Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/02711

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/02711

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Эрэл 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Н.Л /0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Буянт-Ухаа 00 дүгээр байр 00 тоотод байрлах, Н /0000000/ ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Буянт-Ухаа 00 дүгээр байр 000 тоотод оршин суух,  С.Н /00000000/ нарт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 32.718.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үүрэгт 18.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Л, Н ХХК-ийн захирал С.Н нар 2018 оны 01 дүгээр сард хамтарч хүүхдийн тоглоомын газар байгуулан ажиллуулахаар тохиролцсон. Талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах талаар тухайн үед амаар тохиролцсон. Улмаар үйл ажиллагаа явуулах газраар Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын эцэст байрлах Соло молл төвийн 5 дугаар давхарт 250 метр квадрат орчим хэмжээтэй талбайг сонгож, С.Нийн эзэмшлийн Н ХХК нь Соло Молл худалдааны төвийн эзэмшигч Ди Эйч Ти ХХК-тай талбайн түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулсны дараа тус талбайн эхний түрээсийн төлбөр, тусгаарлах хана хийх, автомат тоглоомууд худалдан авах зэрэгт зориулж нэхэмжлэгч Н.Лоос С.Н-ийн ХААН банкны 5071027875 тоот данс руу

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 24,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,080,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нөхөр А.А-ийн Хаан банкны 5090418367 тоот данснаас Лхагвадолгор гэх утгаар 4,200,000 төгрөг, нийт 30,280,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг С.Н зарцуулсан бөгөөд юунд хэдэн төгрөг зарцуулсан талаар Н.Лт хэлээгүй. Энэ талаар нэхэмжлэгчид ямар нэг баримт байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Н.Л өөрийн аав Намнангаас 6.000.000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр авсан бөгөөд үүн дээр өөрт байсан мөнгийг нэмж хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагаанд хэрэглэхээр С.Нт дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 980,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1,150,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1,200,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 3,243,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,573,000 төгрөг шилжүүлсэн. С.Н 3.500.000 төгрөгөөр Замын-Үүдээс 4 ширхэг автомат тоглоомыг бусад төрлийн тоглоомуудын хамт худалдаж авсан. Мөн С.Н нь Н.Лоос 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг нэмж авсан. Тоглоомын төвийн үйл ажиллагааг эхлүүлсний дараа 2018 оны 05 дугаар сараас нэхэмжлэгч Н.Л өөрөө биечлэн тоглоомын төвд ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа үйл ажиллагааны орлогыг С.Нийн Хаан банкны 5071027875 тоот дансанд шилжүүлж байсан. Тухайлбал: 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 60,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 130,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5031268581 тоот дансанд 35,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 11.268.000 төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөөр С.Н талбайн түрээсийн төлбөр, хэрэглээний зардлыг төлж байсан. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан талаар баримт нэхэмжлэгч Н.Лт байхгүй. Дээрх хугацаанд Н.Л өөртөө цалин авч байгаагүй. Өөрийн оруулсан хөрөнгөөс буцаан авсан, үр шимийг хүртсэн зүйл байхгүй. Тоглоомын төвийн үйл ажиллагааны орлогыг С.Нт шилжүүлдэг байсан. Тоглоомын төвд үйлчлүүлж байгаа хүмүүсийн төлбөрийг зөвхөн бэлэн мөнгөөр авдаг байсан. Харин банкны карт уншигч Пос-той болсноос хойш Н ХХК-ийн дансаар үйлчилгээний төлбөрийг авч эхэлсэн. Үүнээс өмнө үйлчилгээний төлбөрийг бэлнээр авдаг байсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс С.Н тоглоомын газарт өөрөө ажиллаж эхэлсэн бөгөөд түүнд хүлээлгэн өгөх үед тоглоомын газар түрээсийн болон бусад төрлийн өргүй байсан. С.Н Н.Лт хандан Би өөрөө тоглоомын газраа аваад өөрт чинь оруулсан мөнгийг чинь гаргаж өгье. Түрээсийн гэрээг Н ХХК-ийн нэр дээр хийсэн учраас компаниа чамд өгөх боломжгүй гэж хэлсэн. Түүний саналыг Н.Л зөвшөөрч хүүхдийн тоглоомын төвийг байгуулахад өөрийн оруулсан мөнгөө С.Нээс буцаан авахаар болсон. Хүүхдийн тоглоомын төвийг С.Н биечлэн ажиллуулах болсноос хойш тэрээр ашиггүй байна, орлого орохгүй байна гэх зэрэг тайлбар тавьж Н.Лт мөнгийг нь буцаан өгөх явц маш удаан байсан. Мөн түрээслүүлэгч тал болох Ди Эйч Ти ХХК-тай түрээсийн төлбөрийн асуудлаас болж шүүхийн маргаантай байгаа талаар Н.Лт хэлж байсан. Хариуцагч С.Н нь Н.Лт хүүхдийн тоглоомын газар байгуулахад оруулсан мөнгийг буцаан өгөхөөр тохиролцохын өмнө болон дараа Н.Лын Хаан банкны 5127027025 тоот дансанд

2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 130,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 620,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 50,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 120,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 900,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 248,500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 71,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 177,500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 106,500 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,600,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг мөн Н.Лын хаан банкны 5085319476 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр 461,500 төгрөг нийт 7,635,000 төгрөгийг шилжүүлсэн. Н.Л, С.Нт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 30,280,00 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний хооронд 10,073,000 төгрөг нийт 40,353,000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкнаас авсан баримтаар нотлогдож байна. Үүнээс 7,635,000 төгрөгийг С.Н, Н.Лт буцаан өгсөн. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагаанд нэхэмжлэгч Н.Лын оруулсан 40,353,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 32,718,000 төгрөгийг хариуцагч Н ХХК болон захирал С.Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Лын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа 2018 оны 03 дугаар сард хүүхдийн тоглоомын газар ажиллуулахаар харилцан тохиролцсон. Баянгол дүүргийн 3,4 дүгээр хороолол 250м кв талбайтай тоглоом талбайд тоглоомын талбай байгуулсан. Хоёр талаасаа хөрөнгө оруулж нэхэмжлэгч нь 42,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Нандин-Сондор ХХК-ны 70% хөрөнгө оруулсан. 2018 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд 47,000,000 төгрөгийг хоёр тал хувааж төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч 5 дугаар сараас эхлэн 6 дугаар сар хүртэл ажиллуулаад явъя гэсэн тодорхой хувийг буцааж өгье гэсэн түрээсийн төлбөр түрээсээ зогсоогоогүй хөнгөлөлт үзүүлээд явж байсан. Хариуцагч зээл тавьж ажиллуулж нэхэмжлэгч Н.Л эхний 2 сараас 3 саруудад ажиллуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 32,718,000 төгрөгийг хасаад үлдсэн төлбөрийг төлнө гэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н ХХК-ийн захирал С.Н иргэн Лхагвадолгор нар 2018 оны 04 сард Баянгол дүүрэгт 250 м2 талбай бүхий ажлын байр түрээсэлж өөрсдийн хөрөнгөөр тохижилт засвар, автомат тоглоом мөн бусад тоглоом худалдан авч хүүхдийн тоглоомын газар ажиллуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж 2018 оны 05 дугаар сард С.Н өөрийн Н ХХК-ийн нэр дээр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соло Молл худалдааны төвийн эзэмшигч Ди Эйч Ти ХХК-тай сарын 7.500.000 төгрөгийн түрээсийн гэрээ байгуулж нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг санхүүжүүлж өөрийн биеэр тохижилт засварын бүх шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэн тоглоомын бизнесийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. 2018 оны 05 дугар сараас 2018 оны 10 сар хүртэл хоёр тал ээлжлэн бие дааж тоглоомын газраа ажиллуулж байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас 2018.09 сараас Н ХХК-ийн захирал С.Н цаашид бие дааж үргэлжлүүлэн ажиллуулахаар болж цаашдын тоглоомын бизнесийн орлогоос Лхагвадолгорын оруулсан мөнгөн хөрөнгийг хэрвээ тоглоомын бизнесийн үйл ажиллагаа цаашид тогтвортой орлого олж ашигтай ажилласан нөхцөлд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. 2018 онд тоглоомын газар анх ажиллуулж эхлэхэд сарын түрээс үйл ажиллагааны зардлаа төлөөд бага хэмжээний ашиг олж байсан бөгөөд 2019, 2020 онуудад мөн л бага хэмжээний ашиг олсон бөгөөд ерөнхийдөө эрхэлж байсан бизнес нь дампуурсан байна. 2019 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас 2020 оны сүүлчээс 2021 он дуустал олон нийт цуглардаг үйлчилгээний газруудыг хэсэгчлэн болон бүрэн хааж бизнес нь бүрэн дампуурлын байдалд шилжиж түрээсийн төлбөрийн өрөнд орж бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байсан их хэмжээний мөнгөн дүнгээр худалдан авсан автомат тоглоомуудыг түрээсийн төлбөрт суутгуулж ямар ч олсон ашиг орлогогүй дампуурсан байна. Хэдийгээр ашиг орлого бага олж байсан ч гэсэн иргэн Лхагвадолгорт тоглоомын бизнесийн үйл ажиллагааны орлогоос 7.500.000 (Долоон сая таван зуун мянган төгрөг шилжүүлсэн байна. Иймд энэхүү тоглоомын бизнесийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр өөрсдийн итгэл үнэмшлээр нэгдэн харилцан тохиролцож ашиг орлого зорилгоор эхлүүлсэн бөгөөд бизнес нь дампуурчихсан байхад иргэн Лхагвадолгор нь Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тоглоомын бизнесийн үйл ажиллагаанд өөрийн оруулсан мөнгөн хөрөнгө болох 32.718.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 10 сар хүртэл ажлын байрны түрээсийн төлбөр 37.500.000 төгрөг төлсөн төлбөрийн 50 хувь буюу 18.750.000 төгрөгийг хамтран ажилласан иргэн Н.Лоос нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Н.Лоос 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 10 сар хүртэл хамтран ажилласан түрээсийн төлбөрийн 50 хувь буюу 18.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 7,8 саруудад С.Н нь өөрөө бизнес явуулна гээд Н.Л ажиллуулахаа больсон. Н ХХК нь түрээсийн төлбөрөө цаг тухайд төлж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас: Итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.Лын 2018, 2019, 2021 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Итгэмжлэл, Ди эйч ти ХХК-ийн орлогын ордер, 2018.04.20 өдрийн Т-18/16 дугаар түрээсийн гэрээ, С.Нийн 2018, 2022 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Л нь Н ХХК, С.Н нарт холбогдуулан 32.718.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч С.Н 2018 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын түрээсийн төлбөрийн 50 хувь 18.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж, үүргийг харилцан тооцон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Л шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө 32.718.000 төгрөг гаргуулахаар... тайлбарласан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ шаардлагаас хамтран ажиллах хугацааны буюу 2018 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын түрээсийн төлбөр 18.750.000 төгрөгийг хасаад төлнө гэжээ.

 

Н.Л, Н ХХК, С.Н нар 2018 оны 01 дүгээр сараас хамтран ажиллаж, Баянгол дүүрэг, 3 дугаар хорооллын эцэст байрлах Соло молл төвийн 5 давхарт хүүхдийн тоглоомын талбай байгуулан хамтран ажиллахаар тохирч Н.Л хөрөнгө оруулалтаар 40.353.000 төгрөг шилжүүлснээс хариуцагч нь 7.635.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн. Энэ талаар зохигч маргаагүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн бөгөөд хамтран ажиллах асуудлаа амаар тохиролцсон хариуцагч хамтран ажиллаж байсан хугацааны түрээсийн төлбөр 18.750.000 төгрөгийг шаардаж байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ төлбөрийг хариуцахгүй 2018 оны 7 дугаар сараас хамтран ажиллахаа больсон тул энэ төлбөрийг хариуцагч өөрөө хариуцна гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сар хүртэл хөрөнгө оруулалт гэж 40.353.000 төгрөгийг хариуцагч С.Нийн дансанд шилжүүлсэн, энэ хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2018 оны 7 сараас хамтран ажиллахаа больсон гэх боловч энэ нь 2019 оны 1 дүгээр сард хөрөнгө оруулсан 1.000.000 төгрөгөөр үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд ... хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцахаар зохицуулсан бөгөөд хариуцагч нь хамтран ажиллах хугацааны түрээсийн төлбөрийн 50 хувийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т биелүүлэх хугацаа болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 18.750.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцож, хариуцагчаас 13.968.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК, С.Н нараас 13.968.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Лт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 325.000 төгрөг, хариуцагчаас төлсөн 251.700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 227.790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО