Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/47

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Чанцалдулам

     Улсын яллагч: Б.Мөнхдөл

Шүүгдэгч: Ө.Баярмагнай түүний өмгөөлөгч Г.Энхжаргал

Шүүгдэгч: А.Гандолгор түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэв, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

Иргэний хариуцагч С.Ягаанцэцэг

Гэрч Н.Сэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Өөжигийн Баярмагнай, Боржигин овогт Александрын Гандолгор нарт холбогдох 201708000062 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1974 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 9-65 тоотод оршин суух, Боржигон овгийн Өөжигийн Баярмагнай /РД:ЕЮ74011821ЗБ80050712/

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Шивээговь сумын 1 дүгээр баг, 14-31  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овгийн Александрын Гандолгор /РД:ЕТ87061909/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

    Шүүгдэгч Ө.Баярмагнай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учирсан,

Шүүгдэгч А.Гандолгор нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн баг бүлгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны /цэцэрлэгийн захирлын зөвшөөрөлгүйгээр ажилаа орхиж явсан/ улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Ө.Баярмагнайгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай анги 24 хүүхэдтэй байсан. Дарга С.Ягаанцэцэг нь спортын үйл ажиллагаатай байсан тул эзгүй байсан. Энэ өдөр гадаа дулаахан байсан болохоор хүүхдүүдээ гаргаж тоглуулахаар болсон. Хоёр настай хүүхдүүд хувцсаа тайлж чаддаггүй учраас зузаан хувцастай нь өглөөний цайг нь уулгачхаад туслах багштайгаа авч гарсан. Гадаа тоглож байхад багш нар нь хүүхдүүдээ дэмжиж гулсуур дээр гулгуулах зэргээр баяр хөөртэй тоглож байсан. Өглөө 10 цагт хүүхдүүдээ гадаа гаргаад 11 цагт оруулж цай хоолыг идүүлээд унтуулсан. Хүүхдүүдээ босохоор нь нүүр гарыг нь угаагаад үдийн цайг нь уулгадаг. Ер нь төсвийн байгууллагад ажилладаг хүмүүс 17 цаг өнгөрөөж хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авдаг.  17 цаг 25 минутын үед Гэрэлт-Од, Ганпүрэв хоёр хүүхдээ авахаар ирсэн. Энхжин охин даахиа үргээсэн болохоор халзан толгойтой байдаг. Энхжин охиныг Ганпүрэв хүлээж аваад багшаа баяртай гэж хэлээд баяр хөөртэй явсан. Энхжин нь зузаан комбинзонтой, дээгүүрээ куртик, зузаан малгайтай байсан. С.Энхжин нь гадаа тоглож байхдаа гулсуур тойроод гүйгээд байсан. Хөдөлгөөн багатай хүүхэд болохоор гулсуур дээр гараагүй. Тухайн өдөр Гандолгор манай нөхөр эмнэлэгт хэвтэж байгаа, би юм аваачиж өгөнгөө биеэ үзүүлчихээд ирье гэхээр нь багш нь 24 хүүхэдтэй байна, одоо яахав дээ завьны хэлбэртэй цэцгийн хүлэмжийн хоёр талаар хүүхдүүдээ хувааж суулгасан. Хоёр настай хүүхэд багшийнхаа үгэнд ороод сууж байдаг. Энэ үед Наранчимэг багш миний хажуугаар явсан. Ганцхан манай анги л гадаа гарсан байсан. Удалгүй Гандолгор ирсэн. Гандолгорыг ирэхээр нь багш нь бие засчихаад ирье гэж хэлээд цэцэрлэг рүү орж бие зассан. Гэрлүүгээ орж куртикээ тайлангаа галаа харчихаад эргэж гарч хүүхдүүдээ оруулж цай хоолыг нь идүүлсэн. Орой 20 цаг өнгөрч байхад Гандолгор нар руу утасдаад багшаа Ганпүрэв Энхжинг унасан гэж байна, унаснаасаа болоод тархи толгой нь цуурсан гэж байна гэж хэлэхэд би  юу яриад байгаа юм бэ, чи бид хоёр хоёулаа байсан, яахаараа унадаг билээ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Ганпүрэвийн утас руу залгатал Сэнгэ утсаа аваад муу сайн лалруудаа ганц хүүхэд харж чадахгүй байна уу, та нараас хохирол мөнгө авахгүй гэсэн учраас би та нарт гомдолгүй байсан. Танай Гандолгор чинь өнөө маргааш л гэмтэл гарна гэж хэлээд байна гэсэн. Тэгээд Ганпүрэвийн утас руу залгаад холбогдох гэхээр утсаа авдаггүй байсан. Эмээ дээр нь очиж Ганпүрэвтэй уулзаж чадахгүй байна, Энхжингийн бие яаж байна миний сэтгэл зовоод байна гэж асуухад хүүхэд нь гайгүй ээ гэж хэлсэн. Дараа нь Ганпүрэвийн гэрт очоод Энхжингийн бие яаж байна гэж асуугаад хүүхдийн бие гайгүй ээ гээд инээж хөхрөөд л явсан.  Би мөнгө төгрөгний талаар яриагүй. Энхжингийн тархи цуурсан гэдгийг 3 дугаар сарын 15-ны орой хэлсэн. Маргааш нь Ганпүрэв хүүхдээ үзүүлэх гээд явж байна гэсэн. Би хоёр настай хүүхэд гулсуур дээрээс унасан бол булдруу үүсж хавдаад аймар болох байх. Маргааш өглөө нь Ганпүрэв Энхжингийн бие гайгүй гэж байна гээд нэг ширхэг физам эм өгөөрэй гээд үлдээсэн. Энхжин маргааш нь ангидаа ирээд баяр хөөртэй байсаар байгаад орой тараад явсан. Орой цэцэрлэг тарсны дараа Сэнгэ та нарыг явдаг газраар нь явна гээд уурласан. Энхжин Анужинтай хамт унасан бол Анужингийн хэл яриа нь сайн хөгжсөн болохоор хэлэх байсан. Анужингийн ээж нь Сэнгэ над руу утасдаад танай хүүхэд манай хүүхэдтэй хамт унасан байх, гомдол санал байна уу, эмнэлэгт үзүүлж харуулахгүй юм уу гэж хэлсэн. Гэтэл Анужингийн ээж манай хүүхэд унасан бол зовиурлана, надад хэлэх ёстой гэж хэлсэн гэж байсан. Анужингийн ээж Энхмааг байцаагаагүйд гайхаж байна... гэх мэдүүлэг

 

     2. Шүүгдэгч А.Гандолгорын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 3 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа ирэхэд Баярмагнай багш хүүхдүүдээ гадаа гаргана гээд куртикийг тайлаад өмд гуталтай нь хүлээж авч байсан. Тэгээд хүүхдүүдээ гадаа тоглуулаад Баярмагнай багшийн утсаар хүүхдүүдийнхээ зургийг авсан. Тэгээд нөхрийнхөө шинжилгээний хариуг авчихаад ирье гээд эрхлэгч тэмцээнтэй эзгүй байсан болохоор бүлэг хариуцсан ахлах багшаасаа чөлөө аваад явсан. Явахдаа хүүхдүүдээ цэцгийн мандал дотор хоёр хувааж суулгасан. Намайг ирэхэд байрандаа сууж л байсан. Тэгээд Баярмагнай багш бие засчихаад ирье гээд цэцэрлэг рүү орсон. Гарч ирээд гэр лүү орж куртикээ тайлчихаад ирсэн. Намайг ирэхэд Энхжин куртик, малгай ороолттойгоо байсан. Тоглоод халууцсан шинжтэй байхаар нь ороолтыг нь тайлсан. Тэгээд бид хоёр хүүхдүүдээ оруулж хувцасыг нь тайлж нүүр гарыг нь угаагаад хооллож унтуулсан. Орой нь Ганпүрэв над руу утасдаад Ганаа багшаа Энхжин толгой өвдөөд байна гээд байна, юмнаас унасан уу гэж асуухад би өглөө эмнэлэг явсан, тэр хооронд унасан байж магадгүй, би Баярмагнай багшаас асууя гэж хэлэхэд Ганпүрэв Баярмагнай багшийн утасны дугаарыг өгөөч гэхээр нь би утсан дээрээс хараад хэлье гээд утсаа тасалсан. Энэ хооронд би Баярмагнай багш руу залгаад Энхжин унасан юм уу, ээж нь утасдаад байна гэж хэлэхэд багш намайг байхад унаагүй, би өөрөө Ганпүрэвтэй яръя гээд утсаа тасалсан. Маргааш нь Чойр луу явж үзүүлж ирнэ гээд явсан. Орой нь яаралтай хот яв гээд хот руу явж байна гэж ярьсан... гэх мэдүүлэг

 

     3. Насанд хүрээгүй хохирогч С.Энхжингийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 7 цаг 50 минутад охин С.Энхжингээ Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Ө.Баярмагнайд хүлээлгэж өгсөн. Энэ үед Ө.Баярмагнай багш хүүхдийн хувцсыг тайлах хэрэггүй, бид нар гадаа гарч тоглоно гэж хэлхээр нь би куртекийг нь тайлаад орхисон. Орой 17 цаг 30 минутад ажлаа тараад ирж хүүхдээ авсан. Цэцэрлэг рүү Ууганбат, Дэлгэртөгс нартай орж ирсэн. Дотор ороход Гэрэлт-Од хүүхдээ хувцаслаж байсан. Хүүхдээ авахад манай охин ээж миний толгой ёо ёо болсон гээд шороогоо унагасан. Тэгэхэд Ө.Баярмагнай багш өнөөдөр гадаа тоглосон учир хүүхдүүд нь шороо тоос болсон байгаа, гэртэй очиж цэвэрлээрэй гэж хэлсэн. Энэ үүднээс би хүүхдээ аваад гэрлүүгээ явсан. Гэрлүүгээ явахдаа манай хүүхэд алхаж явдаг учраас унах эрсдэл байгаагүй. Гэртээ очоод хүүхдийнхээ хувцсыг тайлаад хоол хийж өгөх хооронд хүүхэд маань өөрт байгаа зовиураа хэлсэн. Тэгээд А.Гандолгор багш руу залгаад манай хүүхэд унасан байна гэж хэлэхэд хаана хэзээ унасныг мэдэхгүй байна, Ө.Баярмагнай багшаас асууя гэж хэлсэн. Ө.Баярмагнай багш удалгүй над руу залгаад яасан бэ гэж асуухад манай хүүхэд гулсуур дээрээс унасан гэж байна, толгойн дээд хэсэгт хүндүүрлээд уйлагнаад зовиурлаж байна гэж хэлэхэд өнөөдөр гайгүй байх, харзанаж хоноорой гэж хэлсэн. Хүүхдээ хүчтэй унасныг мэдээгүй учраас тухайн үед ажиглаад хоносон. Маргааш өглөө нь хоёр багш болон цэцэрлэгийн даргад мэдэгдэл хийсэн. Тэгээд хүүхдээ аваад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү ирсэн. Мэс заслын эмчид үзүүлээд толгой дээр нь дарахад манай хүүхэд уйлсан. Наранбаатар эмч тухайн үед физам эм өгч хүйтэн жин тавиад ажигла гэж хэлсэн. Маргааш өглөө нь цэцэрлэгт охиноо өгөхдөө нэг ширхэг эм үлдээгээд явсан. Орой цэцэрлэгээс хүүхдээ авахад толгой өвдөөд байна гэж хэлсэн. Багшаас нь манай хүүхэд өнөөдөр яаж байна гэж асуухад өдөржин унтсан, эм уусан болоод унтаад байгаа байх гэж хэлсэн. Орой нь зовиур ихэсхээр нь Наранбаатар эмч рүү залгаж хэлэхэд яаралтай хүрээд ир гэсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд толгой нь цуурсан байна, яаралтай хот яв гэсэн. 03 дугаар сарын 17-ны орой Баярмагнай багш руу залгаад хүүхдээ аваад хот явлаа гэж хэлсэн. 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулснаар хүнд гэмтэл авсаныг мэдсэн. Тэр даруй эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Хоёр багш нэг ч удаа яриагүй, Энхмаа гэдэг хүнтэй манай нөхөр очиж уулзаагүй. Тухайн үед танай хүүхэд унасны, манай хүүхэд унаад гэмтэл авсан байна, ямар нэгэн гэмтэл авсан байна уу гэж асуухад манай хүүхдэд мэдэгдсэн зүйл байхгүй байна, унасан бол зовиур илрэх ёстой гэж хэлсэн. Бид нар манай хүүхэд илүү унасан юм байна гэж бодсон. Манай хүүхэд сая 3 нас хүрсэн. Манай хүүхэд хэзээ ч худлаа ярихгүй. Хүүхдийн маань хэллэг тод хөгжсөн. Тухайн үед эмчилгээ хийлгэх болгондоо унасан тухайгаа ярьж байсан. Тэр үйлдлийг л утсан дээр бичиж авсан. Манай хүүхэд цаашдаа унаж татдаг хүндрэл гарах магадлалтай учраас маш их гомдолтой байна. Мөн хүүхдүүдийг цэцгийн мандлын хажууд суулгаад А.Гандолгор багшийг ирэхэд байрандаа сууж л байсан гэсэн. Тэгвэл энэ хүүхдүүд хэзээ нь тоглосон бэ,  тоглосон хугацаа гарч ирэхгүй байна. Тиймээс хүүхдийнхээ эмчилгээний зардал болон цаашид учирах хохирлыг Ө.Баярмагнай, А.Гандолгор нараар төлүүлж хариуцлага хүлээлгэмээр байна.  Улаанбаатар хотод 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд үнэтэй эм тариаг гадуур авч хийлгэсэн.  Эмчийн үзлэгийн төлбөр болон эм тариа, замын зардал, Говьсүмбэр аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал, ээж аавын хүүхдээ асрах хугацааны цалингүй чөлөөний зардал, тархины цахилгаан бичлэг болон компьютер томографикийн авахуулсан зурагны үнэ нийлээд 3 069 607  төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг

 

     4. Иргэний хариуцагч Ч.Ягаанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ хэрэг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр болсон. Манай багш нар бага насны хүүхдийг асарч хамгаалах, сурган хүмүүжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэж байх явцдаа анзаарагагүй байдлаас болж алдаа гаргасан юм шиг байна. Тухайн өдөр Ганпүрэв над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Би тэмцээнд орж байсан учраас утсаа сонсоогүй. 23 цаг болж байхад  би Ганпүрэв рүү залгаад яасан бэ гэж асуухад манай хүүхэд цэцэрлэг дээрээ байхдаа унаад толгой нь хавдсан байна гэж хэлсэн. Би өнөөдөр ажил дээрээ байгаагүй учраас мэдэхгүй байна, хоёр багшаасаа асууя гээд утсаа тасалсан. Өглөө ажил дээрээ ирээд хоёр багшдаа хүүхэд гэмтсэн байна гэхэд манай хоёр багш бид нар хүүхэд унагаагүй гэж хариулсан. Өглөө Ганпүрэвтэй таарахад хоёр багшид нь хэлсэн, Чойр явж үзүүллээ гэж байсан. Би сайн үзүүлж харуулаад оношийг нь сайн тодруулаад ир гэж хэлсэн. 3 дугаар сарын 17-ны өдөр хүүхдээ цэцэрлэгт өгсөн байсан. Багш нар хүүхэд зовиургүй, тоглож наадаад явж байна гэсэн. Тэгээд орой нь эмнэлэг явахдаа над руу утсаар хэлсэн. Би утсаар байнга ярьдаг байсан. Тэгээд 03 дугаар сарын 21-ний өдөр манай хүүхдийг гэмтээсэн багш нарт хариуцлага тооцно уу гэсэн өргөдөл орж ирсэн. Өргөдлийн дагуу багш нарын зөвлөлийн хурал хийн багш нартайгаа санал хуваалцахад С.Энхжинг унагасан гэдэг нь тогдоогдоогүй. Багш нар хүүхдийг цаг тутамд хариуцаж байдаг хариуцлагатай ажил хийдэг хүмүүс. Хоёр багшийн хувьд хүүхдийг унагаагүй, хэрэв унагасан бол хүүхдэд тэр даруй зовиур өгөх ёстой байсан гэж манай багш нар санал бодлоо хуваалцсан. Багш нар танай ангийн хүүхэд таны буруутай үйлдлээс болоод бэртэж гэмтээгүй ч гэсэн гэмтсэн эмнэлэгт хэвтэж байна. Тиймээс ар гэрийхэнтэй нь холбоо барьгэсэн зөвөлгөө өгсөн. Багш нарт хариуцлага тооцох гэхээр нотлох баримт байхгүй тул хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл шийдвэр гаргасан. О.Ганпүрэв рүү залгаад манай багш нар танай хүүхдийг унагаагүй гэж байна, тийм учраас хууль хяналтын байгууллагаар тогтоолгох нь зүйтэй байна гэсэн хариуг өгсөн. Гэхдээ албан ёсоор бичгээр хариу өгөөгүй, утсаар залгаж хэлсэн. Тэгээд хоёр багшдаа хариуцлага тооцоогүй. Гэхдээ  хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг дүгнэдэг. Боловсролын сэтгэл ханамжийн үйлчилгээ, эцэг эхээс санал гомдол ирсэн учраас 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй… гэх мэдүүлэг

 

5. Гэрч Н.Сэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би аавынхаа хашаанд юм хийж байсан. Тэгтэл манай эхнэр залгаад хүүхдийн бие өвдөөд байна, хоёр багш нь утсаа авахгүй байна гэж ярьсан. Маргааш өглөө нь хүүхдээ Чойрын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Наранбаатар эмч үзээд гайгүй байх, ажиглаж бай гэж хэлсэн. 03 дугаар сарын 17-ны өглөө эхнэр бид хоёр ажилтай байсан учраас охиноо цэцэрлэгт нь өгсөн. Орой нь хүүхдээ цэцэрлэгээс авсны дараа хүүхэд нэг л сонин байна, Чойр луу явж үзүүлье гээд явсан. Чойрт үзүүлэхэд яаралтай хот явах шаардлагатай байна толгой нь цуурсан байж магадгүй гэж хэлсэн. Шөнөдөө хот явж рентгегин эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл толгойн яс цурсан байна, хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Тэгээд охин эхнэр хоёр эмнэлэгт хэвтсэн... гэх мэдүүлэг

 

6. Гэрч Г.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Сэнгийн охин С.Энхжинг цэцэрлэг дээрээ унаад бэртсэн талаар би тэр оройд нь сонссон. Тэгээд би 2017 оны 03 сарын 20-ны үед байхаа Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ягаанцэцэгт энэ талаар өргөдөл өгчихөөд гарч явж байхад миний араас Ө.Баярмагнай багш дуудаж уулзсан юм. Тухайн үед би ууртай явж байсан болохоор Баярмагнай багштай муудалцсан юм. Дараа нь 2017 оны 04 сарын 02-ны бүтэн сайн өдөр намайг гэртээ байхад Ө.Баярмагнай багш манай гэрт уйлчихсан орж ирсэн. Тэгээд дээрийн муудсан асуудалдаа уучлалт гуйгаад би маргааш 1 дэх өдөр өргөдлөө өгөөд ажлаасаа гарчих уу яахав, намайг хүүдээ хэлээд өг. Надад ах дүү хамаатан, садангийн улс байхгүй, тэгэхдээ 500.000 төгрөг цуглуулж ирнэ. Тэрийг өгье. Би ганц охинтой хүн тэрнийхээ төлөө л ингэж уйлаад явж байна гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь би С.Энхжингийн асуудлын талаар би мэдэхгүй. Манай хүү Сэнгэ миний үгэнд орох ч үгүй. чи явж аав, ээжтэй нь уулз гэсэн юм. Тэгээд Баярмагнай багш манайхаас гараад явсан. Тэрнээс хойш Баярмагнай багштай уулзаагүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 112 дугаар хуудас/

 

7. Гэрч Н.Сэнгэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 03 сарын 15-ны өглөө ажлаасаа буугаад аавын хашаанд машин янзалсан. Орой эхнэр надруу залгаад Энхжин толгой өвдөөд байна, гулсуур дээрээс унасан гэж байна гэхээр нь багш нартай нь ярьсан юмуу гэхэд утсыг нь хүнээс асууж байна гэсэн. Тэгээд би орой 20 цагийн үед гэртээ харьсан. Би очоод тухайн үедээ хүүхдээ тийм ноцтой гэмтсэн гэж бодоогүй. Өөр өрөөнд хоол унд идээд байж байсан. 2017 оны 3 сарын 15-ны орой Энхжин өөрөө ерөнхийдөө хэвийн тоглож инээгээд зүгээр байсан. Хувцасыг нь тайлах үед баруун чихний ар хэсэгт эмзэглэлтэй, гар хүргэхгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь Энхжингийн цэцэрлэг дээр нь очоод аймаг руу явж Энхжинг үзүүллээ гэж багш болон эрхлэгчид нь хэлчихээд Ганпүрэв бид 2 охиноо аваад явсан. Чойрт ирээд Наранбаатар эчмид үзүүлсэн. Наранбаатар эмч юу гэж хэлсэн талаар манай эхнэр Ганпүрэв сайн мэдэж байгаа, ямар ч байсан ажиглах юм байна гэж би ойлгосон. Тэгээд 17-ны өглөө би ажилтай байсан болохоор Энхжинг ээж нь хүргэж өгсөн. Тэгээд өдрийн 17 цаг өнгөрч байхад манай эхнэр Ганпүрэв надруу залгаад хүүхдийн толгойны зовиур нь улам томорчихсон байна Чойр авч явж үзүүлье гэсэн. Тэгэхэд манай ажил тараагүй байсан бөгөөд цуг ажиллаж байсан хүн рүү яриад эхнэр хүүхэд аваад уурхайн хойд хаалган дээр хүрээд ир гэж хэлээд би өөрөө мастертаа хэлж, ажил тарахаас өмнө буугаад эхнэр хүүхдээ аваад Чойрын эмнэлэгт ирсэн. Тэр үед 18 цаг өнгөрч байсан. Тэгээд 103-ын эмчид үзүүлж рентген зураг авдаг хүнийг нь дуудаж Энхжингийн тархины зургийг авхуулсан. Тэгээд тархины цууралт байж магадгүй яаралтай Улаанбаатар явж үзүүл гэсэн. Эхнэр бид 2 Энхжинг аваад Улаанбаатар хотын ГССҮТ-д шөнийн 2-3 цагийн үед очсон байх. Тэгээд жижүүр эмчид нь үзүүлэхэд өглөө 10 цагт ирж зургийг авхуул гэсэн. Өглөө ирж зургийг нь авахуулахад миний хувьд Энхжингийн тархи цуурсан, жоохон цус хурсан гэсэн ойлголтонд хүрсэн. Тэгээд 2017 оны 03 сарын 23-ны өдөр эмнэлэгээс гараад явж байхад машин дотор Энхжин унасан талаараа ярихаар нь би гар тусаараа 1 минут 24 секунтын бичлэг хийсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/

 

8. Гэрч Ж.Баттулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би Шивээговь суманд эхнэр А.Гандолгор 1-8 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2017 оны 03 сарын 10-ны өдрөөс 17-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтсэн. 2017 оны 03 сарын 15-ны өдөр миний шинжилгээний хариу авах гэж эхнэр Гандолгор ирж уулзаад явсан. Тэгэхэд нэг их удаагүй шиг санагдаж байна. Тэгээд ажил руугаа буцаад явсан.... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 114 дүгээр хуудас/

 

9. Гэрч П.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Тухайн үед Гандолгорын нөхөр Ж.Баттулга манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. 2017 оны 03 сарын 15-ны өглөө 10 цагийн үед байсан санагдаж байна. Гандолгор эмнэлэг дээр ирээд нөхрийн шинжилгээний хариу гарсан уу гээд надтай уулзаж байсан. Дараа нь 11 цагийн үед байх намайг өрөөнөөсөө гарахад А.Гандолгор нөхөртэйгөө эмнэлгийн коридорт зогсож байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 115 дугаар хуудас/

 

10. Гэрч Л.Наранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 03 сарын 15-ны өдөр 11 цаг жоохон өнгөрч байхад би урд цэцэрлэгээс хойд цэцэрлэгрүү очиход Баярмагнай багш гадаа цэцэрлэгийн хашаан дотор цэцгийн мандал дотор хүүхдүүдээ бүгдийг нь суулгачихсан өөрөө хажууд нь суугаад хараад байж байсан. Туслах багш Гандолгор эзгүй байсан. Баярмагнай багш ганцаараа сууж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/

 

11. Гэрч Д.Ууганбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 03 сарын 15-ны орой манай ажлын Ганпүрэв бид 2 уурхайд ажилладаг Дэлгэртөгстэй таараад бид 3 цэцэрлэг дээр хүүхдээ авах гээд очсон. Баярмагнай багш ганцаараа байсан. Туслах багш Гандолгор багш байхгүй ажлаасаа буугаад явсан байсан. Бид нарыг цэцэрлэг дээр очоод манай нөхөр Гэрэлт-Од ирчихсэнхүүгээ хувцаслаж байсан. Танай хүүхэд Асутайн өмдний түрийг нь гутлын түрийнд нь эвгүй хийчихсэн байхаар нь би янзлах санаатай хүүхдийнхээ буриад гутлыг тайлахад гутлаас нь шороо асгарсан. Тэгээд бид нар хоорондоо гутлыг нь шороотой өмсүүлчихсэн байна гээд ярьж байхад Энхжин ээждээ миний толгой шороо болсон баба байна гэж хэлсэн. Тэгсэн Ганпүрэв Энхжингийн толгой хэсгийг нь гараараа илж шороо байсан бол арилгаж байсан. Би Энхжинрүү холоос харсан учраас толгой нь шороо болсон эсэхийг анзаарч хараагүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 117-118 дугаар хуудас/

 

12. Гэрч Д.Гэрэлт-Од мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би хүүхдээ хувцаслаад гарсан болохоор Энхжинг анзаараагүй. Энхжингийн толгой шороо тоос болсон эсэх алаар мэдэхгүй байна. Тэр орйо нь манай эхнэр Ууганбат л надад Энхжингийн толгой нь эвгүй болчихсон байна гэнээ гэж байсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 119 дугаар хуудас/

 

13. Гэрч Ю.Дэлгэртөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Манай хүүхэд тоглоод гэж ярьж байсан бөгөөд Энхжингийн талаар ямар нэгэн зүйл мэдээгүй. Маргааш нь Ганпүрэвийн хүүхэд гадаа гараад тоглож байгаад унасан байна. Багш нар нь унагаагүй гэсэн талаар сонссон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 121 дугаар хуудас/

 

14. Гэрч Д.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 03 сарын 16-ны өдөр 3 настай Энхжинг ээж нь болох О.Ганпүрэв Нэгдсэн эмнэлэг дээр авчирч амбулториор үзүүлсэн. С.Энхжинг 2017 оны 03 сарын 15-ны дөрө цэцэрлэг дээр тоглож байгаад гулсуураас унасан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд үзлэгийг хийхэд С.Энхжингийн баруун чамархайн ар дагзны дээд хэсэгт бага зэрэг хавантай, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй байсан. Ямар нэгэн зовиур илэрвэл эргэж үзүүлээрэй, тархи доргилтын шинж байгаа учир фезам эм уулгаад, хүйтэн жин тавиад түр харзная гэсэн. 2017 оны 03 сарын 17-ны өдөр би өвчтөн аваад хот руу явсан байсан бөгөөд Энхжингийн ээж нь над руу ярьсан бол ирж үзүүлээрэй гэж зөвөлсөн байх. Ер нь үйлчлүүлэгч нар над руу ярихаар нь би ирж үзүүл гэсэн шаардлага тавьдаг. Тэр өдрийн жижүүр эмч нь 13А маягт бичиж өгсөн байх... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 122 дугаар хуудас/

 

15. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинцилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтэнд:

-С.Энхжингийн биед баруун чамархай ясны шугаман хугарал, харалдаа хатуу бүрхүүл дээрх цус хуралт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-т зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт  хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэсэн дүгнэлт. /хх-ийн 131-р хуудас/

 

16. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С.Энхжингийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Гулсуурнаас унахад үүсэх болмжтой. Баруун чихний ар талаар хавдна гэдэг нь гаднах гэмтэл юм. Түүний чамархай ясны хугарал, хатуу бүрхүүл дээрх үүссэн цусан хураа байгаа нь толгойн КТГ-ын зургаар тогтоогдсон байгаа. Гавал тархины гэмтлүүд нь насанд хүрэгчдэд болон бага насны хүүхдэд илрэх клиник шинж тэмдгүүд адилхан байдаг. үүний илрэх зовиур нь хатуу бүрхүүл дээрх цусан хураа хэр томорч тархийг ямар хэмжээгээр дарж байгаа цаг хугацаанаас хамаарна. Энэ хугацаанд хүнд ямар нэгэн зовиур илрэхгүй, эрхэлж тоглоод эрүүл хүн шиг явж байж болно. Үүнийг гавал тархины гэмтлийн саруул үе гэж нэрлэдэг. Энэ хугацаанд оношлоод эмчилгээ хийж чадвал ямар нэгэн хүндрэл үүсгэлгүйгээр амь насыг аварч болдог. Гэхдээ нойр хоолондоо дургүй болж огиж бөөлжих, толгой өвлөх шинжээд их бага ямар нэгэн хэмжээгээр илрэнэ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-р хуудас/

 

17. Гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 13-17, 66-68 дугаар хуудас/

 

18. Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн дотоод журамын хуулбар, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн А/02 дугаартай 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын хуулбар,багш Ө.Баярмагнайгийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, цэцэрлэгийн багшийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны хуулбар, хөдөлмөрийн гэрэний хуулбар, Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, сахилгын шийтгэл ногдуулах тхуай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын хуулбар /хх-ийн 19-65 дугаар хуудас/

 

19. Гар утсанд үзлэг хийж бичлэгийг СИДИ-д хуулж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 69-72 дугаар хуудас/

 

20. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

 

21. Хохирогч С.Энхжингийн эмчилгээний зардалд гарсан тооцоо /хх-ийн 88-111 дүгээр хуудас/

 

 22. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн181-182 дугаар хуудас/

 

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж шүүх үзлээ.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 /Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах/ гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулинд хуульчлагдаагүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах/ дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэрэг байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байна.

 

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 /Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах/ дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Өөжигийн Баярмагнай, Боржигин овогт Александрын Гандолгор нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт байгаа Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Цэцэрлэгийн туслах багшийн ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм, шүүгдэгч нарын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгт цэцэрлэгийн багш болон туслах багшийн үүрэгт ажлыг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан, ажлын байрны тодорхойлолтонд зааснаар бүлгийн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж тэднийг ахуйн осол гэмтлээс хамгаалж ажиллах, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдлын дүрмээр хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллах үүрэг хүлээсэн, хүүхдийг эзэнгүй орхихгүй байх аюулгүй ажиллагааны зааварчилгааг авсан байсан байдал бүрэн тогтоогдсон уг ажилдаа хайнга хандсаны улмаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага ангийн хүмүүжигч 2 нас 8 сартай  С.Энхжингийн биед хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдсон байна.

 

Иргэний хариуцагч Ч.Ягаанцэцэг буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэг нь шүүгдэгч  Ө.Баярмагнайг 2014 оны 01 сарын 06-ны өдрийн Б/03 дугаарт тушаалаар бүлгийн багшийн ажилд томилсон, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 09 сарын 01-ны өдрийн 24 дугаарт тушаалаар А.Гандолгор нарыг туслах багшийн ажилд томилсон байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажлуулж байгаа ажил олгогч хүлээх үүрэгтэй байх тул иргэний хариуцагч Ч.Ягаанцэцэг буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгээс 3 069 607 /гурван сая жаран есөн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Энхжингийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэвт олгож, шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нараас хувь тэнцүүлэн 3 069 607 /гурван сая жаран есөн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгт олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “гар утсанд үзлэг хийсэн бичлэг-2” гэсэн бичигтэй сиди, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн камерын бичлэг хуулсан “2017” гэсэн бичиг бүхий цагаан өнгийн сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өөжигийн Баярмагнай, Боржигин овогт Александрын Гандолгор нарт холбогдох эрүүгийн 201708000062 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “гар утсанд үзлэг хийсэн бичлэг-2” гэсэн бичигтэй сиди, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн камерын бичлэг хуулсан “2017” гэсэн бичиг бүхий цагаан өнгийн сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагч Ч.Ягаанцэцэг буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгээс 3 069 607 /гурван сая жаран есөн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 12-1-10 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч С.Энхжингийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэвт олгож, шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор нараас хувь тэнцүүлэн 3 069 607 /гурван сая жаран есөн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгт олгосугай.

 

5. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Баярмагнай, А.Гандолгор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ