| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1226/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1455 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1455
2025 5 29 2025/ШЦТ/1455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох эрүүгийн “2509 00553 0491” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... гадаа Д.Чтой тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
- Хохирогч Д.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
- Гэрч Ш.Идын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1512 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
- Шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... гадаа Д.Чтой тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
- Хохирогч Д.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 12 сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр байсан болохоор урьдчилж тэмдэглэх гээд 2024 оны 12 сарын 28-ны өдөр ганцаараа ... гэх нэртэй баар орсон. Тухайн баар луу ороод хэсэг хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад гэртээ харих гээд өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байхад үл таних залуу мөрлөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би тухайн залуутай муудалцаад барилцаад авсан чинь тухайн баарны хамгаалагч нь салгаад бид хоерыг гадаа гаргасан. Гадаа гараад ирэхэд 5, 6 залуучууд зогсож байсан ба гэнэт хажуу талаас нэг гар орж ирээд миний нүд хэсэг рүү цохисон. Тухайн үед оч манараад би газар унасан. Тэгэхэд намайг өшиглөөд цохиод эхэлсэн. Тухайн үед би газар унасан дээрээс нь атрилдаад нүүрээ хамгаалж хэвтсэн болохоор нарийн зүйлүүдийг сайн санахгүй байна. Хамраас маш их цус гарсан. Хамрын зөөлөн эд нь гэмтсэн байсан. Тухайн үед нуруу хөл гар жоохон хөхөрсөн байдалтай байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна. Өмссөн хувцас болон царай төрхийг нь бас санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Хохирогч Д.Ч эрүүл мэндийн байгууллагаас Эрүүл мэндийн даатгалаар 124,762 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Ааас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
- Гэрч Ш.Иын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө байсан. Өөрийн найзууд болох .... гэх хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн ... үйлчлүүлсэн. Гарахад баарны гадна хүмүүс бөөгнөрсөн байдалтай байсан. Тэгээд хүмүүсийн дундуур ороод харахад Ч гэх таних залуу манай найз болох Г.Атай маргалдсан зодолдсон байдалтай байсан. Тэгээд би дундуур нь ороод хүүе Ч зүгээр үү? Юу болоод байна аа гээд хоёр тийш салгаад аваад явсан. Тухайн үед Чинзо нэлээн согтсон байдалтай байсан. Надад юуны улмаас маргасан талаараа сайн яриагүй. Тэгээд би найзынхаа өмнөөс уучлалт гуйгаад за зүгээр зүгээр гээд салаад явсан асуудал болсон. Эргээд машин дээрээ очиход Г.А гэх найз маань зодолдсон, маргасан талаараа ярьсан. Юунаас болж маргасан бэ гэсэн чинь согтуу хүн ирээд хүн андуурсан юм уу яасан юм дайраад агсраад сая маргалдсан гэх мэтээр сонин сонин зүйл яриад байсан, тэгээд сүүлдээ жоохон хурцдаад муухай юм болчихлоо. Таньдаг хүн байсан юм уу гэх зүйл ярьж байсан. Тэгээд бид нар тэр үеэс гэр гэр лүүгээ салаад харьцгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1512 дугаартай “...Д.Чын биед зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. б.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
- Шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Өмнө өгсөн мэдүүлгээр дэлгэрэнгүй ярьсан. Миний зүгээс гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.Чтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цохиж зодон түүний биед зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Д.Чын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Г.Аын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Г.Аын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Д.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Г.А нь хохирогчид 500,000 төгрөг төлж барагдуулсан байна.
Харин эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан төлбөр болох 124,762 төгрөгийг шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Д.Ч нь гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ