Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00772

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Од холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 53 694 785 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч К ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016.9.23-ны өдөр 3000-2016/177 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 80 000 000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Барьцаанд Ү-2206021835 дугаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот 146,6 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Хариуцагч нь гэрээний хугацаанд зээлээс 36 000 000 төгрөг, хүүд 24 070 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 313 250 төгрөг, нийт 60 383 555 төгрөгийг төлсөн. Иймд 2016.9.23-ны өдрийн 3000-2016/177 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулж, зээлийн үлдэгдэл 44 000 000 төгрөг, хүү 9 197 957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 496 828 төгрөг, нийт 53 694 785 төгрөгийг гаргуулж өгнө үү, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид 2016.9.23-ны өдөр зээл 80 000 000 төгрөг олгохдоо шимтгэл гэх 0,6 хувийг банк үндэслэлгүйгээр суутгаж авсан. Мөн нэхэмжлэгч нь зээлийн явцын хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй. Хэргийн материалтай танилцаагүй тул зээлийн талаар хэлэх тайлбар байхгүй, харин эвлэрэн хэлэлцэх боломжийг нэг удаа олгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Огээс зээлийн гэрээний үүрэгт 51 576 846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 117 939 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Ү-2206021835 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот 146.6 м.кв талбайтай Э.Огийн өмчлөлийн аялал жуучлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 873 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 486 035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцлагдсан” гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг тооцсон нь үндэслэл муутай. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах  ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаа 2 117 939 төгрөгөөр нэмэгдүүлснийг хангах үндэслэлтэй. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд  хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Болормаа өмгөөлөгч нь тус маргаанд өмгөөлөгчөөр оролцож хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч шүүгч түүнийг үл харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгч түүний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн өөрийгөө төлөөлүүлэх эрхийг зөрчсөн. Мөн хуралдааны тэмдэглэлд “шүүгчийг татгалзан гаргах” хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэлгүй хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь өмгөөлөгчийн хийгээд хариуцагчийн эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үнийн дүнд болон хууль хэрэглээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Э.Од холбогдуулан 2016 оны 09 сарын 23-ний өдрийн 3000-2016/177 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө шүүхээр цуцлуулж, тус гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 53 694 785 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...зээл олгосны шимтгэл 0,6 хувийг үндэслэлгүй суутгаж авсан, хуульд зааснаар зээлийн явцын хяналт тавиагүй” гэж маргажээ. /хх-1-2, 33/

 

Хариуцагч Э.О нь Капитрон ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 80 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, зээлж 3000-2016/177 тоот гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Э.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот 146,6 м.кв талбайтай барилгыг барьцаалсан, барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтууд, талуудын тайлбараар нотлогджээ. /хх-ийн 19-22, 60-62/

 

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 23-нд 80 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсанд, гэрээний хүчин төгөлдөр байдалд, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 60 383 555 төгрөг төлөгдсөн зэрэгт маргаангүй, зээлийн гэрээний графикт хугацаа зөрчигдсөн гэх үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. 

 

Харин зээл 80 000 000 төгрөгийг олгохдоо шимтгэл 0,6 хувийг суутган авсанд хариуцагч маргаж байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь гэрээнд заасан зээл, хүү төлөх хуваарийг зөрчиж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв болсон. /хх-64-65/

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан шаардлагуудыг гаргах эрхтэй юм.

 

Талууд гэрээний 4.9-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасантай нийцжээ. /хх-15-17/

 

Зээлдэгч К ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн зээл 80 000 000 төгрөгөөс 0,6 хувийг зээлдүүлэгч суутган авч үлдсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагүй тул түүнийг гэрээнд заасан дээрх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. /хх-33/

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнийн дүнгийн буюу 80 000 000 төгрөгийн 0,6 хувьд ногдох хүү буюу 480 000 төгрөгийг /80 000 000х0,6:100= 480 000/ нэхэмжлэгч шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээний харилцаа үргэлжлэх хугацаанд дээрх 480 000 төгрөгт ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй юм. Талууд зээлийн гэрээг жилийн 22,8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон ба хоногт ногдох хүү нь 0,06247 /22,8:365=0.06247/ хувь байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлохдоо дээрх зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар шаардсан тул шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзнэ. Дээрх хугацаа хүртэл 2 жил 5 сар 19 хоног, нийт 899 хоног байна. Шимтгэлд суутгасан 480 000 төгрөгийн хоногт ногдох хүү нь 299.856 /480 000 х 0,06247:100= 299.856/төгрөг бөгөөд гэрээг цуцлах хүртэл хугацаанд буюу 899 хоногт ногдох хүү 269 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149 914 төгрөг /480 000+269 570=749 570 х20:100= 149 914 төгрөг/ байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 899 484 /149 914+749 570=899 484/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй атал 899 хоног гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг зөрчиж буцаан төлөлт хийгээгүй

 

Хариуцагч зээл 43 520 000 төгрөг, хүү 8 928 387 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346 914 төгрөг дутуу төлөөд байгааг Иргэний хуулийн 225 дугаа зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 2.1.10, 10.2 дахь заалтуудаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл үүссэн байна. /хх 1-2/

 

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг удаа дараа / 4 удаа/ хариуцагчийн хүсэлтээр хойшлуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын мэтгэлцэх эрхийг хангаж, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул талуудыг хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэж дүгнэх боломжгүй. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдаан даргалагчийг татгалзах эсэхийг талуудаас асуусан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчийн хоорондын 2016 оны 09 сарын 23-ний өдрийн 3000-2016/177 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж,хариуцагч Э.Огээс 52 795 301 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 899 484 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “486 035” гэснийг “492 126” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 038 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД