Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 56

 

“А з” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Татварын

хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох

захиргааны хэргийн тухай  

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                  Д.Мөнхтуяа,

                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох”

 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0299 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0299 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “А з” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...бид Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус актад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт гарах үндэслэл буюу тухайн хяналт шалгалтыг явуулах удирдамж нь 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх дүрэм”-д үндэслэгдэн гарсан байдаг.

4. Гэтэл уг дүрэм нь хяналт шалгалт явуулж байх хугацаанд буюу 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хүчингүй болж, журам болгон өөрчлөгдөн баталсан байна. Хүчингүй болсон дүрэм, шинээр батлагдсан журамд зааснаар тухайн нөхцөл  байдал үүссэн тохиолдолд татварын байцаагч нь өөрчлөлт оруулах, арга хэмжээ авах бүрэн эрхтэй байх ба уг өөрчлөлттэй холбогдуулан ирээдүйд гарах эрсдэлийг Ховд аймгийн татварын хэлтсийн байцаагч нар тооцоолж болох байсан боловч хүчингүй болгосон дүрмийг үндэслэлээ болгон хяналт шалгалтаа хийсээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 160010934 тоот актыг гаргасан.

5. Дээрх нөхцөл байдлаар маргаан бүхий актыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаж байна, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр акт илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байхад давж заалдах шатны шүүх энэ тал дээр огт тайлбар хийгээгүй, Ховд аймгийн Татварын хэлтсийн “А з” ХК-д хийсэн татварын хяналт шалгалт нь хүчин төгөлдөр хууль ёсны удирдамжид суурилан, зохих журмынхаа дагуу явагдсан эсэхэд огт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн дан ганц “анхан шатны шүүхийг зөв дүгнэлт гаргасан байна, гэхдээ буруу үндэслэлээр” гэж үзэн “нэхэмжлэлийн шаардлага болоод эрх зүйн үндэслэлд хамаарахгүй байна буюу тодруулбал, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй” гэж үзсэнийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг дүгнэн магадлал гаргасан гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0299 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч “А з” ХК нь Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхүүд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасантай нийцэхгүй байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А з” ХК нь маргаан бүхий актын талаар буюу Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актаар тогтоосон 356,014,266.0 төгрөгийн төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу чөлөөлүүлэх, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх хуулийн дагуу актаар тогтоосон зөрчлийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. 

10. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2014 оны 160010934 тоот актаар ногдуулсан төлбөрөөс 78,016,766,80 төгрөгийн торгууль, 71,713,357,40 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх шийдвэр гаргахыг Ховд аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн, эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар буюу маргаан бүхий татварын 160010934 тоот актын хууль зүйн үндэслэлийг хянаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу байна.

12. Тодруулбал, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар хэргийн оролцогчид шийдвэрлэсэн асуудлаар дахин маргах эрхгүй, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай.

13. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “А з” ХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Татварын хэлтсийн  татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0299 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгч “А з” ХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 160010934 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайыы хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж олгосугай.

                     

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА