2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1379

 

 

 

                                     

 

 

 

 

 

   2025        5          22                                     2025/ШЦТ/1379

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батгэрэл, М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

иргэдийн төлөөлөгч А.Анулан,

улсын яллагч Б.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

шүүгдэгч Ө.Ө, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Өд холбогдох эрүүгийн 2506 00000 0019 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-нй өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.Ө.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Этэй маргалдаж, улмаар цээж хэсэгт нь хутгалж амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ө: “...Би шинэ жилээр найзуудтайгаа уусан. Урьд уудаг байсан юм. Гэр бүлээсээ салаад жил гаран болсон. Эхнэр, хүүхдээ авч ирэх гээд Шархадад гэр аваад тусдаа гарах гээд тохижуулж байсан. Шинэ жилээр гэртээ ганцаараа байж байсан чинь найзууд хүрч ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Маргааш нь бас найзууд ирээд уусан. Нөгөөдөр өглөө нь гарч явж уугаад найзуудтайгаа таараад, найзууд мах авч ирж өгөөд, мах чанаад манай гэрт бөөнөөрөө сууцгаасан. Тэгээд ууж сууж байсан манай хоёр найз гадагшаа гараад юм аваад ирье гээд гараад, талийгаачтай цуг ороод ирсэн. Нэг архи авч ирсэн байсан. Тэрийг ууцгаасан. Би урьд нь хоёр хоног уусан байсан нэлээн согтоод унтаад өгсөн. Тэр өдөр 5-6 шил архи уусан. Талийгаач намайг сэрээсэн. Бид хоёр хоёулхнаа байсан. Би бие засаад орж ирээд нэг шил архи байсан хоёулаа уусан. Урьд нь бид хоёр нийлж заримдаа ажил хийдэг байсан болохоор бие биеэ таньдаг байсан. Оны өмнө нэг ажил хийсэн чинь барилгын компани мөнгөө өгөөгүй алга болсон. Тэгээд ууж байгаад тэрнээс болоод маргасан. Бид хоёр тухайн компаниас 120,000 төгрөг авах ёстой байсан. Мах идээд маргалдаад сууж байгаад зуралдаж байгаад би хутгатай байсан талийгаач унасан. Хутга орохын хувьд орсон санагдсан. Босож ирэхгүй байхаар нь би гайхаад татсан босохгүй байсан. Жоохон байж байсан чинь цус гойжоод байсан. Цээж рүү нь гараа хийж үзсэн чинь нас барсан байсан. Би сандраад утсаар ярих гэсэн утас ч байхгүй. Гарч нэг тамхи татчихаад эргэж орж  ирээд амьсгалж байна уу гээд шалгахад амьсгалахгүй байсан. Тэгээд би зугтаагаад  хэрэггүй байх, цагдаа дуудсан нь дээр байх гэж бодсон. Нэг шил шахуу архи байсан тэрийг уусан. Тэгээд гаднаас цуг ууж байсан хүмүүс орж ирсэн. Би болсон явдлыг хэлсэн. Цагдаа дуудаад цагдаа ирсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э: “...Намайг Б.Э гэдэг. Хохирогч манай төрсөн дүү. Манай дүү гэр бүл зохиож хүүхэдтэй болж амжаагүй. Аавтайгаа цуг амьдардаг, аавыгаа тэжээдэг байсан. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 12,762,475 төгрөг нэхэмжилж байна. 12,762,475 төгрөгөөс шүүгдэгч 9,000,000 төгрөгийг төлсөн. Оршуулгын зардлын зөрүү 3.762.475 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 10,288,080 төгрөг, амь насны нөхөн төлбөр нь 118,800,000 төгрөг.  Нийт 132,850,555 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

- Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг 42 минут 55 секундэд ирсэн дуудлага мэдээллийн 86913370 /PCQA08947140/ дугаартай дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай дүү Б.Э нь эцэг эхээс гурвуулаа, айлын дунд хүүхэд байгаа юм. Манай дүү нь 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага болрвсролтой, Шар хадны СЭМҮТ-д асрагч хийж байсан бөгөөд 2021 онд гарсан. Баянзүрх дүүргийн ... аав болох Батчулууны хамт амьдардаг байсан. Хувийн байдлын зан байдлын хувьд төлөв даруу, ажилч хичээнгүй, хүн харилцах харилцаа сайтай, хүний үгэнд ордог, хүнд тусархуу, эелдзг хүн байсан. Манай дүү тамхи татдаггүй, архи хааяа уудаг байсан. Өөр ямар нэг муу зуршил байхгүй байсан. Өчигдөр өглөө би ажилаасаа буугаад явж байтал манай дүү болох Б.Э надтай тааралдаад ажилд орох анкет бөглөсөн дуудаад байна би очиж уулзачихаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд өнөөдөр өглөө гэртээ сэрээд байж байтал манай дүү болох Б над руу залгаад манай дүү Б.Э нас барсан талаар ярьж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

- Гэрч Х.З мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Ө.Ө хамт тэдний гэрт 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2 хоног хамт архи уусан. 20,25 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед би Ө.Өы гэрээс гарч яваад “Давсны булаг” гэж нэртэй дэлгүүрийн гадна нэг таньдаг найзтайгаа 3 шил архи хувааж уусан. Тэгээд тэр архийг уучхаад шөнө буцаад “Давсны булаг” нэртэй дэлгүүрийн хажууд явж байгаад Б буюу Бтай тааралдаад бид хоёр Ө.Өы гэр лүү явсан. Тэгээд Ө.Өы гэрт яваад ороход гэрт байдаг орных нь зүүн хажуу талд нэг танихгүй хүн хэвтэж байсан. Ө.Ө тэр хүний зүүн талд орон дээрээ унтаж байсан. Тэгээд Ө.Өыг дуудаж сэрээхэд түргэн дууд, цагдаа дууд, наадах чинь сэрэхгүй байна гэхээр нь би тэр хэвтэж байсан хүн дээр явж очоод босоорой гээд дуудахад хариу өгөхгүй байсан. Тэгээд би гүрээнийх нь судас дээр дарж үзэхэд тэр хүний судас цохилохгүй байсан. Тэгээд нүүр нь хөхөрчихсөн байсан, мөн биеийн ил харагдах хэсэгт ямар нэг гэмтэл, шарх гэх зүйл байгаагүй. Тэгээд Б бид хоёр Ө.Өы гэрээс гарч яваад Бын таньдаг айлд очиж Б түргэн болон цагдаад дуудлага өгүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Ө.Ө, Б.Э нартай багын найзуудын харилцаатай. Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өөр хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ... хүнсний дэлгүүриин зүүн талд байдаг .... гэдэг нэртэй дэлгүүрийн гадаа Б.Этэй таараад би шартсан байсан болохоор мөнгө байна уу? хөгшөөн гэж асуухад Б.Э дэлгүүрээс 0,75гр хараа архи аваад бид хоёр Ө.Ө байгаа болов уу гээд гэрт нь очиход Ө.Ө, З хоёр хамт байсан. Тэгээд бид 4 Б.Эийн авсан 0,75гр хараа архийг хувааж ууж дуусгачихаад би гарч яваад хойшоо мал руугаа явах замдаа бас Г, Б гэдэг хоер найзтайгаа таараад 0,75гр хараа архи хувааж уугаад малдаа хивэг өгчихөөд нилээн орой /цагийг нь хэлж мэдэхгүй байна/ Ө.Өы гэр рүү яваад ортол Ө Ө.Ө гэрийнхээ баруун гар талын суудлын ягаан өнгийн буйдан дээр суучихсан, Б.Эийн толгойноос тэвэрсэн байдалтай байхад нь би яасан бэ? гэж асуухад Ө.Ө “найз нь хүн алчихлаа, цагдаа болон хүн дуудъя гэхээр утас байхгүй, яах вэ” гээд орилчихсон байж байхаар нь би шууд гэрээс нь гарч яваад миний ээжийн дүү болох нагац ах Б-ын гэрт очоод “цагдаа дуудаарай, Ө.Ө би Б.Эийг алчлаа гээд толгой хэсгээс нь тэвэрчихсэн сууж байна” гэж хэлтэл ах эгч хоёр цагдаад дуудлага өгөөд урдаас нь тосоод цагдаатай уулзсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирсэний дараа Золжаргал бид нарын өөдөөс гарч ирсэн. Намайг өдөр Ө.Өы гэрт 1 шил архи хувааж уухад хэрүүл маргаан хийсэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,

- Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Б манай гэрт орж ирээд намайг 102 руу залгаад цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд би Б-аас юу болсон талаар асуухад “би Өийн /Ө.Өы/ гэрт ороход Ө би хүн алчихлаа утас алга намайг цагдаа дуудаад өг гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 86913370 гэсэн дугаараас 102 дугаарт залгаж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 814 дугаартай шинжээчийн: “...Хар өнгийн куртикны ханцуй болон хар өнгийн малгайн дээр шүлс илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Хар өнгийн малгайн дээрх шүлснээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Э гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Хар өнгийн куртик дээрх шүлснээс хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Э гэх цусны ДНХ-ийн тогтоц болон хар өнгийн малгайн дээр илэрсэн нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 822 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. Шинжилгээний үр дүнгээр хутганаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Б.Эийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 499 дугаартай шинжээчийн: “...Амь хохирогч Б.Эийн цогцост зүүн 2, 3 дугаар хавирганы завсраар зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа 200 мл, баруун хөмсөг, хамрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар, хүзүү, эрүү, баруун булгалганы зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч нь цээжний хөндийд нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 136-139 дэх тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 114 дугаартай: “...Ө.Ө нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ө.Ө нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан байна. Ө.Ө нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. Ө.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Ө нь болсон явдлыг зөв тусган авч үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаартай: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бы Б.Эгийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуу, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 178-180 дахь тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 169 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 177 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

            Шүүгдэгч Ө.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Этэй маргалдаж, улмаар цээж хэсэгт нь хутгалж амь насыг нь хохироосон болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.З, С.Б, О.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 822 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 114 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон ба Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Амь хохирогч Б.Эийн биед шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч зүүн 2, 3 дугаар хавирганы завсраар зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа 200 мл, баруун хөмсөг, хамрын цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар, хүзүү, эрүү, баруун булгалганы зулгаралт гэмтлүүд авч цээжний хөндийд нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан нь тогтоогдсон байна.

“Хүнийг алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийх, хохирогчийн үхлийг зориуд хүсээгүй боловч ийм хор уршиг учрахыг мэдэж түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай үйлдлийн алинаар ч хэрэгжиж болно.

Шүүгдэгч Ө.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч нь хохирогч ... амь насны эсрэг халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ө.Өы гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ө.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.” саналыг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Аавтайгаа хамт амьдардаг хүүхэд байсан. Аав 70 гарсан хүн. Эрдэнэт хүний амь нас алдагдсан. Шүүгдэгч талаас хэдэн төгрөг гаргуулсан ч тэр хүн босож ирэхгүй. Улсын яллагчийн санал маш бага байна. шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг хүсч байна.” гэх саналыг,

            шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч өөрийн боломжит байдлаар хохирол хор уршгийг төлж барагдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд анхнаасаа гэм буруугаа ухамсарлаж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон. Энэ байдлыг нь шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзнэ үү. Эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж үзээд тухайн зүйл ангид заасан хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч энэ хэргийн улмаас 140 хоног цагдан хоригдсон. Үүнийг хасаж тооцож өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Ө.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Шүүгдэгч Ө.Ө нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын 114 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

           Шүүгдэгч Ө.Өд ял оногдуулахдаа согтуурсан үедээ хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинж, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол хор уршиг арилаагүй нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Ө нь анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 12,762,475 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 10,288,080 төгрөг, амь насны нөхөн төлбөр нь 118,800,000 төгрөг, нийт 132,850,555 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ө.Ө 10,000,000 төгрөгийг төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч аль аль тал хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хавтаст авагдсан баримтаар оршуулгын зардалд баримттай 7,861,957 төгрөгийн зардал гарсныг хохиролд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь насны төлбөрт 118,800,000 төгрөг нэхэмжилснийг хангах боломжгүй байна. Учир нь Ирэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт ““гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж зааснаас дүгнэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь амь хохирогчийн төрсөн эгч боловч нэг гэрт амьдардаггүй буюу гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүн гэх ойлголтод хамаарахгүй байна. Мөн Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар хүнийг алах гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргах ба хэргийн тухайд шинжилгээний байгууллагаас  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн сэтгэцэд учирсан хор уршиг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон байна. 

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж, уг хуультай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд сэтгэцийн хор уршиг нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.

Гэмт хэрэг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн сэтгэцэд учирсан хор уршиг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлд хамааруулсан байх ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсныг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 8,573,400 төгрөгөөр тогтоов.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол болон баримтаар гарган өгсөн хохирол болох нийт 16,435,357 төгрөгөөс шүүгдэгч Ө.Ө нь 10,000,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч Ө.Өаас 6,435,357 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд олгуулах нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсгийн урт 12 см, нийт 24 см урттай ногоон өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгаж, шүүгдэгч Ө.Өы энэ хэрэгт цагдан хоригдсон 140 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Ө-ыг хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өы цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 12 см, бариул хэсгийн урт 12 см, нийт 24 см урттай ногоон өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Өаас 6,435,357 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух Б.Э-д олгуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуулгасугай.

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.СУВД-ЭРДЭНЭ

                                           ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ

                                            ШҮҮГЧ                               М.ОТГОНБААТАР