Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Д.У******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У*******т холбогдох эрүүгийн 2515001370142 дугаартай, 304/2025/0146/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Т******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт, Булган аймгийн Т******* сумын Х******* 1 дүгээр баг У******* эрэг гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Д******* У******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.У******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т******* сум Х******* 1 дүгээр баг “У******* эрэг” гэх газарт хохирогч Ц.Э******* улсын дугаартай “Т” загварын тээврийн хэрэгслээр дайрч биед нь “баруун тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй, сэтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515001370142 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.У******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т******* сум Х******* 1 дүгээр баг “У******* эрэг” гэх газарт хохирогч Ц.Э******* улсын дугаартай “Т” загварын тээврийн хэрэгслээр дайрч биед нь “баруун тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй, сэтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.У*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч Ц.Энхцэцэгийн өгсөн: “...Энэ хавар буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би нөхөр Б.Э хамт гэртээ байж байсан чинь манайд машинтай С.Хосгэрэл, Д.У******* нар ирсэн. Тэгээд манай нөхрийг авч явах гээд байхаар нь би хамт явъя гэж хэлээд тэр хоёртай хамт бид дөрөв С.Х гэрт очиж Д.У*******ын мотоциклийг нөхөр бид хоёр авахаар очсон. Нөхөр бид хоёр Д.У*******ын мотоциклийг нь нэг бяруугаар сольж авахаар хоорондоо тохиролцсон байсны дагуу Д.У*******ын мотоциклийг авахаар явсан юм. Тэгээд бид дөрөв С.Х гэрт нь очоод удаагүй Д.У*******ын мотоциклыг нь аваад манай нөхөр жолоодоод би ард нь суугаад хөдөлсөн. Хөдлөөд явж байсан чинь С.Хосгэрэл зогсоорой зогсоорой гээд бид хоёрын араас чирэгдсэн. Тэгэхээр нь би нөхрөө зогс гэж хэлээд зогсоогоод манай нөхөр намайг мотоциклоо түшээд зогсож бай би С.Хосгэрэлийг оруулж унтуулчихаад ирье гээд С.Хосгэрэлийг манай нөхөр хөтлөөд гэр рүү нь явж байсан. Харин би мотоциклоо түшээд зогсож байсан чинь Д.У******* нь С.Х машинтай хүрч ирээд намайг мотоциклтой маань хамт дайраад би мотоциклдоо дарагдаж унаад хөл маань гишгэж болохгүй өвдөөд байхаар нь гутлаа тайлаад харсан чинь шилбээрээ хугарсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр С.Хосгэрэлээр гэртэй машинаар нь хүргүүлсэн. Д.У******* нь С.Хд үлдсэн. Тэр оройдоо түргэн дуудаад сумын төв орсон. Тэгээд маргааш нь Булган аймгийн төвд ирж хагалгаанд орсон бөгөөд миний баруун хөл маань 4 хугарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би болон манай нөхөр бид хоёр хоёулаа эрүүл байсан. Харин С.Хосгэрэл, Д.У******* хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Д.У******* нэлээн согтуу өөрийгөө хянах чадваргүй шахуу байсан. Арай тасарч бол унаагүй байсан. Мөн С.Хосгэрэл нь бас согтуу байсан бөгөөд Д.У*******ыг бодоход арай гайгүй байсан. Тухайн үед бид дөрвийн дунд ямар ч хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Д.У******* нь ямар шалтгааны улмаас машинтай ирж намайг дайрсныг би мэдэхгүй байгаа. Их согтсоны гай л гэж бодож байна. Тухайн үед Д.У*******аас өөр миний биед гэмтэл шарх учруулсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

2. Хохирогч Ц.Энхцэцэгийн дахин өгсөн: “…Нөхөр бид хоёр мотоциклоо аваад сундлаад явж байхад С.Хосгэрэл араас мотоциклоос татаад байх шиг байсан би хараад нөхрийгөө зогсоорой гэж хэлээд зогсоод манай нөхөр С.Хосгэрэлийг гэрт нь оруулж өгөх гээд аваад явсан би мотоциклоо түшээд зогсож байхад араас Д.У*******, С.Х машинтай мотоциклтой хамт хамаад мөргөсөн тэр үед миний хөл хугарсан. С.Хосгэрэлийг араас татахад нөхөр бид хоёр мотоциклоос унаагүй. Тухайн үед миний баруун хөл хугарсан биеийн өөр бусад хэсэгт ямар нэг гэмтэл аваагүй. Тухайн үедээ Д.У******* цагдаад битгий хэлээч хохирлыг чинь барагдуулж өгнө гээд гуйгаад байхаар нь цагдаад хэлээгүй. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй сураггүй алга болчихоор нь цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргасан. Эхэндээ Д.У******* үхэр зараад 900,000 төгрөг өгсөн дараа нь Д.У*******, С.Хосгэрэл 2 увуулж, цувуулж 1,100,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг бэлэн өгсөн. Мөн суултуур, өвчин намдаах эм, кальци авч өгсөн тэр нь хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Би сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

3. Гэрч С.Х өгсөн: “...Хавар буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Т******* суманд гэртэй ганцаараа малаа харж байтал манай нутгийн ах Д.У******* манайд ирсэн. Тэгээд Д.У******* ах надад хэлэхдээ би Загасаа ахтай наймаа хийх гэж байгаа гээд Ц.Энхцэцэг эгч Загасаа ах хоёрыг гэрээс нь очиж аваад буцаад манай гэрт ирсэн. Тэгээд Д.У******* ах Загасаа ах Ц.Энхцэцэг эгч хоёрт мотоциклоо өгөөд оронд нь бяруу авахаар тохиролцсон. Тухайн үед манайд 0.75 литрийн хугас шил архи байсан юм. Тэр архийг бид 4 хувааж ууж дуусаад Загасаа ах Энхцэцэг эгч хоёр явахаар хөдөлсөн. Тэгээд тэр хоёр манай малын хашааны урд явж байгаад унах гээд байхаар нь би барьж авах гэж байсан чинь тэр хоёр мотоциклтойгоо газар уначихсан юм. Тэгсэн чинь Загасаа ах босоод мотоциклоо босгоод Энхцэцэг эгч газраас босож амжаагүй байсан чинь гэнэт Д.У******* ах миний машинтай ирээд Ц.Энхцэцэг эгчийг мотоциклтой нь хамт давхар дайраад нидрээд зогссон. Тэгээд Ц.Энхцэцэг эгчийг мотоциклтой нь мөргөчихөөд буцаж ухраад малын хашаа бөгсөөрөө мөргөөд зогссон. Тэгэхээр нь би Д.У******* ахыг та чинь хүн дайрчихлаа шүү дээ яаж байгаа юм бэ гэсэн чинь Д.У******* юм хэлээгүй машинаасаа буугаад ирсэн. Тэгсэн чинь Загасаа ах Ц.Энхцэцэг эгч хоёр чи машинаараа хүний хөл дайраад хугалаад хаячихлаа шүү дээ гэсэн чинь Д.У******* ах нэг сонин юм л яриад байсан. Тухайн үед би юу яриад байгааг сонсож чадаагүй. Тэгээд Д.У******* ах Загасаа ахад өгсөн мотоциклоо асаагаад унаад явсан. Харин Загасаа ах Ц.Энхцэцэг эгч бид 3 манайд үлдсэн. Тэгээд би Ц.Энхцэцэг эгч Загасаа ах хоёрыг өөрийнхөө машинтай гэрт нь хүргэж өгсөн. Ц.Энхцэцэг эгчийг Загасаа ах бид хоёр арай хийж дамжилж машиндаа суулгасан. Тэр хоёрыг би гэрт нь хүргэж өгчихөөд гэртэй харьсан. Загасаа ах, Ц.Энхцэцэг эгч бид 3 бол нээх согтоогүй гайгүй байсан. Харин Д.У******* ах урд өдөр нь архи уучихсан байсан бөгөөд тухайн үед бол нэлээн согтолттой байсан. Тэгээд согтуу мөртлөө мотоциклоо унаад яваад өгснийг бодоход биеэ авч явах чадвартай байсан гэж бодож байна. Тухайн үед Загасаа ах, Ц.Энхцэцэг эгч, Д.У******* ах бид дөрвийн дунд ямар ч хэрүүл маргаан болон зодоон цохион болоогүй. Ямар ч муудалцсан зүйл байхгүй. Тухайн үед миний машин гэрийн гадаа байсан бөгөөд хаалга нь онгорхой түлхүүр машин дотор дунд хайрцагт байсан бөгөөд смарт болохоор товчлуур дараад л асчихдаг юм. Тийм болохоор Д.У******* ах миний машиныг гэрийн гаднаас асааж унаж ирээд Ц.Энхцэцэг эгчийг дайрчихсан. Яагаад дайрсан шалтгааныг бол сайн мэдэхгүй байна. Д.У******* ах нэлээн согтчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

4. Гэрч С.Х дахин өгсөн мэдүүлэг "...Мотоциклоос унахад ямар нэг хөл хугарсан, гэмтэл авсан зүйл байхгүй байсан налаад зөөлөн унасан. Ц.Энхцэцэг эгч мөргүүлсний дараа хөл хугарчихлаа гээд орилоод байсан, машинаар мөргөснөөс болоод хөл нь хугарсан. Тэгээд гаргаж ирээд хөлийг нь харахад хөл нь сул эргэж байсан. Ц.Энхцэцэг эгч, Б.Энхбаяр ах хоёр мотоциклтойгоо зүүн тийшээ унасан. Эхлээд Б.Энхбаяр ах босоод араас нь Ц.Энхцэцэг эгч босохын завдалгүй босож амжаагүй байхад баруун хойд талаас нь Д.У******* ах машины зүүн урд талаар мөргөөд түрсэн. Тухайн үед Ц.Энхцэцэг эгчийн баруун хөл мотоциклийн дээр нь байсан. Тэгээд машин, мотоцикль хоёрын завсраар хавчигдаад хугарсан байх. Миний өөрийн эзэмшлийн улсын дугаартай сувдан цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Одоо би машинаа зарсан байгаа. Ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал,

5. Гэрч Б.Э өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би малдаа явчхаад гэртэй орж ирээд байж байсан чинь манайд манай нутгийн залуучууд болох Д.У*******, С.Хосгэрэл хоёр ирсэн. Би урд нь Д.У*******тай мотоциклийг нь нэг бяруугаар авахаар ярьж тохиролцсон байсан бөгөөд тухайн үед Д.У******* нь би урагшаа явах гэж байгаа та миний мотоциклийг одоо авуул ав айлын гадаа байгаа гэхээр нь мотоциклийг нь авахаар болоод С.Х машинтай манай эхнэр Ц.Энхцэцэг, Д.У*******, С.Хосгэрэл бид дөрөв С.Х гэр рүү явсан. Тэгээд С.Хд очоод мотоциклийг нь аваад би жолоодоод манай эхнэр миний ард суугаад хөдөлсөн чинь араас С.Хосгэрэл зүүгдээд байхаар нь зогсоод эхнээр Ц.Энхцэцэгээр мотоциклоо түшүүлж зогсоолгоод би С.Хосгэрэлийг хөтлөөд гэр рүү нь оруулах гэж байсан чинь Д.У******* нь С.Х машинтай хүрч ирээд манай эхнэр Ц.Э******* мотоциклтой нь хамт дайрчихсан. Тэгэхээр нь би С.Хосгэрэлийг тавьчхаад эхнэр дээрээ гүйгээд очсон чинь манай эхнэр газар уначихсан мотоциклийнхоо доор нь орчихсон байсан болохоор мотоциклийг нь холдуулсан чинь эхнэр маань хөл өвдөөд байна гэхээр нь гутлыг нь тайлаад харсан чинь хөл нь хугарчихсан байсан. Тухайн үед Д.У******* нь бас машинтай ухарч байгаад ардаа байсан малын хашааг хамт мөргөөд зогссон. Тэгээд эхнэр бид хоёр С.Хосгэрэлийг гуйж машинаар нь гэртэй хүргүүлсэн. Тэр оройдоо түргэн тусламж дуудсан. Манай эхнэр Ц.Энхцэцэг бид хоёр бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин Д.У******* болон С.Хосгэрэл хоёр архи уучихсан нэлээн согтуу байсан бөгөөд хөл дээрээ бол тогтоцгоож байсан. Тухайн үед манай эхнэр Ц.Энхцэцэг болон Д.У*******, С.Хосгэрэл бид дөрвийн дунд ямар ч хэрүүл маргаан болон зодоон цохион болоогүй. Ямар ч муудалцсан зүйл байгаагүй. Муудалцаж зодож цохисон зүйл бол байхгүй. Харин манай эхнэр Ц.Э******* мотоцикл түшээд зогсож байхад нь Д.У******* машинаар дайрч хөлийг нь хугалсан. Өөр зүйл болоогүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

6. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Даваажаргалын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №БУЛ0725/164 дугаартай “...Ц.Энхцэцэгийн биед баруун тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй, сэлтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал, хугарлыг эвлүүлэх хадах мэс засал, дагз, өвдөг, шилбэнд шарх, хамрын нуруу зүүн тийш хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо, ...Баруун тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй, сэлтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно, дагз, өвдөг, шилбэнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.”

Тогтоогдсон нь:

“1. Ц.Энхцэцэгийн биед баруун тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй, сэлтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал, хугарлын эвлүүлэх хадах мэс засал. Дагз, өвдөг, шилбэнд шарх, хамрын нуруу зүүн тийш хуучин мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр цохигдох, дарагдах, шахагдах механизмаар үүснэ.

3. Баруун тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй, сэлтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Дагз, өвдөг, шилбэнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно.

Хамрын нуруу баруун тийш мурийлт гэмтэл нь архаг өвчин болон хуучин гэмтлийн гаралтай тул эрүүл мэндийн хохирлын зэрэг тогтоохгүй.

4. Магадлуулагчийн биед тогтоогдсон гэмтлүүд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-т хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр хохирлын зэргийг тогтооно гэж заасан. Иймд дээрх гэмтлүүд бүгд хохирлын ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх тогтоогдсон:

-Баруун тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй, сэлтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал, дагзны шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд 2025 оны 03 дугаар сарын 12-нд ууссан байна.

-Өвдөг, шилбэнд шарх гэмтэл нь 2025 оны 03 дугаар сарын 12-нд үүсээгүй, эмчилгээний явцад үүссэн байх боломжтой.

-Хамрын нуруу баруун тийш мурийлт гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Д.У******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Т******* сум Х******* 1 дүгээр баг “У******* эрэг” гэх газарт хохирогч Ц.Э******* улсын дугаартай “Т” загварын тээврийн хэрэгслээр дайрч биед нь “баруун тахилзуур ясны хөндлөн зөрөөтэй, сэтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.  

Хохирогч Ц.Энхцэцэг нь шүүгдэгч Д.У******* нь тээврийн хэрэгслээр дайрч хохирогчийн биед баруун тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй сэтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал зэрэг гэмтэл учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа заан мэдүүлснийг давхар гэрч С.Хосгэрэл, Б.Энхбаяр нар, шинжээч эмч Э.Даваажаргалын дүгнэлт зэргээр гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №164 дугаартай дүгнэлтэд “...Ц.Энхцэцэгийн биед баруун тахилзуур ясны хөндлөн зөрүүтэй сэтэрсэн хугарал, шаант ясны хөндлөн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдсон, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол гэж ойлгох бөгөөд учруулсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.У*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Д.У*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн Д.У******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.У******* нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.У******* нь хохирогч Ц.Энхцэцэгтэй эмчилгээний зардал 10,000,000 төгрөгийг мал оролцуулж өгөхөөр тохиролцсон. Хохирогч Ц.Энхцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй гэх хүсэлтийг цагдаагийн шатанд гаргаж өгсөн байна. Иймд шүүгдэгч Д.У*******ыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.У*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 93-100 дүгээр талд авагдсан жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.У******* нь Булган аймгийн Т******* сумын Х******* 1 дүгээр баг У******* эрэг гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.У*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Д.У******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, энэ хэрэгт гэмт хэргийг улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол нөхөн төлүүлэхээр тогтоогдсон иргэний нэхэмжлэгчгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүх шүүгдэгч Д.У******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн тодорхой хувийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай..

5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ