Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар  2021/ДШМ/628

 

 

 

 

 

 

     2021           6              29                                       2021/ДШМ/628                              

 

 

Ө.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч С.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,  

шүүгдэгч Ө.С, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Сд холбогдох эрүүгийн 2103 00000 0040 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Ө-ын С, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ............. төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, .................. дүүргийн ..... дугаар хороо, .......... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../;

- 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 / хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ялаар,

- 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ө.С нь 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 02 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 1.37 % согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 29 дүгээр гудамжны 3-2 тоот хашааны урд замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус” загварын 64-63 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч С.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ө.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гэцэл овгийн Өлзийжаргалын Сыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ө.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ө.Сын №463076 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Саас 573.650 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ад олгож, хохирогчийн өмгөөллийн хөлсөнд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй нийт 534.012 төгрөгийн баримтуудыг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ө.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл...” гэжээ.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаардаг учир шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр хууль тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн заалтыг зөрчиж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарах гэмт хэргийг санаатай гэж дүгнэсэн нь хууль зөрчжээ.

2. Мөн хэсэгт шүүгдэгч Э.Өнөржаргал нь Эрүүгийн хууль болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар дүгнэсэн байх ба Э.Өнөржаргалын үйлдлийн улмаас Ө.Сд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж бичсэн нь логикийн хувьд томоохон алдаатай шийдвэр болохыг харуулж байна.

3. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ө.Сарууп нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учруулсан гэм хорын хохиролд 1.620.000 төгрөгийг төлсөн, цаашид хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг төдийгүй гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлоос төлсөн зэргийг шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ө.С “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол, санал байхгүй.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирол, хор уршигтай холбоотой, өмгөөллийн зардалтай холбоотой асуудлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл дээр нь гайхаж байна. Хохирогч өмгөөллийн хөлсөнд 700.000 төгрөг зарцуулсан. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр 534.012 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд учир дутагдалтай байна. Үүнийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 1-13 насны 5 хүүхэдтэй байдаг. Анхан шатны шүүхээс хохирлын зардлуудыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг зөвтгөж гаргаж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.С нь 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 02 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 1.37 % согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 29 дүгээр гудамжны 3-2 тоот хашааны урд замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус” загварын 64-63 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчин явган зорчигч С.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Ө.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Ө.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргадаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.620.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөж төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн чихрийн шижин өвчний талаар тайлбарласан. Өвчтэй гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдсон тохиолдолд шүүгдэгч Ө.Сд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна. Мөн хохирогч өөрөө гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт санаатай гэмт хэрэг үйлдсэн гэдгийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгээ шүүгдэгч мэдсээр байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг санаатай үйлдэл байна гэж шүүхээс дүгнэсэн. Энэхүү гэмт хэргийг санаатай гэж үзээгүй. Мөн шийтгэх тогтоолд хохирогчид 573.650 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цар тахлын шалтгааны улмаас төлж барагдуулж амжаагүй гэж тайлбар хэлсэн. Иймд шүүгдэгч Ө.Сд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож байсан жолоочийг явган зорчигч явуулахгүй гэж хааж зогссон нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцоогүйгээс явган зорчигчийн дээгүүр нь дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан учраас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг мөн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 Тодруулбал, Тээврийн прокурорын газраас Ө.Сыг 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 02 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин 1.37 % согтолттой үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 29 дүгээр гудамжны 3-2 тоот хашааны урд замд “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота приус” загварын 64-63 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчиж явган зорчигч С.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Ө.Сыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан хохирогч С.Аийн “...намайг шүргэх гээд өнгөрсөн машин манай хашааны баруун талд зогсчихсон байхаар нь тэр машины урд талын улсын дугаарыг харах гээд урд нь очих үед намайг мөргөж байсныг санаж байна, тэрнээс хойш юу ч санахгүй байна. ...” /хх 44/,

гэрч Б.О-Э-ийн “...С.А намайг машин мөргөчихлөө, мөргөсөн машин тэнд байна гээд гудамжны үзүүрт зогсож байсан хар өнгийн “Тоёота Приус” загварын машиныг заасан. ... жолоочтой ярих гээд хаалганых нь хажууд очоод “чи яагаад хүн дайрчихаад зугтаадаг юм гэхэд жолооч нь нэлээн согтуу байсан, хуцаад бай пизда минь гэж хэлээд явах гээд байсан. Тэр үед С.А машиныг явуулахгүй гээд хаагаад зогсоход ухас ухас хийж байснаа мөргөж унагаад ухраад дахиж урагшлаад дайраад явахад А эгч машины доогуур орчихсон. Тэр жолооч машинаа зогсоогоогүй цаашаа чирээд хэсэг яваад зогссон. ...” /хх 49-50/,

гэрч Н.Азгийн “...бид нар С.Аийг мөргөсөн машин энэ байна гэж хэлэхийн завдалгүй С.А машины урд очиж байгаа харагдсан, хүүе гэхийн завдалгүй машин урагшаа хөдөлж С.Аийг мөргөж унагаасан. ...бид нарын хооронд хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Бид гурав тийм их согтоогүй гайгүй байсан. С.Аийн хашааны гадна гэрэлтүүлэгтэй гудамжны гэрэл асаж байсан болохоор үзэгдэх орчин хэвийн байсан. ...” /хх 52-53/ гэх мэдүүлгүүдээс шүүгдэгч Ө.С нь хохирогч С.Аийг мөргөсөн, С.А нь өөрийг нь мөргөсөн машиныг явуулахгүй гээд хаагаад зогсоход дахин мөргөж, дээгүүр нь дайрч гарсан нөхцөл байдал нотлох баримтуудад тусгагдсан байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба шүүгдэгч Ө.Сын үйлдлийг бүрэн гүйцэд мөрдөн шалгаж, уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсний дараа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Сд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ө.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Сд холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ө.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

 

 

                      ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

                      ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ