| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03821/И |
| Дугаар | 183/ШШ2022/03191 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2022/03191
2022 оны 11 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2022/03191 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Сайнцагаан сум, 0 дүгээр баг, Мандал 0-н задгай 0 тоот хаягт оршин суух, Тахиа овогт Ц.Б /00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө гудамж, Ц төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/ -д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ц ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний талд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/01790 дүгээр шийдвэрээр ЦДҮС ТӨХК-д ажилд эгүүлэн тогтоосон. ЦДҮС ТӨХК-д миний бие 2022 оны 08 дугаар сарын 18-нд ажилд орсон. Миний бие ам бүл 6, эхнэр өвчтэй, гэрт ганц ажил хийдэг хүн байдаг. Иймд ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 04-2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Говийн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албаны сургалт бүтээмжийн инженерээр ажиллаж байсан Ц.Бийн 2022 оны Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/шш2022/01790 дугаар шийдвэрээр үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажиллаагүй байсан хугацааны олговрыг тогтоосон. Компанийн зүгээс 6-7 дугаар саруудад шүүхийн шийдвэр гарсан эсэх талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа очиж лавласан. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дахин очиход Ж.Сэмжид шүүгч болон шүүгчийн туслах амарсан байсан. Хажуу талын шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг хайж байгаад гаргаж ирсэн. Бид шийдвэрээ гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд холбогдон эгүүлэн томилох шийдвэрийг гарган 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс Ц.Бтэй холбоо тогтоох гэтэл утас нь холбогдох боломжгүй байсан. Компанийн хүний нөөцөд бүртгэлтэй гэр бүлийн гишүүдийн утасны дугаар луу холбогдоход бүгд холбогдоогүй. Мөн Ц.Бийн урд нь ажиллаж байх үедээ амьдарч байсан хашаа руу нь Говийн бүсийн салбарын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Гочиход хэн ч байгаагүй болно. Харин түүний хүү болох Б.Я-тай 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр фэсбүүкийн мессенжер чатаар Г.Алтангэрэл миний бие холбоо тогтооход Аав урд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажил эрхэлж байгаа бөгөөд сүлжээгүй газар байдаг гэсэн хариуг өгсөн. Бидний зүгээс яаралтай холбогдоорой гэсний дагуу Ц.Б эргэж холбогдон 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ илэрхийлсний дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар ажилд эргүүлэн томилсон. Ч.Батсүхийн нэхэмжлэлд дурдсан 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаа нь шүүхийн шийдвэр албажих хугацаа байх бөгөөд 2022.07.28-08.17-ны өдрийг хүртэлх хугацаа нь шийдвэр гардаж авснаас хойш компанид хуулиар олгогдсон мөн нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн хугацаа болно. Ц.Бийн 2022 оны Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ы өдрийн 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрийн 15 дугаарт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын Об-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг үндэслэн Ц.Бийн нэг өдрийн дундаж цалин хөлсөнд ногдох 86,181 төгрөгийг /2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03- ны өдөр хүртэлх хугааны ажлын 79 хоногоор тооцож, 6.808.299 төгрөгийн ажилгүй байсан хугацааны/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Ц ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Ц.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ц ТӨХК-д даалгасан. Мөн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/438 дугаар тушаалын 3-т зааснаар ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/шш2022/01790 дугаар шийдвэрийн дагуу нөхөн олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийж баталгаажуулахыг... тус тус даалгасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан мөн компанийн зүгээс шүүхийн шийдвэрт дурдсан хугацааны нөхөн олговрыг олгосон бөгөөд нэхэмжлэлд дурдсан хугацаа нь компаниас үл хамаарах тул шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2022.08.24-ний өдрийн Дундговь аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 277 дугаар албан тоот, хаягийн тодорхойлолт, цахим үнэмлэхний лавлагаа, 2022.06.03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/01790 дүгээр шийдвэр, 2022.08.16-ны өдрийн Ц ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын Б/438 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх 2-12 ху/
4. Хариуцагчаас: Шүүхийн шийдвэр гардуулсан баримт, 2022.06.03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/01790 дүгээр шийдвэр, 2022.08.16-ны өдрийн Ц ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын Б/438 дугаар тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг өгсөн. /хх 23-28 ху /
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Б 2022.06.04-ний өдрөөс 2022.08.17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Ц ТӨХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022.02.11-ний өдрийн ажил олгогчийн тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсанаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зохих нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгасан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг 2022.08.17-ны өдөр биелүүлсэн тул 2022.06.04-ний өдрөөс 2022.08.17-ны өдөр хүртэл хугацааны цалинг 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрт дурдсан нэг өдрийн цалингийн хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Ц ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 183/шш2022/01790 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор тогтоосон бөгөөд тус шүүхийн шийдвэрийг шүүгч, шүүгчийн туслах амарсан гээд 2022.07.27-ны өдөр хүлээн авсан. Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд холбогдон эгүүлэн томилох шийдвэрийг гарган 2022.08.07-ны өдрөөс хойш Ц.Бтэй холбоо тогтоох гэхэд өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь утас нь холбогдохгүй байсан. Өмнө амьдарч байсан хаягаар очиход хүн байгаагүй. Ингээд түүний хүү Б.Ялалт-ай 2022.08.12-ны өдөр фэсбүүкийн зурвасаар холбогдоход Ц.Бийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаа талаар хэлснээр нэхэмжлэгчтэй холбогдож, гүйцэтгэх захирлын 2022.08.16-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар ажилд эргүүлэн томилсон. Нэхэмжлэлд дурдсан 2022.06.04-ний өдрөөс 07.27-ны өдрийг хүртэлх хугацаа нь шүүхийн шийдвэр албажих хугацаа байх бөгөөд 2022.07.28-08.17-ны өдрийг хүртэлх хугацаа нь шийдвэр гардаж авснаас хойш компанид хуулиар олгогдсон давж заалдах гомдол гаргах болон мөн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн хугацаа тул тухайн хугацааны цалинг ажил олгогч хариуцахгүй. Мөн тус шүүхийн 2022.06.03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрээр цалин хөлсийг өмнө шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрээр Ц.Бийг Ц ТӨХК-ний Говийн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албаны Сургалт бүтээмжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ц ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 808 299 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн, /5-7 ху/
4.2 2022.08.16-ны өдөр Ц ТӨХК-нийн Гүйцэтгэх захирлын Б/438 дугаар тушаалаар Ц.Бийг 2022.08.18-ны өдрөөс Говийн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албаны Сургалт бүтээмжийн инженерийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, /хх 8-12ху/
4.3 Харицуагч Ц ТӨХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрийг 2022.07.27-ны өдөр гардаж авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 23ху/
5. Зохигч 2022.06.04-ний өдрөөс 2022.08.16-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч хариуцах үндэслэлтэй эсэх талаар маргаантай.
6. Хэрэгт авагдсан Ц ТӨХК-нийн Гүйцэтгэх захирлын Б/438 дугаар тушаалаар Ц.Бийг 2022.08.18-ны өдрөөс Говийн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албаны Сургалт бүтээмжийн инженерийн ажилд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан баримтаар хариуцагч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаар шийдвэрийг 2022.08.16-ны өдөр биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Иймд шүүхийн шийдвэр гарсан 2022.06.03-ны өдрөөс 2022.08.16-ны өдөр хүртэл хариуцагч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй, түүний эрх зөрчигдсөн байдал хэвээр байсан тул нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Тодруулбал, 2022.06.04-ний өдрөөс 2022.08.16-ны өдөр хүртэл ажлын 45 хоногийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 183/ШШ2022/01790 шийдвэрт дурдсан дурдсан нэг хоногийн цалин болох 86 181 төгрөгөөр тооцож, 3 878 145 төгрөгийг хариуцагч Ц ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бэд олгж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж, зохих бичилтийг нөхөн бичих хийхийг даалгах нь зүйтэй.
Хариуцагчийн шүүхийн шийдвэрийг 2022.07.27-ны өдөр гардаж авсан, үүнээс хойш 2022.08.07-ны өдөр хүртэл хариуцагч хуульд заасан давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх хугацаа байсан, нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн хаягтаа оршин суухгүй байсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болгосон, талуудын маргааныг шүүх өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан татгалзал нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, ажлаас буруу халсан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалснаар ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж тус тус заасан тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд давж заадах гомдол гаргах хугацаа болон нэхэмжлэгчтай холбогдох боломжгүй байсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Мөн хариуцагч 183/ШШ2022/01790 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацааны цалин олговрыг нэхэмжлэгч гаргуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэхж үзэхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгээд, хариуцагч Ц ТӨХК-иас нэхэмжлэгч Ц.Бийн ажилгүй байсан 45 хоногийн цалин олговорт 3 878 145 төгрөг гаргуулан Ц.Бэд олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж, зохих бичилтийг нөхөн бичих хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчаас гаргуулах улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар хариуцагч Ц ТӨХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 45 хоногийн цалин олговорт 3 878 145 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бэд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Ц ТӨХК-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч Ц ТӨХК-иас 77 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ