| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/03677/И |
| Дугаар | 102/ШШ2022/03903 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2022/03903
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч А.А
Хариуцагч С.Х-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 28.832.120 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Хариуцагч С.Х
Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А, хариуцагч С.Х-д холбогдуулан 28.832.120 төгрөг гаргуулах, хариуцагч 4.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монголын үйлдвэрлэгч холбооны ерөнхийлөгч н.Д-тэй ажлын шугамаар танилцаж байсан бөгөөд одоо ч харилцаатай ажилладаг. Надаас хэд хэдэн удаа манай ажлын дүүд зарахаар аятайхан байр байна уу? Манайд ажиллаж байгаа охин байдаг юмаа төлбөр мөнгөний хувьд баталгаатай гэж байсан тул н.Д-ийн ажлын дүү гэх С.Х гэх эмэгтэйтэй уулзаж батлан даалтын сангаас зээл хөөцөлдөж байгаа зээл авахад надад өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй байна.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй гэдгээ нотлох юм бол 14 хоногийн дотор зээл гарахаар болсон. Зээл гарсны дараа байрны төлбөрийг өгье гэж хэлсний дагуу харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, “Вива сити-2” хотхоны 0 дугаар байрны 0 дугаар орцны 0 тоотод байрлах 30 метр квадрат талбайтай, нэг өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдахаар 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулагдсан цагаас хойш төлбөрөө төлөхгүй байсан учраас байраа буцааж авахаар ярихад 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөрөө төлж төлөөгүй тохиолдолд байраа буцаан шилжүүлэх нөхцөлтэй “Орон сууцны төлбөр тооцоо дуусах хэлцэл”-ийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хийсэн. Ингээд үүргээ гүйцэтгээгүйн улмаас байраа буцаан авъя гэхэд ‘’НК ББСБ” ХХК-ийн 20.000.000 төгрөгийн зээлд барьцаанд тавьснаа хэлсэн.
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С.Х-ийн надад учруулсан хохирлын талаар тооцоо нийлж “Зээлийн гэрээ” байгуулан мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ‘’Худалдаа хөгжлийн’’ банкны 4042-0000-0 дугаартай данснаас‘’НК ББСБ” ХХК-ийн 4531-0000-0 дугаартай дансанд С.Х-ийн авсан зээл, зээлийн хүү нийт 20.869.000 төгрөгийг төлсөн. Дээрх гэрээгээр хариуцагч банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 20.869.000 төгрөг, байрны 115 хоногийн түрээс 1.860.000 төгрөг, СӨХ-ны төлбөр 105.000 төгрөг, байр шилжүүлсний 2 хувийн татвар 600.000 төгрөг, байр буцаан шилжүүлэн авсан 2 хувийн татвар 1.000.000 төгрөг нийт 24.434.000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаатай, сарын 18 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр тохиролцсон.
Гэтэл гэрээ хэлцлийг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 24.434.000 төгрөг, хүү 4.398.120 төгрөг нийт 28.832.120 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
3.Хариуцагч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:
Тухайн үед би энэ байранд амьдарна гэж бодсоны үр дүнд захирлаараа дамжуулан гуйсан үнэн.
Миний бие нэхэмжлэлээс банк бус санхүүгийн байгууллагад төлөх 20.869.000 төгрөг, байрны түрээс 1.860.000 төгрөг, байр шилжүүлсний 2 хувийн татвар 600.000 төгрөг нийт 23.329.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.
Харин байр буцаан шилжүүлэн авсны 2 хувийн татвар 1.000.000 төгрөг хүү 4.398.120 төгрөг, СӨХ-ны төлбөр 105.000 төгрөгийг төлөх боломжгүй байна.
Хэрвээ СӨХ-ны төлбөр төлсөн баримт байгаа бол төлнө.
Мөн энэ тооцооноос өмнө ярилцсан цалин 3.000.000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна, гэжээ.
4.Хариуцагч С.Х шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Бид нар ярилцаад миний цалинг тооцооноос хасуулахаар тохиролцсон учраас би 4 сарын цалингаа аваагүй.
Гэтэл тооцооноос цалинг хасаагүй байгаа тул 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.
А.А захиралтай ярихад 3.000.000 төгрөгийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна, гэжээ.
5.Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
С.Х манайд 4 сар ажиллаагүй 3 сар ажилласан.
Тиймээс 3 сарын цалин 3.000.000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй, гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой бүрдүүлсэн материал, нотолсон зүйл байхгүй зөвшөөрөхгүй, гэжээ.
7.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт:
8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Байнга оршин суугаа хаягийн лавлагаа”, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны зарлагын маягт, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны төлбөр тооцоо дуусгах хэлцэл”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ц.Н-д олгосон “Итгэмжлэл”
9.Хариуцагчаас цахим иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ц.Э-д олгосон “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Нэхэмжлэгчтэй эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Хариуцагчийн төлнө гэсэн төлбөрийг зөвшөөрч байгаа боловч хүүд нэхэмжилсэн 4.398.120 төгрөгийг төлөхгүй гэсэн учраас эвлэрэхгүй. Иймээс зээлийн гэрээний дагуу мөнгөө гаргуулах хүсэлтэй байна” гэж тайлбарлав.
3.Хариуцагч С.Х нэхэмжлэлийн шаардлагын атгалзлаа “Анх байрыг худалдан авах зорилготой аваад төлбөрийг төлж чадаагүй буцааж өгсөн. Нэхэмжлэлээс тодорхой мөнгөн дүнг зөвшөөрнө.Байрны анхны үнэ 30.000.000 төгрөгийг 50.000.000 төгрөг болгон тооцож байраа буцаан шилжүүлж авсны 2 хувийн төлбөр 1.000.000 төгрөг, СӨХ-ны төлбөр 105.000 төгрөг, хүү 4.398.120 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч А.А, хариуцагч С.Х-тэй 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 0000 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, “Вива сити” хотхоны 0 дугаар байрны 0 тоот, 30.3 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны үнэд 30.000.000 төгрөгийг төлөхөөр, төлбөрийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дансаар шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
6.Ингээд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны төлбөр тооцоо дуусгах хэлцэл”-ээр Улсын бүртгэлийн Ү-********** дугаартай дээрх орон сууцны гэрчилгээг хариуцагч С.Х, нэхэмжлэгч А.А-д буцаан шилжүүлж, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл байранд амьдарсан түрээсийн нэг сарын төлбөрийг 500.000 төгрөгөөр тооцон төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны алданги төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан байна.
7.Дараа нь он, сар, өдөр бичигдээгүй “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь” гэх гарчигтай, А-4-ийн цаасан дээр бичсэн гар бичмэлд сарын хүү 18 хувь 4.398.120 төгрөг, зээлийн нийт дүн 24.434.000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагын 20.869.000 төгрөг, байрны түрээс 1.860.000 төгрөг, СӨХ-ны төлбөр 105.000 төгрөг, байр шилжүүлсний 2 хувийн төлбөр 600.000 төгрөг, байр буцааж авсны 2 хувийн төлбөр 1.000.000 төгрөг нийт 28.832.120 төгрөгийг төлнө” гэж бичиж зохигчид гарын үсгээ зурсан нь баримтаар тогтоогдож байна.
8.Хэргийн баримтаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд “Худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байх бөгөөд худалдан авагч, худалдагчид орон сууцны хэлэлцэн тохирсон үнэ 30.000.000 төгрөгийг төлөөгүйн улмаас мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хариуцагч татгалзлыг хүлээн авч тухайн орон сууцыг буцааж өгсөн үйл баримтад хэн аль нь маргахгүй байна.
10.Харин шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч “Зээлийн гэрээ” байгуулгалдаагүй тул хүү төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
11.Хуульд зааснаар ”Зээлийн гэрээ” гэдэг бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөл бөгөөд талууд харилцан үүрэг хүлээх буюу хэлцлийн дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулдаг буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх мөн мөнгөн төлбөр төлөх үүргийг зээлийн хувьд буцаан төлөхөөр харилцан тохиролцохыг хэлнэ.
12.Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үндсэн үүргээ хариуцагчийн өмнө гүйцэтгээгүй байх тул “Зээлийн гэрээ”-г бодитоор байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
13.Харин нэхэмжлэгчийн “Зээлийн гэрээ” гэж тайлбарлаж байгаа “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг талууд төлбөрөө тооцоогоо дүгнэсэн баримт гэж үзээд, баримтанд дурдсан банк бус санхүүгийн байгууллагад төлөх төлбөр, байрны түрээс, СӨХ, байр шилжүүлсэн, буцаасан төлбөрт хүү тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэв.
14.Иймээс хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас төлөхөд маргаагүй банк бус санхүүгийн байгууллагад төлөх төлбөр 20.869.000 төгрөг, байрны түрээс 1.860.000 төгрөг, байр шилжүүлсний төлбөр 600.000 төгрөгийг нийт 23.329.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул байр шилжүүлсний 2 хувийн татвар 1.000.000 төгрөг мөн нэхэмжлэгчид СӨХ-ны төлбөр 105.000 төгрөгийг нэхэмжлэх эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэл олгогдоогүй түүнчлэн дээр дурдсанчлан хүү тооцох үндэслэлгүй учраас 5.503.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч С.Х 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалинд 4.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.000.000 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч А.А-ийн шүүхэд амаар гаргасан тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар цалинд олгогдоогүй 3 сарын цалин 3.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.111 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 23.329.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 274.595 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид, хариуцагч А.А-с 3.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Х-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х-с 23.329.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А-д олгож, үлдсэн 5.503.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 3.000.000 төгрөгийг хариуцагч А.А-с гаргуулж, нэхэмжлэгч С.Х-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.111 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 274.595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагч А.А-с улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Х-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА