Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2022/0038

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ө,

Хариуцагч: Төв аймгийн Т хэлтсийн дарга нарын хоорондын “Т хэлтсийн даргын 2022 оны 07 сарын 26-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ө нь Төв аймгийн Т хэлтсийн даргад холбогдуулан “Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Д.Ө нь Т ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/656 дугаар тушаалаар Т ерөнхий газрын харьяа Төв аймгийн Т хэлтсийн Т орлогын тасгийн Сэргэлэн сумын хураагчаар, 2022 оны 03 сарын 02-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар 6 сарын туршилтын хугацаагаар тус Т хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн  Сэргэлэн сумын Т улсын байцаагчаар томилогдон ажилласан.

Төв аймгийн Т хэлтсийн даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.3, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3, 4.1, Т хэлтсийн даргын 2022 оны 3 сарын 28-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.5, 5.2.8, 5.2.9-т заасныг үндэслэн “байгууллагын удирдлага болон тасгийн даргын зүгээс өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, өдөр тутмын ажлын тэмдэглэл хөтлөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлдэггүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, 2022 оны ажлын цаг ашиглалтыг шалгахад цагийн бүртгэлд 8 өдөр огт бүртгүүлээгүй, энэ өдрүүдэд Т удирдлагын нэгдсэн системд өдөр тутмын ажлын тэмдэглэл бүртгээгүй, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эргэн тайлагнана гэсэн тайлбар бичсэн боловч тайлагнаагүй, аймгийн төвд дуудаад ирдэггүй, 2022 оны эхний хагас жилийн төрийн жинхэнэ албан хаагчийн тайлангаа дүгнүүлээгүй гэх үндэслэлээр Сэргэлэн сум хариуцсан Т улсын байцаагч Д.Өт “сануулах сахилгын шийтгэл” оногдуулсан.

3. Нэхэмжлэгч Д.Ө 2022 оны 8 сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Төв аймгийн Т хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харьцах тасгийн Т улсын байцаагч ажилтай, Дашдаваа овогтой Ө миний бие 2019 оны 12 дугаар сарын 12-ны Б/656 тоот Т Ерөнхий газрын даргын тушаалаар өнөөг хүртэл Сэргэлэн сумын Т улсын байцаагчаар томилогдон ажиллаж байна. Гэтэл Т хэлтсийн дарга З.Амгалан нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 тоот тушаалаар өөрийнхөө 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.5, 5.2.8, 5.2.9 дэх заалтыг үндэслэн надад сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Т хэлтсийн дарга З.Амгалан нь цаг үргэлж ажлын байрны дарамт үзүүлж ирсэн тул Т улсын байцаагч миний бие тус хэлтсийн зарим ажилтнуудын хамт түүний бидэнд ийнхүү шахалт, дарамт үзүүлж ирсэн нөхцөл байдлын талаар 2022 оны 03 дугаар сард Т ерөнхий  газарт гомдол гаргасан юм. Дарга З.Амгалан нь бидний өгсөн гомдол мэдээллийг өөрийн давуу байдал, албан тушаалаа ашиглан хувь хүний нууцын мэдээллийг Ерөнхий газраас олж үзэн, түүнийг мэдсэн цаг үеэс сумын төвийн байцаагч намайг өдөр бүр шахам ажлын бус цагаар аймагт дуудан ирүүлж, хугацаанд нь биелүүлэх боломжгүй шахуу үүрэг даалгавар гүйцэтгүүлэхээр дарамталж, түүнийг биелүүлсэнгүй гэх мөчид дүгнэлтээр албан тушаалаа урвуулан ашиглаж сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Мөн автын үзлэг, багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцсон, орлого төвлөрүүлэх ажлаар хөдөө явсан зэрэг гадуур ажлаар явсан хугацааг тооцоогүйгээс гадна миний эмнэлэгт үзүүлсэн, хэвтсэн хугацааг ч харгалзаагүй. Уг сахилгын шийтгэлд үндэслэсэн Т хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.5, 5.2.8, 5.2.9 дэх заалтуудыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Надад шийтгэл ногдуулахдаа өөрийн өрөөнд дуудан бичиг хэрэг Н.Х, Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга X.Мөнгөнтуяа, жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга Н.Баярмаа нарын хамт сонсох ажиллагаа гэж явуулан Баярмаа, Мөнгөнтуяа нарын утсаар бичлэг хийлгэн дарамталж, тал талаас загнаж, байцааж сүрдүүлэн тайлбар бичүүлсэн. Бодох, санах ямар ч боломж олгоогүй. ...Намайг 8 хоног ажлын өдөр тасалсан, хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хүргүүлээгүй, дүгнүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан. Хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг би тухайн үед Мөнгөнтуяа гээд бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн даргад хугацаанд нь төрийн цахим шуудангаар явуулж байсан. Тэгтэл миний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг өөрсдийн хувийн үзэмжээр хандаад дүгнэж өгөхгүй байсан. Би дүгнүүлэх талаар хэд хэдэн удаа хэлж үзсэн. Хэд хэдэн удаа хэлээд дүгнэж өгөөгүй. 8 өдрийн ажил тасалсан дээр өвчтэй листтэй байх хугацаа мялзан өвчний постонд 5 хоног гарсан, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Т хэлтэст бүтэн өдөр ажиллаад торгуулийн арга хэмжээ авсан. Дандаа ажил хийсэн өдрүүд нь ороод байгаа учраас гомдол гаргасан. Ийнхүү надад, үндэслэлгүйгээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тул энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжээд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б/41 дугаартай Өт оногдуулсан сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий биш. Дээр нь гаргасан зөрчлүүдийг хангалттай сайн нотолж чадаагүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг хийгээгүй, хуульд заасан болон төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзэж байна. Үүнийг дараах байдлаар тодруулахад тушаал дээрээ Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийг удирдлага болгон бөгөөд энэ хууль нь хүчингүй болсон. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргүүдийг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зөрчсөн гэж байна. Эрх бүхий албан тушаалтнаас гаргасан тушаал нь хуульд нийцсэн байх ёстой. Тушаалд заасан үндэслэлээр тухайн албан хаагчийн зөрчлийг нотолсон байх шаардлагатай. Энэ талаар нотолсон баримт гаргаж өгөөгүй. Хэрхэн яаж шийдвэрлэх талаар биш дараагийн хурлаар хэлэлцье гэсэн боловч хэлэлцэхгүйгээр шууд арга хэмжээ авсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн байна. Тиймээс сануулах сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь хүчин төгөлдөр биш юм. Хариуцагч талаас тушаал болон өмнөх албан тушаалтны болон өөрийн байр сууриа хэлчихлээ гэж бодож байна. Алдаа дутагдал гаргасан байж болох ч сонсох ажиллагаа хийгдээгүй байна. Тиймээс уг сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь хүчин төгөлдөр бус байна. Сахилгын шийтгэл авахдаа хангалттай нотолж чадаагүй байна. Хариуцагч энэ талаар маргаагүй бөгөөд шүүхийг хэрэгт авагдсан баримтын хувьд шийдвэрлэж өгөөч гэж хэлж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Хариуцагч Төв аймгийн Т хэлтсийн дарга З.Амгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хэлтсийн Сэргэлэн сум хариуцсан Т улсын байцаагч Д.Ө нь 2019 онд татвар хураагчаар томилогдсон. Д.Ө нь мэргэжлээрээ ажиллаж байсан туршлага байхгүй тул 2019-2021 онуудад 3 байцаагчид дагалдуулан мөн удирдлагын зүгээс хийх ажлыг олон удаа зааж сурган, сумын газар нутгаар дагуулан явж газар дээр нь зааж, үүрэг даалгавар өгч ажилласан. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрийн албан хаагчийн хувьд 2021 оны 01 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан тавих үүрэг өгөхөд нэг удаагийн томилолтоор явсан ажлын тайлан танилцуулсан. Өдөр тутмын ажилдаа ашигладаг судалгаа байхгүй, тасгийн даргын хүргүүлсэн судалгааг буцаан ирүүлсэн. Иймээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр цахим шуудангаар заагдсан 8 үзүүлэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эргэн танилцуулах үүрэг өгсөн боловч танилцуулаагүй. Т удирдлагын нэгдсэн системд өдөр тутмын ажлын тэмдэглэл хөтлөөгүй, цагийн бүртгэлд хяналт тавих 24 зөрчил илэрсэн ба цагийн бүртгэлд 4 өдөр огт бүртгүүлээгүй, 6 өдөр хоцорсон эсвэл эрт явсан, 4 өдөр аймгийн Т хэлтэст ажиллана гэж бичсэн боловч энэ талаар өдөр тутмын тэмдэглэлд байхгүй, хэлтсийн цагийн бүртгэлийн дэвтэрт ирсэн явсан цаг бүртгэгдээгүй, дахин тайлбар ирүүлнэ гэсэн боловч ирүүлээгүй. 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайланг тайлагнахдаа зохих журмын дагуу тайлагнаагүй, хэрэгжилт хэсэгт хүрэх түвшин хэсгийг хуулж тавьсан, хийсэн ажлын үр дүнг тоон утгаар бүрэн илэрхийлээгүй, зохион байгуулаагүй сургалтад хамрагдсан мэтээр тайлагнасан. Тасгийн дарга болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1-т заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулсан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т байцаагч Өт сахилгын арга хэмжээ авсан байдаг. Манайд бүтцийн өөрчлөлт хийгдэж тухайн арга хэмжээг авсан хэлтсийн дарга болон түүний баг бүрэлдэхүүн бүгд ажлаас гарч бүтэц бүрэлдэхүүн солигдсон. Миний тухайд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Т хэлтэст томилогдож ирсэн. Хэрлэнчимэгийн хувьд саяхнаас хуулийн хэлтэст мэргэжилтний ажилд томилогдсон байгаа. Т хэлтсийн зүгээс шүүхэд шаардлагатай нотлох баримт, үндэслэлээ гаргаж өгсөн. Ажлаас гарсан хүмүүсийн тушаалыг болон өөрсдийнхөө итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн. Өыг тухайн өдөр ажлын байранд дээр байсан талаар шүүхээс үзлэг хийсэн байгаа. Хариуцлагын арга хэмжээ авсан сонсох ажиллагаа хэрэгжүүлээгүй гэж байна. Түүнийг тогтоохын тулд гэрчийн мэдүүлэг авъя гэсэн боловч Мөнгөнтуяа нь одоогийн байдлаар ажлаасаа гарсан байгаа. Т хэлтсийн даргын 41 дугаартай тушаалтай холбогдуулан бид нарт гаргаж өгөх нэмэлт нотлох баримт байхгүй. Өчигдрийн байдлаар Өын өвчтэй байсан гэсэн эмнэлгийн магадлагааны хуудсыг авчирч өгсөн. Авагдсан нотлох баримтын хэмжээнд асуудлаа шийдвэрлүүлье. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө хангалттай үндэслэж байна. Байгууллагаа төлөөлж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэж хэлж болохгүй учраас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтөлж байхад Өсөхөө эгч өөрөө байгаагүй үеийнхээ тайлбарыг бичээд өгнө гэж хэлж байсан. Дарга нарын хувьд тухайн үед Өсөхөө эгчийг нэлээн тулгаж асуугаад байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад “Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

1. Т хэлтсийн дарга З.Амгалан нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 тоот тушаалаар өөрийнхөө 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.5, 5.2.8, 5.2.9 дэх заалтыг үндэслэн надад сахилгын шийтгэл ногдуулсан.

2. Т хэлтсийн дарга З.Амгалан нь цаг үргэлж ажлын байрны дарамт үзүүлж ирсэн тул Т улсын байцаагч миний бие тус хэлтсийн зарим ажилтнуудын хамт түүний бидэнд шахалт, дарамт үзүүлж ирсэн нөхцөл байдлын талаар 2022 оны 03 дугаар сард Т ерөнхий  газарт гомдол гаргасан.

3. Автын үзлэг, багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцсон, орлого төвлөрүүлэх ажлаар хөдөө явсан зэрэг ажлаар явсан хугацааг тооцоогүйгээс гадна миний эмнэлэгт үзүүлсэн, хэвтсэн хугацааг ч харгалзаагүй гэж тайлбарлан маргасан байна.

 

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-Төв аймгийн Т хэлтсийн даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал[1],

-Т хэлтсийн дарга З.Амгалангаас 2022 оны 4 сарын 07-ны өдөр Д.Өт [email protected] хаягаар хүргүүлсэн “хийж гүйцэтгэж, эргэн тайлагнах” ажлын жагсаалтад “өнөөдөр сумын Тамгын газарт нэхэмжлэл гардуулж, өрийг бүрэн барагдуулах, өр барагдуулаагүй тохиолдолд данс хаах, -бусад төрийн байгууллагуудын өрийг төлүүлэх, -Газрын төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авах, төлөөгүй газруудын судалгааг гаргаж цуцлах санал хүргүүлэх, -өр барагдуулах арга хэмжээг хуульд заасны дагуу явуулах, тайлангийн ирцийг бүрэн хангах, -татвар төлөгчдийг төрлийн бүртгэлд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах, -төлбөрийн баримтын системд холбогдоогүй татвар төлөгчдийг бүрэн холбох,... -бусад үзүүлэлтийг стандарт түвшинд хангаж ажиллан 2022 оны 4 сарын 25-ны өдөр тайлагнахыг даалгасан[2],

-Д.Өын 2022 оны 6 сарын 23-ны өдөр бичсэн тайлбарт[3] “өглөө ирэхэд жижүүр үүдний өрөөндөө байхгүй байх тохиолдол байдаг. Багийн иргэдийн Нийтийн хурал, шүлхий, мялзан өвчний постод баталсан хуваарийн дагуу гардаг, Т удирдлагын нэгдсэн санд өдөр тутмын тэмдэглэлд тухайн өдрийн ажлаа нэг бүрчлэн бичээгүй, тэмдэглэл хөтлөөгүй байна. Цаашид анхаарч ажиллана. 2 сарын 22, 23,25-ны өдрүүдэд цаг хоцролтоо санахгүй байгаа учир эргэж тайлбар өгнө. ...5 сарын 18-23-ны хооронд Бөөрийн хоолойд 5 хоног хуваарийн дагуу постод гарсан...” гэсэн,

-Төв аймгийн Т хэлтсийн даргын зөвлөлийн 2002 оны 6 сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлд[4] “З.Амгалан дарга: тайлангийн ирц маш хангалтгүй байна. Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал дотор  маш олон ААН үйл ажиллагаа явуулж байна. Татварт бүртгүүлсэн ААН байхгүй байна. Таны хийх ажлыг төвийн байцаагч нар хийж байна.  ТУНС-д хэд хэдэн удаа ороогүй байна. Танай сумын цагийн бүртгэл дээр бүртгээгүй маш олон өдөр байна. ТУНС-д хийсэн ажлын тэмдэглэл хэд хэдэн өдөр ороогүй байна. Энэ болгон дээр тайлбар бичиж өгнө. ...Д.Ө: манай сумд нүүр таниулдаг төхөөрөмж байдаггүй, өглөө ажил руу ороход жижүүр байдаггүй цаг бүртгээгүй байдаг... Х.Мөнгөнтуяа: ...санахгүй байгаа өдрүүдийн тайлбар бичээд ажлын тайланг мэдээгээ 2022 оны 6 сарын 24-ний өдөр 09 цагт авчран дахин даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн нь дээр байх... шийдвэрлэсэн нь: Д.Ө нь цагийн бүртгэлд байхгүй байсан тайлан болон ажлын тайланг мэдээтэй дахин ирүүлэхээр шийдвэрлэж байна” гэсэн.

- Сэргэлэн сумын цагийн бүртгэлд “Д.Ө 2022 оны 2 сарын 22, 23, 4 сарын 20, 05 сарын 10, 12, 30-ны өдрүүдэд 10 цагаас хойш ирсэн, 16 цаг 20 минутад явсан” гэж тэмдэглэсэн, 3 сарын 30, 4 сарын 21, 5 сарын 19, 6 сарын 08-ны өдрүүдэд ирсэн, явсан цагаа бүртгүүлээгүй[5],

-“ТУБ Д.Өын цагийн бүртгэлд шалгалт хийхэд илэрсэн зөрчил” жагсаалтад “цагийн бүртгэлд бүртгүүлээгүй, ТУНС-д тэмдэглэл хөтлөөгүй-2022.03.23, 03.30, 04.12, 4.21, 05.19, 05.24, 05.26, 06.08 нийт 8” гэж тэмдэглэсэн,

-Төв аймгийн Т хэлтсийн Т удирдлагын нэгдсэн системд ажлын тэмдэглэл хөтөлсөн бүртгэлд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “...ТУНС-д ажлын тэмдэглэл хийсэн бүртгэлийг шүүж үзэхэд 2022.03.31-нд 1, 03.30-нд 1 ажлын тэмдэглэл оруулсан, 04.12, 04.21, 05.19-нд тэмдэглэл байхгүй, 05.24-нд 1 оруулсан, 06.08-нд тэмдэглэл байхгүй” гэж тэмдэглэсэн,

-Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 9 сарын 22-ны өдрийн 03/94 тоот албан бичиг, тус сумын 1,2,3,4 дүгээр багуудын Иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлд 2022 оны 2 сарын 25, 3 сарын 04, 18, 23, 30-ны өдрүүдэд багийн иргэдэд Т багц хуулиар сургалт хийсэн, мэдээлэл хүргэсэн, 5 сарын 18-23-ны өдрүүдэд “Бөөрийн хоолой”-д  баталсан хуваарийн дагуу бог малын мялзан өвчний постонд 5 хоног үүрэг гүйцэтгэсэн, 6 сарын 3-ны өдөр тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэсэн...”[6] хэмээн тэмдэглэсэн,

-Төв аймгийн Т хэлтсийн Хүний нөөцийн ажилтан Б.Золзаяагийн нэгтгэн гаргасан Д.Өын 2022 оны 10 дугаар сар хүртэл гүйцэтгэлийн тайланг 3-р сард 80.21, 6-р сард 79.14 гэсэн оноогоор үнэлсэн үнэлгээ[7],

-Т ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/116 дугаартай Д.Өт Т улсын байцаагчийн эрх олгох тухай тушаал[8],

-Төв аймгийн Т хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай Д.Өыг Сэргэлэн сумын Т улсын байцаагчаар томилсон тухай тушаал[9],

- Д.Өын2022 оны 5 сарын 24-26-ны өдрүүдэд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”[10],

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 1749566 дугаарт Д.Ө 2022 оны 04 сарын 27-ноос 05 сарын 03-ны өдрүүдэд ажлаас түр чөлөөлөв” гэсэн,

-Т улсын байцаагч Д.Өын 2022 оны эхний хагас жилийн хэрэгжилт[11] зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Ө байгууллагын удирдлага болон тасгийн даргаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, өдөр тутмын ажлын тэмдэглэл хөтлөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, 8 өдөр цагаа бүртгүүлээгүй буюу  2022 оны 3 сарын 23, 30, 4 сарын 12, 21, 5 сарын 19, 24, 26, 6 сарын 08-ны өдрүүдэд албан үүргээ гүйцэтгээгүй, энэ өдрүүдэд Т удирдлагын нэгдсэн системд өдөр тутмын ажлын тэмдэглэл бүртгээгүй, аймгийн төвд дуудаад ирдэггүй, 2022 оны эхний хагас жилийн төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын тайлангаа дүгнүүлээгүй гэх зэрэг зөрчил гаргасан гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дөрөв. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчим баримтална: 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 48 дугаар зүйлийн 48.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ...албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.1 өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” гэж тус тус заажээ.

 

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Хариуцагч, Төв аймгийн Т хэлтсийн даргаар ажиллаж байсан З.Амгалан Д.Өт сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, түүний 2022 оны эхний хагас жилийн ажлын хэрэгжилтийг үнэлж дүгнэлгүйгээр 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг батлан гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим” буюу 42.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

2. Д.Ө нь Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн гэх байдал нотлох баримтаар нотлогдоогүй, мөн түүний 2022 оны эхний хагаж жилийн ажлын тайланг үнэлж дүгнээгүй байж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, 2022 оны эхний хагас жилийн тайлангаа дүгнүүлээгүй гэж буруутган Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11, 48.3-т зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Төв аймгийн Т хэлтсийн даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дүгээр тушаал хууль бус байх тул уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.” гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Өын нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Т хэлтсийн даргын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОДСҮРЭН

 

 

 

[1] Хавтас хэрэг 1, 2 дугаар тал

[2] Хавтас хэрэг 1, 10-11 дүгээр тал

[3] Хавтас хэрэг 1, 12-17 дугаар тал

[4] Хавтас хэрэг 1, 18-20 дугаар тал

[5] Хавтас хэрэг 1, 28-37 дахь тал,

[6] Хавтас хэрэг 1, 45 дахь тал,

[7] Хавтас хэрэг 1, 180 дахь тал

[8] Хавтас хэрэг 1, 232 дугаар тал

[9] Хавтас хэрэг 1, 233 дахь тал

[10] Хавтас хэрэг 1, 3-17 дахь тал

[11] Хавтас хэрэг 1, 64-69 дэх тал,