Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

 

 

 

 

 

2025           06             05                                              2025/ШЦТ/129

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 2426001770244 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Орхон аймгийн ***** сумын 7 дугаар баг, Дэнж баруун дэнж 12 гудамж 9 тоотод оршин суух хаягтай,

урьд Өвөрхангай аймгийн 1-р хэсгийн ардын шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Орхон аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар энгийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********/РД:*******/,

 Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч *** нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод оршин суух хохирогч ***ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж, нэвтрэн орж 5425000 төгрөгийн эд зүйлийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

          1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл”, (хх-ийн 7 хуудас),

 

2. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд”, (хх-ийн 8-13 хуудас),

 

3. Хохирогч Ё.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр, хүүхдийн хамт 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн орчимд байшингаа цоожлоод түлхүүрээ хажуу айлын Ш.***д үлдээгээд хашаагаар эргэж тойрч байгаарай гэж хэлээд Улаанбаатар хот руу бие ээ үзүүлэхээр явсан. Харин 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө Ш.*** над руу залгаад танайд хулгай орсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өг гэж хэлсэн. Манай байшингаас гал тогооны тавилга дээр байсан 6-7 инч орчим хэмжээтэй шинэ цагийн ямар нэгэн бичиглэл байхгүй, цулгуй, хуучин мөнгөн аяга 1 ширхэг, бурхны гууны татуурганд байсан шинэ цагийн *** толгойтой, шармал гуйлан нуухтай, хаш хөөрөг, хөлдөөгчинд байсан хүнсний скочоор боосон 10 кг орчим үхрийн далтай мах, хонины 2 ширхэг хаа, 1 ширхэг гуя, тогооны саванд байсан дуураймал бугын эврэн имтэй, ир хэсгийн дээд үзүүр хэсгийг дарж үзүүрлэсэн хутга 1 ширхэг эд зүйл алдагдсан. Улаанбаатар хот руу явах өглөө хамаатны дүү болох Хүрэлбаатар манайхаар орж ирээд гарсан, тухайн дүүгээ л сэжиглэж байна. Ер нь орж ирэхээрээ мөнгө нэхдэг мөн дэл сул юм аваад гарчих гээд байдаг юм. Сэтгэцийн өвчтэй юм байгаа. Намайг хот руу явсны маргааш нь манай хашаанд ирчихсэн хашаанд байсан портер дээр сууж байхаар нь хажуу хашаанаас Ш.*** хөөж гаргасан гэж байсан. Би ***тай хамаатан садангийн л холбоотой болохоос гэр бүлийн ямар нэгэн холбоо байхгүй. *** манай гэрийн эд зүйлээс захиран зарцуулах эрх байхгүй...” мэдүүлэг (хх-ийн 16 хуудас),

 

                  4. Гэрч Ш.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хажуу талын 5 тоотод байх *** ахынд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цагийн орчимд ороход 40 орчим насны залуу надтай зөрөөд гарсан. *** ахынд ороход Улаанбаатар хот руу явах гэж байна гээд *** ах түүний эхнэр *** эгч нар хувцас болон ойр зуурын эд зүйлээ бэлдээд байгаа бололтой байсан. Ё.*** эгч надад хандан саяны залуу сэтгэцийн өвчтэй, манай дүү байгаа юм хашаагаар ирвэл хөөгөөд явуулж байгаарай гэж байсан. Тэгээд би гэртээ орж ирээд байж байтал 10 орчим удаа хашааны гадаа машин сигналдаад байхаар нь гарахад манай хашааг эргэж тойрч байгаарай гээд байшингийн түлхүүрээ үлдээгээд *** ах болон түүний эхнэр Ё.*** нар захичхаад Улаанбаатар хот руу явсан. Тухайн өдрийн 18 цагийн орчимд гэрээс гарахад нөгөө Ё.*** эгчийн сэтгэцийн өвчтэй хамаатны дүү гэх залуу хашаанд нь байгаа портер маркийн тээврийн хэрэгсэл дээр зогсож байхаар нь буу, айлын хашаанаас гар, эзгүй айлын хашаанд юу хийж яваа юм гэхэд хашаанаас гараад явахаар нь би хашааны хаалгыг нь түгжсэн. Би өчигдөр буюу 08-ны өглөө ажилдаа явангаа *** ахын хашаагаар орж байшинг нь шалгахад ямар нэгэн асуудалгүй байсан. Өнөөдөр ажил тараад гэртээ орчихоод сууж байхад Ё.*** эгч над руу залгаад манай хашаагаар ороодхоорой гэхэд нь за гэж хэлчихээд гараад хашаа руу нь ороход байшингийн хаалганы цоожны хэсгийн рам модыг сэтлээд онгойлгосон байхаар нь Ё.*** эгчид хэлээд цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Ё.*** надтай утсаар ярингаа намайг хот руу явахад манайхаар ороод гарсан дүү мах, шөл аваад явчихдаг юм. Хөргөгчид үхрийн хааны мах хүнсний скочоор ороосон байгаа үзээдэх гэхээр үзэхэд тийм мах харагдаагүй, мөн аяганы тавиурны шургуулганд 2 мөнгөн аяга байгаа үзээдэх гэхээр нь үзэхэд 1 аяга байсан. Мөн бурхны гууны татуурганд хөөрөг байгаа үзээдэх гэхээр нь үзэхэд хөөрөг нь байхгүй даалин л байсан өөр юу алдагдсан би мэдэхгүй байна...” мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),

 

                  5. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Цагдаагийн газрын даргын томилгооны дагуу зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарч үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цагийн орчимд цагдаагийн газрын жижүүрээс залган Альфа бааранд хутга бариад явж байсан хүнийг аваад ирсэн байна, хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэе гэхээр нь би тухайн *** гэх иргэнтэй уулзахад нэлээн согтолттой байсан ба согтуурал хэмжигч багажаар шалгах гэхэд шалгуулахаас татгалзсан. Тухайн үед *** нь улаан өнгийн толгойтой, цагаан өнгийн хөөрөг зарна шүү гээд авч явсан би тухайн үед хөөргийг нь сонирхож хараагүй..... Тус өдөр жижүүрийн жолоочоор гарч байсан цагдаагийн ахлах ахлагч Ч.*** нь тус хөөргийг сайн харсан...” мэдүүлэг (хх-ийн 30 хуудас),

                 

                  6. Гэрч Ч.***  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2008 оноос хойш одоог хүртэл тус аймгийн цагдаагийн газарт ажиллаж байна. Одоогийн албан тушаал цагдаа жолоочийн ажлыг хашиж байна. Сайн анзаараагүй. Хальт харахад цагаан өнгөтэй, мөртэй, улаан толгойтой хөөрөг байсан. Мөн ширээн дээр ***ын барьчихсан явж байсан гэх шаргал өнгийн иштэй хутга байсан...”  мэдүүлэг (хх-ийн 30 хуудас),

 

                  7. Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04-р сард байхаа Альфа баарны үүдэнд ***тай тааралдсан юм. Тухайн үед *** бага зэргийн халамцуу явж байсан. Тэгээд надад цагаан өнгийн хужаа хөөрөг гаргаж ирээд та энийг аваад надад 50000 төгрөг өгчих гээд гуйгаад байхаар нь 50000 төгрөг өгөөд хөөргийг нь авсан юм. Тухайн үед манай аавын хөөрөг байгаа юм гээд гуйгаад байсан. Би аавыг нь сайн мэддэг байсан болохоор нээрэн ч мөн юм боловуу гэж бодоод авсан. ***аас авсан хөөрөг одоо надад байгаа. Цагаан саарал өнгийн хужаа Баргилет гэх чулуун хөөрөг, улаан өнгийн *** толгойтой, гуйлан нуухтай, халбага нь хугарсан байсан. Би тус хөөргийг 50000 төгрөгөөр авсан. Тухайн мөнгөө нэхэмжилж байна...” мэдүүлэг (хх-ийн 65 хуудас),

 

                  8. Хөрөнгийн үнэлгээчин *** 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/33 дугаартай “... хөрөнгүүдийн нийт үнэ цэнэ 5425000 төгрөг... гэсэн тайлан, (хх-ийн 33-35 хуудас),

 

                  9. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн №633 дугаартай шинжээчийн “*** нь хэрэг үйлдэхийн өмгө F25.0 шизоффектив эмгэгийн сэтэл хөөрөх хэлбэр, шинж тэмдгийн архиссах сэтгэцийн эмгэгтэй байсан байна. *** нь одоо F25.0 шизоффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр. Засрал сайжралын байдалтай байна. *** нь гэмт хэрэг үйлдэх үедээ  шизоффектив эмгэгийн сэтгэл хөрөх хэлбэр бүхий эмгэг нь засрал сайжралын байдалтай байсан бөгөөд тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. *** нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь хэрэг хариуцах чадвартай байн. ***т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” дүгнэлт (хх-ийн 41-50 хуудас),

 

                  10. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болон 2024 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 55-58, 70-72 хуудас),

 

                  11. 2024 оны 09 дүгээр сарын 02, 13-ны өдрүүдэд эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 66-70 хуудас),

                 

                  12. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 73-75 хуудас),

 

                  13. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хамаатны эгч Ё.***ийн гэрт хонох гээд очиход байхгүй цоожтой байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь эвдэж ороод гэрт нь хэвтэж байгаад хөөрөг, мөнгөн аяга, мах, хутга зэрэг эд зүйлүүдийг нь авч гарсан. Тэгээд авсан эд зүйлээ хүнс бараан зах дээр очоод үл таних хүнд үхрийн мах, хонины мах, мөнгөн аяга зарсан. Буяа гэх хүнд хөөргөө 50,000 төгрөгөнд зарсан байсныг буцаан авч эгчдээ хүлээлгэж өгсөн. Би ганцаараа явж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.... Би тухайн мөнгийг Орхон аймаг руу явахдаа замын зардал хоол хүнсэнд зарцуулсан...” мэдүүлэг (хх-ийн 86 хуудас) зэрэг болно. 

 

          Хэрэгт шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөгүй бүртгэлгүй тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91-95 хуудас) зэрэг авагдсан байна.

 

         2.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *** нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод оршин суух хохирогч Ё.***ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж, нэвтрэн орж 5425000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм буруутай байдлыг нотолсон нотлох баримтуудын тухайд хохирогч Ё.***ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***гийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ш.***, ***, Ч.*** нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээчин *** 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/33 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №633 дугаартай дүгнэлт, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч ***ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзвэл шүүгдэгч *** нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод оршин суух хохирогч Ё.***ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж, нэвтрэн орж 5425000 төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч *** нь шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг орон байранд хууль бусаар нэвтэрч нууцаар авч өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжтэй хулгайлах гэмт хэрэг мөн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэж үзвэл шүүгдэгч *** нь амар, хялбар аргаар мөнгө, эд зүйл олж авах гэсэн шунахайн сэдлээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол, хор уршигт зориуд хүргэн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ё.***ийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн нэвтрэн орж 5425000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.*** нь хохирогч Ё.***ийн алдагдсан цагаан саарал өнгийн, улаан толгойтой, гуйлан нуухтай, халбага нь хугарсан хөөрөг 1 ширхэг, мөн 1 ширхэг хутга зэргийг биет байдлаар буцаан өгсөн байна. Харин 1 ширхэг мөнгөн аяга, үхрийн мах 10 кг, хонины мах 15 кг зэргийг хүлээлгэн өгөөгүй тул хохирогч Ё.***д 420,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч *** нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод оршин суух хохирогч ***ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэж, нэвтрэн орж 5425000 төгрөгийн эд зүйлийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ё.***ийн /хх-ийн 16 хуудас/, гэрч Ш.***гийн /хх-ийн 18 хуудас/, ***ийн /хх-ийн 30 хуудас/, Ч.***ын  /хх-ийн 30 хуудас/, иргэний нэхэмжлэгч ***гийн /хх-ийн 65 хуудас/ мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээчин *** 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/33 дугаартай хөрөнгийн тайлан /хх-ийн 41-50-р хуудас/, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн №633 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 7 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 8-13 хуудас/, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хх-ийн 86 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

 Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

            Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч *** нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь дээрхи бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

 

          Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн №633 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ***ыг болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

           Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

 

          3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тул шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хөрөнгийн үнэлгээчин *** 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/33 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тооцох нь зүйтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *** нь цагаан саарал өнгийн, улаан толгойтой гуйлан нуухтай, халбага нь хугарсан хөөрөг 1 ширхэг, мөн 26 см урттай хувцанцар шар эрээн бариултай хутга 1 ширхгийг  хохирогч Ё.***д хүлээлгэн өгсөн байна.

 

 Харин мөнгөн аяга 1 ширхэг, үхрийн мах 10 кг, хонины мах 15 кг зэргийг хүлээлгэн өгөөгүй мөн иргэний нэхэмжлэгч ***д 50000 төгрөг төлөөгүй тул 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/33 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шүүгдэгч ***аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 420000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.***д, 50000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ***д тус тус олгох нь зүйтэй байна.

 

            4.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

      Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба уг цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч ***аас 420000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.***д, 50000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д тус тус олгох саналтай байна. Мөн хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан.

Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэн улсын яллагчийн гаргасан шүүгдэгч ***т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.   

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

            Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ЦХШЗ/20 дугаартай захирамжаар шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.  Шүүгдэгч ***ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т  оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 40 (дөч) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***аас 420000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.***д, 50000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА