Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

Г.Гт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг

Прокурор                                                 Д.Ганчимэг

Хохирогч                                                  О.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Гт холбогдох эрүүгийн ____________ дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Б  овогт Г.Г..

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Дэнж” хорооллын 5-34 тоотод иргэн О.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг яллагдагч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б  овогт Г.Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Гийн __________ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогч О.Б 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “О.Б би Дорнод аймгийн Хэрлэн сум ________ 2020.06.28-ны өдөр Г.Г, Г, Ө, М гэх хүмүүс миний гэрт хууль бусаар хүч хэрэглэн нэвтэрч маргаан үүсгэж, улмаар бүлэглэн зодож, дарамжталж, дээрэмдэж, ална гэж заналхийлж, элдэв үгээр доромжилж гэр оронг минь хүртэл эзгүй хойгуур буулгаж дээрэмдэж хулгайлан авч явсан юм.

Ингээд уг хэрэг 2020.08.28-нд анхан шатны шүүхээр орж Ганчимэг прокурор Дашхүү байцаагч нар уг хэрэгт хайхрамжгүй хандаж хэт нэг талыг барьж дан ганц Гт холбогдох хэрэг мэтээр баримт цуглуулсныг мөрдөн байцаалтад буцаасан юм. Үүнээс хойш Г утсаар ярих тоолонд чамайг дутуудуулсан байна, чи хаана байна, гүйцээж ална гэх мэтээр айлган сүрдүүлж, гэр оронг минь эрж хайх болсон. Энэ тухай би байцаагч Дашхүүд хэлж байсан. Прокурор Ганчимэгт хэлье таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэсэн яадаг юм бол гэхээр Ганчимэг прокурорын утсыг мэдэхгүй гэдэг байсан. Ингээд 2021.03.24-нд анхан шатны шүүхээр дахин орж мөн л зөвхөн Гт холбогдсон хэрэг болж шүүх хуралд хэлэлцсэнд гомдолтой байна.

Уг хэрэгт холбогдогч Г, Г, М, Ө нар үгсэн хуувилдаж, санаатайгаар худал мэдүүлэг өгч хэргийг хөнгөвчилж байна. Гэндэнсүрэн гэх хүн намайг алахыг завдаж, хоолойг багалзуулдаж дарамталж байсан гэх зэрэг нь яагаад ил гарч ирэхгүй ийм энгийн ойлгомжтой хэрэгт Ганчимэг прокурор ингэж хөнгөн хайхрамжгүй хандаж байгаад гомдолтой байна. Энэ хэргийг дахин нарийвчилж, задлан тус бүрээр нь хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.Б гаргасан тайлбартаа: Би давж заалдах гомдолдоо бүрэн санаагаа илэрхийлсэн. Яагаад ийм ойлгомжтой нөхцөл байдал байхад шударга бус хандаад байдаг юм бэ? Би гомдолтой байна. Энэ хүмүүс нэгдэж намайг дарамталсан. Бүлэглэж над дээр ирсэн. Айл руу дайрч орсон. “Ална аа чамайг” гэж хэлээд ханцуй шамлаж орж ирсэн 4 залууг би яаж ч чадахгүй шүү дээ. Тэгэхэд ганцхан Г.Гт холбогдох хэрэг болоод яваад байгааг ойлгохгүй байна. Хэргийг нарийвчлан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: ...Урьд нь Б, Мөнхбат нар нь хамтын амьдралтай байсан. Гомдол дээр дурдагдаад байгаа гэрийг Б, Мөнхбат нар мөнгөө нийлүүлж байгаад авсан байгаа. Гэмт хэрэг гарсан газар нь Мөнхбатын охины нэр дээр байдаг. ...Анхан шатны шүүх хуралдаан дээр бүхий л гэрч нар оролцсон. ...Мөн хууль бусаар 4 залуу нэвтэрсэн гэж ярьдаг. Гэвч Бгийн урьд өгсөн мэдүүлгээс харахад энэ бүхэн няцаагддаг. Ямар нэг хүч хэрэглэж гэр рүү нэвтэрсэн зүйл байхгүй. Гэртээ оруулахгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн зүйл байдаггүй. Мөн Г-ийн хувьд “хоолойг минь боож алахыг завдсан” гэж ярьдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр энэ асуудал няцаагддаг. Тухайн үед болсон явдлын хувьд гэрт байхад Г нь Бгийн нүүр рүү мангасдаад, дээрээс нь цохисон байгаа. Бгийн хувьд сандал авч Г рүү шидсэн гэдэг. Харилцан бие биедээ халдсан үйлдэл гаргасан. ...Тухайн үед Г, Ө, М нар хамт байсан боловч бүлэглэж хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогдоогүй. Тухайн маргааныг салгасан гэж тайлбарладаг. ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарласан илт хууль бус биш тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна. Хэргийн үйл баримтад тулгуурлан ял шийтгэл оногдуулсан гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч О.Бгийн давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Дэнж” хорооллын ____________ иргэн О.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “баруун нүд, баруун зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч О.Б, гэрч Д.М, Б.Г, И.М, Ч.Ө, шинжээч эмч Н.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 477 тоот дүгнэлт бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг дэх торгох ялын хэмжээ хязгаарт багтсан, мөн түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон, ял хүнддээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хохирогч О.Бгийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, давж заалдах гомдолд дурдагдсан нэр бүхий этгээдүүдийг прокурорт буцааж шалгуулсан /хх-ийн 66-70, 85-101/ байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хохирогч О.Бгийн “...Г, Г, Ө, М нар бүлэглэж зодсон. Энэ хэргийг дахин нарийвчлан задлаж тус бүрээр нь хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24ий өдрийн 2021/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Бгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

          ШҮҮГЧИД                                                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                                             Ж.ДОЛГОРМАА