Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2022/00586

 

 

 

 

 

2022 10 26 153/ШШ2022/00586

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух, Будуулынхан овогт Дамдины Батсүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, Наймдаа овогтОчирбалын Түргэнбаярт холбогдох,

О.Түргэнбаярын хууль бус эзэмшлээс өвөлжөөний зориулалттай 0,25 га газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батсүх, хариуцагч О.Түргэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Батсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгч Д.Батсүх би Ховд аймгийн Чандмань сумын газрын даамалтай байгуулсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний дагуу Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Түлэнхий бууцанд байршилтай өвөлжөөний зориулалттай 0,25 га газрын хууль ёсны эзэмшигч юм. Гэтэл хариуцагч О.Түргэнбаяр нь нэхэмжлэгч Д.Батсүх миний өвөлжөөний зориулалттай дээрх газарт өвөлжиж, хууль бусаар эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах газар эзэмшигчийн эрхийг зөрчиж байна. Газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлээ таслан зогсоож, газрыг чөлөөлүүлэх талаарх нэхэмжлэгч Д.Батсүх миний хууль ёсны удаа дараагийн шаардлагыг хариуцагч О.Түргэнбаяр биелүүлээгүй тул танай шүүхэд хандаж, эрхээ хамгуулахаас өөр аргагүй боллоо. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна", 106.4-т "Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Батсүх миний хариуцагч О.Түргэнбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье.

...Надад малын бэлчээр гэх юм байхгүй болсон. Өвөлжөөндөө сар болоод мал идэх өвсгүй болдог тул өөр газар руу нүүдэг. Жил бүр ингэж нүүдэг тул бэлчээрээ хамгаалах гэж нэхэмжлэл гаргаж байгаа юм. Манай өвөлжөө нь Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн нутагт харьяалагдах Түлэнхийн бууц гэх нэртэй 0.25 га хэмжээтэй өвөлжөөний газар юм. Тус өвөлжөөг О.Түргэнбаяраас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Учир нь хариуцагч нь тус өвөлжөөний газрыг хууль бусаар эзэмшиж байгаа... гэв.

2. Хариуцагч О.Түргэнбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие нь Ховд аймгийн Манхан суманд мал маллан амьдардаг. Тус шүүхэд Д.Батсүх нь өвөг дээдсээс өвлөж ирсэн өвөлжөөний газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэхээр шүүхэд өргөдөл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ өвөлжөөний газрыг 2001 оноос хойш өдий хүртэл эзэмшиж байна. Би 2001 онд гэр бүл болж, түүнээс хойш энэ Хүрэн толгойн дугуй гэх газрын өвөлжөө, хаваржааг эзэмшсэний төлбөрийг төлж ирсэн. Хүрэн толгой гэх өвөлжөө нь хадам аавын өвөлжөө байсан бөгөөд Д.Батсүх гэдэг хүнд зарсан. Энэ өвөлжөөнөөс 500-800 метр орчимд би өөрөө өвөлжөө, хаваржаа гаргаж, үүнийгээ одоо болтол эзэмшиж байгааг нутгийн ард иргэд болон сумын удирдлагууд бүгд мэднэ. Одоо энэ өвөлжөөний гэрчилгээ нь надад эх хувиараа байгаа. ...Би сумын удирдлагууд болон Чандмань сумын холбогдох хүмүүстэй уулзахад та захиргааны хэргийн шүүхэд хандах хэрэгтэй, нэг өвөлжөөний газар дээр тус тусдаа гэрчилгээ олгогдсон байна, үүнийг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дараагаар шийдвэрээ харж байгаад захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргах журамтай гэж зөвлөсөн. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Ховд аймгийн Засаг даргад өргөдлөө холбогдох баримтуудаа гаргаж өгсөн. Өргөдлийн хариуг 1 сарын хугацаанд шийдвэрлэж өгнө гэсэн. Д.Батсүхэд энэ өвөлжөөний газрыг надаас сүүлд Чандмань сумаас олгосон байгаа. Бид нарын маргалдаж байгаа газар нь Манхан сумын нутаг дэвсгэрт байдаг. 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хилийн зэс тогтоох шийдвэрээр тодорхой зааж өгсөн байдаг. Д.Батсүхэд Чандмань сумын газрын албаны даамлаар ажиллаж байсан Эрдэнээгийн Цогтсайхан гэдэг залуу гэрчилгээг надаас сүүлд 2010 оны үед гаргаж өгсөн гэж сонссон. ....Миний хувьд надад олгосон гэрчилгээ нь хуулийн дагуу олгогдсон гэж бодож байгаа. Д.Батсүхэд олгосон гэрчилгээн дээрх газрын нэр надад олгосон газрын нэр нь зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү....

....Миний өвөлжөө нь Хүрэн толгойн дугуй гэх өвөлжөө, Д.Батсүхийн өвөлжөө нь Түлэнхийн бууц гэх өвөлжөө. Хоёр өөр өвөлжөө. Д.Батсүхэд өөрийнх нь өвөлжөөний урд талд Хүрэн толгой гэх өвөлжөө өөрт нь байдаг. Энэ хүн Хүрэн толгойн Түлэнхийн бууц гэх өвөлжөөг булаацалдаад байгаа юм. Манай өвөлжөө нь Хүрэн толгойн дугуй гэх өвөлжөө байгаа юм. Манайх 2001 оноос хойш тус өвөлжөөний гэрчилгээтэй, одоо 20 гаруй жил болж байна. Маргаан бүхий газар нь хариуцагчийн өвөлжөөний ойролцоо байдаг... гэв.

3. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Газрын даамал Н.Бямбасүрэнгийн тодорхойлолт, Був уулынхан овогт Дамдины Батсүхийн нэр дээрх Ховд аймгийн Чандмань сумын тахилт багийн Түлэнхийн бууц гэх газарт байрлах, нэгж талбарын 8403300061 дугаартай, өвөлжөөний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэн Д.Батсүхээс Б.Мөнхбатад олгосон итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,

Хариуцагч талаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймгийн Манхан сумын Татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №2 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/61 дугаартай албан бичиг, Захиргааны гишүүдийн 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар баталсан Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Мал аж ахуйн бригадуудын нутгийн хилийн зэс, Очирбалын Түргэнбаярын нэр дээрх Ховд аймгийн Манхан сумын зэрэг гол багийн Хүрэн толгойн дугуй гэх газарт байршилтай, өвөлжөөний зориулалттай, гэрчилгээний 35 дугаартай, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Иргэний газар ашиглах гэрчилгээ, зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

4. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, мөн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч Б.Төгөлдөр, Р.Цэцэгмаа, П.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Батсүхээс хариуцагч О.Түргэнбаярт холбогдуулан гаргасан Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  ...Би Ховд аймгийн Чандмань сумын газрын даамалтай байгуулсан газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний дагуу Чандмань сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Түлэнхийн бууцанд байршилтай, өвөлжөөний зориулалттай 0,25 га газрын хууль ёсны эзэмшигч юм. Гэтэл хариуцагч О.Түргэнбаяр нь уг газарт өвөлжиж, хууль бусаар эзэмшиж байгаа нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байна... гэж тайлбарлана.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Би маргаан бүхий өвөлжөөний газрыг 2001 оноос эхлэн өдий хүртэл эзэмшиж байгаа. Уг өвөлжөөний гэрчилгээ нь надад эх хувиараа байдаг. Нэхэмжлэгч Д.Батсүхэд энэ өвөлжөөний газрыг надаас сүүлд Чандмань сумаас олгосон байсан. Маргалдаж буй газар Манхан сумын нутаг дэвсгэрт байдаг, 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хилийн цэс тогтоох шийдвэрээр тодорхой зааж өгсөн. Надад олгосон газрын гэрчилгээ нь хууль ёсны юм... гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 000461589 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Д.Батсүхэд Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 36 тоот шийдвэрийг үндэслэн тус сумын Тахилт багийн Түлэнхийн бууц гэх газарт байршилтай нэгж талбарын 8403300061 дугаар бүхий 0,25 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байна.

5. Талуудын маргааны зүйл нь хариуцагч, түүний өмгөөлөгчөөс тайлбарлахдаа ...Би маргаан бүхий өвөлжөөний газрыг 2001 оноос эхлэн өдий хүртэл эзэмшиж байгаа. Уг өвөлжөөний газрын гэрчилгээ хэрэгт авагдсан..., ...Нэхэмжлэгч Д.Батсүхээс эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл 2013 оноос хойш гомдол гаргах эрхтэй байсан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн Газрын маргаантай асуудлаар Газрын тухай хуульд заасны дагуу сумын Засаг дарга, аймгийн Засаг даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ёстой байсан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн... гэж маргаж, харин хариуцагч О.Түргэнбаяр маргаан бүхий газарт 2001 оноос хойш өвөлжиж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

6. Хууль зүйн үндэслэлийн талаар:

6.1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д ...Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй..., хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д ...Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй... гэж тус тус зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Түлэнхийн бууц гэх өвөлжөөний зориулалттай 0,25 га газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн, шинжээч Э.Цогтсайханы 2021 оны 02 дугаар саарын 10-ны өдрийн дүгнэлт, уг дүгнэлтэд хавсарган ирүүлсэн нэхэмжлэгч Д.Батсүхийн эзэмшлийн Түлэнхийн бууц өвөлжөөг сансрын зурагтай давхцуулсан гэх зургууд, кадастрын зураглалаар, мөн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдийн буюу бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр, түүнд хавсаргасан Ховд аймгийн Чандмань сумын хилийг заагийг харуулсан зураг зэргээр маргаан бүхий газар Ховд аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрт хамаардаг, мөн мэргэжлийн байгууллагын хийсэн дүгнэлтээр тухайн маргаан бүхий газар нэхэмжлэгч Д.Батсүхийн хууль ёсны эзэмшил газар болох нь тогтоогдож байна.

6.3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 000461589 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр Дамдингийн Батсүх нь Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Түлэнхийн бууц бүхий өвөлжөөний газрын хууль ёсны эзэмшигч байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

6.4. Хариуцагч талаас ...маргаан бүхий өвөлжөөний газрыг 2001 оноос эхлэн иргэний газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрчилгээнд ...Манхан сумын нутаг дэвсгэрт 80 ам дөрвөлжин газрыг гэрээнд заасны дагуу ашиглуулах, нэр байршил: Хүрэнтолгойн дугуй, газар ашиглуулсан: Ховд аймгийн Манхан сумын Засаг дарга, 2001.04.17-ны өдөр... гэж тус тус тэмдэглэгджээ. Үүнээс үзвэл, хариуцагч О.Түргэнбаярын уг гэрчилгээгээр маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах эрхтэй болох нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагчаас өөрт нь байгаа 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болохоо нотолж чадаагүй бөгөөд хариуцагч О.Түргэнбаяр нь тухайн маргаан бүхий газрыг ашиглах гэрчилгээ мөн эсэх нь тогтоогдсонгүй.

7. Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны хувьд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хангагдсан эсэхийг шүүхээс шаардахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т ...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна... гэж зааснаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй боломжгүй.

7.2. Нөгөө талаар, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна. Тэрээр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна... гэж заасан байх бөгөөд талуудын хооронд үүссэн газрын маргааны хувьд хөөн хэлэлцэх ерөнхий 10 жилийн хугацаа үйлчилнэ.

7.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ...Газар эзэмшигч гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг..., 3.1.7-д ...Газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ..., 27 дугаар зүйлийн 27.1-д ...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ... гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэж үзвэл, нэхэмжлэгч Д.Батсүх нь сумын Засаг даргын 2008 оны шийдвэрээр маргаан бүхий газрыг эзэмших шийдвэр гарсан хэдий боловч 2013 онд түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсанаар тухайн эзэмшлийн газраа эзэмших, ашиглах эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хуулийн хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэлээ.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Түлэнхийн бууцанд байршилтай 8403300061 нэгж талбарын дугаартай өвөлжөөний зориулалттай 0,25 га газрыг эзэмших эрхтэй боловч уг газраа эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадахгүй байгаа нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д ...Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батсүхийн Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Түлэнхийн бууцанд байршилтай 8403300061 нэгж талбарын дугаартай өвөлжөөний зориулалттай 0,25 га газрыг хариуцагч О.Түргэнбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэлийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН