2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1391

 

 

 

 

 

 

 

 

  2025         5          23                                       2025/ШЦТ/1391

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч Н.Ганчимэг,

шинжээч Я.Ганхүү,

шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр, Ц.Мөнгөнцацрал, А.Ариунтуул нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхмид нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Над холбогдох эрүүгийн “2406035792871” дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Н.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн ... түргэн үйлчилгээний цэгт хохирогч К.Нгийн эзэмшлийн Айфоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. гэв.

          Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          - Иргэн К.Нгээс 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан “...үл таних хүн орж ирэн биед халдаж гар утас дээрэмдсэн” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

          - Хохирогч К.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би ... сургуулийн физикийн багшаар ажилладаг. Амралтын өдрүүдэд хамаатны хүн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн ... байрны чанх урд талын түргэн үйлчилгээний цэгт нь ажилладаг. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өглөө 08 цагт түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулаад сууж байхад 11 цагийн үед үл таних 40-45 орчим насны эрэгтэй хүн орж ирэн надаас юнителийн нэгж асуусан. Би нэгж байгаа гэж хэлээд өөрийнхөө Айфоне 14 про маркийн гар утсаа гаргаж ирээд шилжүүлэг хийх гэж дугаарыг нь асуух үед тухайн хүн миний гар утсыг булааж авах үед нь бид 2 гар утсыг булаацалдаж байхад тухайн хүн миний зүүн мөр цээж хоёр дунд хэсэгт цохиж, түлхээд намайг хойшоо болгож миний гар утсыг аваад зугтаасан. Би араас нь гар утсаа авах гэж гүйгээд хүмүүсээс тусламж хүсэн орилох үед өөдөөс хоёр цагдаагийн алба хаагч гарч ирэн тухайн хүнийг барьж аван цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Урт үстэй, бордуу царайтай, өндөр туранхай урд талын шүднүүд нь шүдгүй хүн байсан. Тухайн хүнийг харвал таних. Эрүүл согтууг нь мэдэхгүй байна. Би гар утсаа өгөхгүй гэжхичээн гар утсаа булаацалдах үед тухайн хүн миний зүүн мөр цээж хоёрын дунд хэсэгт баруун гараараа цохиж намайг хойш түлхэн гар утас авч зугтаасан. Хяналтын камер байгаа. Миний биед зовиур гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

          - Ч.Наас эд зүйл хураан авч, хохирогч К.Нд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

          - Хөрөнгийн үнэлгээний “Дамно Үнэлгээ”ХХК-ийн шинжээчийн БЗД2-24-1416 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

          - Хохирогч К.Нгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

          - Баянзүрх дүүргийн ... байрлах түргэн үйлчилгээний цэгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

          - Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2-2/215 дугаартай албан бичиг, 11662 дугаартай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 72-75 дахь тал/,

          - Шүүх сэтгэц эмгэг судлалын 1002 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-34 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

          Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

          Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ныг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний тухайд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

          “Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг хяцаан эд хөрөнгийг авсан байх ба “хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж  гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол хохирогчийн амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдана гэж айлган сүрдүүлж, довтолсон байхыг ойлгодог бол “довтолсон” гэж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн (араас нь цохих, хоолой боох гэх мэт) өөр этгээд рүү хүч хэрэглэн халдсаныг хэлнэ.

          Хэргийн тухайд хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...13 секундэд эрэгтэй эмэгтэй хоёр хүн гэр утсаа барин булаацалдан эрэгтэй хүн нь биенд нь халдаж түлхэн гар утсыг авч гараад гүйж байгаа харагдаж байна...” гэж,            хохирогч К.Нгийн мэдүүлэгт “...Би нэгж байгаа гэж хэлээд өөрийнхөө Айфоне 14 про маркийн гар утсаа гаргаж ирээд шилжүүлэг хийх гэж дугаарыг нь асуух үед тухайн хүн миний гар утсыг булааж авах үед нь бид 2 гар утсыг булаацалдаж байхад тухайн хүн миний зүүн мөр цээж хоёр дунд хэсэгт цохиж, түлхээд намайг хойшоо болгож миний гар утсыг аваад зугтаасан...” гэж мэдүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Н нь хохирогч К.Нгийн эзэмшлийн Айфоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл хийгээгүй буюу утсыг хууль бусаар авахдаа хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн бие махбодийн хүчирхийллийг халдлагад өртөж байгаа этгээд руу шууд чиглэсэн үйлдлээр хийгээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч Ч.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Харин шүүгдэгч Ч.Нын өмгөөлөгч нараас “...шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын тухайд эргэлзээтэй шинжээчийн дүгнэлт гаргасан...” гэж хэргийг хэрэгсэхгүй болгох талаар мэтгэлцэж байх боловч хавтас хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын 1002 дугаартай дүгнэлтэд “Дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Ч.Н нь мэдрэлийн талаас шинж тэмдгийн уналт таталттай байна. Харин сэтгэцийн талаас одоогоор өөрчлөлтгүй байна. Ч.Нын дээрх шинж тэмдгийн унаж татдаг нь олдмол эмгэг байх боломжтой байна. 2. Ч.Н нь СЭМҮТөвд 5 удаа хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлдэг гэх амбулаторийн карт байна. 3. Ч.Н нь хэрэг болсон гэх цаг хугацаанд болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Ч.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. 5.Ч.Н нь одоогоор сэтгэцийн өөрчлөлтгүй байна. Ч.Н нь гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл хэрхэн гаргасныг тогтоох боломжгүй байна” гэсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Я.Ганхүүгийн мэдүүлсэн “...Жи 40 гээд байгаа өвчин нь мэдрэлийн гаралтай, унаж таталтаар илэрдэг мэдрэлийн өвчин. Тухайн гэмт хэргийг үйлдэх үе болон үзлэгийн үйл явцад уналт, таталт болон өвчний шинж тэмдэг шүүгдэгчид илрээгүй гэв. Тухайн хүн унаж татдаг мэдрэлийн өвчтэй хүн байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдэлээ ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан гэж үзэж байгаа. Мэдрэлийн болон сэтгэцийн өвчтэй хүн болгон хэрэг хариуцах чадваргүй гэсэн ойлголт биш...” гэх тайлбар зэргээс дүгнэхэд шинжээчийн дүгнэлт бүрэн биш, эргэлзээтэй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

            Иймд шүүгдэгч Ч.Нын үйлдсэн гэмт хэргийн шинж болон хохирол нөхөн төлөгдсөн байдал, хөдөлмөрийн чавдар 60 хувь алдалттай байх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч К.Нд “Дамно Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 2,425,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид дээрэмдсэн эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Н-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ныг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Над оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 01 /нэг/ хоногийг хорих ялын 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01 /нэг/ ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ