Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 00218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Сумъяажав,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Н.Энхболд нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранцэцэгийн Энхболдод холбогдох эрүүгийн 1738000000032 тоот хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Бэсүд овогт Наранцэцэгийн Энхболд, 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн 05-07 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Регистрийн РМ93021219 дугаартай.

Шүүгдэгч Н.Энхболд нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд иргэн А.Мөнхзултай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Н.Энхболд нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд иргэн А.Мөнхзултай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болох нь:

Хохирогч  А.Мөнхзулын: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Түнэл сумын 6 дугаар багт найз залуу Нямсүрэнгийнд унтаж байхад байшингийн хаалга гаднаас хоёр согтуу хүн цохиод нэлээд удсан. Тэгсэн чинь манай найз залуу Нямсүрэн хэн бэ гэж асуухад буугаад ир гээд нэг эрэгтэй хүн дуудаад байсан. Тэгсэн чинь Нямсүрэн буугаад явсан. Тэр гурав хоорондоо юм яриад байсан. Энхболд гэдэг залуу нь намайг манай найз залууд би анх эмэгтэй хүн болгож өгсөн юм гээд байсан. Тэгсэн чинь Нямсүрэн тоохгүй байсан. Би тэгэхээр нь Нямсүрэнг орж ирж унтаж амар гэж хэлсэн. Тэгсэн чинь Энхболд гэдэг залуу манай байшингийн дээд давхар руу гараад ирсэн. Би тэр үед юу ч хэлээгүй. Тэгсэн чинь миний унтаж байсан хөнжлийг Энхболд татаж аваад том шанагатай ус над руу цацаад авсан. Би тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд түлхээд авсан чинь зүүн шанаа руу алгадаад миний хоолойг боогоод авсан. Тэр үед Нямсүрэнг ирээд намайг салгаж байхад баруун гар руу нэг удаа өшиглөөд зүүн дал руу нэг удаа өшиглөөд чамайг ална гээд архины шил бариад дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямсүрэнгийн: “...Тэгэхээр нь би байшингийн дээд давхраас хэн бэ гээд буусан чинь Энхболд, Заяа хоёр байсан. Тал шилтэй архи Энхболд барьчихсан намайг авчирсан архийг уу гээд байсан. Тэгээд би байшингийн давхар руу тэр хоёр залуугаар өргүүлээд гарсан чинь араас Энхболд гарч ирээд найз хүүхэн А.Мөнхзулыг нэг удаа гараараа алгадаад авсан. Тэгээд би очоод салгаж байсан чинь хоёр удаа өшиглөөд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Д.Алтангэрэлийн: “...2017 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө би Түнэл сумын төвд хүргэн болох залуу Нямсүрэнгийнд унтаж байсан чинь хаалга хүн цохиод байсан. Би доод давхарт хүргэн Нямсүрэн, охин Мөнхзул хоёр дээд давхарт унтаж байсан. Удалгүй хүний хөлийн чимээ байшингийн гадна талаар дамжаад дээд давхарт гарсан. Тэгсэн чинь охин Мөнхзул уйлаад байсан. Би шатаар нь дамжаад дээш гарах гэтэл танихгүй шар залуу над руу хараад хөгшин өвгөн минь чамайг ална шүү гээд байсан. Тэгээд манай охин Мөнхзулыг хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод авч харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Батзаяагийн: “...Энхболд бид хоёр “Ерөөл” нэртэй 0.5 литрийн 1 шил архи задлаад Нямсүрэнд өгсөн. Нямсүрэн уухгүй байсан чинь Энхболд газарт байсан чулуу руу шидээд авчирсан архиа хагалсан. Тэгээд Нямсүрэн би гэртээ орлоо гээд надаар байшингийн дээд давхар руу гаргуулсан. Энхболд араас нь гараад удалгүй нэг эмэгтэй хүн уйлаад байсан. ...Мөнхзул намайг зодсон гээд доошоо хараад уйлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 506 дугаартай

- А.Мөнхзулын биед зүүн нүдний зовхи, баруун шуу, зүүн бугалга, зүүн өвдгөнд гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь нийлбэр дүнгээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Н.Энхболд нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 1738000000032 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Наранцэцэгийн Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхболдыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхболдод оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тогтсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ялтны ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.НЯМСҮРЭН