээлэл гаргаж, цагдаагийн байгууллагад шалгуулсны дагуу Б.А-д сахилгын шийтгэл ноогдуулсан, компанийн үйл ажиллагаатай холбоотой Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж бэлэглэгчийг гомдоож байгаа учир бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ч.О цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй, харин Ч.О Авлигатай тэмцэх газар мэдээлэл өгсний улмаас Б.А-д сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно гэж заасны дагуу хариуцагч Ч.Онэхэмжлэгч Б.А-ын ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдээлсэн, Б.А энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно гэх заалтыг зөрчжээ.
Б.А Халдварт өвчин судлалын үндэсний төвийн талбарын тархвар судлалын албаны даргын албан тушаалыг эрхэлж байх хугацаандаа аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуй нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 05/8821 албан тоот, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 000 дугаар тушаалаар тогтоогдож байна.
Ч.О-ийн энэ үйлдлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан бэлэглэгчийн гомдоосон ноцтой үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзэв.
Харин Ч.О ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс тус компанийн нууц үг, нэвтрэх нэр, татварын тоон газрын үсэг, татварын нэвтрэх нууц үг холбох эрхийг авсан нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэх заалтыг зөрчиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэтрүүлэн эдлэж, бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргажээ.
Иймд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, ИХХК-ийн 49 хувийн хувьцааг Б.А буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Индажин ХХК-ийн 49 хувийн хувьцааг Б.А-д буцаан олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 74.650 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4.450 төгрөгийг улсын төвсөөс, хариуцагч Ч.О-гаас 70.200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО