| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэнгийн Алдар |
| Хэргийн индекс | 197/2025/0852/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/777 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/777
2025 09 15 2025/ШЦТ/777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч Ц.Ганцэцэг /тээврийн прокурор/,
шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Ангараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......... овогт Б.Ш /РД:********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь согтуурсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг 59 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, ..... замд “.....” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: ...согтууруулах ундаа,... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, “.......” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “.......” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох Д.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3 дахь хуудас/,
- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээс тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дахь хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл 2.44% /хх-ийн 13 дахь хуудас/,
- “........” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 10 дугаартай: “....... “маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 3,320,000 төгрөгөөр үнэлэгдсэн дүгнэлт /хх-ийн 81-86 дахь хуудас/,
- Эрүүл мэндийн даатгалын сангаас Д.Д нь 93.000 төгрөгийн хөнгөлөлт, үйлчилгээ авсан мэдээлэл /хх-ийн 121 дэх хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч ЭМДЕГ-ын мэргэжилтэн Д.Г-ийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д /РД:*******/ нь эмнэлгийн байгууллагаас 93.000 /ерэн гурван мянга/ төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох 93.000 /ерэн гурван мянга/ төгрөгийг гэм буруутай этгээд Б.Ш-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ******** дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл /хх-ийн 121 дэх хуудас/,
- Яллагдагч Б.Ш-ээс хохирогчид-1,800,000 төгрөг, 60,000 төгрөг буюу нийт 1,860,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Д-т “..........” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 2,420,000 төгрөг, 500,000 төгрөг буюу нийт 2,920,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга бүхий баримтын хуулбар /хх-ийн 132-136 дахь хуудас/,
- Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдрийн орой 22 цагийн орчимд өөрийн төрсөн ах Д.Э-ийн хамтаар аав Б.Д-ын машинтай ... шатахуун түгээх станцаас машиндаа масло авчхаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад гэнэт өөдөөс нэг машин урсгал сөрж орж ирээд зам тээврийн осол гаргасан. Тухайн үед машинаас бууж чадахгүй байсан учраас 103 дуудаж үзүүлээд 103 машинаар ГССҮТ эмнэлэгт хүргэгдэж анхан шатны тусламж үйлчилгээ аваад гэртээ харьсан. Би жолоочийн эсрэг талд урд суудал дээр сууж явсан. Манай төрсөн ах Д.Э барьж явсан. Жолооч хамгаалах бүс хэрэглэсэн байсан би хамгаалах бүс хэрэглээгүй байсан...Тухайн үед толгойны ар хэсгээр татаж өвдөөд нуруугаар хатгаж өвдөөд цээж хөндүүрлээд байсан болохоор машинаас бууж чадахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод рентген зураг, МР1 зураг авхуулсан зүүн талын 7, 8, 9-р хавирга хугарсан гэж байсан. Одоо биеийн байдал сайн байгаа. Ослын улмаас ажилгүй байсан хугацааны цалин, эм тариа, эмчилгээний зардал, мөн толгой өвдөөд байсан учраас хувийн “****” эмнэлгийн ядаргааны тасагт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний баримт гаргах боломжгүй байна.. тухайн үедээ хадгалж аваагүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан санал хүсэлт байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй шинжээч томилох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дэх хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр өдрийн орой 21 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүрэг .......... сургуулийн буудлаас хойд талд ертөнцийн зүгээр баруун талд байх ТЭС шатахуун түгээх станц орж бензин авчхаад хойшоо гэртээ харих гээд явж байхад эсрэг урсгалаас “.......” маркийн машин урсгал сөрж орж ирээд зам тээврийн осол гаргасан. Машиныхаа эвдрэлийн үнэлгээг гаргуулж авмаар байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Миний жолоодож явсан машин аав Д-ийн эзэмшилд байдаг. Машиндаа эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн байгаа. Би тэр үед төрсөн дүү Д-ий хамт явж байсан. Бид хоёр суудлын хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Тэр жолооч ганцаараа бууж ирсэн нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дэх хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед зам тээврийн осол гарсан талаар мэдээгүй сүүлд нь хүүхдээсээ сонсоход согтуу хүн машин бариад яваад урсгал сөрөөд осол гаргачихлаа дүүг түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Өөрөөр мэдэх зүйл байхгүй. Энэ тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Машиндаа эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн. Зам тээврийн ослоос үүдэлтэй тээврийн хэрэгслийг эвдрэлийг буруутай жолоочоос яаралтай гаргуулж авмаар байна. Хүү Э-ээс нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 31-35 дахь хуудас/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай шинжээчийн: 1.Д.Д-ийн биед зүүн 7, 8, 9-р хавирганы далд зөрөөгүй хугарал, тархи доргилт, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дахь хуудас/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн: 1.Д.Э-ийн биед нуруу, өвдөгт цус хуралт, баруун шуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дахь хуудас/,
- Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай: “ Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Тоёота маркийн .......... загварын **** УБВ улсын бүртгэлийн дугаартай авто тээврийн хэрэгслийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.6 заалтыг үндэслэн, техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 61 дэх хуудас/,
- Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай “Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн .......... загварын **** УБЕ улсын бүртгэлийн дугаартай авто тээврийн хэрэгслийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1.6 заалтыг үндэслэн, техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 68 дахь хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Ц-гийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 95-96 дахь хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дахь хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 138-139 дэх хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 140-141 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ангараг гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар осол гаргаж уг ослын улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн ялын төрөл хэмжээг ухамсарласан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байгаа. Мөн энэ талаараа өнөөдрийн шүүх хуралдаанд товч тодорхой байдлаар илэрхийлж байна. Ийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж байгаа. Иймд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Д нь гомдол саналгүй, хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ангараг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотойгоор хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч болон иргэнийн нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл хохирогчид 1,860,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,320,000 төгрөг төлж барагдуулсан. Шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Иймд прокурорын санал болгосон ялыг баталж өгнө үү...” гэв.
Иймд шүүгдэгч Б.Ш-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт Б.Ш /РД:*****/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР