| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/03673/И |
| Дугаар | 181/ШШ2022/02340 |
| Огноо | 2022-10-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2022/02340
2022 10 19 181/ШШ2022/02340
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт оршин байрлах, *******ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн сэлбэ, 7 гудамж, 110 тоотод оршин суух,*********************-д холбогдох,
834,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний хүлээн авч, 2022 оны 1дугаар 0 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Нарантуяа нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч MyMobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2021 оны 03 сарын 02-ны өдөр 22216347 тоот гэрээ байгуулж 99231076 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 949,000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy А51 Black гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан.
2021 оны 09 сарын 16-ны өдөр Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 43400064 тоот гэрээ байгуулж 99537378 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Т.Нарантуяа нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99231076 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2021 оны 10, 11, 12 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт 814,397 төгрөг, 99537378 дугаарын үйлчилгээний 2021 оны 11, 12 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс 19,800 төгрөг төлөхийг тус тус сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд, Н.Нарантуяа-с 99231076 дугарын үйлчилгээний төлбөр 379,573 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy А51 Black гар утасны үлдэгдэл төлбөр 395,412 төгрөг, торгууль 39,412 төгрөг, 99537378 дугаарын үйлчилгээний төлбөр нийт 19,800 төгрөг нийлээд 834,107 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Нарантуяа миний бие 2021 оны 03 сарын 02-ны өдөр 22216347 тоот гэрээ байгуулж 99231076 дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн, багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 949.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy А51 утасны төлбөрийг 12 хувааж төлөхөөр зээл авсан. 43400064 тоот гэрээ Hybrid үйлчилгээ 99537378 дугаарын багцыг ашиглаж эхэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Иймээс 834,197 төгрөгийг 3 хувааж буюу 2022 оны 11 сарын 05-ны өдөр 278,065 төгрөг, 2022 оны 12 сарын 05-ны өдөр 278,065 төгрөг, 2023 оны 01 сарын 05-ны өдөр 278,065 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Т.Нарантуяад холбогдуулан 834,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 834,197 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 278,065 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 278,065 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 278,065 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасан журмын дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Т.Нарантуяад холбогдуулан 834,197 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 278,065 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 278,065 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 278,065 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,572 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 12,286 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Т.Нарантуяагаас 12,286 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ХХК -д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Нарантуяа сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ