Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00735

 

Д.Нямаагийн харгалзан дэмжигч

Ц.Балжиннямын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00282 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 677 дугаар магадлалтай,

Д.Нямаагийн харгалзан дэмжигч Ц.Балжиннямын нэхэмжлэлтэй,

Т.Энх-Үйлст холбогдох           

            Хууль бус эзэмшлээс газар, хашаа байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюуны гаргасан тайлбарт: “Д.Нямаа нь 1966 онд төрсөн, төрөлхийн тахир дутуу, байнгын асаргаанд байдаг бөгөөд 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр түүний эх Ц.Даваажав нь нас барснаар Ц.Балжинням нь түүнийг Хөвсгөл аймагт өөрийн асрамжид байлгах болсон. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/76 тоот захирамжаар Д.Нямаагийн харгалзан дэмжигчээр Ц.Балжиннямыг тогтоосон юм. Д.Нямаа нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 34 дүгээр гудамж 418 тоот хаягт байрлах 000269205 дугаартай 376 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн 28 тоот гэрчилгээгээр Ц.Даваажав, Ш.Дарам, Д.Ганболд нараас 000322801 дугаар гэрчилгэээ бүхий 40.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг Ц.Даваажав, Д.Ганболд нараас 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн 28 тоот гэрчилгээгээр тус тус өвлөж авсан. Гэтэл Т.Энх-Үйлс уг хашаа байшинд суугаад гарахгүй байгаа тул чөлөөлөхийг даалгаж өгнө үү. Д.Нямаад өөрт нь хашаа байшин нь хэрэгтэй болоод байна” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 34 дүгээр гудамж, 418 тоотод байрлах 376 м.кв газар болон 40.5 м.кв хувийн сууцанд хамааралгүй. Д.Ганболдын байгууллагад ажиллаж байгаа учраас түр оршин сууж байгаа. Иймээс нэхэмжлэлийн хариуцагч биш” гэжээ.

           Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00282 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 34 дүгээр гудамж, 418 тоот хашаа, байшинг чөлөөлөхийг хариуцагч Т.Энх-Үйлст даалгаж, Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 677 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.2” гэснийг хасаж, шийдвэрийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзангийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Ц.Балжиннямын нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11717 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00282 дугаар шийдвэрээр хашаа байшинг чөлөөлөхийг Т.Энх-Үйлст даалгасан нь хууль буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ц.Балжинням нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр уг хашаа байшингийн 000269205, 00032200 дугаарын хуурамч гэрчилгээг авчээ. Гэтэл анхан шатны шүүх нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11717 дугаар шүүгчийн захирамжтай иргэний хэрэгт байгаа нотлох баримтуудыг огт үнэлэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн сүүлд өгсөн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдпөх хөрөнгийн бүрттэлийн лавлагааг үндэслэж шийдвэрлэсэн. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 677 дугаар магадлалыг хянаж үзнэ үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

           Д.Нямаагийн харгалзан дэмжигч Ц.Балжинням нь хариуцагч Т.Энх-Үйлст холбогдуулан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 34 дүгээр гудамжны 418 тоот хашаа байшин, гэр бүлийн зориулалттай газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Ганболдын зөвшөөрлөөр уг хашаа байшинд амьдарч байгаа тул хариуцагч биш гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Нямаа нь 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн 28 тоот гэрчилгээгээр Ц.Даваажав, Ш.Дарам, Д.Ганболд нараас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 34 дүгээр гудамжны 418 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн 27 тоот гэрчилгээгээр тус хаягт байрлах хувийн сууцыг Ц.Даваажав, Д.Ганболд нараас өв залгамжлалаар өмчилж авсан болох нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон байна.

Ц.Балжинням нь нэхэмжлэгч Д.Нямаагийн харгалзан дэмжигч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, түүний итгэмжлэлээр С.Оюун нь нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.4-д заасныг зөрчөөгүй юм.

Хариуцагч Т.Энх-Үйлст нь дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, тухайн хаягаар оршин сууж байгаагаа үгүйсгээгүй боловч эзэмшил нь хууль болон гэрээнд заасан үндэслэлтэй болохыг нотлож чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг давхар баримталсан нь буруу,  мөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар шийдвэрлээгүй, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулаагүй орхигдуулсан тухай дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний болон тэмдэгтийн хураамжтай холбогдох өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ  хэрэгжүүлсэн байх тул давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 677 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Т.Энх-Үйлсийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН