| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/03 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/03
2025 01 10 2025/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн 2409******** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ****************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Э нь ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Д-ийн эзэмшлийн “***” нэртэй дэлгүүрт түүний бараа, бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцан, худалдагчаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд эд зүйл худалдан авсан хэрэглэгч нарын шилжүүлсэн мөнгийг үргэлжилсэн үйлдлээр буюу 79 удаагийн орлогын гүйлгээг өөрийн Хаан банк дахь ***** дугаартай дансаараа дамжуулан нийт 4,457,600 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т Т.Э нь ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Д-ийн эзэмшлийн “***” нэртэй дэлгүүрт түүний бараа, бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцан, худалдагчаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд эд зүйл худалдан авсан хэрэглэгч нарын шилжүүлсэн мөнгийг үргэлжилсэн үйлдлээр буюу 79 удаагийн орлогын гүйлгээг өөрийн Хаан банк дахь ***** дугаартай дансаараа дамжуулан нийт 4,457,600 төгрөг завшсан болох нь мөрдөн шалгах явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Д-ийн "...миний бие 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг 30 минутын үед *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** онлайн *******и дэлгүүр дээр байх үед би фейсбүүкийн пэйж хаягийн чат дээр үлдэгдэл мөнгөө гээд бичсэн байхаар нь гүйлгээ ороогүй шүү гэхэд би гүйлгээгээ хийсэн байгаа гэхээр гар утсыг нь олоод шууд залгаад та ямар банкны хэд дугаартай данс руу хийсэн бэ гэхэд надад Хаан банкны Т-ын Э гэсэн нэртэй данс руу 46,000 төгрөг шилжүүлсэн байгаа би 20,000 төгрөгөө буцаагаад авчихмаар байна гэсэн. Тэгээд би Э-тэй уулзахад... би аваагүй ээ, миний дансны хуулгыг харчих гэхээр Хаан банкны аппликэйшн ороход 2023 оны 12 дугаар сарын 10-аас хойш манай бараа бүтээгдэхүүн зараад өөрийнхөө Т.Э гэх Хаан банкны **** тоот данс руу олон удаагийн гүйлгээгээр нийт 4,554,600 төгрөгийн барааны мөнгийг өөртөө авсан байсан...2023 оны 08 сарын 25-ны өдрөөс хойш манай *** онлайн шопод худалдагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан...би Э-ийн Хаан банкны аппликэйшн рүү хамт орсноос нь хойшхи бүх гүйлгээг шүүж үзэхэд манай барааны нэртэй гүйлгээнүүдийг харж байж тооцоог гаргасан байгаа...одоо надад нийт 4,554,600 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг / хх 13-14 дэх тал/, хохирогч Б.Д-с гаргаж өгсөн Т.Э-ийн Хаан банкны *** дугаартай дансны хуулгыг харуулсан зураг /хавтаст хэргийн 17-69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Т.Э нь *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Д-ийн эзэмшлийн “***” нэртэй дэлгүүрт түүний бараа, бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцан, худалдагчаар ажиллаж байхдаа 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд эд зүйл худалдан авсан хэрэглэгч нарын шилжүүлсэн мөнгийг үргэлжилсэн үйлдлээр буюу 79 удаагийн орлогын гүйлгээг өөрийн Хаан банк дахь *** дугаартай дансаараа дамжуулан нийт 4,457,600 төгрөг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Э-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Д-д 4,457,600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан тул шүүгчдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Т.Э-н хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА