| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03044/И |
| Дугаар | 183/ШШ2022/03200 |
| Огноо | 2022-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2022/03200
2022 оны 11 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2022/03200 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо,0 байр,00 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Г.Н /00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, жаргалан хотхон, 0 байр, 00 тоот хаягт оршин суух, Тайж овогт Д.Н /00000000/-т холбогдох
Үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги 12 875 000 төгрөг, нийт 38 625 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бумчин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.Э нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Д.Нт холбогдуулан Үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги 12 875 000 төгрөг, нийт 38 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Н нь 2019.05.21-ний өдөр хариуцагч Д.Нтэй зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаатай 25 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч Д.Н нь зээлийг хугацаандаа эргүүлэн төлөөгүй, зээлээ төлөх тухай асуухад төлсөн гэх мөртлөө хэдэн сарын хэдэнд хийсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгдөггүй. Нэхэмжлэгч Г.Нийн дансанд орж ирээгүй юм. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.1, 282 дугаар зүйлийн 282.1.2, 232 дугаар зүйлийн 232.1.3, 232.6.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Д.Нээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги 12 875 000 төгрөг, нийт 38 625 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.Н шүүхэд бичгээр хариу тайлбар өгөөгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй боловч зээлийг буцаан төлж байсан. Хариуцагчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэзээ, хэдэн төгрөг буцаан төлсөн талаар санххгүй байх бөгөөд хэрэгт ирсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч хэд хэдэн дансаа хаасан байна. Иймд эдгээр баримтыг шүүхийн журмаар гаргуулсны дараа хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох боломжтой болох байтал шүүх энэ эрхээр нь хангасангүй. Мөн зээлийн мөнгөн хөрөнгийг Х ХХК-иас шилжүүлсэн байх тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.05.21-ний өдрийн зээлийн гэрээ, итгэмжлэл зэрэг баримтыг гаргасан. /хх 3-5 ху/
4. Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл ирүүлсэн. /хх 11ху/
5. Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, нэхэмжлэгчээс Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Х ХХК-ийн 409048249 тоот дансны хуулга, Хаан банк ХХК-иас Г.Нийн 2019.10.01-2022.10.04-ний өдөр хүртэлх хугацааны Хаан банкин дахь дансны хуулга зэргийг гаргуулан бүрдүүлсэн. /хх 23-78 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Д.Нээс зээлийн гэрээний үүрэгт 38 625 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагчтай 2019.05.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2019.07.07-ны өдөр хүртэл хугацаатай 25 000 000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагч Д.Н өнөөдрийг хүртэл гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 750 000 төгрөг, алданги 12 875 000 төгрөг, нийт 38 625 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлж байсан боловч хэдий ч хэзээ хэдэн төгрөг төлсөн үйл баримтаа хариуцагч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санахгүй байгаа юм. Иймд энэ талаарх баримтыг шүүхийн журмаар нэхэмжлэгч болон банкуудаас гаргуулах нь хариуцагчийн татгалзлын нотлоход ач холбогдолтой. Түүнчлэн зээлийн мөнгийг Д.Н биш Х ХХК-иас шилжүүлсэн нь эргэлзээ төрүүлж байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2019.05.21-ний өдөр Г.Н, Д.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 25 000 000 төгрөгийг 2019.07.07-ны өдөр хүртэл хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтэй тэнцэх алданги тооцохоор тохиролцсон, /хх 4ху/
4.2 Х ХХК-ний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 409048249 дугаарын данснаас 2019.05.21-ний өдөр Х ХХК-иас түр зээл Наранцэцэг Долгор гэх утгатай 25 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 64ху/
5. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн нь зээлийн гэрээгээр нотлогдох тул зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан 2019.05.21-ний өдрийн зээлийн гэрээнд Г.Н, Д.Н нар гарын үсэг зурсан байх боловч зээлийн мөнгөн хөрөнгийг Х ХХК-ний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 409048249 дугаарын данснаас 2019.05.21-ний өдөр Д.Нт шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Н нь өөрийгөө Х ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд учир зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, энэ талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий хүсэлтийг гаргаагүй.
Иймд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч Г.Нийг зээлийн гэрээний дагуу Х ХХК-иас хариуцагч Д.Нт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй этгээд мөн болох нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
6. Энэхүү шүүхийн шийдвэр нь Х ХХК хариуцагч Д.Нээс зээлийн гэрээний үүргийг шаардахад саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.Нээс 38 625 000 төгрөг гаргуулах тухай Г.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ