| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00840/И |
| Дугаар | 155/ШШ2022/00984 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2022/00984
| 2022 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2022/00984 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2022/00840/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн.....сумын ... дугаар багийн 1..... тоотод оршин суух, регистрийн дугаар ......, Г.В
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ..... сумын ........ дугаар багт байршилтай, регистрийн дугаар ....., Ш ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Г.В , ШХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.В.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.В. нь хариуцагч Ш.л ХХК-д холбогдуулан Г.В., Ш.ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2005 оноос хойш тасралтгүй 17 жил ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 онд байгууллагын Мөрөн сумын 8 дугаар багт байрлах газар дээрээ ажилчдын 35 айлын орон сууц бариулахаар Шидэт гал ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2017/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус орон сууцны захиалгад миний бие 5-н давхрын 22 тоотод, 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг метр квадратыг нь 880,000 төгрөгөөр худалдан авахаар 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Байрыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барьж гүйцэтгэн ашиглалтад оруулах, хэрэв гүйцэтгэгч компани хугацаандаа ашиглалтад өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд үлдсэн төлбөрийн 0,5 хувийн алданги тооцож захиалгачид төлөх, гэрээний 2 дахь хэсгийн 1-р нөхцлийн дагуу байрны урьдчилгаа буюу 5,500,000 төгрөгийг төлсөн тохиолдолд метр квадратыг нь 880,000 төгрөгөөр худалдан авах боломжтой байхаар, харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч байгууллага хугацаандаа ашиглалтад өгөөгүй, одоог хүртэл ороогүй байна. Миний бие 2022 оны 4 дүгээр сард өөрийн хүсэлтээр эмчлүүлэх зорилгоор ажлаасаа чөлөөлөгдсөн. 2022 оны 6 дугаар сард Шидэт гал ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Г. байрныхаа баталгаажилтыг хийхээр уулзахад чи сая ажлаасаа гарсан болохоор танай байрны метр квадратыг нь 1,350,000 төгрөгөөр тооцно гэснээс бидний хооронд үнийн маргаан үүссэн.
Гүйцэтгэгч Ш. ХХК нь байрыг хугацаандаа ашиглалтад өгөөгүйгээс 2022 оны өдийг хүртэл захиалсан байраа хүлээж, гэрээний 1-р нөхцөлд заасны дагуу урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 5,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 10,000,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөгийг төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Мөн ШШГГ-ын ажилчдын байр захиалагчаар 22 албан хаагчийн жагсаалтад албан ёсоор орж, байр захиалагч мөн гэдгээ баталгаажуулсан. Хэрэв би 2017 онд шинэ байр авсан бол 6 жилийн дотор одоогоос хямд үнээр ипотекийн зээлээр цалингаасаа төлөөд 2022 он гэхэд байртай буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй болох боломж бүрэн байсан. Ш. ХХК-ийн хариуцлагагүй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэж миний бие цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эдийн засгаараа хохирч байна.
Миний бие өвдөнө гэж урьдчилан тооцоолох боломжгүй байсан. Гэрээнд байр хугацаандаа ашиглалтад ороогүйгээс үүдсэн алданги торгууль 0,5 хувиар тооцохоор заасан хэдий ч миний бие 6 жил хүлээсэн. Үүнээс үүдсэн эдийн засгийн хохирол манай гэр бүлд хүнд тусахаар нөхцөл байдалтай боллоо.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар баригдаж байгаа байрны таван давхарт, 22 тоотод, 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг 880,000 төгрөгөөр тооцож, нийт 49,931,200 төгрөгөөр худалдан авахаар тохирсон 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Ш.. ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр захиалагчтай тухайн ондоо байр ашиглалтад орохоор гэрээ байгуулсан. Тэр үед Г.В. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч байсан. Тодорхой шалтгаануудын улмаас барилгын ажлыг хойшлуулаад 6 жил биш 5 жил болж байна. Энэ хугацаанд захиалагч байгууллага гэрээнд тусгагдсан зарим үүргүүдээ биелүүлээгүйн улмаас барилгын ажил удааширсан. Үүнтэй залгуулаад ковидын үе эхэлсэн. Энэ үед барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон. Өнгөрсөн жилээс захиалагч байгууллага гэрээнд тусгасан чиг үүргээ биелүүлж, манай компани тодорхой хэмжээний санхүүжилттэй болж барилгын ажлыг эхлүүлсэн. Одоо захиалагч байгууллагад хүлээлгэж өгөхөд бэлэн болсон. Захиалагчтай байгуулсан үндсэн гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд хөнгөлөлттэй нөхцлөөр буюу уг байгууллагын үндсэн алба хаагчдад м2-ыг нь 880,000 төгрөгөөр тооцохоор гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал барилгын ажил удааширсан гэж ярьсан. Үүнийг үгүйсгэж байна. Захиалагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ковидын үетэй тулж ирсэн. Ковидын үеийн өмнө бид ажлаа эхлүүлээд явж байтал хил гааль хааж, барилгын материал хомсдож, үнэ өссөнөөс бид нийгмийн асуудлаас болж үнэ хөлсөө нэмэхгүй, албан хаагчдад м2-ыг нь 880,000 төгрөгөөр өгнө гэдэг тохиролцоонд хүрсэн. 2017 онд захиалагч нартай байгуулсан гэрээ хүчингүй болсон. 2022 оны 5 дугаар сард захиалагч байгууллагын алба хаагчидтай шинээр гэрээ байгуулсан. Шинээр гэрээ байгуулах үед Г.В.. нь захиалагч байгууллагын үндсэн албан хаагч биш ажлаас чөлөөлөгдсөн байсан тул гэрээ байгуулаагүй. Тухайн Орон сууц захиалгын гэрээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 21 үндсэн алба хаагчтай шинээр байгуулсан. Г.В. м2-ыг нь 880,000 төгрөгөөр гэрээгээ байгуулъя гэж ирсэн. Тухайн үед захиалагч байгууллагад шинээр ажилд орсон алба хаагч мөн хөнгөлөлттэй нөхцлөөр байр худалдаж авъя гэдгийг нь би зөвшөөрсөн. Үндсэн гэрээний Г.В., шинээр ажилд орсон н.Т. хоёр яг адилхан нэг нь шинээр ажилд орсон, нөгөөх нь ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Гэрээнд талууд тохиролцож зах зээлийн үнээс доогуур үнээр албан хаагчид гэрээ байгуулна гэсэн заалтыг үндэслэж, м2-ыг нь 1,350,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулъя гэхэд Г.В. хүлээн зөвшөөрөөгүй. Харин н.Т.гэдэг албан хаагч зөвшөөрч гэрээ байгуулсан. Г.В. би захиалагч байгууллагын албан хаагч биш болсон тул гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь 2017 онд гэрээ байгуулах үед Шидэт гал ХХК-д хөдөлмөр, хамгааллын менежер Д.Э. гэдэг залуу гэрээ хариуцаж ажиллаж байсан. Энэ хүн тухайн гэрээн дээр гарын үсгээ зураагүй. Миний ойлгож байгаагаар талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж бодож байна. Иймд хүчин төгөлдөр болоогүй гэрээг хүчин төгөлдөр болгож өгнө үү гэж байгаа юм уу, эсхүл м2-ыг нь 880,000 төгрөгөөр хөнгөлөлттэй нөхцлөөр байраа авъя гэж байгаа юм болов уу гэсэн хоёр талтай байна. Дараагийн асуудал бол гэрээний хугацаа дууссан. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.М. миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Г.В. нэхэмжлэлтэй, Ш. ХХК-д холбогдох гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г. өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсантай холбоотой тайлбараа хэлье. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд хуулбар хувь байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ утгаар бичмэл нотлох баримтуудыг Г.В. гаргаж өгсөн боловч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Энэ нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэдэг шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Ямар шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байгаа талаар тайлбарлая. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаартай гэрээг эх хувиар өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Энэ гэрээний 10.2 дахь заалтад гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж тусгасан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсныг бичгээр хийсэн хэлцэл гэж заасны дагуу уг гэрээг хуульд нийцүүлэн боловсруулж, хийсэн гэж үзэж байна. Хөдөлмөр хамгааллын инженер, тус компанийн менежерийн ажлыг давхар хийж байсан Д.Э. гэдэг хүн гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Д.Э. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж яагаад гарын үсэг зураагүй болохыг тодруулахад тухайн үед Г.В. шилжилт хөдөлгөөн хийх гэж байгаа талаар мэдээлэлтэй ирсэн тул дараа нь байрыг дамлан зарах асуудал үүсч магадгүй гээд гарын үсэг зураагүй. Агуулгын хувьд гэрээний шаардлага байна, бичгээр хийгдсэн үү гэвэл гэрээ бичгээр хийгдсэн байна. Гэхдээ гэрээнд талууд гарын үсэг зурсан байна уу гэдэг асуудал яригдаж байна. Гэрээний хэлбэрийг бүрэн хангаагүй талууд гарын үсэг зураагүй байна. Нөгөө талаас гэрээний субьектын хувьд гэрээнд тавигдах шаардлага, талууд уг гэрээнд гарын үсэг зурсан эсэх мөн зарим төрлийн гэрээний хувьд эрх бүхий субьект тогтоосон байдаг. Энэ агуулгаар тухайн хөрөнгийн өмчлөгч, өмчлөгчөөс эрх олгосон этгээд байна гэж онолын хувьд тайлбарлаж байна. Ш. ХХК-ийн өмчлөгч З.Г. тухайн орон сууцны өмчлөгч, өмчлөгчөөс эрх олгосон этгээд болох Д.Э. нь орон сууцны захиалга буюу гэрээ, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх субьект байсан. Энэ ч утгаараа гэрээнд гарын үсэг зурах эсэхийг шийдвэрлэж, тусгасан байдаг. Нөгөө талаас гэрээний үр дагаварт тавигдах шаардлагыг хангаж Д.Э.нь Г.В. байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй. Гэтэл уг гэрээнд Д.Э. гарын үсэг зураагүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан. 2017 оны 12 дугаар сараас өнөөдөр 2022 он болсон байгаагаас харахад гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд Г.В. нэхэмжлэлтэй гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна. гэв.
Нэхэмжлэгч Г.В. нь шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээний хуулбар, тус гэрээний эх хувь, Гүйцэтгэгч Ш.ХХК, Захирал З.Г., Захиалагч Хөвсгөл аймаг дахь ШГА-Хорих 443-р ангийн дарга хурандаа Ж.Б. нарын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №2017/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/980 дугаар албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон Ш.ХХК-ийн орон сууц захиалгын мэдээллийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/979 дүгээр албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ХУУЛБАР ҮНЭН 2022 оны 06 сарын 6 өдөр гэсэн дардас дарагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/454 дүгээр Г.В.албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтуудыг,
Хариуцагч Ш. ХХК-аас 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дүгээр Итгэмжлэл, Ш.ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгчээ.
Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ. Үүнд:
Гүйцэтгэгч Ш.ХХК нь байрыг хугацаандаа ашиглалтад өгөөгүйгээс 2022 оны өдийг хүртэл захиалсан байраа хүлээж, гэрээний 1-р нөхцөлд заасны дагуу урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сард 5,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сард 10,000,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөгийг төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Мөн ШШГГ-ын байр захиалагч 22 албан хаагчийн жагсаалтад албан ёсоор орж, байр захиалагч мөн гэдгээ баталгаажуулсан. Хэрэв би 2017 онд шинэ байр авсан бол 6 жилийн дотор одоогоос хямд үнээр ипотекийн зээлээр цалингаасаа төлөөд 2022 он гэхэд байртай буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй болох боломж бүрэн байсан. Ш.ХХК-ийн хариуцлагагүй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэж миний бие цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эдийн засгаараа хохироод хүрээд байна. Хариуцагч гэрээний хугацаа дууссан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Байр ашиглалтанд ороогүй байхад яаж гэрээний хугацаа дуусах юм бэ. Гэрээнд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөгч Д.Э. гарын үсэг зураагүй учраас хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Тухайн үед Д.Э. гарын үсгээ яагаад зураагүйг би мэдэхгүй. Гүйцэтгэгч байгууллагыг төлөөлж Ш. ХХК-ийн захирал З.Г. гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон гэж би ойлгож байна...гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г. татгалзлын үндэслэлээ...Манай Ш. ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2017/01 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсантай холбогдуулан тус байгууллагын албан хаагч нартай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан нь үнэн боловч, гэрээнд заасан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт баригдаж буй ажилчдын 35 айлын орон сууц нь тодорхой шалтгааны улмаас гэрээний хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орж амжаагүй. Тэр ч утгаараа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэрээний сунгалт буюу нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгаа эсэх дээр ажил гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож, нэгдсэн ойлголтод хүрч, гэрээний хугацааг тухай бүрд нь сунгах замаар өдийг хүрсэн. Г.В. нь тус хугацааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахаа больсон байсан учир Хөвсгөл аймгийн ШШГГ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан албан хаагчид олгогдох хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах боломжгүй болсон. Энэ нөхцөл байдлыг түүнд удаа дараа учирлан ойлгуулахыг эрмэлзэж ирсэн боловч тэрээр өөрийн дур зоргоор гэрээний заалтыг үл хэрэгсэж, өдийг хүрсэн төдийгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Манай Ш. ХХК-ийн хувьд өдийг хүртэл захиалагч байгууллагын эрх ашигт нийцүүлэн орон сууц барих ажлаа үргэлжлүүлсээр ирсэн бөгөөд тус оны 11 дүгээр сарын дундуур бүрэн ашиглалтад оруулахаар болсон. Бидний зүгээс Г.В. нөхцөл байдлыг ойлгож, орон сууцны м2-ыг 1,350,000 төгрөгөөр тооцож олгоё, харин ч албан хаагчдаас бусад захиалагчид м2-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож байгаагаас багасган олгож байгаа талаар хэлсэн боловч уг саналыг эс зөвшөөрч, м2-ыг нь 880,000 төгрөгөөр бодож авах ёстой гэж, үүссэн нөхцөл байдлыг буруу ойлгож тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм...гэж тайлбарлалаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч татгалзлын үндэслэлээ...Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар гэрээний 10.2-т зааснаар талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсныг бичгээр хийсэн хэлцэл гэж заасны дагуу уг гэрээг хуульд нийцүүлэн боловсруулж, хийсэн байна. Хөдөлмөр хамгааллын инженер, тус компанийн менежерийн ажлыг давхар хийж байсан Д.Э. гэдэг хүн гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Д.Э. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж яагаад гарын үсэг зураагүй болохыг тодруулахад тухайн үед Г.В. шилжилт хөдөлгөөн хийх гэж байгаа талаар мэдээлэл ирсэн тул дараа нь байрыг дамлан зарах асуудал үүсч магадгүй гээд гарын үсэг зураагүй гэж хэлсэн байдаг. Агуулгын хувьд гэрээний шаардлага байна, бичгээр хийгдсэн үү гэвэл гэрээ бичгээр хийгдсэн байна. Гэхдээ гэрээнд талууд гарын үсэг зураагүй учраас гэрээний хэлбэрийг бүрэн хангаагүй гэж үзнэ. Ш.ХХК-ийн өмчлөгч З.Галмөнх тухайн орон сууцны өмчлөгч, өмчлөгчөөс эрх олгосон этгээд болох Д.Энхбаатар нь орон сууцны захиалга буюу гэрээ, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх субьект байсан. Энэ ч утгаараа гэрээнд гарын үсэг зурах эсэхийг шийдвэрлэж, тусгасан байдаг. Нөгөө талаас гэрээний үр дагаварт тавигдах шаардлагыг хангаж, Д.Э. нь Г.В. байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй. Гэрээнд Д.Э. гарын үсэг зураагүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. 2017 оны 12 дугаар сараас өнөөдөр 2022 он болсон байгаагаас харахад гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй...гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээгээр регистрийн дугаар 4133749, улсын бүртгэлийн дугаар 1711006053 Ш. ХХК-ийн захирал З.Г., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ТБ туслах албан тушаалтай Г.В (РД:РВ86012518) нарын хооронд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг давсгэрт баригдаж байгаа байрны таван давхрын 22 тоотод, 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг нь 880,000 төгрөгөөр тооцож, нийт 49,931,200 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Талууд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг давсгэрт баригдаж байгаа байрны таван давхрын 22 тоотод, 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг нь 880,000 төгрөгөөр тооцож, нийт 49,931,200 төгрөгийн үнэ бүхий байрыг нэхэмжлэгч Г.В. худалдан авахаар захиалсан, гэрээ байгуулах үед тухайн байгууллагад ажиллаж байсан, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахгүй байгаа, гэрээнд заасны дагуу урьдчилан 20,500,000 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагын дансанд шилжүүлсэн, Ш. ХХК-ийн захирал нь З.Г. мөн гэдэгтэй тус тус маргаагүй.
Харин нэхэмжлэгч Г.В. нь гэрээ байгуулах үед Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан боловч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, барилгын ажил удааширхад гэрээний аль аль талууд буруутай, барилгын материалын үнэ өссөн учраас анхны үнэ буюу метр квадратыг нь 880,000 төгрөгөөр тооцох боломжгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний нэг тал гарын үсэг зураагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Г.В. нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, тухайн байгууллагад ажиллаж байх үедээ Ш. ХХК-тай Орон сууц захиалах гэрээ байгуулсан болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хуулбар үнэн 2022 оны 06 сарын 06 өдөр гэсэн дардас дарагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/454 дүгээр: 1.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 107 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэслэгч Г.В. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлж, офицерын бүрэлдэхүүнээс гаргасугай. гэх утга бүхий Г.В. албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/980 дугаар: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 онд Ш. ХХК-тай 35 айлын орон сууцыг бариулах тухай гэрээг 2017.12.25-нд түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Г.В. нь 2005 оноос хойш тус газарт 17 жил ажилласан бөгөөд 2022 оны 3 сард өвчний учир өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Г.В. нь анх гэрээг байгуулахад захиалга өгсөн бөгөөд захиалагч байгууллага болох Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь бусад захиалга өгсөн алба хаагчдын адил 1м2-ийг нь 880,000 (найман зуун ная мянга) төгрөгөөр тооцон байрыг өгөхөд татгалзах зүйлгүй болно. гэсэн бичвэр бүхий албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээ зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч тал 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээнд Ш. ХХК-ийн менежер Д.Э. гарын үсэг зураагүй учраас гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримтаа хэргийн материалд гаргаж өгөөгүй, тухайн гэрээнд гүйцэтгэгч байгууллага болох Ш. ХХК-ийн захирал З.Г., захиалагч Г.В. нар гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч тухайн маргаан нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах нөхцөл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээний хуулбар, Гүйцэтгэгч Шидэт гал ХХК, Захирал З.Галмөнх, Захиалагч Хөвсгөл аймаг дахь ШГА-Хорих 443-р ангийн дарга хурандаа Ж.Батмөнх нарын хооронд байгуулагдсан 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон Ш..ХХК-ийн орон сууц захиалгын мэдээллийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/979 дүгээр албан бичгийн хуулбар, Регистрийн дугаар 4133749, улсын бүртгэлийн дугаар 1711006053 Ш.. ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш. ХХК-аас 407,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.В.. олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.В.., хариуцагч Ш. ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/03 дугаар Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөрт тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.ХХК-аас 407,606 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.В. олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА