Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/24

 

Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нарт холбогдох эрүүгийн                         хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг  

Прокурор                                                     Ч.Мөнхзул

Өмгөөлөгч                                                     М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нарт холбогдох эрүүгийн 2021002910056 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1966 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Бясуу овогт Доржийн Товуусүрэн.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Хатгин овогт Товуусүрэнгийн Билигбаатар.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1995 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Хатагин овогт Баяраагийн Буянбаатар.

Шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Хотго” гэх газраас хохирогч Л.Батсайханы 8 тооны үхрийг хулгайлж бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг, “Үүдийн жаран” гэх газраас хохирогч Д.Лхагвадоржийн 8 тооны үхрийг хулгайлж бусдад 6.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Буянбаатар нь ганцаараа 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг, “Хөх өндөр” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.Эрдэнэбаярын эзэмшлийн үхэр сүргээс 9 тооны үхэр хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нарыг бүлэглэн, машин механикм ашиглан бусдын малыг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Бясуу овогт Доржийн Товуусүрэн, Хатгин овогт Товуусүрэнгийн Билигбаатар, Хатагин овогт Баяраагийн Буянбаатар нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Доржийн Товуусүрэн, Товуусүрэнгийн Билигбаатар нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Баяраагийн Буянбаатарт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар нарт оногдуулсан тус бүр 2 жилийн, шүүгдэгч Б.Буянбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Д.Товуусүрэнгийн эзэмшлийн 500.000 төгрөгөөр үнэлэгдсэн онгин тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн насны морь, 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй Kia Bongo frontier маркийн 02-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хураан улсын орлого болгохоор тогтоож, шүүгдэгч Б.Буянбаатараас гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан хүрэн зүсмийн хязаалан насны морины үнэ 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

- Мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, чандмань тамгатай хүрэн зүсмийн хязаалан насны морийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн Л.Ариунболдод буцаан олгож,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Л.Батсайханд 3,600,000 төгрөг, хохирогч Д.Лхагвадоржид 6,000,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Б.Эрдэнэбаярт төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатарын нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын зарим хэсэгтэй холбогдуулан гомдол гаргаж байна.

Уг шүүхийн тогтоолоор Товуусүрэнгийн эзэмшлийн 02-69 ДОА дугаартай “босгож” гар хийцийн тэвштэй болгосон Bongo frontier маркийн тээврийн хэрэгсэл ашигласан учир хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг нь уг машиныг иргэн Бат-Эрдэнэд хэдэн төгрөгөөр тохироод өгсөн байсан. Байцаагч гэнэт битүүмжлэнэ гэхэд хүнд өгсөн тухайгаа хэлсэн боловч нэгэнт нэр дээр минь байгаа болохоор битүүмжилнэ гэсэн. Мөнгийг аваад хохиролд өгсөн. Уг нь хохирогчид машинаа өгч болно гэхэд авахгүй, мал ч бас авахгүй мөнгө л авна гээд байсан юм. Ингээд зарсан мөнгөө хохирогчид өгсөн. Машиныг худалдсан бичиг хэрэгтэй гэхэд нь сүүлд худалдсан тухай гэрээг хийж өгсөн. Энийгээ шүүхэд өгөөд учраа сайн хэлэхэд болно биз дээ гэж байцаагч, өмгөөлөгч нар хэлсэн. Битүүмжилсэн асуудал ч уг нь сүүлд Товуусүрэнг яллагдагчаар татсанаас л хойш болсон юм. Хуулийнхан хэлэхдээ угаасаа тээврийн хэрэгслийг хураан авч хохиролд төлүүлэхэд хэрэглэдэг учир хохиролдоо өгч болно гээд байсан. Муу машин болохоор хүн хямд үнэ хэлээд авъя гэхээр нь яараад л өгөх болсон.

Үнэн бодит байдал ийм учир машиныг улсын орлого болгох шийдвэрийг эргэж хянаж, нэгэнт хохиролд мөнгө болгоод өгчихсөн юмыг дахин хураан авч улсын орлогод оруулахаар шийдсэн нь үндэслэлгүй, хүнд байна гэж үзээд энэ асуудлыг бодитойгоор өөрчлөн шийдэж өгч туслахыг хүсэж байна.

Битүүмжлэгдэхээс бүр өмнө Бат-Эрдэнэд өгчихсөн. Гагцхүү нэрэнд нь шилжүүлж өгч амжаагүй байсан болохоор сүүлд 3 сард хураагдсан гэдгээ нотол гэхээр гэрээг хийхдээ, дараа нь нэр дээр нь шилжүүлж өгнө гэдгээ бичсэн юм. Үүнийг залруулж өгнө үү. Одоо бид давхар хохирол төлж бас Бат-Эрдэнийг хохироох болоод байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билэгбаатар нарын өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: ...Хохирогчийн хувьд тээврийн хэрэгсэл, мал авахгүй заавал бэлэн мөнгө авна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс машинаа Бат-Эрдэнэд худалдаж 2 000 000 төгрөгийг хохирогчид өгсөн. Гэтэл шүүхээс тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосон. Энэ бүхний ард Бат-Эрдэнийн хувьд давхар хохирох болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “хөрөнгө орлогыг хураах, албадлагын арга хэмжээ авах” тухай тодорхой дурдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан байдаг. Тиймээс шүүх энэ хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэсэн гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн 134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Хотго” гэх газраас хохирогч Л.Батсайханы 8 тооны үхрийг хулгайлж бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг, “Үүдийн жаран” гэх газраас хохирогч Д.Лхагвадоржийн 8 тооны үхрийг хулгайлж бусдад 6.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Буянбаатар нь ганцаараа 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг, “Хөх өндөр” гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.Эрдэнэбаярын эзэмшлийн үхэр сүргээс 9 тооны үхэр хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар, Б.Буянбаатар нарын мэдүүлэг хохирогч Д.Лхагвадорж, Л.Батсайхан, Б.Эрдэнэбаяр, гэрч Ц.Эрдэнэцогт, А.Мөнхжаргал, Д.Гантулга, Ц.Дорлигсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал, эд зүйлийн үнэлгээнүүд зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Б.Билигбаатар, Д.Товуусүрэн нарын давж заалдах гомдлын тухайд дараах нөхцөл байдал тогтоогдов. Шүүгдэгч Д.Товуусүрэн нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг бусдад зарсан, эзэмшилд нь бүр мөсөн шилжүүлсэн гэх боловч энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй өөрөөр хэлбэл, хэрэгт автомашин худалдах худалдан авах гэрээ /2-р хавтасны 15/ байгаа боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрийнх нь нэр дээр /хх-ийн 146/, бусдын эзэмшилд нь шилжүүлээгүй байгаа учраас хулгай хийхдээ ашигласан Kia Bongo frontier маркийн 02-69 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “хөрөнгө орлогыг хураах, албадлагын арга хэмжээ авах” тухай, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан хуулийн заалтуудтай нийцжээ.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.Товуусүрэн, Т.Билигбаатар нарын “...машиныг иргэн Бат-Эрдэнэд хэдэн төгрөгөөр тохироод өгсөн байсан. ... Бид давхар хохирол төлж бас Бат-Эрдэнийг хохироох болоод байна.” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Билигбаатар, Д.Товуусүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Буянбаатар, Т.Билигбаатар, Д.Товуусүрэн нарын 2021 оны 04 дүгээр сарын 23ы өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

          ШҮҮГЧИД                                                             З.ЭНХЦЭЦЭГ

                                                                       Ж.ДОЛГОРМАА