Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2022/0037

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Н, А.А, Д.С,

Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг дарга нарын хоорондын “Б сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан тоотын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагчид тус тус даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, А.А, Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С /цахимаар/, нэхэмжлэгч Л.Нгийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, гуравдагч этгээд Н.Хо, түүний өмгөөлөгч Э.Э, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Н, А.А, Д.С нар нь Б сумын Засаг даргад холбогдуулан “Б сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан тоотын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.

2. Иргэн О.Д нь Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, тус сумын 3-р багийн Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040997 дугаартай 5000 м2 газраас 2200 м2 газрыг Л.Нд шилжүүлэхээр 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн,

-Иргэн Н.Хо нь Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, тус сумын 3-р багийн Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040998 дугаартай 5000 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг 2022 оны 2 сарын 23-ны өдөр Л.Нд олгосноор Л.Н нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Н.Хын эзэмшлийн 5000 м2 газраас 2200 м2 газрыг А.Ад шилжүүлэх, 1400 м2 газрыг Д.Ст шилжүүлэх гэрээг А.А, Д.С нартай байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн.

Нэхэмжлэгч А.А, Д.С нь 2022 оны 03 сарын 01, 09-ний өдрүүдэд дээр дурдсан гэрээг үндэслэн өөрсдийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, Н.Хо, О.Д нарын газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэхээр гаргасан хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зургийг хавсарган Б сумын Засаг даргад гаргасан.

Хариуцагч Б сумын Засаг дарга 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 02/222  дугаартай албан бичгээр “Сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/307... дугаар захирамжуудаар иргэн О.Д, Н.Хо нарт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Өргөн булагт байршилтай 5000 мгазрыг тус тус  эзэмшүүлсэн байна. Дээрх иргэд нь Газрын тухай хуулийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га.гаас илүүгүй байна”, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй байна. Иймд дээрх иргэдийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг нэхэмжлэгч нарт өгсөн.

3. Нэхэмжлэгч нарын урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан гомдолд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 07/606 дугаартай албан бичгээр “...Б сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/307 ...дугаар захирамжуудаар иргэн О.Д, Н.Хо нарт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Өргөн булагт байршилтай 5000 мгазрыг тус тус  эзэмшүүлсэн байна, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн.

4. Нэхэмжлэгч Л.Н, А.А, Д.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Н миний бие иргэн О.Дгаас түүний хууль ёсны эзэмшлийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040997 дугаартай 5000 м.кв газраас 2200 м.кв талбай бүхий газрыг нь 2022 оны 2 сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авахаар тохиролцсон. Иргэн А.А болон Д.С бид иргэн Н.Хоос түүний хууль ёсны эзэмшлийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040998 дугаартай 5000 м.кв газраас 2200 м.кв талбай бүхий газрыг нь А.А, мөн 1400 м.кв талбай бүхий газрыг нь Д.С бид тус тус шилжүүлэн авахаар 2022 оны 3 дугаар сарын 6, 9-ний өдрүүдэд газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Бид дээрх газрыг шилжүүлэн авахаар гэрээ байгуулахаасаа өмнө газар дээр нь очиж үзэхийн зэрэгцээ, холбогдох баримт бичгийг шалгаж үзэхэд ямар нэгэн зөрчилгүй байсан тул гэрээ байгуулахаар болж, кадастрын зураг, эргэлтийн цэгийг нь тогтоолгож холбогдох баримтуудаа Б сумын Засаг даргад гаргасан. Гэтэл бидний хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй удаж байсан тул бид Төв аймгийн Засаг даргад хандахад 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 01/931 дугаар албан тоотоор өргөдөл гомдлыг зохих ёсоор шийдвэрлэхийг үүрэг болгосон. Үүний дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 01/222 албан тоот шийдвэрээр бидэнтэй зэрэг хүсэлтээ өгсөн байсан Н.Хо, О.Д нараас газар эзэмших эрх шилжүүлэн авч байсан Л.Түмэндэмбэрэл, Г.Бодьхүү, Ч.Энхтайван зэрэг олон хүмүүсийн өргөдлийг бүгдийг нь буцааж бидний дунд ганцхан хариуг бичгээр өгсөн. Уг албан бичигтээ газар эзэмших эрхээ шилжүүлж буй “Дээрх иргэд нь Газрын тухай хуулийн 29.1 дэх заалт “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, 40.1.6 дахь заалт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй” байна. Иймд дээрх иргэдийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.” гэсэн. ...Бидний өгсөн бичиг баримтуудыг хүлээж аваагүй, бүгдийг буцааж өгсөн, бид бүх баримтаа нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд өгсөн. Бид Засаг даргын өгсөн хариуг эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад гомдол гаргахад Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраараа дамжуулан дээрхтэй яг адил агуулгатай албан тоотыг 2022 оны 7 сарын 5-ны өдөр өгсөн. Дээрх Б сумын Засаг даргын татгалзсан хариу албан тоот нь дараахь байдлаар хууль тогтоомжид нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” гээд 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-д “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэсэн шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж, тодруулах ёстой байтал хуулийн энэхүү зохицуулалтаас хальж хамааралгүй хууль зүйн үндэслэлийг зааж газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй юм. Энэхүү хууль бус татгалзсан шийдвэрийн улмаас газар эзэмшигчдийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхийг хязгаарлаж байх бөгөөд нөгөө талаас Монгол улсын иргэнийхээ хувьд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх бүхий иргэдийн эрхийг зөрчиж байна... нэхэмжлэлээ дэмжиж байна. Газар эзэмших эрх шилжүүлэх ёстой татварыг төлсөн баримтаа шүүхэд өгсөн гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. ...Манай үйлчлүүлэгчийн хувьд эрхийн зөрчилгүй газар авсан учраас манай газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Л.Нгийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н, А.А, Д.С гэсэн 3 иргэн О.Д, Н.Хо нараас Б сумын 3 дугаар баг Өргөн гудамжинд байрлах хууль ёсны эзэмшлийн газраас нь зохих хэмжээгээр шилжүүлэн авах гэрээ байгуулаад Засаг даргад хүсэлтээ хүргүүлсэн боловч Засаг дарга татгалзаж шийдвэрлэсэн. Татгалзаж шийдвэрлэхдээ 2 үндэслэлийг заасан байгаа. Хууль ёсны дагуу буюу хуульд зааснаар 0.07 га-гаас илүү байна.  Мөн 2 жил дараалан шалтгаангүйгээр газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй учраас шилжүүлэх боломжгүй гэсэн байдлаар татгалзсан. Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг нь бусдад шилжүүлэх харилцааны хувьд нийцэхгүй учраас нэхэмжлэл гаргаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж зааснаар эдгээр баримтуудыг хавсаргаж өгсөн. Бүрдүүлж өгсөн баримтуудад дутуу бүрдэл байхгүй. Засаг дарга эдгээр бичиг баримтуудыг хүлээж аваад мөн хуулийн 38.3-т зааснаар дээрх дурдсан баримтууд байгаагаас гадна шилжүүлэх эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг шалгаад эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэрэг зүйлүүдийг шалгаад хуульд нийцэж байвал шилжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл хуульд байхгүй асуудлаар татгалзан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Газрыг 0,07 га газраас илүү эзэмшиж байгаа гэдгээр шилжүүлэхээс татгалзана гэдэг нь үндэслэлгүй, 2 жил дараалал ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй, гуравдагч этгээдийн хувьд уг газрыг Б сумын Засаг даргын 2016 оны А/307 дугаар захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон. Энэ захирамжид ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулсан хүчингүй болгосон зүйл байхгүй. Эзэмших эрхийн шийдвэр гарсан боловч 2022 оны сүүлд Төв аймгийн Газрын албанаас ирсэн баримтаар уг газрын гэрчилгээ гаргуулах ажиллагаа нь сүүлд хийгдсэн байсан. 2022 оны 1 сард хүсэлтээ өгч гэрчилгээ нь 2 сард гарсан. Засаг даргын татгалзаад байгаа 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдгийг Улсын Дээд шүүхээс тайлбарласан тайлбар болон шүүхийн практикт тогтсон жишиг гэвэл гэрчилгээг хаанаас олгосныг үздэг. Гэрчилгээгээ гаргуулж авснаас хойш энэ хугацааг тоолно гэж заасан. Энэ хугацаа нь 2022 оны 2 сараас хойш гэрчилгээ болон холбогдох баримтууд өгсөн байгаа. Тэгэхээр 2 жилийн хугацаанд гүйцэт ашиглаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хүсэлт гаргаагүй, 2016 онд газар авсан, хувийн хэрэг болоод хүсэлт нь захиргааны байгууллагад байхгүй гэдэг зүйл ярьж байна. Гэтэл хувийн хэрэг үүсгээд хадгалах чиг үүрэг нь захиргааны байгууллагад байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 29.1-д захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх, шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивд хадгална гэж зааснаар захиргааны байгууллагад байх ёстой. Газар авах гэж байгаа иргэд 1 удаа хүсэлтээ өгөөд тухайн хүсэлтийг өөртөө хадгалах шаардлага байхгүй. Гэтэл захиргааны байгууллага өөртөө байхгүй чиг үүргээ хэрэгжүүлж иргэдийг буруутгаж, иргэдээс нотлох баримт шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 38.2-т заасан эрх үүргийг шилжүүлж авч байгаатай холбоотой нотолгоог хавсаргаж ирүүлээгүй гэдэг зүйл ярьж байна. Нотолгоо гэдэг нь энэ газрыг шилжүүлж аваад эрх үүргийг шинээр эзэмшиж байгаа этгээд хүлээж авах боломжтой гэсэн зүйлийг харах ёстой. Үүнтэй холбоотой хүсэлтээ өгсөн. Үүнээс өөр нотлох баримт шаардах үндэслэлгүй. Мөн төлбөр төлөөгүй гэсэн зүйл ярьж байна. Газрын төлбөрийг одоо хэрэгт авагдсан баримтаар төлчихсөн байгаа. Хын хувьд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулагдсан байх жишээтэй, энэ гэрээн дээр график хугацаа гаргаад улирлаараа төлбөр төлдөг. Энэ хугацаа нь болоогүй байгаа. Энэ байдлыг захиргааны байгууллага харж үзээгүй. Гэрээний 6.4-т зориулалтын дагуу газар ашиглаагүй гэдгийг гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн хугацааг тоолно гээд тодорхой зааж өгсөн. Газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан гэдгээ албан тоотоор ирүүлсэн. Татгалзсан шийдвэр нь захиргааны акт тул хууль бус болохыг тогтоолгох шаардлага байна. Нэхэмжлэлд заасан газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/446 дугаар захирамжуудаар иргэн О.Д, Н.Дашням, Н.Хо нарт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Өргөн булагт байршилтай 5000 мгазрыг тус тус эзэмшүүлсэн байна. Дээрх иргэд нь Газрын тухай хуулийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна”, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй байна. Иймд дээрх иргэдийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна. Засаг даргын хувьд хуулийн дагуу хариу өгсөн. Анх энэ газрыг 2016 онд авахдаа хүсэлт гаргаагүй авсан, хувийн хэрэгт нэг ч баримт байхгүй. Д, Хо гэсэн хүсэлтүүд байдаггүй. Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж нь хуулийн дагуу гарсан уу, хууль бус гарсан уу асуултын хариуг өгсөн. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэсэн, мөн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зуслангийн зориулалтаар 10.6 га газрыг, Өргөн булагт 3.3 га газар олгохоор тусгасан байдаг. Тухайн 2 захирамжаар олгосон газрын хэмжээ 8.6 га, 3.3 га нийтдээ 12 га болж төлөвлөгөөнөөс 4 дахин илүү газар эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Ийм учраас зөвшөөрөөгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан бичгээр өмнөх эзэмшигч нарын хувьд хуучин мэдээллийн санд бүртгэсэн гэсэн баримт ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл захирамж гарсны дараа мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Үүнийг гуравдагч этгээдүүд бүртгэгдээгүй, 2022 онд авсан гэдгээр тайлбарладаг. Тухайн үед үүнийг бүртгэсэн байдаг, харин сүүлд 2022 оны шинэ программд бүртгэсэн асуудал харагддаг. Өнөөдрийг хүртэл газар эзэмших гэрээ хийгээгүй, газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Газрын тухай хуульд 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг эзэмшигч нар зөрчсөн байна. Тиймээс газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэл гаргаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-д 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг Засаг дарга нягтлах үүрэгтэй, хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т заасан хавсаргаж ирүүлэх баримтуудыг ирүүлээгүй. Тухайлбал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т албан татвар хураамж төлсөн тухай баримтыг хавсаргана гэж заасан, гэтэл энэ баримтуудыг ирүүлээгүй. Мөн хуулийн 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог ирүүлэх ёстой байсан боловч уг нотолгоог ирүүлээгүй. Зүгээр л нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, гэрчилгээний хамт өгсөн байдаг. Тэгэхээр энэ нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Гуравдагч этгээдүүд өнөөдөр газраа зараад алга болчих нэг асуудал харин нэхэмжлэгч нарын хувьд ямар нэгэн эрх зүйн гэрээ хийсэн учраас хохирох асуудал үүсэж байна. Та нараас зөвхөн албан тоотыг хүчингүй болгоё гэсэн асуудал хөндөж байна. Цаад агуулгаараа хуульд заасан хэмжээнээс хэтрүүлээд олгосон тул илт хууль бус захирамж гаргасан байгаа. Үүнийг хүчингүй болгохоос өмнө танай асуудал үүсээд шүүхээр явчихсан учраас өнөөдрийг хүртэл хүчингүй болгож чадаагүй. Эхлээд энэ асуудлыг шийдчихээд гуравдагч этгээдийн асуудлыг шийдвэрлэнэ. Гуравдагч этгээдийг манай 0,07 га газрыг өгчих, тэгээд эвлэрье гэдэг асуудлыг хөндөх байх гэж бодож байтал нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжээд орж ирсэн байна. Газрын тухай хуулийн 29.1-д иргэнд 0,07 га газар эзэмшүүлэхээр заагаад өгчихсөн. Хэрэв 0,07 га газраас илүү газар олгох юм бол дуудлага худалдааны зарчмаар олгоно гээд заачихсан. Бид нар өнөөдөр хууль зүйн талаасаа маргаж байгаа боловч ийм үндэслэлгүй захирамжийг та бүхэнд дахиад шилжүүлэх юм бол ямар эрх зүйн үндэс болох юм бэ, өнөөдрийн Засаг дарга дахиад хууль зөрчиж газар олгох болчихоод байна. Нэг Засаг дарга нь хууль зөрчөөд олгочихдог, дараагийн Засаг дарга нь тэрийг нь баталгаажуулаад дахиад хууль зөрчих юм уу, энэ асуудал дээрээс татгалзаж байгаа. Уг нь та нар гуравдагч этгээд буюу газар зарсан этгээдүүдтэйгээ энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Нотлох баримтуудыг өгсөн л гээд яриад байна, өгөөгүй л байгаа. Хүсэлт гаргахдаа тухайн газартаа үйл ажиллагаа явуулж байсан юм уу, албан татвар төлсөн тухайгаа хавсаргаагүй. Үүнийгээ хавсаргаж өгөөгүй байж хавсаргасан мэтээр ярьж болохгүй. Гуравдагч этгээдээс бүх зүйл төрийн буруу гэдэг асуудлыг хөндөж байна. Үүнийг төрийн байгууллагын хувьд хүлээн зөвшөөрнө. Яагаад гэхээр Засаг дарга 0,07 га газар өгөх ёстой байтал 5000 м/кв газар олгосон нь буруу, дараа нь гэрчилгээ, гэрээний асуудлыг шийдээгүй. Гэтэл яагаад 2016 оноос 2022 он хүртэл бүтэн 6 жилийн турш уг газар минийх мөн үү, мэдээллийн санд орсон уу ороогүй юм уу, гэрээгээ хийе гэж очоогүй юм бэ, зөвхөн Газрын даамал, захиргааны байгууллага руу бурууг чихээд байж болохгүй. Дөнгөж мэдээллийн санд оронгуутаа дараагийн эзэмшигч рүү шилжүүлж гэрээ байгуулсан байгаа. Нэхэмжлэлдээ хуулийн дагуу өгсөн газар байсан гэж дурдсан байна. Тэрийг та бүхэн яаж мэдээд байгаа юм бэ, шалгаж үзэхэд ямар нэгэн зөрчилгүй байсан гэж нэхэмжлэлдээ дурдаж байна, та бүхэн юуг нь шалгасан юм бэ, та нар зөвхөн гэрчилгээ, кадастр, захирамжийг л шалгаж байгаа. Тэр захирамжаар 5000 м/кв газар өгчихсөн байна. Гэтэл хуульдаа 0,07 га газар өгөхөөр заасан. Тэгээд яагаад 2016 оноос 2022 он хүртэл тэр газраа ашиглаагүй юу ч хийгээгүй байдаг юм бэ, яагаад гэрээ хэлцэл хийгээгүй юм бэ, миний хувьд гуравдагч этгээдийг газар авах хүсэлтээ өгсөн юм уу бүү мэд, гэнэт газрын мэдээллийн сан дээр 2022 онд газрынх нь мэдээлэл ороод ирчихээр нь энэ асуудлыг шийдвэрлэнэ гээд 3 иргэн газар өгчихсөн асуудал байна. Газрын мэдээллийн санд яагаад орсон бэ гэхээр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас албан бичиг ирсэн. Он дуусахаас өмнө хуучин мэдээллийн санд байгаа газруудын мэдээллийн сангийн бүртгэлийг нь нөхөж бүрдүүлж хий гэдэг үүрэг ирсний дагуу бүгдийг нь мэдээллийн санд оруулсан. Түүнээс биш, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэлж байгаагаар өмнөх газрын мэдээллийн санд мэдээлэл ороогүй биш, орчихсон байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс мэдээллийн санд орсон учраас гэрээгээ хийгээд газраа эзэмшээд явах эрх нь нээлттэй байсан. Хууль бус захирамжийг дахиад цаашаа дахин хууль бус эрх шилжүүлэх захирамж гаргах боломжгүй гэв.

Гуравдагч этгээд О.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Төв аймгийн Б сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах нэгж талбарын 4116040997 дугаартай 5000 м2  талбай бүхий өөрийн эзэмшлийн бичиг баримтын болон эрхийн зөрчилгүй газрыг Л.Нд хууль ёсоор шилжүүлэн өгсөн. Гэтэл одоог хүртэл тус газрыг шилжүүлэн өгөхгүй нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Миний бие нэхэмжлэгч нарыг дэмжсэн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэжээ.

Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн Б сумын 3 дугаар баг, Өргөн булаг гудамжинд байрлах нэгж талбарын 4116040997 дугаартай 5000 м2 талбай бүхий өөрийн эзэмшлийн бичиг баримтын болон эрхийн зөрчилгүй газрыг Л.Нд хууль ёсоор шилжүүлэн өгсөн. Гэтэл одоог хүртэл тус газрыг шилжүүлэн өгөхгүй нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна... Миний бие 3 нэхэмжлэгч нарыг дэмжсэн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. ...Би 2016 онд суманд өргөдлөө өгсөн, газрын даамал руу 2, 3 удаа холбогдоход захирамж гарахаар холбогдоно гээд утсаа салгаад байсан. Надад захирамж гарсан гэж хэлээгүй. 2022 онд зуслангийн газраа шилжүүлэхээр газрын албанд хандсан, тэгэхэд эзэмшлийн захирамж гарсан байсан...нөхөн бүрдүүлэлтээр газраа авч болно гэж хэлсэн. Миний утасны дугаар мэдээлэл байхгүй гээд байна. Уг нь газар эзэмших хүсэлтээ өгсөн, өмчлөлийн газраа ч авч байсан учраас тухайн суманд миний мэдээлэл байх ёстой. Миний мэдээлэл байгаа учраас Засаг дарга нь над руу ярьж хууль бус газар эзэмшсэн байна, шилжүүлж чадахгүй гэж утсаар ярьсан. Засаг даргад миний мэдээлэл байсан болоод л надтай ярьсан байх. Суманд миний мэдээлэл байх ёстой гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргаа иргэдтэй харилцаж байгаа газрын эрх зүйн харилцаанд өөрөө ямар ч эрх мэдэлгүй, шүүгчийг гуйсан, шүүхээр хэргийг шийдвэрлэх гэж байгаа агуулгатай тайлбар хэлээд байгаа нь боломжгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрхий их хальж байна. Хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол 6 жилийн хугацаанд газрын эрхийг цуцлахгүй яасан юм бэ, Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж газар авсан. Нэхэмжлэгч талаас газрын талаар мэдээлэл авахаар очихоор мэдээллийг нь өгдөггүй, хүнд суртал гаргадаг гэж хэлж байна. Гэтэл шүүх хуралдааны танхимд орж ирэхээрээ захиргаа хүчгүй, чадалгүй, бяр тэнхээгүй, хууль тогтоомж зөрчсөн гээд байдаг. Хэрэв хууль тогтоомж зөрчсөн бол түүний залруулах нь захиргааны байгууллагын өөрийнх нь чиг үүрэгт хамааралтай. Хийгээгүй эс үйлдэхүйн төлөө шилжүүлж авсан иргэдийн буруутгасан иргэд рүү дайрсан, маргааны үйл ажиллагаанаас хальсан зүйл яримааргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх гэж байхад хариуцагчийн өнөөдрийн тайлбарлаад байгаа тайлбарууд илтэд үндэслэлгүй тайлбар хэлж байна. Захиргааны байгууллагад байсан хувийн хэргийг бид нар очоод авахгүй. Тэр хувийн хэргийг хэн авах юм бэ, та нар өөрсдөө байхгүй болгосон хувийн зохион байгуулалтын асуудал байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх онцгой анхаарч нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхээ эдлэх боломжийг нь хангаж өгөх нь зүйтэй байна. Иргэн, төр хоёрын тэнцвэртэй тэнцвэргүй байдлыг захиргааны хэргийг шүүх шийдвэрлэдэг. Иргэн давуу байдлаар дээрэмдээд авчихсан юм шиг захиргаа нь гуйгаад хууль бус юмыг нь залруулах гээд байгаа юм шиг утгагүй тайлбарыг хэлж болохгүй гэж үзэж байна...гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрын гэрчилгээ хэзээ олгосноор газар эзэмших эрх нь үүснэ, гуравдагч этгээдүүдийн хувьд 2022 оны 2 дугаар сараас эхлэн газрын гэрээ гэрчилгээ нь олгогдсон бөгөөд тэр үеэс эхлэн зөвхөн газрын эзэмших эрх нь үүсэж, газрын гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас газар эзэмших эрхийг хууль ёсоор авсан байгаа. Гуравдагч этгээдүүдээс нэхэмжлэгч нар руу газрыг шилжүүлэх харилцааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 38.1-д зааснаар энэ харилцааг зохицуулсан. Газрын тухай хуулийн 38.1-д ямар тохиолдолд ямар баримт бичгийг бүрдүүлж газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх боломжтой вэ гэдэг зүйлийг хууль тогтоогчоос хуульчилсан. Мөн хуулийн 38.3-т заасны дагуу тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийг шилжүүлэх харилцааг нягтлан шалгаад бүрдэл бүрэн байвал шилжүүлэх үүргийг Засаг даргад хуулиар хүлээлгэсэн. Энэ хуулийн 38.2-т заасан 4 үндэслэл бүхий баримтуудыг гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нар бүрдүүлж, нотариатаар гэрчлүүлж хавсаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Харин хариуцагчаас газар шилжүүлэх эрхийг шилжүүлэхгүй байх татгалзсан үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар эзэмшүүлэх эрхээс татгалзсан үйл баримт тодорхой харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан учраас энэ шаардлагын хүрээнд маргааны үйл баримтыг тайлбарлах нь зүйтэй. 2022 оны 2 дугаар сард газар эзэмших эрх нь албан ёсоор гэрчилгээ, гэрээгээ байгуулж үүссэн учраас энэ үеэс хойш 2 жилийн хугацаанд тоолох нь хуульд нийцэж байна. Газрын тухай хуульд зааснаар Газрын даамал болон газар зохион байгуулагч хуулийн 28 дугаар зүйлд зааснаар газрын төлбөрийг төлүүлэх үүрэгтэй, газрын төлбөрийг ногдуулах, тогтоох үүрэг нь газрын улсын байцаагч нар. Захиргаа өөрөө газрын төлбөрийг ногдуулах, гэрээ гэрчилгээг бичиж олгох үүрэг нь өөрсдөд нь ногдсон байхад энэ үүргээ бусдаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын гэрээ гэрчилгээ бичигдэж газар эзэмших эрх үүссэнээс хойш 2 жилийн харилцааг тоолоход өнөөдрийн байдлаар 10 сарын хугацаа өнгөрсөн байгаа учраас үүнийг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг харилцаанд хугацааг тоолоход хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл 24 сарын хугацаанд хамаарахгүй зөвхөн 10 сарын хугацаа өнгөрсөн байгаа. Талбайн хэмжээг нэмэгдүүлж олгосон гэж тайлбарлаж байна. Захиргаа өөрөө газар олгосон, захиргаа хуулиар олгосон газар эзэмшүүлэх үүргээ биелүүлээгүй байж бусдаас хариуцлагыг шаардаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан харилцааг хэрэглэхдээ 40 дүгээр зүйлд заасан харилцаатай хамааруулж хэрэглэж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Өнөөдрийн маргаж байгаа маргааны хувьд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотой маргаан явж байгаа гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. Хэрэв хүсэлт өгөөгүй байхад газар олгож байгаа бол захиргааны өөрийнх нь буруу. Үндэслэлгүйгээр газар авна гэдэг боломж байхгүй. Газрын хэмжээг захиргаа өөрөө л олгосон. Талбайн хэмжээг нэмэгдүүлээд өгчихсөн байгаа. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан газар эзэмшүүлэх ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журмаар энэ харилцааг зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл талбайн хэмжээг нэмэгдүүлээд хуульд зааснаас илүүг оногдуулсан бол дуудлага худалдааны анхны суурь үнийг төлүүлээд энэ харилцааг цааш нь үргэлжлүүлээд явдаг. Гэтэл одоо ийм боломж байхгүй, мэдэхгүй, сонсоогүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Захиргаа хуульд заасан харилцаагаа хэрэгжүүлээгүй байж бусдаас хариуцлага шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад Б сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан тоотын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагчид тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

1. Иргэн Л.Н нь иргэн О.Дгаас түүний хууль ёсны  эзэмшлийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040997 дугаартай 5000 м.кв газраас 2200 м.кв талбай бүхий газрыг нь 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авахаар тохиролцсон.

2. Иргэн А.А болон Д.С бид иргэн Н.Хоос түүний хууль ёсны эзэмшлийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040998 дугаартай 5000 м.кв газраас 2200 м.кв талбай бүхий газрыг нь А.А, мөн 1400 м.кв талбай бүхий газрыг нь Д.С бид тус тус шилжүүлэн авахаар 2022 оны 3 дугаар сарын 6, 9-ний өдрүүдэд газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.

3. Газрыг шилжүүлэн авахаар гэрээ байгуулахаасаа өмнө газар дээр нь очиж үзэж, холбогдох баримтыг бичгийг шалгаж үзэхэд ямар нэгэн зөрчилгүй байсан тул гэрээ байгуулахаар болж, кадастрын зураг, эргэлтийн цэгийг нь тогтоолгож холбогдох баримтуудаа Б сумын Засаг даргад гаргасан.

4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-д “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэсэн шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж, тодруулах ёстой байтал хуулийн энэхүү зохицуулалтаас хальж хамааралгүй хууль зүйн үндэслэлийг зааж газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй.

5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхийг хязгаарлаж байх бөгөөд нөгөө талаас Монгол улсын иргэнийхээ хувьд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх бүхий иргэдийн эрхийг зөрчиж байна гэж тайлбарлан маргасан байна.

 

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 10/07 дугаар тогтоолоор тус сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, зуслангийн зориулалтаар нийт 10,6 га газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн[1],

-Б сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар иргэн Н.Хо, О.Д нарт Эрдэнэ 3 дугаар баг Өргөн булаг гэх газарт байрлалтай тус бүр 5000 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн[2],

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 07/1084 тоот албан бичигт “Газрын кадастрын шинэ мэдээллийн системд иргэн Н.Ход эзэмшүүлсэн 5000 м2 газрыг нэгж талбарын 4116040998 дугаараар, иргэн О.Дд эзэмшүүлсэн 5000 м2  газрыг нэгж 4116040997 дугаараар тус тус 2016 оны 9 сарын 12-ны өдөр бүртгэсэн[3],

-Иргэн Н.Хо, О.Д нар 2022 оны 2 сарын 23-ны өдөр №0000039441, 000039445 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ“-г Газрын кадастрын мэдээллийн системээс хэвлэж авсан[4],

-Төв аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн ҮАГ-НАГ/2019/01-НА-09/211 дугаартай албан шаардлагын “Шаардах нь” хэсгийн 2-т “иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх 0,07 га газрыг хэтрүүлж, 235 иргэнд эзэмшүүлсэн 394.1 сая төгрөгийн дуудлага худалдааны анхны үнэ бүхий 105.9 га газрын 0,07 га-гаас илүү олгосон газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох... зориулалтын дагуу эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэний газрыг сумын 2020 оны төлөвлөгөөнд тусгуулж,газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх..хавсралтын №30-т “Н.Хо-Газрын ДХА үнэ-1,720,000”, №32-т “О.Д-Газрын ДХА үнэ-1,720,000” гэсэн[5],

-2022 оны 02 сарын 23-ны өдрийн №0338 дугаартай иргэн О.Дгаас Б 3-р баг Өргөн булаг гудамжинд байрлах 5000 м2 газраас 2200 м2 газрыг Л.Нд шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[6],

-2022 оны 02 сарын 23-ны өдрийн №0054 дугаар итгэмжлэлээр иргэн Н.Хоос Л.Нд Б 3-р баг Өргөн булаг гудамжинд байрлах 5000 м2 газрыг “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах...” бүрэн эрхийг олгосон[7],

-Иргэн Н.Хыг төлөөлж Л.Н нь Б 3-р баг Өргөн булаг гудамжинд байрлах 5000 м2 газраас 2200 м2 газрыг нь А.Ад шилжүүлэх, 1400 м2 газрыг Д.Ст шилжүүлэхээр А.А, Д.С нартай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ[8],

-Н.Хоос Б сумын Засаг даргад гаргасан  “...сумын 3-р баг Өргөн булаг дахь 5000 м2 газраас 2300 м2 газрыг А.Агийн нэр дээр, 1400 м2 газрыг Д.Сын нэр дээр шилжүүлэх” тухай хүсэлт[9],

-Нэхэмжлэгч А.А, Д.С нараас Б сумын Засаг даргад гаргасан “газрыг газар эзэмших эрх шилжүүлж гэрээгээр шилжүүлж авсан тул миний нэр дээр гэрчилгээг гаргаж өгнө үү” гэх хүсэлт[10],

-Б сумын Засаг даргын 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 02/222  дугаартай “Сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжуудаар иргэн О.Д, ...Н.Хо нарт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Өргөн булагт байршилтай 5000 мгазрыг тус тус  эзэмшүүлсэн байна. Дээрх иргэд нь Газрын тухай хуулийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га.гаас илүүгүй байна”, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй байна. Иймд дээрх иргэдийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн албан бичиг[11],

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 07/606 дугаартай “...Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307...дугаар захирамжуудаар иргэн О.Д, ...Н.Хо нарт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Өргөн булагт байршилтай 5000 м2 газрыг тус тус эзэмшүүлсэн байна. Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн албан бичиг[12],

-Н.Хын шүүх хуралдаанд өгсөн “...би 2016 онд суманд өргөдлөө өгсөн, газрын даамал руу  2,3 удаа холбогдоход захирамж гарахаар холбогдоно гээд утсаа салгаад байсан. 2022 онд зуслангийн газраа шилжүүлэхээр газрын албанд хандсан, тэгэхэд эзэмшлийн захирамж гарсан байсан...нөхөн бүрдүүлэлтээр газраа авч болно гэж хэлсэн...” гэсэн тайлбар,

-Хариуцагчийн “Н.Хо, О.Д нар газраа эзэмшиж ашиглаагүй, газрын фото зургийг хэрэгт өгсөн” гэсэн тайлбар,

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 07/909 дугаартай “Н.Хо, О.Д нар нь 2016-2022 онуудад газрын төлбөр төлөөгүй”[13] гэсэн зэрэг нотлох баримтуудаар Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар тус сумын 3-р баг, Өргөн булаг гэх газарт байрлалтай тус бүр 5000 м2 газрыг Н.Хо, О.Д нарт зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, Газрын кадастрын мэдээллийн санд 2016 оны 09 сарын 12-ны өдөр бүртгэсэн, Н.Хо, О.Д нар нь тухайн газрын төлбөрийг 2016-2022 онуудад төлөөгүй бөгөөд О.Д нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 4116040997 дугаартай 5000 м2 газраас 2200 м2 газрыг Л.Нд шилжүүлэх, Н.Хо нь өөрийн эзэмшлийн 4116040998 дугаартай 5000 м2 газраас 2200 м2 газрыг А.Ад, 400 м2 газрыг Д.Ст тус тус шилжүүлэхээр гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлэн, холбогдох баримтын хамт Б сумын Засаг даргад хүсэлтээ гаргасан.

 Хариуцагч нь 2022 оны 6 сарын 16-ны өдрийн 01/222 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч нарт өгч маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан нь тогтоогдож байна.

 

Дөрөв. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.” гэж, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж тус тус заасан.

 

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Нэхэмжлэгч нарт өөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр гэрээ байгуулж, хүсэлт гаргасан Н.Хо, О.Д нар нь Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн, тус сумын 3-р багийн Өргөн булаг гудамжинд байрлах, нэгж талбарын 4116040997, 4116040997 дугаар бүхий тус 5000 м2 газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.2.3-т тус тус зааснаар 2016-2022 онуудад төлөөгүй бөгөөд Төв аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн ҮАГ-НАГ/2019/01-НА-09/211 дугаартай албан шаардлагад зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх хуульд заасан 0,07 га газраас илүү эзэмшиж буй газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 1,720,000 төгрөгийг тус тус төлөөгүй, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс гадна газар эзэмшигч О.Д нь өөрийн эзэмшлийн 5000 м2 газраас 2200 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг Л.Нд шилжүүлэн эзэмшүүлэх, Н.Хо нь өөрийн эзэмшлийн 5000 м2 газраас 2200 м2 газрын, А.Ад 1400 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус тус шилжүүлэн эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, хариуцагчид энэ тухай хүсэлт гаргахдаа газрын төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх тусгай зарчим“, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” гэж заасанд нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авах хүсэлтийг хуульд заагаагүй буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заагаагүй “Газрын тухай хуулийн 29.1-д зааснаар илүү газар эзэмшсэн, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй” гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хүсэлтдээ газрын төлбөр төлсөн баримт хавсаргаж өгөөгүй” хэмээн тайлбарлан маргасан. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтдээ Газрын тухай хуулийн 38.2.3.-т зааснаар “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”-ыг хариуцагчид өгөөгүй төдийгүй, тухайн газрын төлбөрийг 2016-2022 онуудад төлөөгүй, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Иргэнд үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га” хэмжээний газраас илүү эзэмшиж буй газрын дуудлага худалдааны анхны үнийг Төрийн аудитын байгууллагаас тогтоосон албан шаардлагын дагуу төлөөгүй байх тул хариуцагчийн татгалзсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 3, 38 дугаар зүйлийн 38.2.3, 38.3.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн болно.

 

3. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч нараас “2022 оны 1 сард хүсэлтээ өгч гэрчилгээ нь 2 сард гарсан.  ...Гэрчилгээгээ гаргуулж авснаас хойш газар эзэмших эрх үүснэ, газар эзэмших ашиглах гэрчилгээг авсан хугацаанаас эхэлж тоолно, газрын төлбөрийг гэрээ байгуулснаас хойш улирлаар төлдөг” хэмээн маргаж, Газрын кадастрын мэдээллийн сангаас 2022 оны 2 сарын 23-ны өдөр авсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 8 сарын 01-ний өдрийн 04137-2016/70642 дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар маргаан бүхий газруудыг Газрын кадастрын мэдээллийн санд 2016 оны 9 сарын 12-ны өдөр бүртгэсэн, газар эзэмшүүлэх гэрээ нь 2016 оны дугаартай байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон. Газар эзэмших эрхээ шилжүүлэхээр нэхэмжлэгч нартай тохиролцсон газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т зааснаар “газрын төлбөр төлсөн баримт”-аа хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй нь нотлогдсон тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч нарын дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан бөгөөд иргэн Н.Хо, О.Д нарт газар эзэмшүүлсэн Б сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/307 дугаар захирамж хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн “Газрын тухай хуулийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна” гэж зааснаар илүү газар эзэмшсэн, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй” гэх тайлбарт шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүйг дурдаж байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.” гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар 35.3.2, 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.2.3, 38.3.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н, А.А, Д.С нарын “Б сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/222 дугаар албан бичгийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Нд О.Дгийн Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн А.Ад Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах 2200 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахыг, иргэн Д.Ст Н.Хын Б сумын 3-р баг, Өргөн булаг гудамжид байрлах, 1400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргахыг тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОДСҮРЭН

 

 

[1] Хавтас хэргийн 39 дэх тал,

[2] Хавтас хэргийн 88 дахь тал,

[3] Хавтас хэргийн 15, 81, 61 дэх тал,

[4] Хавтас хэргийн 6, 8 дахь тал,

[5] Хавтас хэргийн 120-122 дахь тал,

[6] Хавтас хэргийн 5 дугаар тал

[7] Хавтас хэргийн 7 дугаар тал

[8] Хавтас хэргийн 16 дугаар тал

[9] Хавтас хэргийн 13, 17 дугаар тал

[10] Хавтас хэргийн 12, 18 дугаар тал

[11] Хавтас хэргийн 27 дугаар тал

[12] Хавтас хэргийн 27 дахь тал

[13] Хавтас хэргийн 68 дахь тал,