Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2022/02615

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2022/02615 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч- Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Яармаг, шинэ оргил хороолол 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух Ө  овогт Э.Б /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч- Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хангарьд сити 0 дүгээр хороолол, 00000 тоот хаягт байрлах А   овогт О.С /00000000/т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х

Хариуцагч О.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч О.С-т холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зүс таних О.С нь фэйсбүүкийн цахим хуудсаараа дамжуулан хүнд даацын авто машин зарж байхыг олж хараад, машин худалдаж авахаар тохиролцож О.Ст урьдчилгаа дүн болох 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тухайн үед О.С нь яаралтай мөнгөний хэрэг болоод байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна гэж ятгасан. Гэтэл миний захиалсан машин ирсэн бэлэн байгаа, зургийг нь явуулъя гээд зургийг харахад арлын дугаарыг цохиж арилгаад, шинээр арлын дугаар хийж илтэд засварласан байдалтай байсан учраас эргэж холбогдоод машиныг авахгүй, наймаагаа больё гэж хэлсэн. Гэтэл О.С нь миний мөнгийг өгөхгүй явсаар 4 000 000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 6 000 000 төгрөгийг өгөөгүй. Иймд О.Саас үлдэгдэл 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Э.Б гэх залуу зараа устгачих би машиныг авъя гээд урьдчилгаа 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг машиныг Замын-Үүдэд үлдээчих би урагшаа чиргүүл захиж авч байгаа гэж хэлээд тэр чиргүүл захиж буй хүнтэй намайг уулзуулж надаар дамжуулж чиргүүлийн урьчилгаа мөнгийг шилжүүлсэн. Гэвч Э.Б нь машинаа авахгүй, миний үлдэгдэл мөнгийг өгөхгүй, чиргүүл ирээгүй байна гэж хүлээлгэний эцэст машинаа авахааргүй боллоо гэж хэлсэн. 8 000 000 төгрөгийг буцааж өгөхөөр тохиролцоод 4 000 000 төгрөгийг би өгсөн. Одоо 6 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнээс болж тухайн үед зарах байсан машинаа 10 гаруй сая төгрөгөөр доогуур зарсан бөгөөд миний хохиролд 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон тул үлдэх 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Э.Б-ийн А.Х-д олгосон итгэмжлэл, машины арлын дугаарын зураг, Э.Бийн цахим үнэмлэхний хуулбар, Э.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-9 ху/

 

4. Хариуцагчаас: О.С-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгийг гаргаж өгсөн байна. /хх 22-23 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2021.02.01-ний өдөр О.С-аас фэйсбүүкийн цахим хуудсаар дамжуулан хүнд даацын авто машин худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Худалдаж авахаар тохиролцсон автомашины зургийг харахад арлын дугаарыг цохиж арилгаад, шинээр арлын дугаар хийж засварласан байдалтай байсан учраас тухайн машиныг худалдан авахаа больсон. Урьдчилгаа төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөгийг хүлээн авсан. Үлдэх 6 000 000 төгрөгийг хариуцагч О.С төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч О.С нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Автомашин худалдан авахаар тохиролцож, 10 000 000 төгрөг төлсөн боловч чиргүүлтэй хамт татаж авна гээд машинаа хүлээж авахгүй удаасан. Өөр хүнээс худалдан авах чиргүүлийн төлбөрийг мөн миний дансаар дамжуулан төлсөн. Тухайн үед нүүрсний тээвэр хэвийн явагдаж байсан тул миний зарж байгаа автомашинуудыг худалдан авах сонирхолтой хүмүүс их байсан. Гэтэл үүнээс хойшхи хугацаанд нүүрсний тээвэр зогссоноор машины ханш унаж, би зах зээлийн ханшнаас маш бага үнээр худалдсан. Энэ үед нэхэмжлэгч ч гэсэн өөрийн буруугаа ойлгож, надад учруулсан хохиролд 2 000 000 төгрөг суутгуулахаар тохиролцсон гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.1 Зохигч, North Benz маркийн чирэгч автомашиныг худалдах худалдан авахаар цахимаар тохиролцсон

 

4.1.2 2021.02.05-ны өдөр машины урьдчилгаа гэсэн утгатай 10 000 000 төгрөгийг, 2021.02.06-ны өдөр чиргүүл гэсэн утгатай 6 615 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Э.Бийн Хаан банкин дахь 5558013815 дугаарын данснаас хариуцагч О.Сын Хаан банкин дахь 5076135172 дугаарын данс руу 3 хуваан шилжүүлсэн, /хх 9, 22, 23 ху/

 

4.1.3 Хариуцагч О.Саас 4 000 000 төгрөг нэхэмжлэгч Э.Бид буцаан төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигч автомашин худалдах худалдан авахаар цахим хуудсаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг төлсөн, худалдах худалдан авах гэрээг талууд цуцалж, 4 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлсөн талаар маргаангүй, харин худалдах худалдан авах гэрээ цуцлах үндэслэл, гэрээ цуцалсны хохиролд хариуцагч 2 000 000 төгрөг суутган тооцох эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдол, зөрчилгүй эд хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч маргаан бүхий автомашины арлын дугаар засвартай байсан нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж, хариуцагч автомашиныг нэхэмжлэгчид худалдахдаа цахимаар видео хийж, асааж унтраах болон эд ангийг бүгдийг харуулсан, арлын дугаар засвартай байх нь доголдолтой эд хөрөнгөд хамаарахгүй, гэрээ цуцалснаар хохирол хүлээсэн гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгч буюу талуудын автомашиныг худалдан авахаа больсон, 4 000 000 төгрөг буцаан төлсөн, автомашиныг бусад этгээдэд худалдсан... гэх тайлбарыг үндэслэн, дээрх үйл баримтаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч тухайн гэрээг цуцалсан гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийн үлдэх хэсэг болох 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч ...тухайн үед North Benz маркийн чирэгч автомашин зах зээлд эрэлт ихтэй, өндөр ханшаар худалдагдаж байсан...надад учруулсан хохиролд 2 000 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутгахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж маргах боловч хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлох үүрэгтэйг дурдаад хариуцагчийн татгалзал нотлогдохгүй гэсэн үндэслэлээр О.Саас 6 000 000 төгрөг гаргуулан Э.Бид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно.

 

 

Түүнчлэн шүүх, талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байгаа тохиолдолд гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан эсэх, гэрээг цуцлах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг А овогт О-гийн С /000000000/-аас 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулан Ө овогт Эр-ын Б/ЙТ00000000/-д олгсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Саас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ