Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2022/00463

 

2022            11            03                                    103/ШШ2022/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг .........дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Наадам центр МФХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн .......дүгээр хороо, ...... дугаар байрны ....... тоотод оршин суух, Ц-ын Ц холбогдох үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний үүргийн биелэлт 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг нийт 1,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э,  

Хариуцагч: Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МФХ ХХК нь Ц.Ц холбогдуулан үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний үүргийн биелэлт 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг нийт 1,485,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч МФХ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

           Нэхэмжлэгч МФХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МФХХХК нь 2020.12.20-ны өдөр иргэн Ц.Ц-тай MFH/20/157 тоот үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн ........ дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж .......... байрны 96 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 99,000,000 төгрөгөөр худалдан борлуулахад зуучилж, зуучлалын ажлын хөлсийг нийт үнийн дүнгийн 2 хувь байхаар тооцож 1,980,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зуучлалын ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д зуучлан борлуулж талуудын хооронд 2020.12.21-ний өдөр 2020/07/70 тоот орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж, худалдан авагч нь үнийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлж барагдуулсан. MFH/20/157 тоот Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээний 4.2 дахь хэсэгт заасан зуучлалын хөлс болох 1,980,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн. Гэтэл нийт зуучлалын хөлсний 50 хувь болох 990,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 990,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймд Цаас зуучлалын ажлын хөлсний үлдэгдэл 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг нийт 1,485,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: МФХХХК нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц-тай MFH/20/157 тоо үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж 1205 байрны 96 тоот хаягт байршилтай 54,98 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 99,000,000 төгрөгөөр худалдан борлуулахад зуучилж, зуучлалын ажлын хөлсөнд нийт үнийн дүнгийн 2 хувь байхаар тооцож 1,980,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зуучлалын ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д зуучлан борлуулж талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээний 4.2 дахь хэсэгт заасан зуучлалын хөлс болох 1,980,000 төгрөгийг төлөх ёстой байтал 990,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 990,000 төгрөгийг төлөөгүй. Иймд Цаас зуучлалын ажлын хөлсний үлдэгдэл 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг, нийт 1,485,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хувьд Бэхи гээд агенттай уулзсан юм шиг байна. Манайх байр худалдаж авах гэж байгаа хүмүүсийн судалгаа, байраа зарах гэж байгаа хүмүүсийн судалгааг тус тус гаргаад хооронд нь холбож зуучлах ажиллагаа явуулдаг. Манайхаас үүний дагуу хариуцагчид үйлчилгээний саналыг тавьсан нь үнэн. Хариуцагч өөрөө гэрээний саналыг хүлээн авсан болохоороо гарын үсэг зурсан. Гэрээний хугацаанд хариуцагч байраа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхээр манайхтай байгуулсан гэрээний 4.1 дэх заалтад зуучлуулагч нь зуучлалын эд зүйлээ худалдан борлуулах гэрээ хийгдсэнээр зуучлагч компанийн зүгээс зуучлалын ажлын хөлсөө авах эрх нь үүснэ гэж заасан байгаа. Хариуцагчийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монголын Орон сууцны корпорацитай байраа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Тиймээс энэ өдрөөс манайх зуучлалын хөлсөө авах эрх нь үүссэн байна. Хариуцагч сая тайлбарлахдаа манай холбож өгсөн хүнтэй гэрээ хийсэн гэж байна. Тэгэхээр манайх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул зуучлалын хөлс 2 хувийг авах ёстой. Манайх худалдан авагчийг мөнгөө төл гэж  шахах эрх байхгүй. Мөнгө нь шилжиж орж ирээгүй удсанаас болж манайх хохирол амссан гэж яриад байна. Тэгэхээр тэр асуудлаа Монголын орон сууцны корпорациас дараа нь тусдаа нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж бодож байна. Хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манайх энэ компанийг байр зарсан үнийн дүнгийн 2 хувийг авах хэмжээний үйлчилгээг манайд үзүүлээгүй гэж үзэж байгаа учраас үлдэгдэл 1 хувийн төлбөрийг төлөхөөс татгалзсан. Миний бие 2020.12.20-нд өөрийн нэр дээрх 54,98 м2 хоёр өрөө орон сууцыг зарахдаа өөрийн оруулсан зарын дагуу зарах гэж байтал тус компанийн ажилтан залгаж танай байрыг сонирхсон хүн байна, манайхаар үйлчлүүлэх үү гэж санал тавьсан. Тухайн үед ковид халдварт өвчин гараад улс орон даяар хөл хорио тогтоосон байж байгаад дөнгөж тавигдаж байсан үе юм. Зуучлалын хүрээнд ганц удаа зар оруулж гэрээ байгуулах, байр хүлээлцэх, ордер авч өгөх гэх мэт ямар ч үйлчилгээ надад үзүүлээгүй.  Тэгээд зуучлах санал тавьсны дагуу 2020.12.20-ны өдөр Сүхбаатарын талбай дээр худалдан авагч Өнөрцэцэг, зуучлагч гэх залуутай  уулзсан.  Монголын орон сууцны корпораци нь цар тахалтай холбоотойгоор 100 ажилтандаа байр авах эрх өгсөн юм байна лээ. Гол нь шууд төлбөрөө төлөөд авахад бэлэн ордер гэрээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан байсан. Тухайн үед бэлэн ордер нь байгаа байраа зарах гэж байгаа айлууд ховорхон байсан болохоор манай байрыг худалдаж авсан хүн оноос өмнө байр худалдаж авч байгаа тухай баримтаа корпорацидаа бүрдүүлж өгөхгүй бол тэр 100 ажилтны тооноос хасагдах гээд байгаа гэдэг үндэслэлээр манайхыг сонгосон байсан. Зуучлагч залуу ямар ч тамга тэмдэггүй гэрээн дээр гарын үсэг зуруулж захирлаараа гарын үсэг зуруулж буцааж өгнө гэсэн. Тухайн үед хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан юм. Яагаад гэрээ нь тамгагүй байгаа юм бэ гээд асуутал өнөөдөр амралтын өдөр учраас манай захирал амарч байгаа, ажлын өдрөөр гэрээн дээр тамга дараад танд нэг хувийг нь өгнө гэж хэлсэн боловч надад өгөөгүй. Гэрээний нэг хувийг өгөөгүй учраас эрх үүрэг болон бусад зүйлтэй сайн танилцаагүй, алданги төлөх ёстой гэдгийг сүүлд хуульчтай ярьж л мэдсэн.

 

Тухайн үед Монголын орон сууцны корпораци тухайн 100 ажилтныхаа дутуу материалыг авах гээд амралтын өдрүүдээр ажиллаж байсан юм байна лээ.  Тэгээд гэрээгээ байгуулахдаа би мөнгө нь хэзээ орох юм бэ? гээд асуутал зуучлагч залуу 14 хоногийн дараа, удлаа гэхэд 30 хоногийн дотор орчихно, байр худалдаж авч байгаа мөнгө нь төрийн мөнгө учраас он дуусаад буцаагаад мөнгөө татахаас нь өмнө мөнгийг чинь өгнө гэж хэлэхээр нь итгэсэн. Зуучлагч залууд итгэсэн учраас би гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл байрны мөнгө хамгийн цаад хугацаандаа 30 хоногоос хэтрэхгүй гэж надад итгүүлсэн учраас зуучлалын гэрээний 3.1-д заасан хугацааг 30 хоногоор тооцож тавьсан юм.

 Би тэр залууг хэн гэдэг хүн байсныг мэдэхгүй, ганцхан удаа талбай дээр гэрээ хийхдээ л харсан. Эдний компани манайд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй. Тэгээд 30 хоног нь өнгөртөл тэр залуу ч таг, орон сууцны корпораци ч сураггүй болсон. Надад хэлэхдээ эхний мөнгөө оны өмнө 25-ны өдөр өгнө, сүүлийн мөнгөө 14 хоногийн дараа өгнө гэж хэлсэн учраас тэрэнд нь итгээд манайх дараагийн байраа 110,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл юун 14 хоног, юун 30 хоног, мөнгө нь бүр 3 дугаар сарын 15-нд орж ирсэн. Тэр хугацаанд шинээр худалдаж авсан байрны мөнгө нэхэгдээд манайх хүнээс хүүтэй мөнгө зээлж, унаж байсан машинаа хүртэл зараад маш их алдагдал хүлээсэн. Хэрвээ тухайн үед эднийхээс манайхтай холбогдож тэр хүнтэй зуучилж өгөөгүй байсан бол манайх хэзээ ч тийм хэмжээний хохирол амсахгүй байсан, хэзээ ч тэр хүнд байраа зарахгүй байсан. Эдний компанийн манайхтай байгуулсан гэрээн дээр зуучлуулагчийн ашиг сонирхлыг дэмжсэн хүнд зуучилж өгнө гэж заасан байгаа. Тэгээд ч эднийхээс тэр хүнд байрыг маань хүлээлгэж өгөхөд ч оролцоогүй, гэрээ байгуулахад ч байгаагүй. Манайхтай гэрээ байгуулж мөнгө авах гэж байж ядаж нэг удаа залгаад юу болж байна, мөнгө төгрөг чинь юу болж байна, гэрээгээ байгуулахад нь хамт явах уу гэж хэлэх ёстой байсан. Өөр зуучлалын компани бол орон сууц түрээслүүлэх зуучлалын гэрээ байгуулаад тэр айлынхаа түрээсийн гэрээг хамт байгуулаад, тухайн айлд нь хүлээлгэж өгдөг юм байна лээ. Гэтэл эднийхээс манайд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй. За яах вэ, хүн олж өгсөн нь үнэн. Манайх хүн олж өгсөн нь үнэн юм чинь гээд 1 хувийг өгсөн.Зуучлагч залуу тухайн үед өөрийн буруу байсныг хүлээн зөвшөөрч хариу хэлэлгүй энэ асуудал дууссан. Тэгээд эдний компанийн ажилтан үлдэгдэл 1 хувийн төлбөрөө төлнө үү гээд залгахаар нь танайх манайд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй учраас үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гээд хэлсэн. Тэгээд чимээгүй байж байгаад хэдэн сарын дараа эдний компанийн хуулийн зөвлөх гээд нэг эмэгтэй надтай холбогдоод таны материал манай хуулийн хэлтэст ирсэн байна, та үлдэгдэл төлбөрөө төлөх үү гэхээр нь би учир байдлаа хэлээд танайх манайд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй учраас би үлдэгдэл 1 хувийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гээд хэлсэн. Тухайн Тэр хүн надад за ойлголоо гэж хэлсэн. Тэрнээс хойш бүтэн 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад гэнэт алданги нэхээд шүүхэд өгснийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сардаа цалинтай ээжийн мөнгөнөөс өөр орлогогүй, тийм учраас яагаад ч энэ мөнгийг төлөх боломжгүй. Зуучлах үйл ажиллагаа гэж зүгээр мөнгө авах нэр гэж бодохгүй байна. Үйлчилгээний стандарт гэж байхгүй. Гэрээний талаар, алдангийн талаар тайлбарлаж өгөөгүй. Хамгийн гол нь эднийх 30 хоногт мөнгө нь орчихно гэж надад хэлээгүй бол манайх тэр хүнд байраа зарахгүй байсан. Эдний зуучлагч агент өөрөө баталж хэлсэн учраас би тэрэнд нь итгээд зуучлуулсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

  Нотлох баримтын тухайд:

 Нэхэмжлэгчээс 2022.08.28-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.20-ны өдрийн MFH/20/157 дугаартай Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ, 2022.12.20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний хавсралт №1 зуучлалын зүйл болох үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл,       Ү-2206069882 дугаартай 54.98 м.кв 2 өрөө орон сууцны гэрчилгээний хуулбар, 2020.12.21-ний өдрийн 2020/07/70 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.07.08-ны өдрийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 103/ШЗ2022/01089 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн  2-15 дугаар хуудас/,         

Хариуцагчаас хариу тайлбар, Хаан банкны 5031286055 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, 5027484326 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн  20-26 дугаар хуудас/ зэргийг нотлох баримтаар тус тус ирүүлсэн  болно.                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу зуучлалын ажлын хөлсний үлдэгдэл 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг, нийт 1,485,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагчийн зүгээс  “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч худалдах, худалдан авах гэрээний төлбөр 14 хоногт, цаашлаад 30 хоногт багтаж  орно гэж  баталж хэлсэн учраас би нэхэмжлэгч байгууллагатай зуучлалын гэрээ байгуулсан, тамга, гарын үсэггүй гэрээнд надаар гарын үсэг зуруулаад нэг хувийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй, байр зарсан үнийн дүнгийн 2 хувийг авах хэмжээний үйлчилгээг үзүүлээгүй учраас 1 хувийн төлбөрийг төлж, үлдэгдэл 1 хувийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна” гэсэн тайлбарыг шүүхэд өгчээ.

         Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

         Үл хөдлөх эд хөрөнгө зуучлах 2020.12.20-ны өдрийн МFН/20/157 дугаартай гэрээг нэг талаас зуучлуулагч Ц, нөгөө талаас МФХХХК  зуучлагчаар оролцож, улсын бүртгэлийн Ү-2206069882 дугаартай, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 1205 байр, 96 тоот хаягт байршилтай Цын өмчлөлийн орон сууцыг түүний ашиг сонирхлын төлөө худалдах, худалдан авах сонирхол бүхий гуравдагч этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээний хөлсийг зуучлагчид төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар нэг сарын хугацаатай  гэрээг байгуулсан  байна. /хх-ийн 6-10 дугаар хуудас/

         Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1  дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр  гэрээ  байна.

         Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

        Талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа нэг сар байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ц нь зуучлагчийн олж өгсөн гуравдагч этгээд буюу Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай орон сууц худалдах, худалдан авах 2020/07/70 дугаартай гэрээг байгуулсан, зуучлалын гэрээний хөлсөнд хариуцагч 990,000 төгрөг төлсөн  талаар зохигчид маргаагүй.  /хх-ийн 11 -13 дугаар хуудас/

        Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “Зуучлагч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахад цаг хугацаа болон төлбөр тооцооны баталгааг олгохгүй болно”, 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт зуучлагч нь  “Зуучлуулагчийн шаардлага, ашиг сонирхолд нийцсэн худалдан авагчийг зуучлах,  холбож өгөх, түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй”,

         Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй бол” тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан байна.

        Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд өгсөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч тамга, гарын үсэггүй гэрээнд надаар гарын үсэг зуруулаад захирлаараа гарын үсэг зуруулаад буцааж өгнө гэж хэлээд өгөөгүй, алданги төлөх болон бусад эрх үүрэгтэй сайн танилцаагүй, нэхэмжлэгч байр зарсан мөнгө 14 хоногт, их удлаа гэхэд 30 хоногийн дотор орж ирнэ гэж надад баталгаа өгсөн учраас түүний үгэнд итгэж зуучлагчийн олж өгсөн хүнтэй гэрээ байгуулсан” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас эсэргүүцээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

        Хариуцагчийн  Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах 2020/07/70 дугаартай гэрээний төлбөр хариуцагчийн дансанд 2021.03.19-нд орж ирсэн болох нь хариуцагчийн депизит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-24-25 дугаар хуудас/

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээнд зуучлуулагч болон худалдан авагч нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны  дараа тэдгээрийн хооронд бий болох бусад аливаа харилцаанд энэхүү гэрээ хамаарахгүй” гэж тусгагдсан байгаа хэдий ч зуучлагч гэрээний 1.7 дахь хэсэгт заасан үүргээ зөрчиж худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааны талаар зуучлуулагчид баталгаа өгснөөр зуучлуулагч  тухайн худалдан авагчийг сонгож үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын гэрээ байгуулах үндэслэл болсон байна гэж дүгнэв.

Хариуцагчийн зүгээс “Зуучлагч тал миний шаардлага, ашиг сонирхолд нийцсэн этгээдийг зуучилж өгөх ёстой атал зуучилсан этгээд нь миний ашиг сонирхолд нийцээгүй, худалдах худалдан авах төлбөрийг хугацаа хэтрүүлснээс дараагийн  худалдан авсан байрны төлбөрөө төлөхийн тулд машинаа зарж хувь лизингээр авсан байрны төлбөрт алданги төлж  хохирсон” гэсэн тайлбарыг өгч татгалзлаа тодорхойлж байна.

Хариуцагчийн хувьд  худалдах, худалдан авах гэрээнээс үүдсэн хохирлоо гэрээний нэг тал болох худалдан авагч талаас шаардах эрх нээлттэй хэдий ч дээрх нөхцөл байдлыг зуучлуулагчийн хувьд байр зарсан мөнгөө нэн даруй авах ашиг сонирхол хангагдаагүй  байна.

Түүнчлэн эд хөрөнгө зуучлагч этгээд бичгээр байгуулсан гэрээний нэг хувийг зуучлуулагчид өгөөгүй байгаа нь гэрээний 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “энэхүү гэрээг талууд 2 эх хувь үйлдэх бөгөөд зуучлагч 1 хувь, зуучлуулагч нь эх 1 хувийг тус тус авах бөгөөд тэдгээр нь хуулийн хувьд адил хүчин төгөлдөр байна” гэсэн заалтыг зөрчсөн, зуучлуулагчийн хувьд гэрээний нэг хувийг аваагүй учраас талуудын эрх үүрэг болон хариуцлагатай /алданги төлөх талаар/ бүрэн танилцах боломжоор хангагдаагүй  байна гэж үзэх үндэслэлтэй.

           Иймд гэрээнд заасан үүргээ зөрчсөн, ашиг сонирхолд нийцээгүй худалдан авагч зуучилсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагч Цын татгалзлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар МФХХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Ц-ын Ц холбогдох үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний үүргийн  биелэлт 990,000 төгрөг, алданги 495,000 төгрөг нийт 1,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмлэгтийн хураамж 38,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       П.ТУЯА