Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш,

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхтогтох,

     Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонуд овогт Жамъяангийн Даваахүрэлд холбогдох 201718010054 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 08-р сарын 11-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт сумд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторч, комбайнч мэргэжилтэй, Тариалан эрхлэлтийг дэмжих санд ахлах операторчин ажилтай, ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр 2 охины хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 6-15 тоотод оршин суух хаягтай, Олхонод овогт Жамъяангийн  Даваахүрэл РД:/МФ-/.   

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг, 6-р бригад гэх газарт иргэн С.Ганболдын хашаанд өөрийн эзэмшлийн 00-00 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ *******ийг дайрч амь насыг нь  хохироон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн хүсэлтээр:

1.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 хуудас/,

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуудас/,

3. Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/,

4. Гэрч С.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

5. Гэрч Г.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

6. Гэрч Н.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

7. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-39 хуудас/,

7. 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 47 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 хуудас/,

8. Яллагдагч *******ийн мэдүүлэг /хх-ийн 52-53, 85 хуудас/ зэргийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр:

  1. Шүүгдэгчийн согтуурсан эсэхийг шалгасан нотлох баримт /хх-ийн 13 дугаар хуудас/,
  2. Гэрч С.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
  3. Гэрч Г.Мөнхбаатарын мэдүүлэг/хх-ийн 24-25 хуудас/,
  4. Гэрч Н.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
  5. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
  6. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хх-ийн 29 дүгээр хуудас/
  7. Даваадорж, Отгонбаяр нарын *******ийн хувийн байдлын талаар гаргасан тодорхойлолт,
  8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмчийн дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, 
  9. Ял шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/ зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

 

Шүүгдэгч  ******* нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг, 6-р бригад гэх газарт иргэн С.Ганболдын хашаанд өөрийн эзэмшлийн 52-86 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон урагшаа хөдлөхдөө *******ийг дайрч амь насыг нь  хохироон, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Болсон явдлын талаар мэдэх зүйл байхгүй... Би талийгаач Тэргэлийн төрсөн ээж нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/,

2. Гэрч С.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2017 оны 05-р сарын 14-ний өдөр манай хүү Мөнхбаатар Даваахүрэлийн машинтай Дөмбөн яваад малын бууц ачиж ирсэн. Тэгээд Даваахүрэлийн өөрийн 52-86 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээрээ малын бууц ачсан байдалтай манай хүүхэд болох Мөнхбаатартай хамт хашаанд хүрч ирээд ертөнцийн зүгээр урд зүг рүү толгойг нь харуулж байрлуулж тавьсан. Тэгээд Даваахүрэл, Лхагвасүрэн, Мөнхбаатар бид 4 хамт ачиж ирсэн малын бууцыг машины ард талд буулгаад овоолж тавьсан. Ер нь ажил дууссан болохоор Даваахүрэл за явъя гээд машиндаа суугаад машинаа хөдөлгөөд урагшаа явах үед нь тээврийн хэрэгслийн арын дугуйны урд талд талийгаач хүү маань хэвтэж байсан байдалтай арын дугуйн дээгүүр нь даваад гарчихсан. Би сандраад шууд очоод зээ хүүгээ тэвэрч аваад эхнэр Лхагвасүрэнг дагуулаад Даваахүрэлийн машинтай эмнэлэг явсан... Талийгаач бид нар дээр ирэхээр нь манай хонь айлын хоньтой нийлэх гээд байхаар нь өвөөгийн хүү очоод малаа эргүүлчихээд ир гээд явуулсан. Тэрнээс хойш ер нь бол анзаараагүй. Тэгсэн чинь Даваахүрэлийн баруун талын арын дугуйны урд ирээд хэвтчихсэн байсан. Би тэрийг машин хөдөлсний дараа мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

3. Гэрч Г.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2017 оны 05-р сарын 14-ний өдөр би Даваахүрэл ахтай уулзаад 52-86 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Дөмбөн ороод малын бууц /малын баас/ ачаан дээр нь ачаад буцаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн 6 дугаар бригадад байх гэртээ ирсэн. Даваахүрэл ах бид 2-г ирэхэд манай гэрт аав Ганболд, ээж Лхагвасүрэн, талийгаач дүү Тэргэл тэр 3 байж байсан. Тэгээд аав Ганболд, ээж Лхагвасүрэн, Даваахүрэл ах бид 4 нийлээд Даваахүрэл ахын машины ачаан дээр байсан малын бууцыг буулгаад цэгцэлж тавьсан. Тэгээд Даваахүрэл ах машинаа асаагаад хэсэг газар явсны дараа аав болох Ганболд талийгаач Тэргэлийг тэврээд зогсож байсан. Тэгээд очоод хартал амнаас нь жаахан цус гарчихсан байсан. Тэгээд аав, ээж, Даваахүрэл ах талийгаачийг аваад шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,    

4. Гэрч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2017 оны 05-р сарын 14-ний өдөр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт байрлах өөрийн гэртээ нөхөр болох Ганболд, талийгаач зээ ******* нарын хамт байсан. 16 цагийн үед Даваахүрэл, манай хүү болох Мөнхбаатар нар малын бууцыг манай хашаанд буулгах гээд Даваахүрэлийн 52-86 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд манай хашаан дотор зогссон. Даваахүрэл, Ганболд, Мөнхбаатар бид дөрөв ачсан байсан малын бууцыг Даваахүрэлийн тээврийн хэрэгслийн ачаанаас буулгаад цэгцэлж тавьсан. Тэгээд за буулгаад дуусчихлаа урагшаа хөдөлье гээд Даваахүрэл ах тээврийн хэрэгсэл дотроо суусан. Тухайн үед Ганболд, Мөнхбаатар, бид гурав малын бууцны зүүн гар талд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан байдалтай зогссон байсан. Тэгээд бид нар юм яриад зогсож байтал Даваахүрэл өөрийн тээврийн хэрэгслээ хөдөлгөөд явах үед араас нь харахад тээврийн хэрэгслийн баруун дугуйны мөрөн дээр манай зээ буюу талийгаач Тэргэл маань хэвтэж байсан. Шууд гүйгээд очоод харахад дайраад гарсан юм шиг шинжтэй, чих хамарнаас нь цус гоожиж байсан. Тухайн үед бид нар яахаа мэдэхгүй сандраад шууд Даваахүрэлийн машинтай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эмнэлэгт ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,   

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бүх гарсан зүйлд туслалцаа үзүүлсэн. Уучлалт гуйсан. Бидний харилцаа хэвийн үргэлжилж байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхтогтохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч сая хэвийн харилцаатай байгаа гэж худлаа хэллээ. Хэрэг гарснаас хойш надтай нэг ч удаа уулзаагүй. Утсаар ч яриагүй. Хохирогч гээд байгаа Мөнхтуяа нь миний эхнэр байгаа юм. Энэ хэргээс болж бидний хоорондын харилцаа дууссан. 2 удаа л эхнэртэйгээ уулзсан. Би ганц хүүхдээ алдсан тул сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Би мөнгө нэхэмжлээгүй. Өөр нэмж хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг,

7. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-39 хуудас/,

8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 хуудас/,

9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуудас/,

10. Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 14-ны өглөө өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээрээ Ганболдынд өвлийн түлшинд хэрэглэхээр Монгол уламжлалаараа хөрзөн авчирч буулгаж байгаад энэ харамсалтай үйл явдал болсон. Би энэ хэрэг гарсны дараа хохирогчийн ар гэрийнхнээс миний санамсаргүй, хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас бусдын амь насанд хохирол учрууллаа гэж уучлалт гуйсан. Маш их харамсч байгаа даа... Маш их гэмшиж байна. Өөр хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг зэргээр *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг хийсэн, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчийн тухайн гэмт хэргийг зүйлчилсэн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхтогтох нь сэтгэл санааны хохирол, гомдолтой гэсэн хэдий ч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №01509373 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №52149 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигч *******д буцаан олгож, 52-86 СЭА улсын дугаартай “HYUNDAI MIGHTY” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонод овгийн Жамъянгийн Даваахүрэлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн /2015 он/ 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч *******д мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхтогтох сэтгэл санааны хохиролтой гэсэн боловч иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №01509373 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №52149 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгосугай.  

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******ийн эзэмшлийн 00-00 СЭА улсын дугаартай “HYUNDAI MIGHTY”  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДЭЛГЭРСАЙХАН