Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04025

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 15 өдөр                     Дугаар 102/ШШ2022/04025                                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч М.Б

 

Хариуцагч Л.У-д холбогдох

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, газар албадан чөлөөлүүлэх тухай

         

         Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Газар, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ч.Б

Хариуцагч Л.У

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Л.У-д холбогдуулан орон сууц, газар албадан чөлөөлүүлэх, хариуцагч орон сууц, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөлд шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

         2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Л.У-той 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Хувийн орон сууц, газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Улсын бүртгэлийн ********** дугаартай, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, “Зуунмод”-ын 0 дугаар хэсэг, 0 тоотод байрлах 300 метр квадрат талбайтай газар болон хувийн сууцыг хариуцагчийн хүсэлтээр авсан байдаг.

        Харин 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан.

         Уг гэрээний үүргийг талууд хугацаандаа биелүүлээгүй бол шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр гарснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болно гэж амаар хэлцэл байгуулсан.

          Хэрвээ “Зээлийн гэрээ”-ний үүргээ хугацаандаа биелүүлсэн бол “Худалдах, худалдан авах гэрээ”-нээсээ дахин татгалзах байдлаар талууд амаар хэлцэл байгуулсан.

          Улмаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байгуулсан “Зээлийн гэрээ”-ний харилцааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдэж шийдвэр гарсан учраас талуудын хооронд амаар байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж үзэж манай зүгээс 2020 оноос хойш газраа чөлөөлж өгөхийг шаардаж байгаа боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа тул Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, “Зуунмод”-ын 2 дугаар хэсэг, 0 тоотод байрлах газар, хувийн орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү, гэжээ.

 

        3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн үед өөрөө байсан юм шиг ярьж болохгүй.

Бидний дунд болсон яриа бол намайг үл хөдлөх хөрөнгөө шилжүүлээд өг, үгүй бол үлдсэн мөнгийг шилжүүлэхгүй, сүүлийн зээлийг өгөхгүй гэж тулгасан.

Тиймээс үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн.

Түүнээс биш хүн юу гэж өөрийнхөө хөрөнгийг хүнд тийм байдлаар өгөх юм бэ? Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө мөн хуульч хүн байж ингэж худал ярьж болохгүй.

Хуулийн дагуу хийгдсэн гэрээний үүргийг яаж биелүүлэхээ би мэднэ.

М.Б өөрөө хууль зөрчиж гэрээ байгуулсан учир би хүлээн зөвшөөрөхгүй.

Бидний хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний шүүх хуралдаанд очиж чадаагүй бөгөөд намайг шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр очсон байсан.

М.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод миний утасны дугаар, хаяг бүгд байдаггүй гээд намайг асуудалд оруулсан.

Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тэр хүний бодиттой зүйлийг мэдэхгүй байж ингэж дураараа ярьж болохгүй.

Нэхэмжлэгч хуулиа зөрчөөд олон бичиг баримт хуурамчаар үйлдэж, гэрээ байгуулсан.

Мөнгө хүүлж байгаа юм шиг маш өндөр хүү алданги тооцсон байгаа.

29.000.000 төгрөг автоматаар 35.000.000 төгрөг болж тооцогдоод түүнээсээ хүү, алданги гээд 86.000.000 төгрөг нэхсэн.

Мөн 54.000.000 төгрөг биш 64.000.000 төгрөг болсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нугалаа гаргаж хүмүүсийг төөрөгдүүлж байна.

М.Б-ийн үйлдэл дандаа ийм жижигхэн, жижигхэн зүйл дээр хүмүүсийг төөрөгдүүлсэн зүйл хийдэг.

Анхны гэрээнээс цааш үргэлжлүүлж олон хуурамч зүйл хийчхээд өнөөдөр нэмээд үл хөдлөх хөрөнгийг маань авчих гэсэн гээд намайг гүтгэж байна. Ийм байж болохгүй.

 

          4.Хариуцагч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.Б-тэй “Зээлийн гэрээ” байгуулан уг гэрээтэй холбоотойгоор “Худалдах, худалдан авах гэрээ” хийсэн.

Гэрээний төлбөрийг төлөөд барагдуулах тухай тодорхой нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдсан. Одоо төлөх гэхээр төлөгдөх боломжгүй байна.

 Анхнаасаа 15.000.000 төгрөгийн гэрээг хуулийн дагуу байгуулсан бөгөөд дараагийн үүрэг дуусгавар болсон гэрээг хуурамчаар хийгээд намайг төлсөн гэж хуурамчаар гарын үсэг зуруулсан.

 Би гэрээний төлбөрөө төлж чадаагүй учраас нэхэмжлэгч надад дахин нэмж зээл авах санал тавьж би нэмж зээл авах гэтэл миний эхний зээлсэн 15.000.000 төгрөгийн төлбөрийг автоматаар 20.000.000 төгрөг төлсөн гэж тооцоод, хоёр дахь гэрээгээ хийхдээ намайг 15.000.000 төгрөг дээр нэмээд дахиад 20.000.000 төгрөг зээлсэн гээд автоматаар 35.000.000 төгрөг зээлсэн болгож гэрээ хийсэн.

Ингэж гэрээг байгуулахдаа үүрэг дуусгавар болсон гэрээг хуурамчаар хийж гарын үсэг зуруулсан.

Мөн хоёр дахь гэрээг 35.000.000 төгрөгөөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад надад аль нэгийг нь шилжүүлж өг, өгөхгүй бол үл хөдлөх хөрөнгийг чинь авлаа гээд эхний авсан 15.000.000 төгрөгийн зээлд ийм нөхцөл заасан.

Тухайн нөхцөлд би яаж ч чадахгүй шилжүүлсэн.

 Гэхдээ “Худалдах, худалдан авах гэрээ”-г хийхдээ надад нэг ч төгрөг төлөөгүй.

 Гэрээгээр миний үл хөдлөх хөрөнгийг 10.000.000 төгрөг, газрыг 2.500.000 төгрөг нийт 12.500.000 төгрөгөөр тооцоож, гарын үсэг зуруулсан.

Түүнээс биш зарсан зүйл байхгүй.

Үндсэндээ М.Баянмөнхөөс 29.600.000 төгрөгийг авсан байдаг.

 Гэтэл шүүх 35.000.000 төгрөг гэж тооцож үүний дээр хүү, алданги нэмээд 86.000.000 төгрөгийг тогтоосон.

Анхнаасаа үүрэг дуусгавар болсон гэрээг хуурамчаар хийсэн.

 Мөн 35.000.000 төгрөгийн гэрээг хуурамчаар байгуулсан байдаг.

Эхний 15.000.000 төгрөгийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан бөгөөд бусад гэрээ бүгд хууль бус гэрээ.

Одоогоор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаад шалгуулаад явж байна.

Иймээс нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

5.Хариуцагч Л.У шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Газар, хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, “Зуун мод”-ын 2 дугаар хэсгийн 0 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болон газрыг Л.У-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний бие М.Б-с 15.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн.

Тухайн мөнгийг өгч чадаагүй гэрээний хугацаа дууссан.

 Үүний дараа М.Б дахин зээлийн гэрээ байгуулах санал тавьж “Зээлийн гэрээ” байгуулсан.

Зээлийн гэрээ байгуулахдаа өмнө нь зээлсэн 15.000.000 төгрөгийг 20.351.000 төгрөг гэж тооцоод дараагийн зээлийн гэрээнээс суутган авч бодиттоор үлдэгдэл 14.000.000 төгрөгийг өгөөд нийт 35.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан.

Ингээд өөрийн өмчлөлд байсан Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, “Зуун мод”-ын 2 дугаар хэсгийн 0 тоотод байрлах газар, үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулж авсан.

Гарын үсэг зуруулж авахдаа та энэ зээлээ төлөх юм бол уг гэрээг устгана гэж тохироод гэрээгээ 12.500.000 төгрөгөөр үнэлсэн.

Гэхдээ энэ худалдах, худалдан авах гэрээний мөнгө бэлэн болон бэлэн бусаар шилжиж орж ирээгүй.

Мөн М.Б тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээд өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан.

        Дээр дурдсанчлан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

          Одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаад байгаа.

          Үүнээс юу харагдаж байна бэ? гэхээр шүүхийн шийдвэрийн дагуу 65.000.000 төгрөгийг авна гэж байна.

           Гэтэл “Худалдах, худалдан авах гэрээ”-нийхээ төлбөрийг төлөөгүй нөгөө талаас худалдах, худалдан авах гэрээгээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хууль зөрчиж хийсэн хэлцлээр хүний үндсэн эд хөрөнгийг авах гээд байдаг.

           Уг хөрөнгүүд 12.500.000 төгрөгийн үнэ ханштай биш бөгөөд ийм дүнгээр үнэлж өөрийн өмчлөлд аваад ахиад эд хөрөнгийг бодиттоор өөрийн эзэмшилд авахаар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

           М.Б Л.Уын үл хөдлөх хөрөнгө, мөн шүүхийн шийдвэрт тусгасан 65,000,000 төгрөгийг авах агуулгаар нэхэмжлэл гаргаад байна.

           Тиймээс худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэрээ учир уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өмчлөлөө шилжүүлж авах хүсэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой шүүхийн шийдвэрийн тухайд хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир талууд дүгнэлт өгөх боломжгүй учир тэр ажиллагааг дуусгавар болгох зорилгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, гэжээ.

 

       6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

       Маргааны зүйл болоод байгаа үл хөдлөх хөрөнгө газар барьцаанд байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үүрэг дуусгавар болоод хоёулангийн гарын үсэгтэй энэ хөрөнгө барьцаанаас гарсан.

        Барьцаанаас гараад Л.У-ын хүсэлтээр “Худалдах, худалдан авах гэрээ” хийе гэсний дагуу хэлцлийг хийсэн.

        Хэлцлийг хийсэн учир нь зээлийн төлбөрөө төлөхгүй бол уг гэрээ хүчин төгөлдөр болох ба хэрэв гэрээнд заасан төлбөрөө төлвөл устгах буюу гэрээний үүргээ биелүүлнэ гэж амаар ярилцсан тухайгаа нэхэмжлэгч хэлсэн.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа сүрдүүлж “Худалдах, худалдан авах гэрээ”-нд хүчээр гарын үсэг зурсан гэж байна.

        Талууд нотариатаар орж гарын үсэг зурсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө М.Б-ийн нэр дээр шилжих асуудал тодорхой хугацаанд болж байгаа бөгөөд хүчээр ч юмуу ямар нэгэн байдлаар Л.У-г гарын үсэг зуруулсан бол үл хөдлөх хөрөнгө шилжих хугацаанд хүсэлт гомдол гаргаад өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх бүрэн боломж байсан.

        Тиймээс дарамт шахалт үзүүлж хүчээр гарын үсэг зуруулсан гэх нь үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

         Мөн сөрөг нэхэмжлэлээ ямар хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж гаргаад байгаа нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б.Н-д олгосон “Итгэмжлэл”, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэр бүл хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШЗ2021/00000 дугаартай Шүүгчийн захирамж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ч.Б-д олгосон “Итгэмжлэл”,    

 

8.Хариуцагчаас цахим иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай”, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/00000 дугаартай Шийдвэр,

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ч.Б нар         нэхэмжлэлийн шаардах эрхийг үндэслэлээ ”талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр учраас орон сууц, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарлав.

 

          3.Хариуцагч Л.У “Анхнаасаа энэ гэрээнүүд хуурамч байсан. Гэрээний мөнгийг шилжүүлээгүй. “Зээлийн гэрээ”-г халхавчлах зориглготой гэрээг байгуулсан” гэж татгалзлаа илэрхийлэв.

 

 4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

 5. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

 6.Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Л.У-той 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Зуун модчин /15041/, 2 дугаар хэсэг, 0 тоот, 300 метр квадрат талбайтай газрыг 2.500.000 төгрөгөөр мөн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр дээрх хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-**********, гэрчилгээний 000000000 дугаартай, 58 метр квадрат талбайтай хувийн орон сууцны зориулалттай байрыг 10.000.000 төгрөгөөр, төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

7.Хэргийн баримтаас үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Зуун модчин /15041/, 2 дугаар хэсэг, 0 тоот, 58 метр квадрат талбайтай хувийн зориулалттай орон сууцны өмчлөгчөөр РЕ******** регистрийн дугаартай, М.Б бүртгэгджээ.

 

        8.Мөн хаягт байрлах 300 метр квадрат талбайтай газрыг М.Б-д 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 0000000000 дугаартай, Газар эзэмших гэрчилгээг Чингэлтэй дүүргийн газрын албанаас олгосон байна.

 

        9. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт ”эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийг үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохилдолд үнэн зөв гэж тооцно”, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт  ”үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасны дээрх хувийн орон сууц, газрын өмчлөгч, эзэмшигч М.Б болох нь нотлогдож байна.       

        

        10.Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

        11.Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр хуульчилжээ.

 

       12.Зохигчдын тайлбараар маргаан бүхий газар, хувийн орон сууц нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжсэн үйл баримтанд маргахгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч бодитоор гэрээний эд зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авч, хариуцагч үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдож харин үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнийн дүн 12.500.000 төгрөгийг худалдан авагч шилжүүлээгүй талаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбараараа зөвшөөрч байна.

 

       13.Иймээс хариуцагч Л.У-ын “Бидний хооронд хийсэн зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ. Энэ зээлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 00000 дугаартай Шийдвэрээр шийдвэрлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. 12.500.000 төгрөг надад бэлэн болон бэлэн бусаар шилжигдэж орж ирээгүй” гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч баримтаар няцааж үгүйсгэж чадаагүй мөн үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөөгүй гэх зөвшөөрсөн тайлбараас харахад хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

        14.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

        15. Хариуцагч Л.У-ын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Газар, хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Зуун модчин /15041/, 2 дугаар хэсэг, 0 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

        16.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ 12.500.000 төгрөгийг төлөөгүй болохоо илэрхийлж уг гэрээтэй хамаарал холбоотой М.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.У-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 64.394.988 төгрөгийг гаруулах иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар маргаагүй мөн хариуцагчийн нотлох баримтаар шүүхэд өгсөн маргаан бүхий хувийн орон сууц, газрын талаар байгуулсан “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцлийг нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчилж тодорхой үр дүнд хүрэх зорилготой бус тухайн хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд хийсэн, утга агуулгаараа хууль зөрчсөн, үнэн санаанаасаа буюу бодитоор хариуцагч үл хөдлөх эд хөрөнгөө худалдахаар нэхэмжлэгчийн өмчлөлд эрхийг шилжүүлээгүй болох нь бичгийн баримт, тайлбараар нотлогдож хэн аль маргахгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

       17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч М.Б-с улсын тэмдэгтийн хураамж 285.150 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.У-д олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн       

         115.2.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

         1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.У-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн Л.У-ын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Газар, хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Зуун модчин /15041/, 2 дугаар хэсэг, 0 тоот байрлах орон сууц, газрыг Л.У-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч М.Б-с улсын тэмдэгтийн хураамж 285.150 төгрөгийг гаргуулж, хариуцагч Л.Ут олгосугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА