Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/03331

 

 

 

 

 

 

 

 

20** оны ** дүгээр сарын **-ний өдөр

          Дугаар 1*3/ШШ20**/*****

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сум, * дүгээр баг, Хонгоржид оршин суух, **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, Х овогт Б.Б /рд:**********/,

 

Хариуцагч: *** дүүргийн * дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Г оффисын * давхар, *** тоотод байрлах, Б Д ХХК /рд:*******/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б Д ХХК холбогдуулан ** *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “Миний бие фейсбүүк аппликейшнаас *** шүдний эмнэлгийн цахим хуудсандаа байршуулсан “...2 шүдээ ** *** төгрөгөөр ломбодуулаарай” гэх зарын дагуу тус эмнэлэгт очсон бөгөөд уг зарыг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасны дагуу санал тавьсан, гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл тус эмнэлгийн эмч миний хоёр шүдийг тус бүрийг нь ** *** төгрөгөөр ломбодох боломжтой гэж хэлсэн бөгөөд ** *** төгрөгөөр ломбодно гэсэн зарын дагуу ирснээ хэлэхэд цоорол ихтэй тул боломжгүй гэх хариуг өгсөн. Ингээд би *** *** төгрөгөөр шүдээ ломбодуулж тус эмнэлгийн ** *** төгрөгөөр ломбодох саналаас ** *** төгрөгийг илүү төлсөн тул гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Манай эмнэлгийн пэйж хуудсанд байршсан “2 шүдээ ** *** төгрөгөөр ломбодуулах” урамшуулал нь зөвхөн шүдний өнгөц цооролд хамаарна. Манай эмнэлгийн эмч нар өвчтөнд үзлэг хийж, цоорлын хэмжээг тодорхойлон үйлчлүүлэгчид мэдээлэл, тайлбар хийж өвчтөн зөвшөөрсөн тохиолдолд зохих эмчилгээг хийдэг. Нэхэмжлэгч Б.Б-т мөн адил үзлэг хийж, үнийн дүн, хийгдэх эмчилгээг тайлбарласны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр зохих эмчилгээг хийсэн. Манай мэдээний доорх сэтгэгдэл хэсэгт ямар материал хэрэглэдэг, энгийн ломбо нь хэдэн төгрөгийн үнэтэй байдаг талаарх мэдээллийг оруулсан. Иймд Б.Б нь үнийн дүнг зөвшөөрч, эмчилгээ хийлгэсэн, манай эмнэлгийн зүгээс нэхэмжлэгчээс илүү төлбөр аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, *** шүдний эмнэлгийн фейсбүүк аппликешний “2 шүдээ ** *** төгрөгөөр ломбодуулаарай” гэх мэдээний хуулбар зураг, Капитрон банк дахь харилцах дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, дээрх мэдээний доорх сэтгэгдлийн зургийг хуулбар байдлаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие фейсбүүк аппликейшнаас *** шүдний эмнэлгийн цахим хуудсанд байршуулсан “...2 шүдээ ** *** төгрөгөөр ломбодуулаарай” гэх зарын дагуу тус эмнэлэгт очсон бөгөөд уг зарыг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасны дагуу санал тавьсан, стандарт гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл тус эмнэлгийн эмч миний хоёр шүдийг тус бүрийг нь ** *** төгрөгөөр ломбодох боломжтой гэж хэлсэн бөгөөд ** *** төгрөгөөр ломбодно гэсэн зарын дагуу ирснээ хэлэхэд цоорол ихтэй тул боломжгүй гэх хариуг өгсөн. Ингээд би *** *** төгрөгөөр шүдээ ломбодуулж тус эмнэлгийн ** *** төгрөгөөр ломбодох саналаас ** *** төгрөгийг илүү төлсөн тул гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Манай эмнэлгийн пэйж хуудсанд байршсан “2 шүдээ ** *** төгрөгөөр ломбодуулах” урамшуулал нь зөвхөн шүдний өнгөц цооролд хамаарна. Манай эмнэлгийн эмч нар өвчтөнд үзлэг хийж, цоорлын хэмжээг тодорхойлон үйлчлүүлэгчид мэдээлэл, тайлбар хийж өвчтөн зөвшөөрсөн тохиолдолд зохих эмчилгээг хийдэг. Нэхэмжлэгч Б.Б-т мөн адил үзлэг хийж, үнийн дүн, хийгдэх эмчилгээг тайлбарласны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр зохих эмчилгээг хийсэн. Манай мэдээний доорх сэтгэгдэл хэсэгт ямар материал хэрэглэдэг, энгийн ломбо нь хэдэн төгрөгийн үнэтэй байдаг талаарх мэдээллийг оруулсан. Иймд Б.Б нь үнийн дүнг зөвшөөрч, эмчилгээ хийлгэсэн, манай эмнэлгийн зүгээс нэхэмжлэгчээс илүү төлбөр аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 20** оны ** дугаар сарын 04-ний өдөр Б Д ХХК-ийн *** шүдний эмнэлгийн фэйсбүүк аппликейшний цахим хуудастаа байршуулсан “2 шүдээ ** *** төгрөгөөр ломбодуулаарай” гэх зарын дагуу тус эмнэлэгт очиж, 2 шүдийг тус бүрийг нь ** *** төгрөгөөр ломбодуулж нийт *** *** төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь дээрх зар тавьсныг тус эмнэлгийг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасны дагуу гэрээний санал тавьсан, стандарт гэрээ байгуулагдсан гэж үзэх тул гэрээгээр тохирсон ** *** төгрөгөөр үйлчилгээ үзүүлээгүй, ** *** төгрөгийг илүү авсныг буцаан гаргуулна гэж маргасан.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэх заалт нь зөвхөн хуульд тодорхойлж заагаагүй, эсхүл түүнийг тодотгон тогтоож буй зохицуулалтад хамааралтай, тухайн маргаан хамааралгүй байна.

 

6. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч гэрээ байгуулах санал тавьсныг би зөвшөөрөөд очсон” гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ”, 195.3-т “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж тус тус заасан боловч мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул тус эрхийнхээ хүрээнд хариуцагч байгууллагаас шүд тус бүрийг 70 000 төгрөгөөр ломбодох санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрч тус үйлчилгээг авсан байх тул тэрээр ** *** төгрөгийг илүү төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.  

 

7. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан, ажиллагч нь ажиллуулагчийн 2 шүдийг нийт *** *** төгрөгөөр эмчилж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийг ажлын хөлсөнд төлсөн *** *** төгрөгөөс ** *** төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заанаар хариуцагч Б Д ХХК-д холбогдуулан гаргасан ** *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.М